Tuesday, December 1, 2020

II. ТӨРИЙН СИСТЕМИЙН ХЯМРАЛ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД МУУГААР НӨЛӨӨЛСӨН.

Төр нь хямралтай, төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хувийн эрх ашгийг мөн намын эрх ашгийг түмний эрх ашгаас дээгүүр тавьсан үед улс орон хөгжин дээшлэх боломж байдаггүй. Зарим хүн манай эдийн засаг олон дахин тэлсэн, үндэсний нийт бүтээгдэхүүн байнга өсөж байгаа, олон автомашинтай болсон, өндөр барилгууд баригдсан энэ манай орны хөгжин дээшлэлт биш үү гэж асуух байх.

Улс орон хөгжин, дээшлэнэ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдийн цалин дээшилж /ядаж хөрш орнуудынхаа хэмжээнд хүрч/, амжиргаа нь сайжирч, тэлж буй эдийн засгаа даган, улсын валютын нөөц нэмэгдэхийг хэлнэ.  

Улс орны хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Тэр дундаа экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байдаг.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эхлээд төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөөг нарийн, судалгаан дээр үндэслэн, зөв төлөвлөх шаардлагатай. Хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөө нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр суурилан хийгдэнэ.

Өнөөдөр манайд хэрэгжүүлж байгаа хөгжлийн хэтийн бодлого төлөвлөгөөнүүд нь хэт ерөнхий, тунхгийн чанартай, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга технологи нь бүрхэг, тавигдсан тоо хэмжүүр нь баримжаалсан шинжтэй байна. 

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх үед хүрсэн үр дүн нь бас тодорхой биш, төлөвлөсөн ажил хийгдсэн ч гэж ойлгож болохоор, хийгдээгүй ч гэж ойлгож болохоор байдаг. Тийм учраас төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн үед голдуу чанарын үзүүлэлтээр бус тоон үзүүлэлтээр, “100 ажил хийхээс 85 нь биелсэн байна” гэх байдлаар тайлагнадаг. 

Өөрөөр хэлбэл бид хэтийн бодлого төлөвлөлтөө хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь дараах шалтгаантай байна:

1. Улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн ихээр томилогдож байгаа тул тэд нь салбарын алс хэтийг харах талаар учир дутагдалтай байна. Жишээ нь: Турк улс Измир хотоо аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөн, энэ нөхцөлд 20 жилийн дараа тус хот усны дутагдалд орох тул өнөөдөр тэнд усан боомт барьж, ус хуримтлуулж байна. 

Гэтэл манайд 20 жилийн дараа Улаанбаатар хот газрын доорх усны хомсдолд орох тул гадаргуун усыг ашиглах усан сан барих хэрэгтэй байна гэж усны салбарын эрдэмтэд хэлээд байхад таг чиг л байгаа. 

Хятад улс манайхаас самар худалдаж аваад нутагтаа тариалж байна. Хорин жилийн дараа тэд өөрсдийнхөө самрын хэрэгцээг хангана гэж яригдаж байна. Манайд энэ мэт ядаж 20 жилийн дарааг харсан бодлого байна уу.

2. Улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтөд намын, хувийн эрх ашгаас үүдэлтэй  нөлөөлөл ороод, төлөвлөлтийг гажуудуулах байдал харагдаж байна. Тэд өөрсдийн эрх ашиг, бизнесээ алдахгүйн тулд, гаднын улс орны нөлөөллөөс болж эсвэл зөвхөн өөрт ашиггүй болохоор эсэргүүцдэг байна. 

Жишээ нь: Улаанбаатар хотын дээр усан сан барих талаар 20 орчим жилийн өмнө яриа гарч төсөл боловсруулж байсан боловч “уг боомтын далан сэтэрвэл Улаанбаатар хот усанд автана” гэсэн үгнээс болж энэ ажил зогсож байсан санагдаж байна. Уг нь далан нь сэтэрхээргүй бат бөх боомт барих талаар ярилцах хэрэгтэй байсан. Ийм боомт барих боломжтой, олон улсын хэмжээнд 100 жилийн туршлага байна. 

Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол Улаанбаатарын хэрэглэгчдийн усны үнэ хямдрах байлаа, Налайхыг хангачих хэмжээний цахилгаан станц бий болох байлаа. Нуураа дагаад эко систем, амралт аялал зугаалгын газар бий болох байсан. 

Манайд нефть олборлоод 20 гаруй жил болж байна. Нефть импортлогчдын хориг саадаас болж үйлдвэр баригдахгүй байсаар байгаад одоо л дөнгөн барьж эхэлж байна. Үүнийг “1 сая баррелиас дээш хэмжээний нефть олборлож байж үйлдвэр ашигтай байдаг” гэсэн үгээр зогсоож байсан. 

Яг үнэндээ энэ нь Монголд нефть боловсруулах үйлдвэр бариулахгүй гэсэн тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн үг юм. Магадгүй гаднын нөлөөлөл орсон байх. Үнэхээр нефть дутдаг юмаа гэхэд гаднаас түр хугацаагаар худалдан авч болох л байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр шатахууны үнэ хямдарна, машины тослох материал, асфальт, химийн үйлдвэр дагалдан хөгжинө, гадагшаа гаргадаг валют ихээр хэмнэгдэнэ гээд олон ашиг байх байсан.

Японоос Улаанбаатар хотод үнэгүйгээр метро барьж өгөөд, өөрсдөө 20 жил ашиглаж, ашгаа олж авчхаад манайд хүлээлгэн өгөх санал тавихад тэр үеийн манай эрх бүхий хүмүүс нь өөртөө ямар ашиг унахыг асуугаад, ашиггүй байсан тул хориглоод бариулаагүй гэж яригддаг. Тэр үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “япончууд манайд метро бариад хамаг ашгийг нь өөрсдөө авчих гээд байна” гэх ухааны зүйл яригдаж байсан санагддаг. 

Метро байна гэдэг олон хүний цагийг хэмнэнэ, хотын машины ачааллыг багасгана, үүнийгээ дагаад шатахууны хэрэглээ багасна, агаарын бохирдолд сайн нөлөө үзүүлнэ, хотын цахилгаан, холбоо, ус, дулааны дэд бүтэц газар доорх хонгилоор явснаар эмх цэгцтэй болно, Улаанбаатар хотын газар доорх байгууламжууд бий болно, цаашид үүнийг хөгжүүлэх чадвар, туршлагатай болно гээд тоолж баршгүй олон сайн нөлөө бий болдог.

3. Улс орны онцлог, түүхий эдийн нөөц боломж дээр тулгуурласан, нарийн судалгаан дээр үндэслэсэн, нарийвчлан тооцсон, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг манайх өнөөг хүртэл хийж байгаагүй тул хэтийн стратеги төлөвлөлт нь үндэслэл муутай байхаас гадна бодитойгоор төлөвлөгдөх боломжгүй байдаг.

4. Дөрвөн жил болоод УИХ-ын сонгууль болдог. Ялсан нам дөрвөн жилээр эрх барина. Засгийн эрх авсан нам эхний хоёр жилд томилгоогоо хийж дуусгах, шинэ хүмүүс ажилдаа цэгцрэх, бас энэ хооронд өнгөрсөн сонгуулийг нь санхүүжүүлсэн хүмүүст өрийг нь төлөх гээд улс орны хөгжлийн талаар бодох завгүй өнгөрнө. Мөн үүний эхний жилд нь ирэх жил нь болох ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намын хүнийг ялуулахын тулд бас халамжийн бодлого явуулна. 

Гурав дахь жилд нь улс орны хөгжлийн талаар юм хийхээр бодож байтал дөрөв дэх жил гарна. Ингээд дөрөв дэх жилдээ ирэх жилийн УИХ-ын сонгуульд ялахын тулд улс орныг хөгжүүлэхэд биш ард түмэнд таалагдах ажил хийсээр байгаад улсын эрх ашиг хаягдаж байна. Тэгэхээр стратеги төлөвлөгөөнд ач холбогдол өгөх хүн ч байхгүй, түүнийг чанартай хэрэгжихүйц баримт бичиг байх ёстой гэж үзэх албан тушаалтан ч байдаггүй.

Ийм маягаар төрийн буруу бүтэц, хямралаас болж улсын хөгжилд саад тотгор бий болох, хөгжлийг нь хойш чангаах зүйлс их байна. Харин үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого төлөвлөлтийг хэрхэн хийх талаар дараагийн бүлгээс үзээрэй.

ДҮГНЭЛТ. Улс орны хөгжилд үзүүлсэн муу нөлөөлөл гэсэн хоёрдугаар дэд бүлгийг дүгнэн хэлэхэд: Монгол улсыг хөгжүүлэх бодитой, хэрэгжихүйц, үндэслэл тооцоотойгоор хийгдсэн бодлого, хөтөлбөр байхгүй байна. Эдгээрийг боловсруулах үндсэн баримт бичиг болох үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө манайд хийгдээгүй юм байна.

Иймд улс орны хөгжил гэж бүх юм урсгалаараа явагдаж байна, төрийг удирдаж байгаа хүмүүс дөрвөн жил болоод өөрчлөгддөг тул тэд улс орны хөгжлийн төлөө юу ч хийх боломж байдаггүй, алс хэтийг харах боломж тэдэнд байхгүй юм байна. 

Зөвхөн тухай өдрийн асуудал, тулгарсан “проблем”-ыг л аргацааж явдаг юм байна. Монгол орон минь заяа өндөртэй тулдаа л тэсч байна гэж би бодох юм. Ийм байхад улс орны хөгжил, алсыг харсан бодлого бий болох үндэсгүй юм гэж үзлээ

Г.Батсайхан. 2020-12-01.


No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...