Thursday, January 21, 2021

III. ТӨРИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?

Манай улсад тусаад байгаа бүх өвчин эмгэгийг анагааж, хөгжлийн зөв голдрилд нь оруулахын тулд эхлээд төрийг хямралаас ангижруулаад дараа нь Монгол улсын хөгжлийн зөв бодлого, төлөвлөлтийг ярих боломжтой болно.

Нэгдүгээрт. Төрийн тогтолцоог зөв болгох.

Улсаа, улс төрөө эрүүлжүүлье гэвэл дээрээсээ нь эхлэх хэрэгтэй. Энэ нь төрийн тогтолцоогоо зөв болгоно гэсэн үг. Зөв болгох гол чиглэл, үзэл санаа нь дараах зүйлд чиглэгдэх ёстой гэж үзэж байна:

  • УИХ-ын гишүүн болохын тулд хэдэн тэрбумаар мөнгө зарцуулдаг хэрэгцээ, шаардлагыг нь үгүй болгох. Хүн УИХ-ын гишүүн болсон л бол огцом баяжиж болдог механизмыг үгүй болгох. 
  • УИХ бүх хуулийг баталдаг биш, эрх ашгийн зөрчил үүсгэж болох хуулийг өөр субъект баталдаг байхаар хуулийн зохицуулалт хийсэн байх. Ингэснээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө хуулиар хуяглан хамгаалуулаад, өөрсдийн эрх мэдлээ улам өргөтгөөд, гишүүд нь хариуцлагаас чөлөөлөгдсөн, дархлагдсан хүмүүс болж, дараа жилд өөрсдийгөө дахин сонгуулах нөхцөлийг өөрсдөдөө бий болгодог боломжийг үгүй болгоно. 
  • “Нам нь төрийн толгойд гарчихлаа” гэдэг яриа, ойлголтыг бодит байдал дээр нь үгүй болгох. Өөрөөр хэлбэл улс төрийн харилцаанд оролцож байгаа намын одоогийн оролцоог хумих, өнөөгийн олон улсын жишгээр биш Монголын онцлогоор өөрчлөх. Монголын цөөхөн хүн ам намын харьяаллаараа хуваагдах, бараг дайсагналцах, намчирхах байдлыг үгүй болгох, эрх барьж буй нам дагасан бол амьдрал нь сайжирдаг, өөр намын гишүүн бол хавчигдан гадуурхагддаг байдлыг эцэслэх зорилготой.

Үүний тулд одоогийн бүтэц, бүрэн эрхэд дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна:

1. УИХ-ын бүрэн эрхэд түүний мөнгө олох хэрэгсэл болгодог эрх хэмжээг нь хязгаарлахад чиглэгдсэн дараах өөрчлөлтүүдийг тусгах: 

- УИХ зөвхөн Ерөнхий сайдыг хөтөлбөрөөр нь, нам харгалзахгүйгээр сонгон шалгаруулж, томилдог байхаас гадна хууль санаачлан, хэлэлцэн, баталдаг байна. УИХ-ын харьяаны байгууллагын дарга нарыг бол УИХ-ын тамгын газраас, УИХ-аар батлагдсан дүрэм журмыг нарийн баримтлан, шалгаруулалт хийн, томилдог байна. Ерөнхий сайд хамт ажиллах сайд нараа, өөртөө захирагдан, хамтран ажиллах, санаа нийлсэн, мэдлэг, чадвар, туршлагатай хүнийг сонгон авч, хамтран ажиллана. Энэ талаар 2019 онд УИХ Засгийн газрын гишүүдээс зөвхөн Ерөнхий сайдыг томилохоор хуульчилсан байгаа нь нэг дэвшил юм.

- Хууль батлахдаа эрх ашгийн зөрчил үүсгээд байгаа УИХ-ын тухай болон УИХ-ын сонгуулийн, УИХ-ын эрх зүйн байдлын г.м хуулиудыг өөрсдөө баталдаггүй байна. Үүнийг  өөр субьект баталдаг, гадаадын олон туршлага байдаг, тэндээс судлаад сонгон хуульчлах шаардлагатай. 

- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг үндсэн хуулийн цэц хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд УИХ нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дахин хэлэлцэхгүйгээр шууд хүлээн зөвшөөрдөг байна. Өнөөдөр Үндсэн хуулийн 66-р зүйлд үүнийг зохицуулсан байдаг боловч, УИХ үүнийг зөрчсөн тохиолдол байдаг. Иймд УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөрчсөн нөхцөлд түүнийг тараахаар хуульчилчихад л хангалттай юм. Нэг нам УИХ-д дийлэнх олонхийн суудал авсан үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бас Үндсэн хуульд оруулж өгөх шаардлагатай.

- Намын төрд нөлөөлөх ролийг багасгах зорилгоор, УИХ-д нам, эвслийн бүлэг гэж байгуулдаггүй байх. Тэгэхээр нам, эвслийн бүлэг хурал хаях, завсарлага авах гэх мэт үзэгдэл үгүй болно. Гишүүд асуудлыг шийдэхэд намын саналаар бус өөрийн саналаар оролцох боломжтой болно. УИХ-д олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг, ялсан намын дарга Ерөнхий сайд болдог гэх мэт жишгийг хуулиар үгүй болгох шаардлагатай. Зарим хүмүүст энэ нь санаанд багтамгүй зүйл мэт санагдах л байх. Гэхдээ ийм зохицуулалт Монголд тохирно. Энэ талаар хойно тусгай сэдэв болгон дэлгэрүүлэн бичсэн байгаа.

- УИХ-ын гишүүн сайд болж болохгүй, өөр ажил хавсран хийж болохгүй,  аливаа төрийн, хувийн болон төрийн бус байгууллагын дарга, удирдах зөвлөлд ажиллаж болохгүй, тэдний санхүүжилтээр гадаад улс оронд аялж болохгүй, их хэмжээний бэлэг сэлт авч болохгүй байхаар хуульчлах. 

- Гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхдээ Улсын ерөнхий прокурорын оруулсан санал үндэслэлтэй бол УИХ татгалзах эрхгүй байхаар зохицуулсан байна.

- УИХ-ын бүх хууль, шийдвэр нь зөвхөн хуралд оролцсон бус нийт гишүүдийн 50-иас дээш хувиар батлагддаг байхаар заасан байсан хуучин зохицуулалтыг сэргээх. 

- Хуулийг өргөн барьснаас хойш хэлэлцэн батлах хугацааг тогтоож өгсөн байна. Өнөөгийн нөхцөлд зарим хууль батлагдах хугацаагаа хүлээсээр байгаад хуучрах үзэгдэл гардаг байна.

- Тодорхой хэсэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргадаггүй байх, аливаа өршөөлийн хууль баталдаггүй байх.

- УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиа зөрчсөн нөхцөлд түүнийг эргүүлэн татдаг байх. Эргүүлэн татагдсан нөхцөлд эхний үед зардал, чирэгдэл болгон нөхөн сонгууль явуулахгүй, эхний сонгуулиар авсан саналын тоогоор түүний дараа орсон хүнийг оронд нь гишүүн болгох зохицуулалт хийх боломжтой. Яваандаа энэ нь шаардлагагүй болно учир нь УИХ-ын гишүүд хуулиа зөрчдөггүй болж таарна

- УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг 35 байхаар тогтоох. Учир нь 25 настай залуучууд дөнгөж дээд сургууль төгсөөд ажил амьдралын захыг амсаж эхэлж байгаа, гэрээ байтугай биеэ бүрэн засаж чадаагүй хүн төрийг засалцахад эртэднэ гэж үзэж байна.

- УИХ-ын гишүүний төсөв гэдэг зүйлийг үгүй болгосон байх. Энэ бол дахин сонгогдохын тулд, тойргийнхоо ард түмэнд сайн харагдах гэж, тэдний толгойг эргүүлэх гэж зарцуулах авилгын мөнгө юм.

2. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд дараах зүйлсийг тусгасан байна: 

- Хууль санаачилна. Одоогийн хуульд энэ эрх нь байдаг боловч түүнд 2019 онд хүрээ хязгаар тавихаар, түүнийг нь УИХ мэдэн шийдэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Үүнийг хуучнаар нь буцаан сэргээх шаардлагатай гэж үздэг.

- УИХ-ын тухай болон УИХ-ын сонгуулийн, эрх зүйн байдлын г.м хуулиудыг Ерөнхийлөгчийн оролцоотойгоор шийдвэрлэх, батлах аргыг сонгон хэрэгжүүлнэ. Үүнийг тусгай хуулиар зохицуулж өгсөн байна. 

- УИХ-ыг тараах, хууль, шийдвэрт нь хориг тавих эрхтэй байна. Гэхдээ ямар нөхцөлд УИХ-ыг тараах болон хууль шийдвэрийг нь хүчингүй болгох талаар нэгд нэггүй, нарийвчлан заан хуульчилсан байх шаардлагатай. Өөр шалтгаанаар УИХ-ыг тараах, хууль, шийдвэрийг нь хүчингүй болгохыг бас хориглосон байна. Гэхдээ үүнийг зохицуулсан хуулийг УИХ өөрөө баталдаггүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгчөөс хуульд хориг тавьсан бол тухайн хууль эсвэл хуулийн заалт хүчин төгөлдөр болдоггүй байх хэрэгтэй. УИХ-ын баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавиад байхад УИХ түүнийг нь хүлээн авдаггүй бол энэ ямар хориг байхав дээ.

3. Засгийн газрын бүрэн эрхэд дараах зүйлс тусгагдсан байна: 

- Ерөнхий сайдыг томилохдоо хөтөлбөрөөр нь уралдуулан, шалгарсныг нь аливаа нам харгалзахгүйгээр УИХ шийдвэрлэнэ. Намуудын улс төрд оролцох гол оролцоо бол хөтөлбөрөөрөө уралдаж өөрийн Ерөнхий сайдыг томилуулах асуудал юм. Өөрөөр хэлбэл заавал УИХ-д олонх суудал авсан нам засгийн газраа байгуулдаг байхгүй. 

Засгийн газрын хөтөлбөрт ерөнхий чиг болох техникийн даалгаврыг УИХ-аас бүх салбараар нь хэлэлцэн баталж өгнө. Жишээ нь: Эрүүл мэндийн салбарт “Хүнийг буруу оношилж, эмчлэх үзэгдлийг үгүй болгох, хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар очер, хязгаарлалтгүй чөлөөтэй өгдөг болгох, бүх сумдын түвшинд мухар олгойг авдаг нөхцөл боломжийг бий болгох ч гэдэг юмуу” гэх мэт даалгаврууд өгөгдсөн байна. 

Сонгон шалгаруулалтад ялсан Засгийн газартай хөтөлбөрийнх нь дагуу тодорхой хэрэгжүүлэх хугацаатайгаар гэрээ байгуулна. Гэрээгээ зөрчсөн бол Засгийн газрыг огцруулна. 

- Ерөнхий сайд өөрийн Засгийн газраа байгуулна. Сайд нар шаардлагатай бол дэд сайд болон бусад өөрийн дор ажиллах албан тушаалтнаа өрөө томилно, чөлөөлнө. Энд заавал нэг намын эсвэл ялсан намын гишүүд байх албагүй, хэн чадах нь сайд болно.

- Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хэдэн яам агентлагтай байх, тэд нь ямар бүрэлдэхүүнтэй байхаа өөрсдөө шийднэ. Энэ талаар УИХ-д сонгон шалгаруулалтад оруулж байгаа мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байна.

4. УИХ-ын сонгуулийн хувьд дараах өөрчлөлтүүд хийгдэнэ: 

- УИХ-д нэр дэвших шалгуур нь мөнгө байхыг хориглоно, зөвхөн мэдлэг, чадварт нь тулгуурласан байна. Харин нэр дэвшигчдэд мэргэжлийн талаар тоо хязгаар тавьж өгч болно. 

- Сурталчилгаа ерөнхийдөө халз мэтгэлцээн байх ба түүний бичлэгийг түгээх маягаар хийнэ. Мэтгэлцээнд нэг тойрог дээр нэр дэвшигч бүгд хоорондоо мэтгэлцэх боломжийг олгоно. Мэтгэлцээн олон хэлбэрээр, олон чиглэлээр явагдаж болно. Үүнийг үндэсний телевизээр зохион байгуулахаар хуульчилж өгсөн байна. 

- Сонгуулийн саналыг зөвхөн гараар тоолдог байхаар зохицуулах хэрэгтэй. Энэ нь элдэв булхай гарахаас сэрэмжилнэ. Энэ талаар хойно тусгай сэдвээр дэлгэрүүлэн тайлбарласан байгаа.

- Сонгуулийн хууль, журмыг зөрчсөн нөхцөлд зөвхөн, нэрийг нь татах арга хэмжээ авч байхаар зохицуулалт хийсэн байх. Энэ талаар хойно тусгай сэдэв болгон дэлгэрүүлэн тайлбарласан болно.

Төрийн тогтолцооны гажуудлыг арилгах талаар бичсэн энэ бүхнийг парламентын эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байхад ийм, тийм байх ёстой гэдэг онолд захирагдсангүй, Монгол улсад бий болчхоод байгаа улс төрийн гаж тогтолцоог засахад, түүний муу үр дагаврыг арилгахад ийм бүтэц бий болгох, арга хэмжээ авах нь зохимжтой гэсэн шалгуураар гаргалаа.

Энд бичсэн байдлаар эрх хэмжээг хуваарилснаар УИХ-ын одоогийн хэмжээгүй эрхийг хязгаарлаж, УИХ-ыг их мөнгө олдог газар болгох, УИХ-д сонгогдохын тулд хязгааргүй их мөнгө зарцуулдаг, элдэв худал амлалт өгдөг, ард олонд нэр олохын тулд төсвийн мөнгийг элдэв жижиг төсөлд зарцуулдаг гэх мэт олон гаж үзэгдэл хязгаарлагдах юм.

Хоёрдугаарт. Улс төрийн намын эрх мэдлийг хумих, намчирхлыг арилгах.

Манайд нам нь төрийн толгойд гарчхаад байна гэж ярих болсон. Энэ яалт ч үгүй бодитой үнэн болоод байна.

Уг нь Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн гэж Үндсэн хуульдаа зааж өгсөн байдаг. Төрийн эрх барих шийдвэр нь нийт ард түмнээс сонгогдсон гишүүдийн олонхын саналаар гарна гэсэн логиктой. 

Гэтэл өнөөдөр шийдвэр намын шийдвэрээр гарч байна. Энэ нь УИХ-д намын бүлэг гэж бий болсноос үүдэлтэй. Асуудал намд таалагдахгүй бол завсарлага авна, хурал хаяна, “бойкотлоно”. Тэгээд намын бүлэг шийдвэрээ гаргаад, асуудлыг тухайн намаас сонгогдсон гишүүд, нэг удирдлагаар, нэгэн саналтайгаар гараа өргөж шийднэ. Эднээс хэн нэг нь намын бүлгийн саналаас өөр санал гаргавал сүйд болно, намаас хөөгдөнө г.м.

Нэг нам хэт олонхоор УИХ-д суудал авчихвал намын дарамт гээч юм бий болно. Төрийн алба бараг тэр чигээрээ тухайн намын хүмүүсээр дүүрнэ. Бусад намын гишүүд юу ч биш болно. Тэр хичнээн эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай байна хамаагүй гудамжинд гарна. Бусад намын хүмүүсийн бизнес хүндэрнэ. Тендер бол горьдохын ч хэрэггүй. Өмнө нь хийгдсэн ажлын, төрөөс олгогдох санхүүжилтийн үлдэгдэл байсан бол авах найдвар бага болно. 

Энэ дарамт төрийн бүх шатанд явагддаг. Хорооны дарга гэхэд л хорооныхоо нутаг дэвсгэрт ажилладаг жижиг бизнес эрхлэгчдээс шинэ жил, цагаан сар, ахмадын баяр гээд мөнгө татна. “Энэ чинь сайн дурын зүйл биздээ, заавал өг гэдэг чинь хууль бус байна” гэхэд тэд “Та заавал өгнө, өгөхгүй бол манай нутаг дэвсгэр дээр бизнес хийлгэхгүй, гомдолтой бол яваад заргалд” гэнэ. Дээш заргалдах гэхээр дандаа тэр намын хүмүүс байх тул хад мөргөсөнтэй л адил юм болно. 

Нийт ард түмэн намд хуваагдчихсан, өөр намын гишүүн гэхээр ер нь аятайхан харьцахгүй, хөдөө орон нутагт зарим учир мэдэхгүй хүмүүс шууд “дайсан” гэж ойлгох жишээтэй. 

Урьд нь өөр нам засгийн эрхийг барьж байсан бол шинэ нам гарч ирэхээрээ хуучин хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэхгүй, хийсэн бүтээснийг нь устгана, ингэснээр төрийн залгамж халаа алдагддаг. 

Сүүлийн үед иргэд маань энэ бүхэнд зохицон амьдарч эхэлсэн. Том компани удирдах албан тушаалтнуудаа нам намаас бүрдүүлж байна. Ах дүү олуулаа бол тэд бас өөр өөр намд элсэж, аль нам ялна тэр намын гишүүн нь бусдаа авч явж байна. Зарим нэг зальтай этгээд олон намд элсчхээд, олон намын батлах өвөртөлчхөөд, чимээгүйхэн зохицуулаад явж байна. 

Монгол улсын Үндсэн хуульд “Нам, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн нь ч өнгөрсөн. Хуулийг “масс”-аараа зөрчих болсон. 

Энэ бүхэн юунаас болоод байна вэ гэсэн асуудал гарна. Монгол улсын Үндсэн хуулийн 39.2-д “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг ... Ерөнхий сайдаар томилох ... “ гэж заасныг үндэс болгоод ялсан нам засгийн эрхийг авна, Засгийн газраа байгуулна, ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн ойлголтууд яваад байдаг.

Улс төрийн нам гэдэг нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага юм гэж чөлөөт нэвтэрхий толь Википедиад тодорхойлсон байдаг.

Мөн энд улс төрийн намын үндсэн үүргүүдийг дараах байдлаар тодорхойлсон байдаг байна:

1. Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).

2. Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.

3. Улс төрийн үүрэг - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.

4. Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах

Манайд улс төрийн намын тухай хууль байдаг. Хуульд нам гэж юуг хэлэх тухай 4.1 дэх заалтад “Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заагаад, намын гишүүн болон төрийн албан хаагчийн үүргийг зааглах талаар хуулийн 7.1-д “Намын зүгээс төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг хориглоно” гэж заасан байна.

Энд чөлөөт нэвтэрхий толь Википедиад бичсэн тодорхойлолт бол хууль биш, олон улсын хэмжээнд, өнөөгийн нөхцөлд, нийтлэг хэрэглэгддэг, хэм хэмжээг тодорхойлсон зүйл. Харин Монгол улсын хуульд улс төрийн намыг бид яаж ойлгож, түүний үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай заасныг бид даган, хэрэгжүүлэх үүрэгтэй. 

Энд намын үүргийн талаар тусгайлан заасан зүйл байхгүй боловч намын үйл ажиллагаанд хориглох зүйлсийг зааж өгсөн байна.

Тэгэхээр Монголд намчирхал, намын дарамт, нам дагаж амьдрах байдал, сонгуульд өөр нам олонх болж гарахаар олон хүний амьдралд эргэлт өөрчлөлт гардаг, төрийн залгамж чанар алдагддаг зэрэг үзэгдлүүдийг үгүй болгохын тулд, хуульд өөрчлөлт оруулах замаар дараах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна:

Нам нь УИХ-д олонх суудал авснаар хууль батлах болон шийдвэр гаргах үед олонхийн саналтай л байна. 

Засгийн газрыг бол аль нам УИХ-д олонх болсноос үл хамааран намуудаас боловсруулсан мөрийн хөтөлбөр буюу улс орныг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөөр нь шалгаруулж, Ерөнхий сайдыг нь томилно.

УИХ-д намын бүлэг байгуулахыг хориглох тухай дээр өгүүлсэн байгаа. Иймд УИХ-н шийдвэрт намын нөлөө багасна. 

Намд хэн хамаагүй элсэх сонирхолгүй болно, тэнд үнэхээр л тодорхой үзэл бодолтой, улс орны хөгжлийн бодлогод мэдлэг оюунаараа нэмэр болж чадах хүмүүс л орно. 

Тэд үзэл бодлоо нэгтгэж, бусад намтай засгийн эрхийн төлөө, ил тодоор өрсөлдөнө. Тэдний улс орныг хөгжүүлэх бодлого хөтөлбөр нь олон хүнд таалагдвал тэд УИХ-д ч олонх суудал авна, Засгийн газраа ч байгуулж чадна гэсэн үг. Тэгэхээс биш олон суудал авсан л бол шууд Засгийн газраа байгуулдаг байж болохгүй.

Улс орныг хөгжүүлэх бодлого хөтөлбөр гэдэг нь одоогийн намуудын мөрийн хөтөлбөр биш юм. Тэр нь тусдаа үндэслэл тооцоотой, өөрсдийн арга аргачиллаар хийгдсэн, хүрэх үзүүлэлт нь нарийн тооцогдон гарсан цогц баримт бичиг байдаг. Үүнийг боловсруулсан хүнээс өөр хүн хуулбарлан хэрэглэх боломжгүй түвшинд хийгддэг. 

Өнөөдөр аль нэг намын мөрийн хөтөлбөрөөс, жишээ нь “Та бүхэн ядуурлыг 10%-иар багасгана гэсэн байна. Үүнийг яаж хийх юм бэ?” гэж асуухад, “Энэ бол нууц, хэлчихвэл бусад намууд мэдээд хуулчихна” гэсэн хариулт сонсож байсан. 

Энэ бол мөрийн хөтөлбөрийн тухай биш, мөрөөдөл төсөөллийнхөө тухай ярьж байна гэсэн үг юм. Хэрэв энэ мөрөөдөл төсөөлөл биш байсан бол 10% гэсэн тоог яаж гаргасныг асуухад, түүнийг тооцон гаргасан тооцоогоо ярих чадвартай байна. Үүнийг хуулбарлан авсан хүмүүс бол гаргах боломжгүй юм.

Ингэж л бид намчирхах, намаар хуваагдах, намаар нь ялгаварлан гадуурхах, намын дарамт гээч юм бий болоод байгаа өнөөгийн гажуудлыг үгүй хийх боломжтой. 

Гадаадын өндөр хөгжилтэй олон оронд ялсан нам нь засгийн эрхийг авдаг систем байдаг, бид тэднээс зөрөөд явж болох юм уу гэж асуух хүн гарах л байх, бас тэд ийм системтэй байгаа тул энэ зөв систем байж таарна гэж дүгнэх хүн ч бас гарна. 

Нэгдүгээрт тэдний өндөр хөгжсөн нь энэ системээс болоод байгаа ч юм биш. Өнөөгийн байдлаар хөгжил нь ийм системийг хэрэглэдэггүй ази талдаа явж байна, хоёрдугаарт тэнд энэ системээс үүдэн гарч байгаа, манайд гараад байгаа шиг сөрөг үзэгдлүүд байсаар байдаг, гуравдугаарт бид аль нэг улсын жишээг дагах биш өөрсдөө, өөрсдийн онцлогтоо тохирсон засаглалын хэлбэрээ бий болгон ажиллах бүрэн боломжтой. 

Монгол дэлхийг эзэгнэж байх үед бүх улс орон манай засаглалын хэлбэрийг дагадаг байсан, бид энэ тал дээр бусдыг даган дуурайгаад байх шаардлага байхгүй, өв уламжилж ирсэн туршлагатай ард түмэн гэдгээ ойлгох хэрэгтэй.

Гуравдугаарт. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх.

Сонгууль болгоны өмнө УИХ дээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг ба энд гол нь сонгуулийн можаротари, пропорционал системийн алийг нь хэрэглэх эсвэл холимог систем байх уу гэдэг дээр улс төрчид гол төлөв маргана. 

Гэтэл сонгууль булхайтай явагдаад байна, мөнгө болон бусад зүйл тараагаад байна, их мөнгөтэй хүн л сонгуульд оролцох болохоос хичнээн мэдлэг чадвартай байсан ч мөнгөгүй хүн сонгуульд өрсөлдөх боломжгүй байна, жил ирэх тусам сонгуульд өрсөлдөхөд зарцуулах мөнгөний дүн ихсээд, хэмжээ хязгаараа алдаад байна, сонгуульд луйвар хийгдээд байна г.м олон асуудал байдаг боловч энэ талаар бага яригдана.

Манайд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн сурталчилгааныхаа ажилд их зардал гаргадаг. Түүнээс гадна нэр дэвших эрх олж авахын тулд түүнээс ч дутахгүй зардал гаргана. Энэ нь намын үндэсний зөвлөлдөх хороо ч юмуу бага хурлын гишүүн байхын тулд жил бүр их хэмжээний мөнгө төлдөг, тэгээд нэр дэвших эрх олж авахын тулд мөн мөнгө төлдөг гэх мэтийг хэлж байгаа юм. 

Иймд мөнгөгүй хүн бол хичнээн мэдлэг чадвартай байсан ч, хичнээн эх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй байсан ч их хуралд нэр дэвших, сонгогдох боломж байхгүй болжээ. Харин мөнгөтэй бол тэр хүн хэн байх нь бараг хамаагүй, монголын удирдагчдын нэг болж болно. 

Мөнгөтэй хүн гэдэг нь хадгаламждаа хэдэн төгрөгтэй хүнийг хэлээд байгаа юм биш, маш их мөнгийг хэлж байна. Ийм их хэмжээний мөнгө шударга замаар олдоно гэвэл бараг үгүй гэж хэлж болно. Шударга хөдөлмөрөөрөө их хэмжээний мөнгө олж чадсан хүн бол сонгуульд оролцохыг нэг их хүсэхгүй, харин бизнесээ өргөтгөн үргэлжлүүлэх сонирхолтой болчихсон байдаг. Тэгвэл өнөөдөр буруу замаар мөнгө олж чаддаг, “луйварчид” л төрд гарахаас өөр аргагүй нөхцөл байдал манай төрийн системд бий болчхоод байна.

Бие дааж нэр дэвших нь мөнгөгүй хүн нэр дэвших эрхийг хангаж өгч байгаа юм бишүү гэж хэлэх хүн гарах байх. Бие дааж нэр дэвшихэд олон хүний гарын үсэг цуглуулах ёстой гэж хуульчилсан байдаг. Энэ тоог улам ихэсгэх чиглэл явагдаж байгаа. Энэ нь бие даан нэр дэвшигчдийг хавчих чиглэлийн заалт юм. Бас эд нар мөнгөтэй хүмүүстэй өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг. Мөн тэдний авах саналыг хуваах зорилгоор том намуудаас санхүүжүүлээд, нууцаар бие даагчдийг сөргүүлэн нэр дэвшүүлдэг. Ийм маягаар мөнгөгүй хүмүүс төрд гарах үүд хаалгыг нь хааж өгдөг.

Яагаад ийм болчихвоо гэхээр манай сонгуулийн систем тийм болчихжээ гээд толгой сэгсэрнэ. Тэр систем нь хаанаас тийм болчихсон юм бэ гэвэл хууль гаргаж байгаа хүмүүс, өөрөөр хэлбэл энэ сонгуульд ялж гарсан хүмүүс ийм системийг бий болгодог. Тэд үүнийгээ өөрчлөхийг хүсдэггүй, цаашид энэ чиглэлээр нь хөгжүүлэх сонирхолтой байдаг. 

Тиймд сонгуулийн тухай хуулийн нэг концепц нь сонгуульд нэр дэвшихэд заавал их мөнгө зарахгүйгээр, төрийг удирдах мэдлэг чадвар, түмний төлөө гэсэн сэтгэлээр нь нэр дэвшигчдээс сонгох нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Үүний тулд дараах концепцийн асуудлыг хуульд тусгаж өгөх шаардлагатай: 

1.  Улсын их хурлын гишүүний эрх үүргийг, мөн нэр дэвшигчийн амлаж болох ба болохгүй зүйлийг, сонгуулийн тухай хуулийг, мөрийн хөтөлбөр гэж юу болох, ямар агуулгатай байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлахыг хуульчилж өгөх шаардлагатай байдаг. Энэ нь сонгогчдын боловсролыг дээшлүүлж байна гэсэн үг.

Өнөөдөр  сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их хурлын гишүүний эрх үүргийг зөв сурталчилдаггүй, УИХ-ын гишүүн бол тойргийнхоо иргэдэд туслах үүрэгтэй, тухайн тойргийн элч төлөөлөгч мэтээр нийтэд ойлголт төрүүлдэг. Үүнээс болж сонгогчид мөнгө өгөх юмуу тойрогтоо ямар нэг зүйл хийж өгсөн, тойрогтоо хөрөнгө оруулалт хийдэг хүнийг үүргээ сайн биелүүлдэг сайн гишүүн гэж ойлгон, төөрөлдөх явдал гардаг. 

Магадгүй нэр дэвшиж байгаа зарим нөхөд ч үүнийгээ сайн ойлгохгүй явах тохиолдол байна. Тэгэхээр сонгогчдын сонголт хийх хэмжүүр нь өөр болчихно, тэгээд буруу хүнээ сонгоно. Сонгогчид харанхуй бүдүүлэг байх тусмаа аргалаад, өөрсдөдөө санал өгүүлэх нь амар байдаг тухай яригдаж байхыг сонссон. Тиймд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажлыг сонгуулийн өмнөхөн маш хүчтэй хийх шаардлагатай байдаг

2. Бага зардлаар нэр дэвшигч сурталчилгаагаа хийх, тэдний мэдлэг, чадвар, түмний төлөөх сэтгэлийг таньж мэдэх механизмыг сонгуулийн хуульд суулгаж өгөх шаардлагатай. Бие даан нэр дэвшигчдэд энэ маш хэрэгтэй. Үүний сонгодог арга нь халз ярилцлага зохион байгуулах байдаг. 

Үүний тулд тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд төрөл бүрийн хэлбэрээр 3-аас доошгүй удаа телевизийн болон сонины халз ярилцлагыг зохион байгуулна. Энд гарах зардлыг нь улсаас дааж болно. Халз ярилцлагын бичлэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нэр дэвшигч нар хувиараа сурталчлах боломжийг олгоно. Харин халз ярилцлагын агуулгыг өөрчлөн сурталчилсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл арга хэмжээ авахаар хуульчлах шаардлагатай юм. 

Ингэснээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид таньж мэдэх хамгийн хямдхан арга юм. Тэд өөр ямар нэг сурталчилгаа хийхгүйгээр уг халз ярилцлагынхаа бичлэгийг хүн бүрд хүргэн, сурталчлах ажил хийх нөхцөлд бага зардлаар сонгуульд оролцох боломжтой болно. Ингэснээр сонгогчид нэр дэвшигчдээс сайныг нь сонгож, саналаа өгөх магадлал өндөр байх болно.

Нэр дэвшигчдийн зураг бүхий самбарыг ижил хэмжээтэй хийлгээд нэг дор байрлуулна. Энэ нь хэд хэдэн газар байж болно. Мөн нэг удаа танилцуулга мөрийн хөтөлбөрөө айл бүрээр тарааж болно. Өөр сурталчилгаа хийхийг хориглоно. Өөрөөр хэлбэл сонгуулийн олон штаб байгуулах, уулзалтууд хийх, ухуулагчид ажиллуулах, туг дарцаг хийсгэх, машинаар явж ухуулга хийх, мөнгө, бэлэг сэлт тараах гэх мэт зүйлс хийхийг хуулиар хориглоно. 

Эдгээр нь уг нь хориотой зүйл биш боловч зардал их гардаг бөгөөд нэр дэвшигчийг таньж мэдэхэд ач холбогдол багатай ажлууд юм. Энэ нь сонгуульд бага зардал гаргах, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж бий болгох, мөнгөтэй нь мөнгөгүйгээ цохиж унагачих гээд байдгийг болиулах зорилготой юм.

Энд штаб нэг л байж болно. Тэнд ерөнхий зохион байгуулалтаа ярилцана. Халз ярилцлагууд хийгдэх тул уулзалт хийх шаардлага байхгүй. Ер нь уулзалтаар бодитой юм ярихаасаа хүний толгой эргүүлсэн, өөрийгөө хиймлээр дөвийлгөх шинжтэй зүйлс яригдах тул сонгогчдын бодит сонголтод муугаар нөлөөлдөг. 

Харин халз ярилцлага бол хэн нь хэн бэ гэдгийг бодитой харуулж чадна. Гэхдээ халз ярилцлагын сэдэв, асуулт, ярилцлагын хэлбэрийг онолын үндэстэйгээр, мэргэжлийн хүнээр бэлтгүүлсэн байх шаардлагатай.

3.   Намын гишүүн намдаа их мөнгө төлж байж нэр дэвших эрх олж авдаг системийг хуулиар хатуу хориглох шаардлагатай.

Сонгууль явуулах үйл ажиллагаанд маш их булхай хийгддэг. Үүнийг эрх барьж буй том намууд өрсөлдөн хийдэг тул хэн хэнийгээ шүүмжилдэггүй, хуульд ч үүнийг үгүй хийх талаар хатуу заалт оруулдаггүй юм. Жишээ нь: Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулах, сонгогчдыг төөрөгдүүлж санал авах, санал худалдаж авах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг буруу гаргах, хүнд давхар иргэний үнэмлэх бичиж өгөх, хүмүүсээр давхар санал өгүүлэх, сонгуулийн өмнө “царцааны нүүдэл” хийлгэх гэх мэт олон арга байдаг байна.

Дээрх луйврын аргыг сонгуульд хэрэглэсний төлөө ногдуулах тохирсон хариуцлага гэж байдаггүй. Сонгууль явагдсаны дараа хүн бүр, нам бүр сонгууль хууль бус явагдсан тухай яриад байх боловч тэнд буруутан нь олддоггүй, бүх нам хохирогчид болж хувирч байгаа дүр эсгэн, жүжиг тоглодог. Түүний гол шалтгаан нь хуульд энэ асуудлыг зохицуулах механизм тодорхой бус, ямар арга хэмжээ авах нь тусгагдаагүй эсвэл хариуцлагын хэмжээ нь тохиромжгүй байдагтай холбоотой. 

Иймд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр дахь том концепц нь сонгуулийн үед гардаг элдэв булхай, луйврын аргуудыг гаргахгүй байх талаарх зохицуулалтыг нарийвчлан зааж өгөх явдал юм.

Хэдийгээр сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчтэй холбоотой зарим заалтыг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар заасан байдаг боловч дээр дурдагдсан булхайтай үйлдлүүдэд бол торгох арга хэмжээ авахаар заасан байна. Энэ нь сонгуульд зарцуулагдаж байгаа мөнгөний дэргэд өчүүхэн зүйл бөгөөд санаатайгаар булхай хийгээд л уг торгуулийн мөнгийг нь төлөөд, ялалт байгуулах боломжийг бий болгосон байна.

Иймд сонгуулийн хуулинд дараах асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай:

1. Нэр дэвшигчийн саналын тоонд нөлөөлөх зөрчил бүрд зөвхөн нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах, эргүүлэн татах арга хэмжээ авч байхаар хуульд заасан байх. Хэрэв тухайн нөхцөлд саналын хуудсыг дахин хэвлэх цаг хугацааны хувьд боломжгүй болсон нөхцөлд түүнд өгсөн саналыг хүчингүй болгох юмуу авсан саналын тоогоор 2 дугаарт орсон нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох эсвэл уг нэр дэвшигчийг хасан дахин санал хураах талаар хуульд заах нь зүйтэй байна. 

2. Дээрх арга хэмжээг авахад сонгуулийн хугацаанд, сонгуультай холбоотой маргааныг шийдэхэд хуулийн байгууллагыг онцгой дэглэмээр ажиллуулж, асуудлыг цаг алдахгүй газар дээр нь шийддэг байх хэрэгтэй. Эсвэл хуулийн байгууллагаар оруулахгүйгээр олон нийтийн байгууллага асуудлыг шийддэг байдлаар хуулийн зохицуулалт хийх. 

3. Сонгуулийн саналын хуудас тоолоход хамгийн сонгодог, шударга арга нь олон намын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулан гараар тоолох ажил байдаг. Энэ аргыг олон жил ашигласаар ирсэн. Болоод л байсан. 

Харин хар машинаар тоолно гэдэг нь уг нь сонгуульд технологийн дэвшлийг ашиглаж байгаа сайн талтай боловч, тэнд булхай хэрэглэх боломж нь гараар тоолохоос илүү их боломжтой юм. Компьютер, мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ эринд санал тоолох компьютерт жирийн иргэд байтугай мэргэжлийн хүмүүс нь ч олж мэдэх аргагүй, ямар ч булхайг хийж болох тул зүгээр л гараар тоолдог аргаа хуульчлах хэрэгтэй.

Миний бие сонгуулийн хэсгийн хороонд бишгүйдээ л ажиллаж байсан. Саналын хуудас тоолоход ямар нэг хүндрэл гарч байгаагүй, ажиглагчид байгаа нөхцөлд булхай хийх ямарч боломжгүй байдаг байсан. Ер нь гараар тоолоход булхай хийх маш төвөгтэй байсан тул “Хар машин” гэгчийг эрх баригчид гаргаж ирсэн гэж боддог.

4. Сонгуулийн тухай хуульд бие даан нэр дэвших нөхцөлд 801 хүний дэмжлэг авсан байх заалтыг хасах. Бие даан нэр дэвшиж байгаа хүнд энэ гарын үсгийг цуглуулахад бэрхшээлтэй байдаг. Харин санал хуваах зорилгоор аль нэг намаас өөрийн хүнийг бие даалган нэр дэвшүүлэхэд, олны хүчээр гарын үсэг цуглуулахад хялбар байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь бие даан нэр дэвшигчийг хавчих хэлбэрийн заалт болдог. 

5. Сонгуулийн хороог олон нийтийн байгууллагуудаас бүрдсэн хурлаас томилдог байх. Үүнийг тусгай журмаар зохицуулах шаардлагатай. Ер нь сонгуулийн үед гардаг бүх будлианы эзэн нь сонгуулийн хороо гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгуулийн хорооны дэргэд гарсан маргааныг шуурхай шийдэх, булхай гаргаж байгаа эсэхийг тогтоох, шударга хүмүүсээс бүрдсэн шуурхай алба ажиллуулдаг байхыг мөн хуульчилсан байна..

Дөрөвдүгээрт. Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг болгох. 

Швед улс 8 сая гаруй хүнтэй бөгөөд төрийн албанд нь 50 мянган хүн ажилладаг, Харин Монгол улс 3 сая гаруй хүнтэй боловч төрийн албанд 200 мянга орчим хүн ажиллаж байна гэж “нийтийн сүлжээ”-гээр бичсэн байдаг. Олон нийтийн хэвлэлээр ч манай төр “данхар”, “том”, “нүсэр бүтэцтэй” гэх зэргээр бичээд байгаа нь ер нь төрийн албанд хэтэрхий олон хүн ажилладаг гэдгийг илтгээд байна.

Тэгэхээр манайд төрийн албанд хичнээн хүн ажиллавал болох юм бэ?, хэдэн яам агентлаг байвал таарах вэ?, үүнийг тооцон гаргадаг аргачлал гэж байна уу? гэх мэт асуултууд гарч ирнэ.  

Аливаа улсын төр, засаг нь ард түмнийгээ амгалан, тайван, сайн сайхан амьдруулах  зорилгоор ажилладаг. Гэхдээ тэд үүнийхээ төлөө иргэдээс татвар авч түүгээрээ санхүүждэг байна. Иймд нэгэнт мөнгийг нь авсан бол нийлүүлэх бүтээгдэхүүн нь тодорхой байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл төр, засгаас иргэдийн төлөө юу хийх, ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байх ба энэ нь зөвхөн иргэдийн өнөөгийн болон ирээдүйн тусын тулд чиглэгдсэн байна.

Тэгэхээр төрийн албанд хичнээн хүн ажиллах шаардлагатайг тодорхойлохын тулд эхлээд төр ямар үүрэгтэй, юу хийх ёстойг тогтооно. Дараа нь энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд яг ямар ажил, ажилбар гүйцэтгэхийг бүлэг, нэгжээр нь задлан тодорхойлно. 

Эдгээр ажил, ажилбарыг тогтоохын тулд төсвийн мөнгөөр санхүүжин, төрөөс гүйцэтгэх бүх үүргийг салбар, салбараар нь жагсаан бичиж, эдгээр үүргийн хүрээнд хийгдэх ажлуудыг ажилбараар нь задалж бичих шаардлагатай. Энд жишээ нь бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах гэдэг ажлууд яам, агентлагийн үүрэгт их бичигддэг. Энэ чухам ямар ажлыг гардан хийхийг хэлээд байгаа, үүнийг хэдэн хүн, хэдий хугацаанд гүйцэтгэх ёстойг задлан, тодорхой болгон бичнэ гэсэн үг. Энэ нь Засгийн газрын бүтцийг тодорхойлох судалгааны ажлын гол хэсэг юм. 

Бид зөвхөн усны салбарт төрөөс хийх ёстой ажлуудыг жагсаан, тэдгээрийг ажилбараар задалж үзэхэд 235 ажилбар гарч байсан. Эдгээр ажилбар дотор өдөр тутам хийж байх ажил ч байсан, жилд нэг удаа хийгдэх ажил ч байсан. Ямар ч байсан төрийн албаны үүргийг ажилбараар нь задалсан нөхцөлд түүнд зарцуулах хугацааг тодорхойлоход амар болдог. Тэр 235 ажилбарын хэдийг нь жилд нэг хүн хийж болохыг тогтооход ч төвөггүй байх болно. 

Энд төрийн ямар нэг үүрэг үгүй болж эсвэл нэмэгдэж болно. Жишээ нь тусгай зөвшөөрөл олгох ажлыг төрөөс гүйцэтгэхээ больж, төрийн бус байгууллагад шилжүүллээ гэхэд нийт ажилбарын жагсаалтаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой ажилбаруудыг нь ялгаад хасна гэсэн үг. Ингэснээр орон тоонд эсвэл хүмүүсийн ачаалалд хэрхэн өөрчлөлт орохыг төвөггүй тодорхойлж болно.

Засгийн газрын хэмжээнд салбар бүрээр хийгдэх нийт ажилбарын жагсаалт гарсны дараа  тухай ажилбарыг дундаж чадвартай нэг албан хаагч хэдий хугацаанд гүйцэтгэж болохыг тодорхойлно. Үүний үр дүнд төрийн албанд хэдэн хүн ажиллаж болох нь тодорхой болно.

Төрийн албанд ажиллах нийт хүний тоо тодорхой болсноор хүмүүсийн үүрэг, харилцаан дээр нь үндэслээд ямар нэртэй, хэдэн яам, агентлаг байхыг тодорхойлон гаргадаг.

Одоо төрийн албан хаагчид хэдэн төгрөгийн цалинтай байх асуудал гарна. Нийт төрийн албан хаагчдын цалин, хангамжид зарцуулах нийт төсвийн хэмжээ нь иргэд аж ахуй нэгжийн төлсөн нийт татварын хэмжээнээс давах ёсгүй.

Тэгэхээр төр өндөр цалинтай чадварлаг цөөхөн хүн ажиллуулах уу, чадвар сул, бага цалинтай олон хүн ажиллуулах уу гэдэг нь тэдний асуудал болно. Цалингийн сан нь татварын бүрдүүлэлтээр хязгаарлагдах тул УИХ-аас “алдагдалтай төсөв” батлах гэдэг үл ойлгогдох зүйл гарахгүй болно. 

Өнөөдөр манайд төрийн албан хаагчдын цалин бага байгаа нь жижиг дунд үйлдвэрийн ажилчдын цалингийн жишиг болоод байдаг. Тийм учир манай улсад ажиллагсдын дундаж цалин маш бага, хөрш орнуудаасаа 2-3 дахин доогуур байдаг. Хэдийгээр манайд ажилгүй хүн олон ч амжиргаагаа аваад явчих хэмжээний цалинтай ажил нь олддоггүй. Тиймдээ ч зарын сонин дээр ажил хайж байгаа хүний зар сонины хагас нүүр эзэлж байхад, ажилд авна гэсэн зар сонины 4 нүүр дүүрэн бичигдэх болсон. 

Төрийн албанд илүү орон тоо их байдаг тул, ажилдаа ирчихээд интернетээр зугаалаад суудаг албан хаагч багагүй байна. Хүмүүсээ цомхотгоод, бүрэн ачааллаад, цалинг нь нэмэгдүүлээд, ажиллуулах хэрэгтэй. Үүний тулд ажлаа мэддэг, чадварлаг даргатай байх шаардлага гарна. Харамсалтай нь манайд дарга нар нь улс төрийн томилгооны гэж хэлэгдэх, мэргэжлийн бус, ажлын туршлагагүй хүмүүс голдуу байдаг.

Өнөөгийн байдлаар Засгийн газар өөрчлөгдөх бүрд шахуу түүний бүтцэд өөрчлөлт оруулах талаар ярьдаг бөгөөд бүтэц нь голдуу нэмэгдэх хандлагатайгаар өөрчлөгддөг. Тэгэхээс биш төрийн албаны үүргийг гүйцэтгэх ажилбараар нь нарийвчлан тооцож, төрийн албаны бүтэц бүрэлдэхүүнийг тооцсон асуудал Монголд байхгүй.

Харин 1992 онд Азийн сангийн санхүүжилтээр төрийн бүтцийг шинэчлэх судалгаа хийгдэж 9 Яамтай Засгийн газар Монголд тохирно гэсэн үр дүн гарч байжээ. Энэ судалгааг ерөнхийдөө дээр дурдсан аргачлалтай төстэй аргаар хийсэн байдаг. Түүнээс хойш янз бүрийн шалтгаанаар, судалгаагүйгээр, ядаж Азийн сангаас хийсэн судалгааны суурь дээр үндэслэлгүйгээр Яам, Агентлагийн тоо өссөөр, өнөөдөр тэр үед төлөвлөж байснаас 2-3 дахин том бүтэцтэй болсон байна.

Тэгэхээр татварын мөнгөөр санхүүжиж байгаа төр ямар үүрэгтэй болохыг авч үзье. Үүнийг төрийн үндсэн үүрэг дээр тулгуурлан дараах байдлаар тодорхойлно:

Төрийн эхний үүрэг бол төр иргэдээ гаднын халдлагаас хамгаалах асуудал байдаг. Аль ч улс орон бяр нь амтагдаад, шунал нь хөдлөөд ирэхээр бусад улс орон руу халдан довтолдог асуудал байсаар байна. Иймд улс эх орноо батлан хамгаалах асуудал зайлшгүй байдаг. Иймд нэгдүгээрт Батлан хамгаалах яам зайлшгүй байх шаардлагатай. Хязгаарын цэргийн асуудал энэ яамандаа хамрагдана.

Мөн төр гаднын улс орнуудтай харилцах, энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд хоёр дахь яам болох Гадаад хэргийн яам аль ч улсад зайлшгүй байх шаардлагатай.

Төрийн бас нэг үүрэг бол иргэдээ дотоодын дайснаас хамгаалах явдал юм. Энэ нь хулгай, дээрэм, танхайрал гэх мэт дотоодын үл бүтэх хүмүүсээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй цагдаагийн газар цагдаа байна. Хүний хийсэн хэргийг зөв тогтоож холбогдох ялыг эдлүүлж байхын тулд шүүх, прокурор бас байх хэрэгтэй байдаг.

Төрийн мөн энэхүү үүргийн хүрээнд төрийн албан хаагчид үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, тэдний зүй бус хандлагад хяналт тавих Төрийн хяналт шалгалтын байгууллага, иргэдийн эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх мөн иргэдийг осол аваар гарч болох нөхцөлд ажиллуулах, хүний амьдрах орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газар зайлшгүй байдаг. 

Дээрх хууль, хяналтын байгууллагын харилцаа хуулиар зохицуулагдах тул бүх хууль дүрэм журмыг улсын хэмжээнд зангидаж, эрх зүйн баримт бичигт давхардал, зөрчилдөөн гаргахгүй байх, энэ нь иргэдийн эрх ашигт харшлахгүй байх г.м асуудлыг зохицуулах гурав дахь яам болох Хууль зүйн яам байх шаардлагатай. 

Мөн дотоодын үл үзэгдэх дайсан болох нян, бактери, өвчин үүсгэгчээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөв дэх яам болох Эрүүл мэндийн яам байх шаардлагатай.

Бүх нийтийг боловсролтой болгох, тэр нь шинжлэх ухаан, үйлдвэрлэл хөгжих хирээр мэргэжилтэй боловсон хүчний шаардлага ихэссэн тул боловсролын асуудал тэлж, бүх шатны сургуулиуд бий болж, тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлага байдаг. Иймд 5 дахь яам болох Боловсролын яам байх шаардлагатай. 

Дээрх төрийн байгууллагуудын төсөв, санхүүгийн асуудлыг зохицуулж байх үндсэн үүргийг хэрэгжүүлэх, 6 дахь яам болох Сангийн яам бас байна. 

Дээр дурдсан 6 яам аль ч улсад зайлшгүй байдаг ба эдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн нь тухайн улсын хүн амын тоо, хөгжлийн түвшингээс хамааран янз бүр байдаг.

Төрийн бас нэг үүрэг нь иргэдийг тав тухтай, хангалуун амьдруулахын тулд улс орныг хөгжүүлэх, баяжуулах үүрэг юм. 

Энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх, газрын баялагтай орны хувьд уул уурхайгаа хөгжүүлснээр бүтээгдэхүүнээ гадагш гарган валютын нөөцтэй болох, эндээс олсон ашиг орлогоороо дэд бүтцээ хөгжүүлэх, эмнэлэг сургууль байгуулах ажлыг гүйцэтгэдэг. 

Эдгээр үүргийг биелүүлэхийн тулд төрөөс үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөрийн харилцаа, ус, байгаль орчин, дэд бүтэц /зам, барилга, эрчим хүч/ уул уурхай, хөдөө аж ахуйн бодлого зохицуулалтын асуудлыг шийдэх шаардлагатай байдаг. Энэ үүргийг гүйцэтгэх төрийн захиргааны төв байгууллага болох яам байх шаардлагатай. Гэхдээ энд салбар бүрд зориулсан яам байх албагүй. 

Тэгэхээр энд хэдэн яам байхыг тогтоохын тулд дээрх салбарт төрөөс ямар ажил хийгдэх талаар авч үзье. Төрийн захиргааны байгууллагаас дээрх салбарын бодлого зохицуулалтыг хийхэд бүх салбарын хувьд адил, дараах тоотой хэдэн ажлыг гүйцэтгэдэг. Үүнд:

А. Салбарын хэмжээнд ажиллаж буй хүн, аж ахуй нэгж, ашиглаж буй хөрөнгө, үйлдвэр, материал, машин, тоног төхөөрөмж, ашиглаж болох байгалийн болон бусад нөөц, баялаг гэх мэт тухайн салбартай холбоотой хүн, амьтан, ургамал, байгалийн баялаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, тэнд хэрэглэгддэг машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд материалын нөөц хэрэглээ, хэрэгцээтэй холбоотой бүх зүйлсийн бүртгэл хийгдсэн байх шаардлагатай. Үүнийг гарган хөтөлж, цаашид түүний өөрчлөлтийн динамикийг тодорхойлох ажлыг зохион байгуулах нь төрийн захиргааны байгууллагын тэргүүн зэргийн үүрэг байдаг. Энэ бүх мэдээллийг төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад гол нь хэрэглэнэ. Одоо орчин үед компьютер, мэдээллийн технологи хөгжсөн нөхцөлд үүнийг хийхэд олон хүний шаардлага гарахгүй болсон байна.

Б. Тухайн салбарын хүрээнд ашиглагддаг эрх зүйн баримт бичгүүд /хууль, норм, дүрэм, журам, заавар, стандарт/ нь амьдралд хэр нийцэж байгаад хяналт тавьж, цаашид тэдэнд өөрчлөлт оруулах, шинээр бий болгох, хэрэгцээгүй болсныг нь хүчингүй болгох ажлыг тогтмол гүйцэтгэж байх шаардлагатай. Энд өөрчлөлт шинэчлэлт хийх бүрд түүний үндэслэл, техникийн даалгаврыг боловсруулна, гүйцэтгэгч байгууллага, хувь хүнийг шалгаруулах, төслийг хэлэлцүүлэх, санал авах, эцэслэн боловсруулаад, албажуулах ажлыг хариуцан зохион байгуулах ажлыг төрийн захиргааны байгууллага гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод, ТББ-ын хүчийг ашиглах боломжтой байдаг.

В. Иргэд, байгууллагаас ирсэн санал, хүсэлт, гомдол, санаачилгыг хүлээн авч шийдвэрлэх, гарсан дутагдал доголдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах г.м ажил зохион байгуулах

Г. Гадаадын ижил төстэй байгууллагатай харилцах, хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Д. Дээрх мэдээлэл дээр үндэслэн салбарын бодлого, хэтийн, дунд хугацааны болон ойрын зорилго зорилтыг тодорхойлох, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, нийтэд таниулах, хэрэгжүүлэх талаар сургалт сурталчилгаа явуулах, биелэлт тайланг авах, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, алдаа дутагдалд нь арга хэмжээ авах.

Е. Зарим шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох. 

Дээр дурдсан төрийн албаас гадна төрөөс салбарын мэргэжилтнүүдийн сургалт, мэргэжил дээшлүүлэлт, ажлын үр дүнд хяналт тавих, зураг төсөл, байгаль орчны үнэлгээнд дүгнэлт өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх г.м ажлуудыг зохицуулах шаардлага байдаг. Энэ ажлыг төрийн захиргааны байгууллагаас нэг удаа шийдвэр гаргах ба үлдсэнийг нь гол төлөв бусдаар, Төрийн бус болон техник хяналт хийх байгууллагаар гүйцэтгүүлж болдог.

Тэгэхээр дээр бичсэн төрийн үүрэг функцийг ажилбар болгоноор нь, салбар бүрд нь тус тусад нь задалж, жагсаалт гаргаж байж тэр ажлыг хийх хүний тоо, гүйцэтгэх хугацааг тодорхойлно. Энд бичигдэх ажлыг нарийвчлан гаргах тусам бид тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хугацааг тодорхойлоход амар байх болно. 

Төрөөс гүйцэтгэх нийт ажилбарын жагсаалт гарсны дараа түүнийг УИХ батална. Ингэснээр төр татварын мөнгөөр ард иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхой болохоос гадна дараах ач холбогдол бүхий боломж харагдана:

Нийт ажлын алийг нь төрийн байгууллага гүйцэтгэх, алийг нь Төрийн бус байгууллага гүйцэтгэх, алийг нь “Техникийн хяналт” болон “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани” гүйцэтгэж болохыг тодорхойлоход хялбар байх бөгөөд энэ маягаар төрийн ачааллыг хөнгөлөх боломжийг харж болно.

Монгол улсад хэдэн яам, агентлаг байх, тэр нь ямар газар, хэлтэстэй байх, тэнд ямар мэргэжлийн хүмүүс ажиллах нь судалгааны үндсэн дээр бодитой тодорхой болно. Цаашилбал тэнд ажиллах мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт нь хүртэл бэлэн гарч ирнэ. Хэдийгээр өнөөгийн хуулиудад Яамдын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн дарга боловсруулна гэж заасан байдаг боловч мэргэжилтнүүд өөрсдөө боловсруулдаг. Тэгвэл дээрх жагсаалт гарснаар мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг жинхэнэ утгаар нь Төрийн нарийн бичгийн дарга боловсруулах боломжтой болно. 

Энэ жагсаалт, түүнд үндэслэн хийгдсэн төрийн албаны бүтцийг УИХ-аар хуульчлан батална. Төрийн үүрэг функцэд өөрчлөлт орох бүрд уг жагсаалтын ажилбарт өөрчлөлтийг оруулах ба энэ оруулсан өөрчлөлтөөс хамаарч аль яамны, ямар газар хэлтэст, хэдэн мэргэжилтэн нэмж ажиллуулах эсвэл мэргэжилтний ажлын орон тоо үгүй болохыг шийднэ. Шаардлагатай бол газар хэлтсийг шинээр байгуулах, татан буулгана. Жишээ нь: Монгол улс нефтийн үйлдвэртэй боллоо гэж бодоход түүнд төрийн ямар нэг нэмэлт зохицуулалт хэрэгтэй бол батлагдсан жагсаалтад ажил нэмэгдэнэ г.м.

Ингэснээр төрийн албан хаагчийн тоо нэмэгдэж болно. Эсвэл нефтийн импорт хийгдэхгүй болж, төрийн зохицуулалт багасан, үүний үр дүнд мэргэжилтнийг цомхотгож болох жишээтэй. Энэ бүхэн зөвхөн ямар ажилбарууд нэмэгдсэн эсвэл хасагдсан дээр үндэслэн яригдах тул шийдвэр гаргахад хялбар, төөрөх будлих зүйлгүй байх болно. 

Төрөөс гүйцэтгэх ажилбарын жагсаалт, төрийн албаны бүтцэд орж буй өөрчлөлт бүрийг УИХ батална. Магадгүй үүнээс үүдээд шинээр яам. агентлаг байгуулж болох. Энэ бол бодит байдлаас урган гарсан бүтцийн өөрчлөлт байх юм. Түүнээс биш хэн нэгэнд зориулж, эсвэл хэн нэг лобби сайтай хүний үгээр, эсвэл хэн нэг нь маш чухал салбар гэж нотолсны төлөө яам, агентлаг байгуулдаг жишиг үгүй болно

Энэ жагсаалт батлагдсанаар төрөөс жагсаалтад ороогүй ажил үйлчилгээ явуулахыг  хориглох хэрэгтэй

Мөн жагсаалтаар гаргасан ажил, үйлчилгээг гүйцэтгэх дарааллаар нь жагсааж, ач холбогдол, нэн тэргүүнд гүйцэтгэгдэх байдлаар нь ангилах шаардлагатай бөгөөд ийм боломж нь зөвхөн энэ жагсаалт бий болсноор бүрдэнэ. Жишээ нь бид байгаль, нийгэм, үйлдвэрлэлийн салбарын статистик үзүүлэлтийг үнэн зөв тодорхойлж, өөрчлөлтийнх нь динамикийг бүрэн мэдэж чадаагүй нөхцөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хийх боломжгүй. Мөн байгаль дахь химийн бодисын бохирдол, хүнснээс хүнд нөлөөлөх нөлөөллийг бүрэн, зөв шинжлэх лаборатори байхгүй байж хүний эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулах боломжгүй байх жишээтэй. Энэ нь Засгийн газраас нэн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгоно гэсэн үг. 

Мөн энэ жагсаалт нь төрийн албаны ажлын норм үнэлгээ боловсруулах, хөдөлмөр зарцуулалтыг нь тооцох, төрийн албаны ажлын технологи, стандарт бий болгох судалгааны үндэс болно. Дээрх норм, стандарт бий болсноор орон тоо, төсвийг бодитой тооцох үндэслэл бий болно. 

Жагсаалтад орсон ажилбарыг гүйцэтгэхэд, тухайн төрийн албан хаагч хэдий хэмжээний хугацаа зарцуулж байгаагаас хамаарч, төрийн түшмэдийн зэрэг дэв тодорхой болж, түүнээс хамаараад авах цалин хөлс нь ялгавартай олгогдох боломжтой. Жишээ нь: өнөөдөр ижил цалин авдаг хоёр мэргэжилтэн нэг ижил баримт бичиг боловсруулахад нэг нь 10 минут зарцуулж байхад нөгөө нь 30 минут зарцуулдаг тохиолдол байдаг. Тэгвэл энэ хоёр хүн уг нь ялгавартай цалин авах шаардлагатай. 

Ийнхүү Засгийн газрын, Монгол улсын төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, тэнд ажиллах мэргэжилтний тоо тодорхой болсны үндсэн дээр хүмүүсийн цалин ямар байхыг тодорхойлох шаардлагатай. Ер нь төрийн албан хаагчдын нийт цалингийн хэмжээ нь төсвийн зөвхөн  татварын орлого /аж ахуйн нэгжийн болон хувь хүний албан татварын орлого/-оос давдаггүй байх ёстой. 

Эндээс төрийн алба бага цалинтай, олон ажилтантай байх уу, өндөр цалинтай, чадварлаг, мэргэшсэн цөөн тооны мэргэжилтэнтэй байх уу гэдгээ шийдэх боломжтой.

2019 оны батлагдсан нэгдсэн төсвийн үр дүнгийн үзүүлэлтэд орлогын албан татварын орлогын нийт хэмжээ 2,016 тэрбум, цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын нийт зардал нь 2,215,2 тэрбум төгрөг байсан байна. Энэ нь ерөнхийдөө хоорондоо ойролцоо байгаа боловч, одоогийн данхар төрийг эмх цэгцэнд нь оруулж чадвал /орлогч сайдын орон тоог үгүй болгохоос эхлээд/, төрийн албанд ажиллагсдыг багасгаад бас төрийн албан хаагчдынхаа цалинг нь нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Энэ үзүүлэлт төрийн алба данхайсан том байна уу үгүй юу гэдгийг тодорхойлж өгдөг. Хэрэв энд төсвийн татварын орлого хүрэлцэхгүй бол энэ нь татвар нэмэх шалтгаан болно. Гэтэл ажилчдын авч буй цалин, амжиргааны түвшнээс хамаарч төлөх татварт хязгаар бий. 

Ийм маягаар төрийн албан хаагчдын тоо, хангамж нь дээрх эрэлт нийлүүлэлтэд захирагдаад ирэхээр Засгийн газар данхар том болох боломжгүй болно. 

Төрийн албан хаагчийн цалин эрүүл тооцооллоор тогтоогддог болж, дэд сайд, газрын орлогч дарга гэх мэт шагналын, илүү дутуу орон тоо байх боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл иргэд төрөөс өөрсдөд хэрэгтэй ажил үйлчилгээг илүү ч үгүй, дутуу ч үгүй авахыг хүсэж байгаа бөгөөд үүндээ таарсан төлбөр болох татвараа өгдөг, зах зээлийн харилцаа үүсч байна гэсэн үг юм.

Энэ нь төр данхар байна уу үгүй байна уу гэдгийг тодорхойлж болдог, Засгийн газрын бүтцийг, орон тоог, албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоох боломжийг бий болгох, судалгаан дээр үндэслэсэн аргачлал юм.

Тавдугаарт. Төсвийг төвлөрүүлэн, зарцуулах үйл ажиллагааг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлдэг болгох

Анх Америк тивд Европчууд очоод, эзэнгүй гэж хэлж болохоор газарт чөлөөтэйгөөр амьдрах болжээ. Тэнд төр байсангүй, татвар байсангүй, хууль, дүрэм, журам байсангүй.  

Тэнд хүмүүс жинхэнэ эрх чөлөөг эдэлж, тариа ногоо тарих нь газар тариалангаа эрхэлж, мал  аж ахуй эрхлэх нь малаа маллаж, наймаа арилжаа хийх нь түүнийгээ хийгээд, хэнд ч ямар нэг татвар төлөхгүй, ямар нэг хяналт шалгалт ирэхгүй амар тайван амьдрах болсон.

Гэтэл нэг хэсэг хүмүүс юу ч хийхгүй архидан, зугаацан амьдарч, материаллаг хэрэгцээ гарангуут хөдөлмөрлөгч хүмүүсийг очиж дээрэмдэнэ, эсэргүүцсэн нэгийг алж хядах болсон. Иймд хүмүүс хэвийн амьдрахын тулд дундаасаа санхүүжилт гарган цагдаа цаашилбал цагдаагийн байгууллага бий болгон өөрсдийгөө хамгаалуулах болсон. Энэ бол төр үүсч эхэлж байна гэсэн үг. Дундаасаа нийлүүлж өгч байгаа мөнгө бол төсөвт төвлөрүүлж байгаа татвар юм. 

Энэ нь зөвхөн Америкад ийм зүйл болсон гэсэн үг биш юм. Хүний нийгэмд төр, татвар ийм маягаар л бий болсон бөгөөд үүнийг түргэвчлэн харуулсан түүхийг дээрх жишээгээр бичлээ. 

Амьдралын хэрэгцээгээр төрөөр үйлчлүүлэх хэрэгцээ нэмэгдэж, төрд  цагдаагаа дагаад шүүх прокурор бий болох, гаднын халдлагаас хамгаалах батлан хамгаалах асуудал, төрийн хяналт, мэргэжлийн хяналтын асуудал, цаашилбал эмнэлэг сургууль, цэцэрлэг, нийтийг хамарсан дэд бүтцийн асуудал, улс эх орны хөгжлийн бодлого зохицуулалтын асуудал яригдах болсон.

Эхний үед цэцэрлэгийн төсөв гэж хэлж болох зардлыг цэцэрлэгт хүүхдээ өгөх хүмүүс, сургуулийн зардлыг сургуулийн хүүхэдтэй хүмүүс бүрдүүлэх хэлбэрээр явагдаж байсан боловч сүүлдээ бүх нийтийн асуудал болж, төрийн энэ бүх үйлчилгээ нь нийт иргэдийн хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын татвараар санхүүжих болсон.

Манай улс ардчиллын замыг замнахын зэрэгцээгээр “Төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн систем”-ээс татгалзаж “Зах зээлийн эдийн засгийн систем”-д шилжих үйл явц эхэлсэн.

Википедиа нэвтэрхий тольд тодорхойлсноор: “Зах зээлийн эдийн засаг гэдэг нь бараа үйлчилгээний үнэ чөлөөт үнийн системийн дагуу тодорхойлогддог эдийн засгийг хэлнэ. Энэ ойлголт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн эсрэг ойлголт юм” гэсэн байдаг.

Мөн сонгодог эдийн засгийн ойлголтоор эдийн засгийн амьдрал нь хүмүүсийн эдийн засгийн сонирхолд суурилсан “үл үзэгдэгч гар”-ын буюу бидний яриад байгаа зах зээлийн механизм болох эрэлт нийлүүлэлт, үнийн механизмаар зохицуулагдаж байдгийг нээн харуулсан. 

Гэтэл манайд зах зээлийн эдийн засгийн системд шилжиж байгаа боловч төсвийг төвлөрүүлэх, хуваарилах ажил нь “Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн” үеийн хэлбэрээр хийгдэж байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Монгол улсын төсвийн нийт орлогыг нэг том тогоонд төвлөрүүлээд, УИХ-ын гишүүд бараг дур мэдэн хуваарилж байна. Энд зах зээлийн эдийн засгийн “чөлөөт үнийн систем”, “эрэлт нийлүүлэлтийн механизм” гэх мэт зах зээлийн эдийн засгийн үнэр мэдрэгддэггүй. 

Төсвийг хуваарилахад ямар нэг хэмжүүр, хамаарал, хязгаар байх ёстой. Гэтэл тийм юм бараг байдаггүй. Жишээ нь УИХ дээр Ховд аймгийн Мөст сумын сургуулийн байрыг засах уу, Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлгийн байрыг засах уу гэдэг, шийдлийг олох, хүнд бодлогыг бодоход хүрдэг ба үүнд ямар хэмжүүр тавих вэ гэдэг асуудал үүснэ. Үүнийг асуудлаа оруулж байгаа хоёр гишүүний бараг хэн лобби сайтай нь өөрийн талд шийдүүлж байна.

Тиймээс ч Ерөнхий сайдын, УИХ-ын даргын нутагт нь эсвэл сонгогдсон тойрогт нь их төсөв хуваарилагдаж байна, УИХ-ын гишүүд өөрсдөдөө өөрөө мэдэн зарцуулах төсөв хуваариллаа, намд мөнгө хандивласан хүнд зориулж албан тушаал бий болголоо, сонгуулиар өөрсдийгөө дахин сонгуулахын тулд элдэв халамжийн шинж чанартай зүйлд төсөв зарцуулах, хэн нэгний болон хэсэг бүлгийн эрх ашигт зориулж төсөв баталлаа гэсэн ярианууд гарч байна.

Ер нь төсвийн хуваарилалтанд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим үйлчлэх ёстой.

Манай зарим хуулинд энэ талын тусгал байдаг. Жишээ нь байгаль орчны чиглэлийн хуулинд усны төлбөрийн орлогын 35%-ийг усыг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна гэж заасан байдаг. 

Энэ нь ус ашиглалт ихсээд ирвэл түүнийг хамгаалах, нөхөн сэргээх шаардлага ихсэнэ мөн төсөв нь ч даган ихэснэ. Ингэснээр энэ ажлыг гүйцэтгэж буй байгууллагын чадавх сайжирна, үүнийгээ дагаад усыг хамгаалах, нөхөн сэргээх ажил сайжирна, усыг зөв ашиглана. 

Бас нэг жишээ хэлье. 2004 онд Усны үндэсний төв гэдэг байгууллага байгуулагдсан. Энэ байгууллагын төсөв нь аж ахуй нэгжийн ус ашигласны төлбөрийн тодорхой хувиар бүрдэж байхаар шийдэгдсэн байсан. 

Тэр үед ус ашиглуулсны төлбөрт Монгол улс жилд ойролцоогоор 250 сая төгрөг олдог байжээ. Гэтэл энэ байгууллага бий болсноор, өөрсдийн төсвийг сайжруулахын тулд, усны төлбөр төлдөггүй болон дутуу төлдөг олон байгууллагыг илрүүлэн ажилласнаар жилд 2,4 тэрбум төгрөгийг улсад төлдөг болгож чадсан юм. 

Тэр хэмжээгээрээ уг байгууллагын анхан төлөвлөгдсөн төсөв 10 дахин нэмэгдсэн тул хүчин чадал нь сайжирч, хажуудаа усны лабораторитой болох, хянах хэмжих багаж тоног төхөөрөмжөө сайжруулах гэх мэт олон ажил төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байсан. Гэвч өнөөгийн энэ тогтолцооноос болоод татан буугдсан. Энэ жишээтэй адил өнөөдөр төсвийн ашиглагдахгүй байгаа, нэмэгдэх боломж нь нээгдэхгүй байгаа нөөц их байгаа.

Төсөв нэгэнт төв рүү татагдчих тул орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж төсөвт төлөх татварыг ихэсгэх нь нутгийн засаг захиргааны албадад нэг их ач холбогдолгүй зүйл. Харин тэдэнд төсвөөр хуваарилагдсан санхүүжилтийг зориулалтаас нь нэг их гажаачихгүйгээр зарж дуусгах л асуудал байгаа юм.  

Дээрх жишээнүүд нь төсвийг эрэлт нийлүүлэлтээс хамааруулж, өөрөөр хэлбэл их төсөв бүрдүүлж байгаа газар тэр хэмжээгээрээ илүү хөгжих боломжийг бий болгосон зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр төсвийн бүрдүүлэлт сайжрах, төсвийн зарцуулалтад арвилан хэмнэлттэй хандах нөхцөлийг бий болгох юм.  

Үүний тулд одоо төсвийн орлогын бүрдүүлэлтийг төрлөөр гаргадаг бол шинэ хууль гаргахын тулд төсвийн орлогыг салбараар нь гаргана гэсэн үг. Жишээ нь: Төсвийн орлогын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар” гэсэн төрлийг задалж, ямар ямар салбаруудын орлогоос хэд хэдэн төгрөг орсныг ялгаж, салгана. Ийм маягаар төсвийн бүх орлогыг аль салбараас оруулснаар нь ангилна.

Мөн нийслэл хот, орон нутгийн төсвийг тус тусд нь бодож дээрх маягаар ялгана. Тэгээд хуульд улсын төсвийн хуваарилалтыг орлогоос нь хамааруулж хэрхэн хуваарилахыг, өөрөөр хэлбэл тухайн салбарт хуваарилагдах төсвийг тухайн салбарт өмнөх онд төвлөрсөн нийт төсвийн тодорхой хувиар олгохоор хуульчилна гэсэн үг. Хуулийн бүтэц агуулга нь дараах үзэл баримтлалыг тусгаж өгсөн байх шаардлагатай:

1. Нийслэл, хот, аймаг сумд төсвийн орлогоо тусдаа бүрдүүлж, төсвийн зарцуулалтаа өөрсдөө мэдэн зохицуулна. Энд хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, орон нутгийн чанартай уурхай, түгээмэл тархацтай ордоос орох орлого г.м бусад орлого орно. 

Аймгийн төрийн захиргаанд сумдын асуудал харьяалагдах тул сумд өөрсдийн төсвөөс тодорхой хувийг аймгийн төсөвт өгнө. Эхний үед сумдын өгөх хувь харилцан адилгүй байж болох боловч яваандаа ижил болно. Үүнтэй адилаар аймгууд төсвийн орлогын тодорхой хувийг дээрх жишгээр улсад буюу төрийн эрх барих дээд байгууллагуудад өгнө. 

Ингэснээр жинхэнээрээ орон нутгийн бие даасан байдал бий болно. Орон нутаг нь нутгийн удирдлагын байгууллагаа ямар бүтэцтэй байлгах, тэнд хэдэн хүн ямар албан тушаалд ажиллуулах, албан хаагчдаа хэдэн төгрөгөөр цалинжуулахаа өөрсдөө шийднэ. 

Үүнийг шийдэхдээ мөн дээр бичсэнчлэн төрөөс гүйцэтгэх ажилбарын жагсаалт гарган, түүнийг үндэслэн хийнэ. Зарим аймаг сумдад усны асуудлаар олон хүн ажиллах шаардлагатай байхад зарим аймагт газар тариалангийн асуудалд их анхаарах шаардлага байж болно. Тиймд аймгууд, сумдуудад төрийн албаны бүтэц нь өөр өөр байж болно. Түүнээс гадна зөвхөн тухайн орон нутагт хэрэгжих хууль, дүрэм бий болж болно. 

Үүнээс үүдэн орон нутаг төсвийн орлогоо сайжруулахын тулд хичээн ажиллана, бизнесийг нь дэмжинэ, татвараа бүрэн хураадаг болно, үйлдвэрлэл хөгжүүлнэ. 

Хүн амьдрах нөхцөл боломжгүй сум өөрөө татан буугдана, шаардлагатай бол зарим газар шинээр сум суурин байгуулагдана, гэх мэт орон нутаг зах зээлийн зарчимд нийцсэн, хөгжлийн зөв голдрилдоо орно.

Аймгуудын, сумдын хөгжил нь нөөц боломж, удирдлагын чадамжаас нь хамаарч харилцан адилгүй байна. Чадалтай газар илүү хурдан хөгжиж, иргэдийн нүүдэл хөдөөнөөс хот руу биш хотоос хөдөө рүү, хөгжил муутай аймгаас хөгжил сайтай аймаг рүү шилжиж, аймгууд бие биетэйгээ өрсөлддөг, туршлага судалдаг, аймаг хоорондын худалдаа мөнгөөр, бартераар хийгддэг гэх мэт олон дэвшилттэй шинэ зүйлс бий болох юм.

Ингээд ирэхээр Засгийн газрын нуруун дээр байдаг өвөлжилтийн бэлтгэл, ургац, бэлчээр усжуулалт, хадлан, тэжээл, нөөцийн мах бэлтгэх, орон нутгийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг г.м олон ажил хөнгөрнө. Эдгээр ажлыг жинхэнэ орон нутагтаа амьдардаг, зовлон жаргалаа мэддэг, орон нутгийнхаа онцлог, чадамжаа мэдэрдэг хүмүүс нь шийдвэрлэнэ. Тэд орон нутгаа хөгжүүлэх талаар УИХ-ын гишүүдээс ямар ч байсан хувь илүү зөв шийдвэр гаргах нь бүхэнд ойлгомжтой юм. 

2. Яам, агенлаг, эрдэм шинжилгээний байгууллагууд мөн дээрхийн адилаар өөрсдийн төсөв, өөрсдийн харьяа, салбарын өмчит /одоогийнхоор “төрийн өмчит”/ үйлдвэрийн газрын орлого, орон нутаг дахь өөрийн салбарын чиглэлийн байгууллагуудаас төвлөрүүлсэн төсвийн тодорхой хувиар санхүүжнэ. Төсвийн хэмжээндээ зохицуулж бүтэц зохион байгуулалтаа хийнэ, ажилтнуудынхаа цалинг тогтооно.

Ингэснээр алдагдалтай ажилладаг, салбарын өмчит үйлдвэрийн газар гэж байхгүй болно. Тэнд чадвартай дарга тавигдана, яамдын орон тоог чадварлаг цөөхөн хүнээс бүрдүүлэхийг эрмэлзэнэ, шагналын маягийн дэд сайд, газрын орлогч дарга байлгахыг хүсэхгүй болно. 

Салбарын өмчит үйлдвэрийн газар нь бас ашгийн тодорхой хувиар өөрсдийгөө санхүүжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлж сайжруулж байх болно.

Үүнтэй холбоотой нэг түүх ярихад миний бие сургууль төгсөж ирээд 1983 онд Усны аж ахуйн тоног төхөөрөмжийн засварын үйлдвэрт ирж ажиллаж эхэлсэн. Тэр үйлдвэрийн дарга их чадвартай мундаг хүн тул үйлдвэр ч өндөр ашигтай ажилладаг байсан. 

Гэхдээ дарга их ашигтай ажиллахаас болгоомжилж, аль болох ашиг бага гаргах гэж эрмэлздэг байсныг мэдээд тэр үед би гайхдаг байв. Тэгтэл гарсан ашгийг нь улс бүгдийг нь хураан авчхаад, төсвөөс өгөгддөг мөнгө нь ашгийн хэмжээнээс үл хамааран тогтмол хэмжээтэй ирдэг байжээ. 

Энэ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нэг муу тал. Монгол улс зах зээлийн эдийн засгийн системд шилжээд 30 жил болж байхад манай төсөв төвлөрүүлэх, хуваарилах механизм өөрчлөгдөөгүй л явна. 

3. Ашигт малтмал нь нийт ард түмний өмч гэдэг утгаараа уул уурхайгаас орох орлогын тодорхой хувийг Монгол улсын ирээдүйд зориулсан хөрөнгө оруулалт болох дэд бүтцийг бий болгох, сайжруулахад голлон зарцуулна. Түүнээс гадна улсын хэмжээнд өндөр ашиг орлоготой байх, том төслүүд болох үндэсний үйлдвэрлэлийн үндэс болох төмрийн, химийн, электрон техникийн болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрүүдэд  хөрөнгө оруулалт хийнэ.

Мөн уул уурхайн орлогын тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, халамжид зарцуулж болно. Бас тодорхой хувийг хөгжлийн нөөц санд хуримтлуулна.

Дээр бичсэн үзэл баримтлалд “тодорхой хувийг” гэсэн үг их бичигдсэн. Үүнийг Сангийн яамнаас төсвийн одоогийн орлого зарлагад дүн шинжилгээ хийсний дүнд тооцон тогтоох юм. Энэ хувь хэмжээ нь эхний ээлжинд дээд доод хязгаартайгаар тавигдана. Хуваарилагдах төсвийг хуульд мөнгөн дүнгээр огт бичихгүй, зөвхөн түүнийг бүрдүүлсэн дүнгийн хувиар бичиж оруулна. 

Ийм маягаар жил бүр УИХ-аар хэлэлцэн хуваарилдаг төсвийг нэг мөр хуульчлаад, цаашид УИХ-аар төсөв батлах, төсвийн тодотгол хийх гэсэн нүсэр ажил хийгдэхгүй болно. Энэхүү хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсэх хүртэл түүнийг хэдэн жилээр ч өөрчлөхгүйгээр хэрэгжүүлж болно. 

Эхний үед УИХ төсөв хэлэлцэхдээ аль нэг салбарын төсвийг энэ хуульд бичигдсэн дээд доод хязгаарын хооронд тухайн жилд хэдэн хувиар байхыг тогтоож өгнө. Мөн нөөц сангийн зарцуулалтыг ярьж болно. Цаашид юм жигдрээд, хуульд төсвийн хэмжээг дээд, доод хязгаартай тавихаа больсны дараа УИХ-аар төсөв хэлэлцэх гэдэг асуудал байхгүй болно.

Энэ хуулийн төслийг боловсруулахад мэдээж амаргүй, гэхдээ боломжтой ажил юм. Зарим салбар төсвийн орлогын бүрдүүлэлтээр санхүүжих боломжгүй байж болно. Гэхдээ эхний ээлжинд өөр орлогоос нэмэгдэл санхүүжилт хийх, түр арга хэмжээ авч болох боловч хэтдээ энэ нь шийдэгдэх боломжтой зүйл юм. Мэдээж энэ бүхэнд турших, жигдрэх хугацаа шаардана.  

Харин орон нутагт дураараа загнах, төсвийн орлого зарлагад будлиан үүсгэх, нийтийн өмчийг идэж шамшигдуулах зэрэг санхүүгийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр Засгийн газраас аймгуудад, аймгаас сумдад хяналт, шалгалт хийнэ. Хяналт шалгалтыг яаж явуулах тухай, гарсан зөрчилд ямар арга хэмжээ авах талаар, хариуцлагын тогтолцоог нарийн заан, энд хуульчлах шаардлагатай. Энэ хууль гарснаар дараах ач холбогдолтой байх болно:

Орон нутгийн иргэд өөрсдөө орон нутгаа яаж хөгжүүлэхээ шийдэх боломж бий болно. Өөрөөр хэлбэл орон нутагт юу хэрэгтэй байгааг түүнийгээ яаж бий болгохоо мэддэг хүмүүс нь асуудлаа шийдэж байгаа тул орон нутгийн хөгжил бодитой болно

Орон нутгийн удирдлагууд төсвийн бүрдүүлэлтийг сайжруулах талаар, төсвийг хэмнэлттэй зарцуулах талаар жинхэнэ толгой нь ажиллаж, төсвийн бүрдүүлэлт одоогийхоос хэд дахин нэмэгдэх боломжтой болох юм. 

Орон нутгийн засаг захиргааны байгууллага нь үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөнөөр тэдний төсөв нэмэгдэхийг ухамсарлахын хэрээр тэнд үйлдвэрлэл хөгжихийг бодитойгоор дэмжинэ. Тэдэнд хүнд суртал гаргах, хувьдаа ашиг харж гох дэгээ тавих асуудал үгүй болох юм. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлэхэд орон нутагт уурхай байгуулахыг эсэргүүцэгчид их болсон. Учир нь уурхай байгаад тэдэнд ерөнхийдөө ашиг байдаггүй. Харин байгаль орчныг баллаж байна гэж үздэг. Энэ хууль хэрэгжээд ирэхээр бараг сум болгон уурхай ашиглахыг эрмэлзэнэ. Гэхдээ Монгол улс стратегийн ордоо тодруулна, түүнээс бусдыг ашиглахыг зөвшөөрнө. Гэхдээ хувь хүнд дангаар нь ашиглалтын леценз өгөхийг одооноос зогсоох шаардлагатай. Учир нь уул уурхайн баялаг бол бүх нийтийн өмч.

Төсвийн бүрдүүлэлт, хуваарилалтад зах зээлийн зарчмыг нэвтрүүлснээр Монгол улсын аль хэсэг хөгжих, хаана хүн амын төвлөрөл бий болох боломжтой, аль сум татан буугдах, хаана шинээр суурин үүсэж бий болох нь хүртэл зах зээлийнхээ жамаар шийдэгдэнэ.

Аль салбар их төсөв бүрдүүлж чадна тэр салбар хөгжих шаардлагатай гэсэн үг, тэр хэмжээгээр тэр салбар чадавхжин, томорч, Монголд аль салбар нь голлох салбар болох нь зах зээлийн жамаараа тодрон гарах болно.

УИХ дээр төсвийн хуулийг батална гэж олон өдрийн ажил болохгүй, түүнд хэн нэгний жалга довны үзэл шаардлагагүй, тойргийнхоо төлөө хийх элдэв лобби хэрэггүй. Тэд зөвхөн хуулиар дээд, доод хязгаартайгаар тавигдсан санхүүжилтийн хэмжээг тэр хязгаарын дотор нь шийднэ гэсэн үг юм. Энэ хязгаартай тоо нь хуульд тийм ч олон байхгүй байх бөгөөд цаашид цөөрсөөр байгаад үгүй болно.

Төсвийн бүрдэж байгаа хэмжээнээс хамааран төрийн албаны бүтэц бий болох ба энэ жишгээр Засгийн газрын, яам, агентлагийн бүтэц цомхон, чадварлаг байхаар шийдэгдэнэ. 

Манайд ийм хууль байдаггүйгээс төсөвт мөнгө орж ирээд байвал төсвөө тодотгоод л нэмээд байдаг. Төрийн аппарат томроод л, төрийн албан хаагчид бөөн бөөнөөр гадаад оронд туршлага судална гэж зугаалаад л ямар ч тооцоо, сахилга батгүйгээр төсөв санхүү явагдаж байгаа өнөөгийн энэ үзэгдэл үгүй болно.

Төсвийн мөнгийг нэг том тогоонд оруулаад, тэндээс том, том шанагаар хутган авч өөрсдийн ашиг сонирхлын дагуу зарцуулах боломжийг үгүй болгоно.

Засгийн газрын багагүй олон үүрэг орон нутагт таран шилжих тул Засгийн газар илүү цомхон болох боломжтой

Монгол орны нийт иргэдийн аж амьдрал, хөгжлийн төлөө зөвхөн УИХ-ын 76 гишүүн бодлого боловсруулж байсан бол энэ талаар орон даяар боддог байхаар хуульчлагдаж байна гэсэн үг юм

Хөгжлийн зүй тогтол нь алдагдан аймаг, сумд нэгэн жигд хөгжил муутай суурин болж хувирч байгаа өнөөгийн тогтолцоо үгүй болж, орон нутгийн байгалийн баялаг, газарзүйн онцлог, иргэдийн идэвх, удирдлагын чадвараас хамаарч хөгжил нь өөр өөр болно. Сайн нь товойн гарч, муу нь хоцрогдон, үүнээс үүдэн нутгийн иргэд нутгийнхаа хөгжлийг түргэтгэх талаар учир шалтгааныг хайх, удирдлагаа солих, туршлага судлах г.м нийгмийн эрүүл саруул үзэгдлүүд бий болно

Зургаадугаарт. Хариуцлагын тогтолцоог бий болгох

Ардчилсан нийгэм нь хүнийг эрх чөлөөтэй амьдрах нөхцөлийг бий болгож өгдөг. Гэхдээ хүн эрх чөлөөтэй амьдарна гэдэг нь хаана ч, хэзээ ч, юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш юм. Хүний эрх чөлөө нь бусдын ажиллаж, амьдрах эрхээр хязгаарлагддаг. Иймд хүмүүс нийгэмд яаж эрх чөлөөтэй амьдрахыг нь хуулиар зохицуулж өгөх шаардлага гардаг. 

Өнөөдөр хариуцлагын тогтолцооны тухай, Монголд хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа талаар их ярьдаг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоо гэж юуг хэлээд байна вэ.

Хариуцлагын тогтолцоо гэдэг нь нийт хүмүүсийн татварын мөнгөөр тэдэнд үйлчилгээ үзүүлж буй төрийн албанд ажиллагсдад хамаатай зүйл. Товчхоноор хэлбэл хэн нэг төрийн албан хаагч хууль зөрчөөд, иргэдэд, нийгэмд хохирол учруулсан байхад тэр этгээдэд түүнд нь тохирсон арга хэмжээ авдаг байхыг хуулиар зохицуулж өгсөн, тэр нь хэрэгждэг байхыг хэлнэ. Үүнийг иргэдийн хэв журам зөрчихтэй, нийгмийн хариуцлагын асуудалтай хольж хутгаж болохгүй.

Төрийн үйлчилгээ иргэдийн тусын тулд явагдаж, төрийн албан тушаалтан үүргээ нэр төртэй биелүүлж, иргэдэд хохирол, хүндрэл үзүүлэхгүйгээр хариуцлагатай ажилладаг байлгахын тулд энэ бүх нөхцөл, механизмыг хуулиудад бүрэн суулгаж өгөөд, түүнийгээ мөрддөг байх явдал юм. 

Хариуцлагын тогтолцоог бий болгох гол асуудал нь Төрийн албаны хариуцлагын тухай хууль бий болгоход оршино. “Хуульд хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэдэг хэллэг байдаг. Энэ нь хүний хийж болох болон болохгүй үйлдлүүдийг хуульд заавал зааж өгдөг ба хуульд тусгагдаагүй аливаа үйлдлийг бол хэн нэгэн үйлдэж болно гэсэн логик юм. Эдгээр заалтыг хуульд хир зэрэг ойлгомжтой, бүрэн тусгаж өгснөөр тухайн хуулийн чанар нь тодорхойлогдоно. 

Гэхдээ иргэдийн хийж болох, болохгүй үйлдлийг зөвхөн хуульд зааж өгснөөр бүх зүйл сайн сайхан болчихдоггүй байна. Учир нь уг хуульд түүний хэрэгжих механизмыг бий болгох шаардлагатай байдаг ба энэ нь хуулийг заавал биелүүлүүлэхийн тулд түүнийг зөрчсөн этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг тохирсон хэмжээгээр нь тусгаж өгснөөр хэрэгждэг. 

Угаасаа хууль хэрэгжихгүй байгаа талаар дээр дооргүй их ярьдаг ба үүний шалтгаан нь муу сурталчилснаас болж байгаа мэтээр хууль гаргагчид маань ярьж байна. Үнэн чанартаа хууль маань хэрэгжих нөхцөлгүй, чанар муутай, амьдралаас тасархай гардгаас гадна түүнийг зөрчвөл уг этгээд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй гардаг. Уг хуулийг зөрчөөд хариуцлагыг нь хүлээгээд явахад хууль зөрчигч этгээд хохирохгүй заримдаа бүр ашигтай байхаар хийгдсэнээс болдог байна. 

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ нь хуулийг зөрчсөн нөхцөлд авагддаг ерөнхий арга хэмжээ байхаас гадна тухайн заалтыг зөрчсөнөөр улс, нийгэмд үзүүлэх хор, нөлөө, түүнийг зөрчих хувь хүний сонирхол, зөрчин үйлдсэнээр тухайн этгээд хувьдаа шударга бусаар олж болох ашгийн хэмжээ зэргээс хамаарч янз бүр байдаг.

Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуулиудад түүнийг зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар хангалтгүй зааж өгсөн ба төрийн өндөр албан тушаалтан хариуцлагагүй ажилласан нөхцөлд авах арга хэмжээг хуульд огт зааж өгөөгүй жишээ олон байдаг. 

Үүнээс үүдэн эмх замбараагүй байдал үүсэх, төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй хандах, иргэдийг хохироох, хээл хахууль өргөжин хөгжихөөс гадна аливаа маргаантай асуудалд зохицуулалт дутагдан, дэмий маргалдан цаг заваа үрэх асуудал дамаангүй УИХ-д гарах болжээ. Энэ бүхэн нь хуульд түүнийг зөрчсөн нөхцөлд ногдуулах хариуцлагыг тусгаж өгөөгүйгээс болсон. 

Ийм маягаар олон замбараагүй байдал үүсч байна. Жишээ хэлэхэд УИХ-ын гишүүд хуралдаа хоцорч ирэх буюу түүнийг тасалсан нөхцөлд авах арга хэмжээний талаар хуулийн заалт байдаггүй тул тэд хуралд чөлөөтэй хэлбэрээр оролцоно. Үүнээс үүдэн УИХ-ын болон Байнгын хорооны дарга нарт ирц бүрдүүлэх гэж бөөн хүндрэл бий болсон. 

УИХ-ын гишүүд амласан амлалтаа биелүүлээгүй болон биелүүлэх боломжгүй нь тодорхой болсон нөхцөлд тэдгээрийг буцаан татах талаар ямар нэг хариуцлагын арга хэмжээ байдаггүй тул тэд сонгуулийн хугацаанд юу ч хамаагүй амлаж чаддаг гэх мэт олон жишээ дурдаж болно.

Энэ нь зөвхөн дээд шатандаа ч байгаа юм биш төрийн албаны бүх шатанд байна. Гэхдээ голдуу дарга нарт, эрх мэдэлтэй хүмүүст голлон хамаарагддаг.

Аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар хууль зөрчин гар аргаар алт олборлогчдод газар олгох юм уу мөнгөн усны тээрэм ашиглах зөвшөөрөл олгочихсон байхад  тэдэнд ямар ч арга хэмжээ авдаггүй. Учир нь тэр талаар хуулийн тодорхой заалт байдаггүй.

Мөн төрийн жинхэнэ албан тушаал болон үйлчилгээний албан тушаалтанд хариуцлагын зарим заалтууд байдаг боловч тэдгээр заалтыг зөрчсөн этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авах субьектыг тодорхой заагаагүй ба хариуцлага алдсан этгээдэд арга хэмжээ авах ёстой албан тушаалтан нь хуульд заасан арга хэмжээг нь аваагүй бол ямар арга хэмжээ авахыг бас зааж өгөөгүй байдаг.

Аль нэг төрийн байгууллагад санхүүгйн шалгалт ороход бараг шалгалт бүрээр төсвийн мөнгө идсэн зөрчил гардаг ба түүнд нь төлүүлэх акт тавиад л орхино. Дарга ажлаа хуучнаараа хийсээр гарсан төлбөрийг дарахын тулд мөнгийг улам нарийн аргаар, хуучин баригдсан алдаагаа давтахгүйгээр идэж актаар тавигдсан төлбөрөө барагдуулна. Уг нь тэр дарга хамгийн түрүүнд ажлаасаа халагдах ёстой баймаар, гэтэл улсын байцаагчид ийм арга хэмжээ авах эрх, хуулийн заалт байдаггүй. 

Хуулиар түүнийг томилсон этгээд нь арга хэмжээ авах ёстой байдаг боловч томилгоо нь ихэнхдээ танил талаар хийсэн байдаг тул ер нь л арга хэмжээ авдаггүй. 

Хүн хийсэн буруу үйлдлийхээ хойноос ямар нэг хариуцлага хүлээх систем байхгүй бол хэн ч, яаж ч дураараа аашилж болох ба ямар нэг боловсролгүй хүн ч сайд болно гээд зоригтой гүйж болохоор байна. Учир нь тэр нь сайд, дарга болоод юу ч хийхгүй зөвхөн дээрээс ирсэн бичгийг доош нь цохоод, доороос ирсэн тайланг тээш нь илтгээд байхад түүнд хэн нэг нь ямар нэг арга хэмжээ авахгүй бас ажлаас нь халахгүй.

Алтжингийн худалдааны төв шатаж олон иргэд хохироход улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглуулаад байсан Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцлага хүлээсэн билүү, шинэ баригдсан орон сууц, тавигдсан замын чанар муу байна гэх түүнийг хүлээн авсан улсын комисс хариуцлага хүлээдэг билүү, олон арван сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн засвар хийлээ гэх, жил хүрэлгүйгээр дээврээс нь ус гоожоод, будаг шавар нь халцраад унахад хэн нэг хүн хариуцлага хүлээдэг билүү, жил бүрийн хавраас мод тарьж, зам засдаг боловч жилийн дараа урьд хийсэн ажил нь ул мөргүй болж, бүгдийг дахин хийгээд үргүй зардал гаргаад байхад хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй урьд нь чанаргүй хийсэн хүмүүс дахин тендер аваад өөр ажил хийгээд явж байгааг юу гэж үзэх гэх мэт олон асуудлыг ярьж болох байна. 

Сүүлийн үед тангараг өргөдөг албан тушаал олширч байгаа. Тангараг өргөнө гэдэг илүү өндөр хариуцлага үүрч байна гэсэн үг. Тэр хүн хариуцлага алдсан нөхцөлд авагдах арга хэмжээ нь үүнийгээ дагаад хатуу, хүндрүүлсэн нөхцөлтэй байх ёстой. Энэ талаар хуульд ямар ч заалт байдаггүй.  

Энэ бүхэн нь Монголд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулаад байгаа ба үүнийг хуулийн зохицуулалтаар бий болгодог бөгөөд хууль санаачлагч эрхмүүдийн үндсэн үүрэг нь юм. Манайд хариуцлагын тогтолцоо бий болохгүй байгаа шалтгаан нь энэ талаар төрийн түшээд маань мэдэхгүй байгаадаа ч биш, зөвхөн ийм тогтолцоо бий болгохыг хүсдэггүйд оршиж байна.  

Иймд төрийн албаны хариуцлагын тухай хуулийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. 

Өнөөдөр манайд зохицуулагдахгүй байгаа мөн төрийн албаны үйл ажиллагаанд оршоод байгаа дараах дутагдлуудыг арилгахад энэ хууль чиглэгдэх ёстой. Үүнд:

төсвийн мөнгийг буруу зориулалтаар зарцуулах, хувьдаа ашиглах, төсвийн болон улсын үйлдвэрийн газрын мөнгөөр хэтэрхий үнэтэй бараа үйлчилгээ худалдаж авах, төрийн өмчийг хувийн зорилгоор ашиглах, хэт үрэлгэн зарцуулах; 

нийгэмд, байгаль орчинд, иргэдэд илэрхий хор хохирол учруулах тушаал, шийдвэр гаргах, зөвхөн хувийн, бүлгийн ашиг сонирхлын төлөө бусдын эрх ашгийг хөндсөн хууль, шийдвэр гаргах;

аюул, осол, гамшгийн үед мэргэжлийн хувьд зайлшгүй авах арга хэмжээг авахгүй байх буюу хугацаа хожимдуулж авах;

төлөвлөсөн, амласан, гэрээгээр хүлээсэн үүрэг болон дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, гэрээнд заасан ажлын төлөвлөгөөний явц нь хангалтгүй байх;

тангараг өргөдөг албан тушаалтнууд өргөсөн тангаргаа зөрчих;

төрийн албанд, цаашилбал удирдах албан тушаалд мэргэжлийн бус, тухайн салбарт ажилласан туршлагагүй хүнийг танил талаараа эсвэл авилга аван томилох;

иргэд, нийгэм, байгаль орчинд хохиролтой үйлдэл, эс үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өргөдөл, албан бичгээр асуудал тавиад байхад арга хэмжээ авахгүй байх;

иргэд, хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулаагүй мэдээллийг өгөхгүй байх, нуун дарагдуулах, бултаж зугтах, Вэб хуудас, мэдээллийн самбар болон мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ёстой мэдээллийг мэдээлэхгүй байх;

төрийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шалтгаангүйгээр шийдэхгүй удаах, төрийн үйлчилгээнд урт дараалал, хүлээгдэл бий болгох, төрийн аливаа үйлчилгээний шийдэгдэх үр дүн, хугацаа нь үйлчилж буй төрийн албан хаагчийн зан авир, үзэмжээс хамаарах байдлаар ажлыг зохион байгуулсан байх, асуудлаа шийдүүлж буй хүнийг нэг байгууллагын олон албан тушаалтныг дамжин явуулдаггүй, нэг цэгийн үйлчилгээгээр асуудлыг шийддэг байх; 

тавих ёстой хяналтаа бүрэн тавиагүй, дутуу шалгасан, авах ёстой арга хэмжээг аваагүй болон зөөлрүүлж авснаас иргэд, нийгэмд, байгаль орчинд хохирол үүсгэх;

ажлын үр дүнг хүлээж авах улсын комиссын хүлээн авсан ажлын гүйцэтгэл, Аудитын байгууллагын хянасан санхүүгийн тайлан, хөндлөнгийн хяналтын шалгалт орсны дараа, түүнээс хамаарсан ямар нэг зөрчил, дутагдал илрэх буюу аваар осол гарах;

боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын ажилтан, албан тушаалтнаас албан үүргээ чанаргүй, ёс зүйгүй, технологийн дагуу бус гүйцэтгэснээс иргэд, аж ахуйн нэгжид хохирол учруулах; Тухайлбал хүнийг буруу эмчлээд эсвэл амийг нь аврахын тулд авах ёстой арга хэмжээг дутуу авсан эмч нарт, хүнийг хилсээр хорьсон эсвэл хүчээр хэрэг хүлээлгэхийн тулд хорьдог цагдаа нарт, оюутныг дарамталдаг багш нарт г.м.

төрийн албан хаагчийг үндэслэлгүй халах, хавчин гадуурхах;

өөрийн үйл ажиллагаандаа болон удирдаж байгаа байгууллагадаа авилга авах, өгөх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, авилга үүсэж болох байдлаар иргэдэд үйлчлэх, асуудлыг шийдэхгүй удаах боломжийг бий болгосон зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байх;

хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авах эрх бүхий удирдах албан тушаалтан нь түүнд арга хэмжээ аваагүй байх;

улс төрийн зорилгоор хүнийг гүжирдэн гүтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацах, иргэд, байгаль, нийгэмд хохирол учруулсан болон учруулж болох аливаа  үйлдэл, эс үйлдлийг мэдсээр байж түүнийг холбогдох газарт нь мэдээлэхгүй байх, уг мэдээллийг хүнийг шантаажлах зорилгоор ашиглах г.м.

Хуульд дээрх хариуцлагыг хүлээлгэх ёстой этгээдэд хариуцлагыг хэн хүлээлгэхийг тодорхой заах ба энэ үүргээ биелүүлээгүй субьектыг ажлаас халах, огцруулах, нэрийг нь татах арга хэмжээ авахаар хуульд бас оруулж өгөх шаардлагатай.

Төрийн албаны хариуцлагын тухай хуульд дараах бодлогын асуудлыг тусгасан байх шаардлагатай:

1. Төрийн бүх албан тушаалтан Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнээс эхлээд мэргэжилтэн, туслах ажилчид бүгд үүргээ биелүүлээгүй, хугацаандаа гүйцэтгээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан, авилга авсан, хүнд суртал гаргасан, иргэдийн санал гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүй, дээд байгууллага, удирдах ажилтан болон нийтэд буруу мэдээлэл өгсөн, мэдээллийг үндэслэлгүйгээр нуун дарагдуулсан, ах дүү, танил талдаа давуу эрх олгосон гэх мэт хуульд заасан бусад зөрчил гаргасан бол заавал түүнд нь тохирсон арга хэмжээ авч байхаар заасан байх. Авах арга хэмжээ нь эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол огцруулах, эргүүлэн татах, ажлаас халдаг байхаар хуульчлах. Аль нэг албан тушаалтанд халдашгүй дархан эрх гэж байх ёсгүй. Хариуцлагын хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой.

2. Тангараг өргөдөг албан тушаалтан нь тусгай хувцас, форм өмсөж болох ба тэд дээрх зөрчлийг гаргасан бол авагдах арга хэмжээ нь бусад төрийн албан хаагчдад ноогдох арга хэмжээнээс хүндрүүлсэн нөхцөлтэй байна. Энд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээс гадна хууль шүүх, хяналтын, татварын байгууллагууд болон бусад шаардлагатай байгууллагын ажилтнууд хамрагдана. Учир нь тэд эрх мэдэл ихтэй, түүнийг далимдуулж хүнийг хохироох, авилга авах магадлал өндөртэй байдаг тул үүнээс сэргийлж хариуцлагыг нь чанга байлгах шаардлагатай байдаг. 

3. Дээрх зөрчлийг гаргасан албан тушаалтанд тухайн зөрчилд нь тохирсон арга хэмжээ авах үүрэгтэй субьект арга хэмжээ авахгүй өнгөрсөн бол арга хэмжээ аваагүй удирдах албан тушаалтанд мөн хүндрүүлсэн нөхцөлөөр арга хэмжээ авдаг байна.

4. Иргэнд болон улсад санхүүгийн аливаа хохирол учруулсан этгээд уг хохирлыг хоригдон ял эдэлсэн эсэхээс үл хамааран барагдуулдаг байх системийг бий болгох. Хэрэв барагдуулах хөрөнгө үгүй нөхцөлд биеэр хөдөлмөрийн колонид ажиллаж хохирлыг барагдуулдаг байх тогтолцоог бий болгосон ч болох юм.

5. Энэ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг бүхий төрийн хянан шалгах албыг байгуулахаар хуульд зааж, тэдний ажиллах журмыг үүгээр зохицуулсан байх.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, хариуцлагыг өндөрсгөж, тэднийг шударга, хариуцлагатай болгох ажлын хүрээнд:

А. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг аль ч байгууллагад чөлөөтэй нэвтрэх эрхийг баталгаажуулж, аливаа хүн хэвлэл мэдээллийн ажилтнуудаас зугтахгүй байх, зугтсан нөхцөлд хариуцлага хүлээдэг зохицуулалтыг бий болгоно

Б. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан аливаа зөрчил, дутагдал, хүний эрхийг хаан боогдуулсан, шударга бус үйлдлийг заавал шалгаж, хэн буруутай этгээдэд арга хэмжээ авдаг  механизмыг бий болгох, ийм үүрэг бүхий албыг байгуулах. Ийм мэдээллийн мөрөөр ажилласны үр дүнд хэн нэг хүн заавал хариуцлага хүлээдэг байна. Нэг бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруушаагдан бичигдсэн хүн эсвэл буруу мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллага арга хэмжээ авагдана.

В. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс хүний нэр төрийг гутаасан болон худал мэдээлэл цацсан нөхцөлд тэдний үйл ажиллагааг хаах болон бусад санхүүгийн арга хэмжээ авдаг тогтолцоог бий болгоно.

Төрийн албаны хариуцлагын тухай хууль гарах нь дараахь ач холбогдолтой болно:

Төрийн албан тушаалтан хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэл хийснээр ажлаасаа халагдах хуультай болсон тул ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын хариуцлага алдсан этгээдэд хариуцлага тооцохгүй өнгөрдөг явдал үгүй болно

төсвийн мөнгийг буруу зориулалтаар зарцуулах, хувьдаа ашиглах, төсвийн мөнгөөр хэтэрхий үнэтэй бараа үйлчилгээ худалдаж авах, төрийн өмчийг хувийн зорилгоор ашиглах, хэт үрэлгэн зарцуулах явдал үгүй болохоос гадна Засгийн газрыг төсвөө хэтрүүлсний төлөө огцруулах асуудлыг удаан хэлэлцээд байх шаардлагагүй болно;

төлөвлөсөн, амласан, гэрээгээр хүлээсэн үүрэг болон дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелэх байдал сайжирна;

хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл авах боломж сайжирч, хэвлэлээр бичигдсэн аливаа шүүмжлэлтэй асуудлын үнэ цэнэ ихсэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл сайжирна. 

төрийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шалтгаангүйгээр шийдэхгүйгээр удаахгүй, төрийн үйлчилгээнд урт дараалал, хүлээгдэл бий болохгүй болж, төрийн үйлчилгээ авахад хялбар болно;

хяналтын байгууллагуудын хариуцлага дээшилнэ;

тендерийн хороо, аудитын байгууллага, аливаа ажлын үр дүнг хүлээж авах улсын комиссын ажлын хариуцлага сайжирч, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэгддэг зам, барилга, байгууламжийн чанар сайжирна;

боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын ажилтны хариуцлага дээшилнэ. Социализмын үед сэргийлэгчийг “аврагч”-аа гэж хардаг байсан маань сэргэх жишээтэй. 

албан тушаалтныг томилохдоо тэднийг аль намынх, хэний талын хүн бэ гэдэг үзүүлэлтээр бус тухайн ажлыг гүйцэтгэж чадах мэргэжил, боловсрол, туршлагыг харгалздаг болно. Удирдах албан тушаалтан өөрөө муу ажиллаж хариуцлага алдахгүйн тулд ядаж доороо мэргэжил, туршлагатай хүн авахыг эрмэлзэх болно. 

Төрийн албаны үйл ажиллагаанд цагийг хатуу баримтлах, түүнийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэдэг болно. Энэ нь цаашлаад монголчууд цагийг барьдаг хэвшилтэй болно

төрийн албан хаагч нь яаж хувцаслах, иргэдтэй яаж харьцах, албандаа яаж хандах зэргийг нь стандартанд оруулснаар төрийн албан хаагчийн ёс зүй, соёл сайжирна.

төрийн албан хаагч авилга авах нөхцөл боломж нь хумигдана.

ажилд орохдоо тангараг өргөдөг албан тушаалтнуудын тоо сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа бөгөөд энэ тангараг өргөх үйлдэл нь хэлбэрийн төдий үйлдэл биш, жинхэнэ хариуцлагын шалгуур болж хувирна.

Долоодугаарт. Төрийн хяналтыг бүрэн хэмжээнд бий болгох.

Америк тивд анх Европчууд очоод, хэрхэн эрх чөлөөтэй байсан. Гэвч нийгэмд байдаг муу хүмүүсийн дарамтаас болоод яаж төр үүссэн талаар дээр бичсэн билээ. 

Төрийн бүтэц томрохын хэрээр төрийн албанд сайн, муу олон хүн ажиллах болсон тул иргэдэд төрийн үйлчилгээг чанаргүй хүргэх, хүнд суртал үзүүлэх, төрийн мөнгийг зүй бусаар завших, иргэдээс авилга авах зэрэг ёс бус үзэгдлүүд гарах болсон. 

Үүнээс болж төр албадаа хариуцлагатай байлгахын тулд “Төрийн хяналт шалгалтын газар”-ыг бий болгосон түүхтэй. Энэ газар нь төрийн албан хаагчдад хяналт тавина, хариуцлага алдсан албан тушаалтанд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна, харин гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагад татна. 

Хот суурин үүсээд, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжөөд эхэлсэн чинь зарим үйлдвэрүүд зардал бага гаргах сонирхолдоо хөтлөгдөн хүний биед муугаар нөлөөлөх, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэтдээ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хортой орчинд болон аваар осол гарч болзошгүй аюултай нөхцөлд хүнийг ажиллуулах, хугацаа нь дууссан баталгаагүй бүтээгдэхүүн борлуулах зэрэг үзэгдлүүд гарах болсон. 

Учирч болох эдгээр аюултай нөхцөл байдлыг жирийн хэрэглэгч болон ажилчид тухайн үедээ мэдэх боломжгүй бөгөөд үүнийг мэргэжлийн хүний нүдээр эсвэл тусгай багажаар шинжилж байж тогтоох шаардлагатай байдаг. 

Иймд үүнийг илрүүлэн тогтоох, иргэдийг мэргэжлийн түвшинд учруулах хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мэргэжлийн хяналтын газар” бий болжээ. 

Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын газрын үүрэг нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээ, аюул осол гарч болох хөдөлмөрийн болон ахуйн нөхцөлөөс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Харин орчин үед байгаль нь хүний аюулгүй амьдрах гол орчин гэдэг утгаараа түүнтэй зүй бусаар харьцах, түүнд хохирол учруулсан бол нөхөн сэргээлгэх, хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил нь мэргэжлийн хяналтын чиг үүрэгт нэмэгдэн ордог болсон байна.

“Төрийн хяналт шалгалт”, “Мэргэжлийн хяналт” нь хоорондоо хянуулж байгаа субьект болон авдаг арга хэмжээгээрээ ялгаатай хоёр өөр хяналтын систем юм. Жишээ нь: Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд чиглэгддэг ба илэрсэн зөрчилд нь торгууль, шийтгэвэр ногдуулдаг бол төрийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтанд чиглэгдэж, хариуцлага алдсан албан тушаалтны цалин болон албан тушаалыг бууруулах, ажлаас халах арга хэмжээ авдаг байна. 

Гэхдээ аль ч хяналт шалгалтын үр дүнд эрүүгийн хэргийн шинжтэй зөрчил илэрвэл цагдаагийн газарт шилжүүлэх ба төрийн мөнгө завшсан, улсад хохирол учруулсан нөхцөлд хохирлыг барагдуулах, төлбөрийн акт давхар тавигддаг. 

Энэ бүгд хуульчлагдаад, хууль нь хэрэгжээд үр дүнд нь төр, нийгэм, иргэд хохирохгүй болох хүртэлх бүх үйл ажиллагааг нийтэд нь хяналтын тогтолцоо гэж нэрлэж болно.

Олон улсын жишгээр хяналтын тогтолцоо нь мөн адил дээр бичсэн бүтэц, хэлбэрээр хэрэгждэг. Харин Монголд өнөөдөр хяналтын тогтолцоо алдагдчихаад байгаа.

Манайд Төрийн хяналт шалгалтын алба гэж байдаггүй, Мэргэжлийн хяналтын газар гэж байна. Тэр нь мэргэжлийн хяналт, төрийн хяналтыг бүгдийг нь хамт хийхээр хуульчилсан. Хуульд ч Мэргэжлийн хяналтын үүргийг “хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гээд ерөнхий томъёолчихсон байдаг.

Хэдийгээр манайд мэргэжлийн хяналтын газар бүх төрлийн хяналтыг хамтруулан хэрэгжүүлдэг ч гарсан зөрчилд зөвхөн мэргэжлийн хяналтын зүгээс авдаг торгуулийн арга хэмжээг л ноогдуулдаг. Жишээ нь нэг шалгалтаар 10-н жилийн сургуулийн захирал 32 сая төгрөг идчихсэн тохиолдол гарч байсан. Түүнд торгуулийн арга хэмжээ авсан, учруулсан хохиролд нь акт тавьсан. Ажлаас нь бол халаагүй. Учир нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд ажлаас халах тухай заалт байдаггүй. 

Захирал ажлаа хуучнаараа үргэлжлүүлэн хийх хугацаандаа актаар тавигдсан төлбөрөө төлсөн. Харин түүнийг төлөхийн тулд захирал төрийн мөнгийг илүү боловсронгуй аргаар идэж, урьд идсэн мөнгөө төлсөн байх боломжтой.

Сүүлд төрийн аудитын газар байгуулагдсан. Энэ бол Төрийн хянан шалгах газрын зөвхөн төрийн мөнгийг идэж шамшигдуулахад хяналт тавьдаг нэг хэсэг нь юм. Тиймд Монголд төрийн хяналт шалгалтын газрыг байгуулах, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийг агуулгад нь нийцүүлж өөрчлөөд, “Мэргэжлийн хяналтын тухай хууль”-ийг шинээр бий болгох шаардлагатай.

Өнөөдөр Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалт дутмаг, удирдлагын чадамжгүй байдал, байцаагчдын мэдлэг чадвараас хамаарч, засаж залруулах шаардлагатай дараах зүйлс байдаг:

1. Улсын байцаагч хяналтаа тавиагүй буюу тэдгээрийн хяналтад байгаа объектод осол гарсан нөхцөлд тэдэнд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо манай хуульд байдаггүй. Өнөөдөр улсын байцаагч нар хяналтаа бүрэн хэрэгжүүлдэггүй, өөрөө өөрсдийгөө хянах тухай ухуулж явдаг болсон ба аливаа осол, зөрчилд тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй. 

Манайд ихэнх дэлгүүр, эмийн сан, захаар ороход тэнд гарал үүсэл нь тодорхойгүй, хүчинтэй байх хугацаа нь хэтэрсэн, хүний биед сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн, хуурамч архи худалдаалагдах нь хавтгайрах шинжтэй болсон гэж үзэж болно. Ийм зөрчил гэнэтийн компанит шалгалт бүрээр олноороо илэрч байгаа тухай Улсын байцаагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байхыг бишгүй үзсэн. Шалгалтын хүмүүс аргаа бараад телевизээр хуурамч эм, барааг үзүүлээд, иргэдэд өөрсдөө сайн шалгаж аваарай гэж сануулж байхыг бас харсан. Иргэд өөрсдөө шалгаад аваад байж чаддаг бол мэргэжлийн хяналтын байгууллага байгуулах хэрэг уг нь байхгүй л дээ.

Мөн лифт краны байдал Монголд аюулын ирмэг дээр байдаг. Нэг удаа Оросоос мэргэжлийн хүмүүс ирж зөвхөн Баянгол дүүргийн лифтнүүдийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхэд тэдгээрийн тал хувь нь техникийн хувьд осол гарахад бэлэн байгааг тодорхойлж өгсөн тул үйл ажиллагааг нь зогсоож байсан. Бусад 8 дүүргийн лифтэнд шалгалт хийгдээгүй тул бүх лифт нь ажилласаар байгаа. 

Цаашилбал уул уурхай эрхлэгчид байгалийг сүйтгэж байгаа, нөхөн сэргээлт муу хийж байгаа, цэвэрлэх байгууламжийн бохир ус өнөөдөр хүртэл Туул голыг бохирдуулсаар байгаа, нь бүгд л мэргэжлийн хяналтын газар хяналт тавиагүйтэй, тэд муу ажиллаж байгаатай холбоотой бөгөөд ийм зөрчлийг олныг ярьж болно. 

2. Өнөөдөр улсын байцаагчдын гол ажил нь гарсан зөрчил дээр арга хэмжээ авах ажил байдаг. Уг нь мэргэжлийн хяналтын газрын үндсэн зорилго нь мэргэжлийн шинжтэй аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд оршдог. 

Үүнтэй холбоотой нэг жишээ хэлэхэд: Манайд крантай холбоотой осол гарчээ. Тэгээд телевизийн сурвалжлагч улсын байцаагчтай уулзаад “та энэ осол гарахаас яаж урьдчилан сэргийлж байв, тухайн краныг шалгаж байсан уу?” гэж асуухад Улсын байцаагч: манайд 10 мянга гаруй өргөх төхөөрөмж байна, үүнд хяналт тавих улсын байцаагч гурав, дөрвөн хүн байдаг. Тиймд бид бүх краныг шалгаж хүрэлцдэггүй гэж хариулж байсан. Сурвалжлагчид “нээрээ тийм юм даа” гэхээс өөр хэлэх үг байгаагүй.

Гэтэл үнэн хэрэгтээ гадаад оронд мөн л олон тооны өргөх төхөөрөмж байна, улсын байцаагчийн тоо манайх шиг л жишигтэй байдаг. Гэхдээ тэд хяналтаа бүрэн тавьж чаддаг. Учир нь тэд “Техникийн хяналт” хийдэг олон байгууллагыг ажиллуулдаг. Өргөх төхөөрөмж эзэмшигчид нь төхөөрөмж бүрээ жилд нэгээс доошгүй удаа, төлбөрөө төлөөд, техникийн магадлалд оруулж, акт гаргуулж авсан байхыг гадаад улс орнуудын ч манай ч дүрэмд заасан байдаг. Техникийн хяналт хийх байгууллага нь хичнээн ч олон байж болно. Тэд үзлэгийг төлбөртэй хийх тул өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд явах боломжтой байдаг. 

Ингэснээр арван мянга гаруй өргөх төхөөрөмж бүгд байнгын хяналтанд байна гэсэн үг. Төрөөс ямар ч зардал гарахгүй. Харин улсын байцаагч нар техникийн хяналт хийдэг байгууллагуудаас мэдээгээ аваад, хяналтанд ороогүй байгууллагаа шалгаад, шахаад явахад хангалттай. Гэтэл манай байцаагч нар энэ ажлыг зохион байгуулдаггүй, дэмждэггүй, осол гарахаас урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй байна. Мөн осол гарснаар улсын байцаагчид ямар нэг арга хэмжээ авдаггүй тул тэд үүнд санаа зовдоггүй байна.

7. Гарсан зөрчилд авах арга хэмжээ нь сул, зөрчлийг арилгуулах талаар албадан гүйцэтгэх боломж нь муу байдаг. Жишээ нь Зөвшөөрөлгүй газарт байшин барьж байхад тэр бүр болиулж, барьсан хэсгийг нь нурааж чаддаггүй. Улсын байцаагчийн лацдаад явчихсан объектынх нь лацыг нь хөдөлгөөд үйл ажиллагаа явуулж байхад авах арга хэмжээ нь тодорхойгүй байдаг. Улсын байцаагч торгууль шийтгэвэрийн арга хэмжээ ногдуулсан байхад түүнийхээ төлбөрийг барагдуулах ажлыг өөрөө гүйцэтгэх үүрэгтэй байдаг тул тэд торгуулиа төлөх шинжгүй хүнд торгууль тавихаас зайлсхийдэг. Зөрчил гаргасан этгээдийн орлого эд хөрөнгийг нь хураах нөхцөлд түүнийг гүйцэтгэдэг тусгай хүчний бүтэц байдаггүй тул улсын байцаагчийн хүчин мөхөсддөг жишээтэй. 

Гэтэл Хятадад аль нэг дэлгүүр гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч бүтээгдэхүүн зарсан байхад тэр дэлгүүрийн бүх бараа, эд хогшлыг нь тусгай хүчний баг ирэн хураан авч, улсын орлого болгоод, зөрчил гаргасан этгээдэд дахин дэлгүүр ажиллуулахыг хориглосон арга хэмжээ авч, түүнийгээ бусдын ой тойнд нь ортол сурталчилдаг. Ийм нөхцөлд дахин тийм зөрчил гаргах зүрхтэй хүн байхгүй болж, хуурамч бүтээгдэхүүн зардаг дэлгүүр үгүй болж, бүх юм эмх цэгцэндээ орж чаддаг байна. Улсын байцаагчдын ачаалал ч энэ хэмжээгээрээ багасдаг.

Манайд болсон үүнтэй төстэй нэг жишээ хэлэхэд: Алтжингийн худалдааны зах шатаж олон иргэд хохирсон. Уг нь үүнийг мэргэжлийн хяналтын газраас шалгаад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг боловч үйл ажиллагааг нь зогсоож чадаагүй байсаар байгаад ийм үр дагаварт хүрсэн. 

Энэ ажлыг ганц хоёр улсын байцаагч хийхэд хэцүү. Харин мэргэжлийн хяналтын газрын дэргэд албадан гүйцэтгэх тусгай групп байх шаардлагатай байдаг. Манайд ийм зүйл байдаггүй.

4. Манайд олон салбарт хялбархан хяналт тавьж болох хяналтын систем, технологийг хэрэгжүүлж чаддаггүй, мэддэггүй. Нэг удаа Турк улсын Анкара хотын Мэргэжлийн хяналтын газрын дарга манайд айлчилсан. Анкара хот 3 сая гаруй хүнтэй. Тэнд 26 улсын байцаагч ажилладаг, Анкара хотыг хяналтандаа барьж чаддаг гэнэ. 

Гэтэл тэр үед манай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 200 гаруй байцаагч ажилладаг байсан. Шалгаад л байвал бөөн зөрчил илрээд л байна. Яагаад манайх ийм олуулаа байж зөрчил арилахгүй байхад Анкара хот болоод байдаг байна аа гэсэн асуулт гарна.

Манайд “шалгалт хийнэ” гэдэг асуудал яригдах болохоос биш “хяналт тавих” тухай ойлгоц бараг байдаггүй. Хяналт тавина гэдэг нь бүх байгууллагыг хяналтандаа байлгах системийг ажиллуулна гэсэн үг юм. 

Үүнийг ойлгомжтой болгох зорилгоор нэг жишээ хэлэхэд: Дээр үед нэг удаа жин хэмжүүрийн улсын байцаагч Дэнжийн мянгын зах дээр ажиллаад, хуурамч жин хэрэглэж байсан худалдаачдыг илрүүлээд, уут хиртэй жингийн хуурамч туухай /ёроолыг нь өрөмдөөд өөр хөнгөн зүйл чихчихсэн туухай/ хураагаад ирсэн. Тэр хүн энэ ажилд бүтэн өдөр зарцуулсан. Ийм маягаар бүх зах, дэлгүүрээр явах юм бол нэг байцаагч энэ ажлыг хийхэд маш их хугацаа зарцуулна.

Уг нь энэ байцаагч зах дээр очоод нэг хуурамч туухай илэрвэл захын удирдлагыг дуудаад, бүх зөрчлийг арилгасны дараа үйл ажиллагаа явуулах үүрэг өгөөд, захын ажиллагааг зогсоогоод, дахин ийм зөрчил илэрвэл захыг бүр мөсөн хаах тухай анхааруулга өгөх ёстой байсан. Түүгээр зогсохгүй байцаагч газар дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар зөрчил гарсан, яагаад гарсан, ямар арга хэмжээ авч байгаагаа, бусад захаас ийм зөрчил илэрвэл үүнээс хатуу арга хэмжээ авах талаар сайн сурталчилж өгөх байсан. Үүнийг үзсэн бусад зах дотоод хяналтаа сайжруулаад захаа хаалгачихаас өмнө зөрчлөө арилгацгаана. 

Ийм маягаар улсын байцаагч бүх захын хуурамч жин хэрэглэдэг зөрчлийг нэг удаагийн шалгалтаар шийдчихэж байна гэсэн үг юм. Гэтэл манайд ингэж ажиллаж чадах улсын байцаагч ч алга, ингэж ажиллахаар оролдлого хийдэг юм аа гэхэд тэдний хүч мөхөсдөнө

Дэлгүүрүүдэд ийм ийм хуурамч бүтээгдэхүүн зарж байна гэж телевизээр ярихын оронд тэр дэлгүүрийг хаагаад, авсан арга хэмжээнийхээ талаар сайн сурталчлах хэрэгтэй. Нэг удаа телевизээр хуурамч зөгийн бал зарж байгаа тухай ярьсан байцаагчаас, яг ямар зөгийн бал нь хуурамч байгааг сурвалчлагч асуухад “энэ бол байгууллагын нууц” гэж тэнэгтсэн  тохиолдол байдаг. 

Ийм мэргэжлийн хяналт гэж байж болох уу, бид өөрсдийгөө аюулаас урьдчилан сэргийлэгдэж байна гэж үзэж болох уу.

Хяналтын тогтолцоо гэдэг нь тухайн байцаагчийн хяналт дор байх бүх байгууллага, хувь хүн бүрэн хянагдаж байх, хаана алдаа зөрчил байгааг мэдэж байх хяналт, бүртгэл, гэрээ, зөвшөөрөл дээр үндэслэгдсэн технологийг хэлнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт бас шаардлагатай байдаг.

5. Хяналт шалгалтын ажилд дээрээс утасдаж саад болдог. Төрийн систем хямралтай байгаа, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс намаараа, ураг саднаараа, танил талаараа холбогдчихсон, сүлбэлдчихсэн байгаа тухай дээр бичсэн. Тэгвэл бизнесийн салбар тэдний салаа мөчрүүдээр дүүрсэн байдаг. Аль нэг байгууллага дээр зөрчил илрүүлээд арга хэмжээ авах болоход түүний ард байх ямар нэг дарга утасдаад асуудлыг намжаахыг шаардана.

Тиймд шалгагч этгээдүүд мөрөөрөө дуугуй явж байвал тэдэнд өлзийтэй байна, тэд гарсан зөрчил дээр ажиллана, ганц нэг хамгаалалтгүй нөхдийг чимхэнэ. Гарсан зөрчил дээр ажиллах нь улсын байцаагч нарт ашигтай. Учир нь зөрчил гаргачихсан, балмагдаж байгаа хүмүүсээс юм салгах боломж үүснэ.

Тийм ч учраас улсын байцаагчийн албадан гүйцэтгэх чадварыг сул байлгадаг, бас хяналтын тогтолцоог бий болгохыг хичээдэггүй байна.

Наймдугаарт. Төрийг, төрийн албан хаагчийг ёс зүйтэй болгох.

Төрийн албаны ёс зүйн зорилго нь төрийн албан хаагчид шударга, сахилга баттай, асуудалд ул суурьтай, үндэслэлтэй ханддаг, хэлсэндээ хүрдэг, худал ярьдаггүй, соёлтой байж, ёс зүйг дээрээсээ үлгэрлэн, доошоо захиран хэвшүүлдэгт оршино. Үүний тулд:

a. Төрийн албан тушаалтан мэргэжлийн, мэдлэг, туршлага, ёс суртахуунтай байж асуудлыг ард иргэдийн, улсын эрх ашгийн тулд зөв шийдвэрлэдэг байна

b. Бүх нийтээрээ цагийг баримталдаг, аливаа юманд хариуцлагатай ханддаг байна.   

c. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ард иргэдэд чирэгдэл учруулдаггүй, хүнд суртал гаргадаггүй байна. 

d. Төрийн удирдах албан тушаалтан тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаггүй, худал амладаггүй байна.

e. Төрийн албаны хүмүүсийн хоорондын болон иргэдтэй харилцах харилцаа нь зөвхөн албаны хэллэгээр, уурлахгүй, хэрүүл хийхгүйгээр, боловсон, соёлтой явагддаг байх. 

f. Төрийн алба ил тод нээлттэй байна

g. Хуулийг дээдлэн дагадаг байх явдал юм.

Энд бичсэн зүйлсийг тус бүрд нь дэлгэрүүлэн авч үзье.

a. Төрийн албан тушаалтан мэргэжлийн, мэдлэг, туршлагатай байх талаар.

Аливаа ажлыг хийлгэхэд эхлээд энэ хүн “чадах уу?”, “ийм мэргэжлийг эзэмшсэн хүн үү?” гэсэн асуулт тавигдана. Тухайн ажлаа шаардагдах түвшинд нь эсвэл чанартай хийлгэхийн тулд “энэ хүн хэр туршлагатай вэ?, энэ чиглэлийн ажлыг хэр удаан хийж байсан бэ?” гэсэн асуулт тавигдана. 

Энэ бол хүнийг аливаа ажилд тавих үндсэн шалгуур. Дээр нь ажлын онцлогоос хамаарч нэмэгдэл шалгуур байна. Жишээ нь үйлчилгээний ажилтан бол уураа барьж чаддаг, харилцааны соёлтой байх, краны оператор бол өндөрт ажиллах чадвартай, эрүүл байна г.м,

Чадахгүй хүнээр аливаа ажлыг хийлгэх боломжгүй. Зураг зурж чаддаггүй хүнээр зураг зуруулж болохгүй, машин мэддэггүй хүнээр машин засуулж болохгүй, санхүүгийн мэдлэг, туршлагагүй хүнээр байгууллага санхүүгийн тайлангаа хийлгэх, улс эдийн засаг, санхүүгийн асуудлаа шийдүүлж, бодлогыг бариулж болохгүй г.м.

Гэтэл манайд төрийн албаны боловсон хүчний асуудлыг шийдэхдээ дээрх шалгуурыг хэрэглэхгүй, намд хэр хандив өгсөн, сонгуульд хэр тусалсан, хэний хамаатан садан, найз нөхөд болох, хэр авилга өгснөөр шийдээд байгаа тухай дээр бичсэн байгаа.

Иймд төрийн албанд ажиллагсад мэдлэг чадвартай байхын тулд төрийн албаны томилгоонд дараах зарчмыг баримтална:

1. Төрийн албан хаагч нь мэргэжлийн, туршлагатай хүн байна. Төрийн алба гэдэг бол нэг байгууллага, компанийн асуудал яригддаггүй бүх нийтийг хамарсан салбарын цаашилбал улсыг хамарсан хэмжээний, өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэдэг. Тиймд тэнд ажиллах хүн нь тухайн ажиллах орон тоондоо тохирсон мэргэжилтэй, мэргэжлээ сайн эзэмшсэн байхаас гадна салбарын бүх хүрээг хамарсан өргөн мэдлэг, туршлагатай байх шаардлагатай. 

Иймд төрийн албанд ажиллах хамгийн доод түвшний мэргэжилтний анхан шатны шалгуурт дээд сургууль төгссөн голч дүн, салбартаа ажилласан жилийн доод хязгаарыг хуульчлан тогтоож өгсөн байна. Цаашид тухайн байгууллагын дарга сайд нарыг дотроос нь томилж байх тул голч дүн өндөр байхад анхаарах хэрэгтэй. Төрийн албанд авах хүнээ нээлттэй зарлаад тэндээс уг хүнийг ажиллуулах тухайн газар нь ил тодоор шалгаруулж авна. Тэгэхээс биш “Төрийн албаны зөвлөл” гэдэг тусгай байгууллага энэ ажлыг хийх боломжгүй юм.

2. Газар, хэлтэс, албаны дарга нар тухайн байгууллагадаа ажилласан туршлагатай байна. Газар, хэлтэс, албаны дарга нарыг тухайн байгууллага дотроос нь дэвшүүлэн томилж байна. Гэхдээ тухайн байгууллагад ажилласан хугацааг нь хуульчилж өгнө. Тиймд эдгээр хүмүүс нь мэргэжлийн, мэдлэгтэй, салбарын болон тухай байгууллагад ажилласан туршлагатай хүн болж байна. Гэхдээ албаны дарга, хэлтсийн дарга, газрын дарга гэсэн шат дамжлагаар явахаар хийж болохгүй. Эд нарын сонголт олон байх шаардлагатай, газрын даргыг заавал хэлтсийн дарга хийнэ гэсэн үг биш, чадварлаг мэргэжилтэн ч тухайн салбартаа ажилласан, хангалттай туршлагатай бол газрын даргын ажилд томилогдох боломжтой гэсэн үг.

3. Дарга нарыг хөтөлбөрөөр нь шалгаруулж томилно. Агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар болон Ерөнхий сайд, салбарын сайдыг хөтөлбөрөөр нь ил тодоор шалгаруулж томилно. Гэхдээ энд мэргэжил, тухайн салбарт ажилласан жилийг зааж өгсөн байна. Тухайн албан тушаалтанд өрсөлдөж байгаа хүмүүст хүрэх үр дүнг нь тодорхойлсон техникийн даалгавар өгөгдөнө, байгууллагын өнөөгийн байдлын талаарх мэдээллээр бүрэн хангана. Шалгаруулсны дараа дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ил тод болгоно. Энэ нь шалгаруулсан комиссын ажлын чанарыг салбарын мэргэжилтнүүд болон нийт иргэдээр шүүлгэж байна гэсэн үг.

4. Бүх томилгоог яг дээд шатны, шууд удирдах албан тушаалтан гүйцэтгэнэ. Ерөнхий сайдыг УИХ, Сайдыг Ерөнхий сайд шалгаруулж томилно. Дунд, доод шатны дарга нарыг дээд шатных нь даргын саналыг үндэслэн салбарын Сайд эсвэл байгууллагын дарга томилно. Ажилд авч байгаа хүнийг шууд удирдлагаар хангах, тэр хүнийг ажиллуулах, ажлын алдаа гаргасан нөхцөлд хариуцлагыг нь үүрэлцэх хүн ажилд авдаг байх шаардлагатай. Үүнийг уг нь бүх хүн л мэддэг байсан. Гэтэл одоо чиний удирдлага дор ажиллах хүн шүү гээд гэнэт нэг жаахан охин эсвэл залуу ороод ирдэг үзэгдэл нийтлэг болсон. Энэ юун хүн бэ, яасан, ийсэн гээд ирэхээр тун удахгүй “тэр даргын тэр” гэдэг нь тодроод ирдэг тул дахин сануулж бичсэн юм.

5. Хариуцлагын арга хэмжээ өндөр байна. Хөтөлбөрөөр нь шалгаруулж томилсон дарга нартай гэрээ байгуулах ба тэнд хүрэх үр дүнгийн үе шатны үзүүлэлт, хугацааг зааж өгөөд, энэ үр дүн тасалдсан нөхцөлд авах арга хэмжээг нарийвчлан заасан байна. Энэ арга хэмжээ нь өндөр хэмжээнд байхаар хуульчилж өгнө. Энэ нь хэн дуртай нь өндөр мэдлэгтэй хүнээр сайхан төсөл бичүүлж авч, шалгарчхаад, дараа нь байгууллагыг нураачхаад яваад өгөх нөхцөлийг хаах хэмжээнд байна.

b. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ард иргэдэд чирэгдэл учруулдаггүй, хүнд суртал гаргадаггүй байлгах. 

Ард, иргэдэд чирэгдэл учруулж хүнд суртал гаргах нь дараах шалтгаантай байна:

1. Төрийн албан хаагч мэргэжлийн бус, мэдлэг чадвар муу, ажлаа мэдэхгүйгээс асуудлыг шийдэж чадахгүй удаадаг, өөр хүн рүү явуулдаг, элдэв хэрэггүй нэмэгдэл материал шаардаж материалыг буцааж, хугацаа хождог байна.

2. Авилга авах зорилгоор, санаатайгаар асуудлыг нь шийдэхгүй удааснаар асуудлаа шийдүүлэхээр очсон хүн цөхрөөд ирэхээр, асуудал шийдэж байгаа хүнийг аргалах, танил талыг нь олох эдгээр нь эцэстээ авилга өгөх асуудал руу ордог. 

3. Хүний төлөө гэсэн сэтгэлгүй, хувиа бодсон үзэлтэй, төрийн албаны ёс суртахуунгүй хүмүүс шалтгаангүйгээр хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл учруулдаг байна. Тэд олдсон жижиг эрх дархаа их юманд бодож, хүнээр гуйлгаж байгаадаа таашаал авч, толгой дээгүүр, цээж гэдгэр явах сонирхолтой гэх юм уу характертай хүмүүс бас байдаг. Энэ шинж чанар нь төрийн албан хаагчид байж болохгүй, шалгуур үзүүлэлтэд нь орох ёстой чанар юм.

Юуны өмнө төрийн албанд хүний төлөө гэсэн сэтгэлгүй, хувиа хичээсэн хүн байж таарахгүй. Энэ бол хувь хүн өөрийнх нь болон хувийн компанийн асуудал биш нийгмийн, нийт хүмүүсийн асуудал юм. 

Хоёр дах асуудал бол эх оронч сэтгэлгээтэй байна. Хийж байгаа ажил, шийдвэрлэж байгаа асуудал нь алсдаа эх орны хөгжлийн тусын тулд гэсэн чиглэлтэй байгааг ухаарч түүнд өөрийн тус дэмээ оруулж байгааг ухамсарлаж явна. 

Дараагийн дугаарт төрийн албан хаагч хувийн эрх ашгийг нийтийн эрх ашгийн дараа тавьж чаддаг, тийм хэмжээний шуналгүй байна. Иргэдэд үйлчилснийхээ төлөө ашиг хонжоо хайгаад байдаггүй, нийтийн өмчөөс хувьдаа завших хүсэл, бодол, сэтгэлгээгүй байна гэсэн үг. Үүнийг шинээр ажилд орж байгаа хүнээс тусгай тестээр асуулга тавьж шинжиж мэддэг.

Төрийн албан хаагчийн нэг том шинж чанар нь авилгад өртөхгүй байх асуудал юм.

Авилгатай тэмцэх газрын үндсэн үүрэг нь иргэдийг авилгад идэгдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Үүний тулд авилга бий болох, хөгжих хөрс суурийг нь үгүй болгоход орших бөгөөд авилгал авсан этгээдэд арга хэмжээ авах нь өнөөгийн бий болсон үр дагаврыг арилгах хоёр дахь асуудал юм. 

Авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн авилгалын талаарх боловсролыг дээшлүүлэх нь чухал болох талаар зарим хүмүүс ярьдаг. Энэ бол авилгалтай тэмцэх газрын тэргүүн зэргийн зорилт биш юм. Ер нь хүмүүсийг өнөөгийн хийгээд байгаа шиг ухуулж сэнхрүүлээд авилга өгч, авахыг нь болиулчих гэдэг юу л бол. Манайд авилгалын талаарх иргэдийн мэдлэг боловсрол өндөр түвшинд байгаа учраас л авилгал цэцэглэн хөгжөөд байна гэж ойлгож бас болох юм.

Харин авилгалаас урьдчилан сэргийлэхийн тулд Монголд авилгал өгөх, авах нөхцөл шалтгаан нь юунд байгааг бүрэн тодорхойлоод, эдгээр нөхцөлийг үгүй болгох арга хэмжээг авах явдал юм. 

Энэ арга хэмжээний хүрээнд дээрх нөхцөл шалтгааныг гаргуулахгүй байх, гарсан нөхцөлд хариуцлагын арга хэмжээ авах талаар хуулийн заалтуудыг холбогдох хуулиудад оруулж өгөх хэрэгтэй. Энд төрийн албаны ажил, үйлчилгээг хүнд сурталгүй, төрийн албанд ажиллаж байгаа хувь хүний сонирхол, характераас үл хамаарах байдлаар зохион байгуулах, төр засгийн нийт үйл ажиллагаа нээлттэй, ил тод, тунгалаг хэлбэрээр явагдах нөхцөлийг бий болгох асуудал хамаарна.  

Үүний тулд эхний ээлжинд бид авилга өгөх, авах нөхцөл шалтгааныг бүрэн гаргах шаардлагатай байна. Манайд авилга өгөх, авах нөхцөлийг бүрдүүлдэг, сэдлийг бий болгодог олон хүчин зүйлс байдаг Үүнд:

Төрийн албан тушаалтан нь иргэдээс ирүүлсэн аливаа хүсэлт, өргөдлийг шийдэж өгөхгүй уддаг байдал.

Төрийн албан хаагчид иргэдийг өөрөөсөө түлхэн, шаардлагагүй олон газраар явуулж чирэгдүүлдэг.

Төрийн албан хаагчид иргэдээр элдэв илүү бичиг баримт бүрдүүлүүлдэг, заримдаа тухайн үед биелэгдэх боломжгүй шаардлага тавьдаг.

Төрийн албан хаагч дарамтлах шинжтэй, санаатай хориг саад тавих нөхцөлд түүнийг шударгаар шийдээд өгдөг механизм тухайн байгууллагад байдаггүй. Дээд шатны даргад нь хэлэхээр тэр нь нэг намын эсвэл танил талын хүн нь байдаг тул ажилтнаа л өмөөрдөг

Манайд гаднын стандартыг хуулбарлан хэрэглэх нь их байдаг бөгөөд тэнд өнөөдөр Монголд биелэх боломжгүй заалт багагүй байдаг. Гэтэл улсын байцаагч нар тэдгээр заалтыг өөрчлөхгүй байлгаж, түүнийгээ шаардлагатай үедээ иргэдийг дарамтлахад хэрэглэдэг. 

Жишээ нь нэг улсын байцаагч жижигхэн дэн буудлыг шалгасан байна. Тэнд дэлгүүрээс шүдний оо аваад тавьчихсан байж. Гэтэл тэр ооны шинжилгээний бичгийг нэхсэн байна. Шалгуулагч этгээд үүнийг дэлгүүрээс авсан, би ч чи ч гэртээ үүнийг хэрэглэдэг биздээ гэсэн чинь заавал шинжилгээний бичигтэй байх стандарттай байдаг гээд, байхгүй бол торгох асуудал яригдсан. Тэгээд тэр хүнийг хоолонд оруулж байж салсан гэдэг. 

Уг нь том буудлууд дэлгүүрээр зарагддаггүй, өөрийн нэрийн оог хэрэглэдэг юм байна. Тэднээс бол шинжилгээний бичиг шаарддаг байж таарна. Гэтэл стандартад нь үүнийг нарийн ялгаж салгаж бичсэн байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Бодвол тэр заалтыг үндэслэн дарамталсан байх гэж бодсон.

Хуулиар олгохоор заасан тусгай зөвшөөрлийг олгох ажлыг үе үе тодорхой бус шалтгаанаар зогсоодог, үндэслэл нь тодорхойгүй мөртлөө олгохгүй түдгэлзүүлдэг.

Хууль хяналтын байгууллагаас иргэдийг хуулиа мэдэхгүйг далимдуулан өндөр ял, торгууль, шийтгэвэр тавина гэж байгууллага хүнийг айлган сүрдүүлэх, дарамтлах

Төрийн үйлчилгээнд урт очер дугаарыг бий болгох.

Гаалийн байцаагч нар маш өндөр хэмжээний гаалийн татвар нэхдэг, хяналт шалгалтаар ирсэн хүмүүс өндөр хэмжээний торгууль, шийтгэвэр сонсгодог.

Иргэн ямар нэг зөвшөөрөл авахын тулд олон хүнийг дамжин гарын үсэг авах хэрэг гардаг г.м эдгээр зүйлс нь авилгал өгөх, авах нөхцөлийг бий болгодог.

Мөн санхүүгийн боломжтой бөгөөд асуудлаа амар хялбараар болон шударга бусаар шийдүүлэх сонирхолтой хүмүүс холбогдох албан тушаалтанд өөрийн санаачилгаар авилга өгдөг, мөнгөөр зодон асуудлаа шийдүүлдэг дараах нөхцөл байна:

Албан тушаал дэвших болон ажилд орохын тулд авилга өгөх

Очер дугааргүй болон дараалал зөрчин үйлчлүүлэхийн тулд

Төсвийн мөнгөөр гүйцэтгэх ашигтай ажил, үйлчилгээг өөртөө авахын тулд

Хяналт шалгалтын үед илэрсэн зөрчлөө нуун дарагдуулахын тулд

Хяналт шалгалтаар оногдсон торгууль, шийтгэвэр, шүүн таслах ажиллагааг хүчингүй болгуулахын тулд

Чадвар нь хүрэхгүй мөртлөө аливаа шалгалт, шалгаруулалтанд тэнцэхийн тулд

Улсад төлөх ёстой татвар, хураамжаас хөнгөлүүлэх эсвэл төлөхгүй байхын тулд г.м

Иймд авилга авах, өгөх сэдэл шалтгааныг үгүй болгохын тулд дараах шат дараатай арга хэмжээг авах шаардлагатай байдаг:

Авилгын үндэс суурь болох авилга өгөх, авах нөхцөл, шалтгааныг судлан жагсаалт гаргаж агуулга хэлбэрээр нь бүлэглэн цэгцэлнэ. 

Энэ нөхцөл шалтгаан бүрэн гарсан талаар маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг явуулна. Хэлэлцүүлгийг хэвлэлээр нийт ард түмний дунд нээлттэй явуулж болохоос гадна орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж, төрийн бус байгууллагууд, улс төрчид, хуульчид, залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн төлөөллийн дунд бас явуулна. 

Дээрх жагсаалтын ард уг шалтгаан нөхцөлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах, хуульд ямар өөрчлөлт оруулахыг судлан тогтооно.

Авилгын нөхцөл шалтгааныг арилгахын тулд авах арга хэмжээ, хуульд оруулах өөрчлөлтүүд нь одоогийн хэрэгжиж байгаа хуулиудад хэрхэн тусгагдсан байдаг, бусад хуулийн заалтуудтай зөрчилдөх эсэх талаар нийт хуульд дүн шинжилгээ хийнэ. 

Үүний дараа авилга авах, өгөх нөхцөлийг үгүй болгох талаар дараах арга хэмжээ авахаас гадна эдгээр арга хэмжээ заавал хэрэгжигдэж байхаар хуульчилсан байна:

1. Төрийн үйлчилгээнд их хэмжээний дараалал үүсгэхгүй байхаар үйл ажиллагааг зохион байгуулах. Зайлшгүй дараалал үүсэхээс өөр аргагүй асуудал байгаа нөхцөлд дараалалд байгаа хүмүүсийн жагсаалт ил тод байж, асуудал яаж шийдэгдэж байгааг дараалалд байгаа хүмүүс мэдэж байхаар ажлыг зохион байгуулах.

2. Иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулах тухай хуулийг мөрдөхөд онцгой анхаарах.

3. Төрийн үйлчилгээ ил тод байж аливаа зөвшөөрөл олгох, асуудлаа шийдүүлэхэд ямар материал бүрдүүлсэн байх, ямар нөхцөл хангагдсан байхыг тодорхой зааж, түүнийг ил тод байрлуулж, асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд түүнээс илүү зүйл шаарддаггүй байхаар ажлыг зохион байгуулах

4. Төрийн үйлчилгээ үзүүлэх ажлыг үйлчилж буй албан тушаалтны зан характер, үйлчилгээ авч буй хүн түүнд таалагдах, үл таалагдах байдал, тухайн үед үүссэн нөхцөл байдлаас үл хамааран шийдэгддэг байхаар ажлыг зохион байгуулах, хууль дүрэм журмаар зохицуулалт хийж өгсөн байх. Өөрөөр хэлбэл уг албан тушаалтантай зөвхөн аятайхан харьцаж байж л хүсэлт шийдэгдэхээр байж болохгүй. 

5. Нийтэд олгож буй аливаа зөвшөөрлийг олгож байснаа олгохыг түр хугацаагаар хаадаггүй, иргэдэд тэгш үйлчилдэг зарчимтай байх. Магадгүй тухайн ажил үйлчилгээ хэтэрхий хавтгайрах шинжтэй болсон бол зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг чангаруулж болно. Чангаруулах боломжгүй бол бусад асуудал нь зах зээлийн зарчмаар шийдэгддэг байх ёстой.   

6. Хилээр оруулж ирж байгаа бараанд татвар ноогдуулах ажил нь гаалийн ажилтан хэн байхаас үл хамааран хатуу нормчлогдсон, техник хэрэгслээр хангагдсан байх. Ноогдуулах татварын хэмжээ нь дүрэм журамд дээд доод хязгаар бүхий хэмжээтэй байвал уг дүрэм журамд нь ямар нөхцөлд дээд хязгаараар, ямар нөхцөлд доод хязгаараар, энэ хоорондох хэмжээ нь ямар хамаарлаар ихсэж багасахыг тооцож болох хэмжээгээр нарийвчлан зааж өгсөн байна

7. Захиргааны арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтны ноогдуулах торгууль шийтгэвэрийн хэмжээ нь тухайн нөхцөл байдалд тохирсон тодорхой нэг тоо байх бөгөөд энэ хэмжээ нь дээд доод хязгаартай байвал үүнийг дээрхийн адил тодорхой болгон журамласан байна.

8. Торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авахуулсан болон аливаа шалгалтанд тэнцээгүй этгээд нь өөрт нь арга хэмжээ авсан улсын байцаагч болон шалгалт авсан багшаас асуудлыг өөрөөр шийдэж өгөхийг гуйх боломжгүйгээр зохион байгуулалт хийсэн байх. Жишээ нь: мэдээг тэр дор нь дээш өгөөд цаашдын асуудлыг нь өөр хүн шийдэж байхаар зохион байгуулдаг жишгийг үүнтэй төстэй бүх ажиллагаанд нэвтрүүлэх.

9. Ер нь байгууллагад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргаж байгаа хүмүүсийг тухайн байгууллага, хувь хүнд мэдэгдэхгүй байх, тэдэнтэй ямар нэг холбогдох шалтгаан гаргахгүй байх, байгууллага дээр нь очиж шалгалт хийлгэдэггүй байх, аль нэг байгууллагыг шалгах нөхцөлд олон хүнд материалыг хуваан өгч шалгуулдаг байх г.м шалгалтын шинэ технологийг хэрэгжүүлэх. 

10. Төрийн албан хаагч өөрөөр нь асуудлаа шийдүүлж байгаа хүнийг дарамтлах шинжтэй, санаатайгаар хориг саад тавих нөхцөлд түүний шударгаар шийдээд өгдөг механизмыг тухайн байгууллагад бий болгосон байх

c. Төрийн албаны хүмүүсийн хоорондын болон иргэдтэй харилцах харилцаа нь зөвхөн албаны хэллэгээр, уурлахгүй, хэрүүл хийхгүйгээр, боловсон, соёлтой явагддаг болгох. 

Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг, тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал гэдэг. 

Өөрөөр хэлбэл эдгээр нь ёс зүй зөрчих үйлдлийг хийлгэхэд цаанаас нь өдөөж байдаг хүчин зүйл юм. Шийдвэр гаргагч бүрт аливаа нэг шийдвэр гаргахад хувь хүний зан чанар нь заавал нөлөөлж байдаг бөгөөд энэ зан чанараасаа давж ёс зүйн дагуу шийдвэр гаргах нь тухайн ажилтны эр зоригоос ихээхэн шалтгаалдаг. 

Ямар ч албан тушаалтан, албан хаагчид мэргэжил дээрээ алдахаас илүү ёс зүйн алдаа гаргах нь их байдаг. Ёс зүйн алдаа нь цаашлаад мэргэжлийн алдаанд хүргэдгийг санууштай.

Тиймд төрийн албаны ёс зүйн стандартыг бий болгоод түүнийг төрийн байгууллага бүр заавал мөрддөг байхыг хуульчилж, үүнийг зөрчсөн нь илэрвэл ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байхыг журамлаж өгсөн байх хэрэгтэй. Энэ стандарт олон улсын хэмжээнд бол эрт бий болсон, хэрэгжиж явдаг баримт бичиг тул бид шинээр зохиох шаардлага гарахгүй.

d. Бүх нийтээрээ цагийг баримталдаг, аливаа юманд хариуцлагатай ханддаг болгох.   

Монголчууд цаг баримталдаггүй гэдгийг бид ч мэддэг, гадныхан ч хэлдэг. Үүнийг Монгол хүний гени, физиологи, ёс заншилтай холбож ярих тохиолдол байдаг. Угаасаа Монголчууд нараар цагаа баримжаалж, нүүдэлчин маягаар амьдарч байсан учраас ийм болчихсон ч гэх хүн байдаг.

Гэтэл энэ нь тийм биш юм байна. Бүх л улс орон цаг барьдаггүй байж байгаад хөгжлийнхөө явцад цаг баримталдаг болж хувирсан байна. Аливаа улс хөгжихийн хирээр цаг баримтлалт нь сайжирдаг боловч төрөөс нь тодорхой арга хэмжээ авч, цаг баримтлахыг албадан сайжруулж өгснөөр тэр хэмжээгээрээ улсын хөгжил нь дагаад түргэсдэг сайн талтай юм.

Манайд Солонгос эзэнтэй ресторан нээгджээ. Түүний эзнээс хир ашигтай ажиллаж байгаа талаар сурвалжлагч асуухад “Уг нь шинэ жилийн өмнөхөн нээгдсэн болоод ч тэр үү үйлчлүүлэгч олонтой байгаа. Харин Монголчууд цаг барьдаггүй нь их хэцүү байсан. Зарим байгууллагын хүмүүс нь бараг захиалсан цагаа дуусч байхад ирж байх юм. Ийм явдал манай Солонгост 1970 оны үед байсан. Тэр үед засгийн газраас журам гарган хэрэгжүүлснээр тун удахгүй арилсан” гэж ярьж байсныг санаж байна.

Монголд мөн ийм журам гаргаж ажиллах цаг нь болсон. Жишээ нь: Өнөөдөр манайд аль нэг Яам дээр Ерөнхий сайд ирнэ гэхэд Сайд нь төрийн нарийн бичгийн даргадаа цагийг 30 минутын  өмнө хэлнэ, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт Сайдын хэлснээс мөн 30 минут нааш татаж хэлнэ, газрын дарга нар мэргэжилтнүүддээ 30 минутын өмнө хурлын зааланд цугларахыг тушаана.

Ингэснээр Яамны аппаратын ажилчид нэг цаг 30 минут ажлаа зогсоон хурлын зааланд сууцгаана. Хэрэв Ерөнхий сайд цагаасаа хоцорч ирвэл /хоцрох магадлал ихтэй/ түүнээс ч удаан сууна. Түүнээс гадна цаг зарлаж байгаа дарга нарын дунд хоцрогдсон арга барилтай, бусдын цагийг хайрлах сэтгэлгүй хүн байвал цагийг 30 минутын өмнө биш 1 цагийн өмнө хэлж чадна. 

Манайд цаг баримталдаггүй байдал бүх шатандаа байдаг. Үүний хамгийн том үлгэр жишээг УИХ-ын гишүүд, сайд дарга нар үзүүлдэг. Үүнийгээ дагаад доошоо бүх түвшиндээ цаг баримтлахгүй. Үзвэр хүртэл байнга 15-30 минут хоцорч эхэлнэ. Гадаадын хүмүүстэй харьцахад байнга булайгаа үзүүлнэ. Гэхдээ мэдэхгүйн дотор амгалан гэгчээр манайхан цаг хоцорч ирж байгаагаа даанч юман чинээ бодохгүй нь харамсалтай.

Иймд Монголд цаг баримталдаг болгох алхам хийх цаг болжээ. Үүнийг хийхэд тийм ч хэцүү эд биш гэнэ. Цаг баримтлах тухай хууль эсвэл журам гаргаад, түүнийгээ дээрээсээ эхлээд үлгэр жишээ үзүүлэн мөрдөөд эхлэхэд л болдог юм байна. Харин энэ журамд дараах санааг тусгах шаардлагатай:

1. Ажилд хоцорч ирэхгүй, тарах цагаас түрүүлж явахгүй байх. Үүнийг зөрчсөн минут бүрийг 10 минутын ажлын хөлсөөр тооцож цалингаас нь суутгах, тэр нь олон давтагдах нөхцөлд ажлаас халах

2. Аливаа хурал, цуглаан болон ажлын бус үеийн арга хэмжээнд хоцорч ирсэн хүмүүсийг оруулахгүй байж, уг арга хэмжээг тасалсан буюу тасалдуулснаас үүсэх үр дагаврын хариуцлагыг хоцорсон этгээдүүдэд хариуцуулдаг байх

3. Бүх үзвэрийн газрууд үзвэрээ цагтаа эхэлж, энэ үедээ хаалгаа барьж, хоцорч ирсэн билеттэй хүмүүсийг ч оруулдаггүй байх

4. Бүх үйлчилгээний байгууллагууд цагийн хуваариа ил хадах ба тэр цагтаа ажилладаг байх. Цагийн хуваариа баримтлаагүй нөхцөлд торгуулийн арга хэмжээ ноогдуулдаг байх.

5. Хүчний болон хуулийн, захиргааны байгууллагын ажилтнууд хүнийг дуудсан бол тодорхой цаг заах ба тэр цагтаа өөрсдөө байгаагүй нөхцөлд дараагийн удаа дахин дуудахгүйгээр уг хүн дээр өөрсдөө очиж уулздаг байхаар зохицуулах

6. Автобус болон бага оврын автобусны буудал бүр дээр тэдний ирэх цагийн хуваарь хадаастай байх ба түүнийг баримтлаагүй бол торгуулийн арга хэмжээ авахуулдаг байх

7. Аливаа шүүх хурал хэн нэгнийг ирээгүйн төлөө буюу хоцорч ирсний төлөө хурлыг хойшлуулахгүйгээр шууд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох

8. Аливаа хөтөлбөр, төлөвлөгөө, гэрээ, хэлцэлд хугацааг нарийн зааж өгөх ба хугацаа хожимдсон нь үүргээ биелүүлээгүй үндэс болох зохицуулалтыг хийж өгөх

9. Оюутан сурагчдыг хичээлээс хоцорсон бол оруулдаггүй байж, хичээлд суугаагүй хариуцлагыг ногдуулдаг байх

10. Төрийн албан хаагчид өргөдөл, гомдлыг хугацаандаа шийдээгүйн төлөө тухайн албан хаагчдад эдийн засгийн хариуцлага хүлээдэг байх ба улмаар ажлаас нь халах үндэслэл болдог байх

11. Төлөвлөгөө, зорилт болон аливаа амлалтаа хугацаандаа биелүүлээгүй нь төлөвлөгөө тасалсанд тооцон хариуцлага тооцдог байх

12. УИХ-ын гишүүд цаг баримтлаагүй нь түүнийг эргүүлэн татах үндэслэл болох, УИХ хэлэлцэх асуудлаа хугацаандаа шийдээгүй нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болдог байх

13. Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд жил, улирал, сард өгдөг мэдээ тайлангаа хугацаандаа өгөөгүйн төлөө арга хэмжээ авахуулдаг байх гэх мэт асуудлыг тусгасан хууль гаргах шаардлагатай.  

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

Бүх түвшиндээ цагийг баримталдаг болсноор түүнээс болж алдаж байгаа алтан цагаа ашиглах боломжтой болно. Үүнийгээ дагаад ажлын хариуцлага дээшилж, аливаа төлөвлөгөө даалгаврын биелэлт чанаржина. 

Гадаадын байгууллагуудтай харьцахад ёс суртахууны хувьд ижил зиндаанд очно гэсэн үг

Монголд иргэд болон аж ахуйн нэгжүүд хоорондоо түншилж харьцахад амар хялбар болж, үүнийгээ дагаад нийгмийн стресс багасна

Хүн бүр цаг баримталж сурснаар тэдний ажлаа төлөвлөх, амласнаа гүйцэтгэх чадвар, хувийн сахилга сайжирна

Аливаа зүйлийг цагтаа хийнэ гэдэг нь төрийн албан тушаалтан өргөдөл гомдлыг цагт нь барагдуулж, ингэснээр авилга өгөх нэг нөхцөл мөн хүнд суртал багасна

Энэ ажлыг бусад оронд 30 жилийн өмнө хэрэгжүүлж байсан юм байна. Харин бид үүнийг өнөөдөр хэрэгжүүлэх гэж байгаа нь оройтож байгаа асуудал боловч энэ чигээрээ байх боломжгүй байгаа тул Орос ардын зүйр үгэнд хэлсэнчлэн “Хэзээ ч хийхгүй байснаас оройтсон ч гэсэн хийсэн нь дээр” гэдэг үгийг санан ажиллацгаая 

e. Төрийн удирдах албан тушаалтан тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаггүй, худал амладаггүй байлгах.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн удирдах албан тушаалтнууд худал мэдээлэл хийх, хэтийн байдлыг худал дүгнэж ярих нь ихсэх болсон. Зарим нь худал ярьж байгаагаа өөрсдөө ч сайн мэдэхгүй байдаг.

Ер нь мэргэжлийн биш, тухайн салбарт ажиллаж зовлон жаргалыг нь амсаагүй, мэдрээгүй мөртлөө тухайн салбарт ажиллаж байгаа, салбарыг удирдаж байгаа хүнд бол ярих зүйл бага л даа, тухайн үед нь болж байгаа зүйлтэй холбоотой юмыг л хальт хульт мэдэх тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих шаардлага гарахад хүндрэлтэй байдаг.

Тухайн салбарын хөгжлийн хэт ирээдүйн талаар, прогноз ярихад бүр ч хэцүү юм болно. Гэхдээ тэд өөрсдийгөө мэдэхгүй байгаагаа бас мэддэггүй, өнөөгийн болж байгаа процессыг ойлгодог болсныгоо салбарын талаар мэддэг болчихлоо гэж эндүүрдэг. Тэгээд ярьж байгаа юмаа зөв ярьж байна гэж итгэлтэй байхыг нь яана аа. Тэр яриаг нь сурвалжлага авч байгаа охидууд итгэчихнэ, жирийн үзэгчид сайн ойлгохгүй, их л юм хийж байгаа юм болов уу даа гэсэн шиг өнгөрөөнө. Харин мэргэжлийн, салбартаа насаа барж байгаа хүмүүс сонсоод “хүний өмнөөс ичнэ гэдэг хэцүү юмаа” гээд л явж байна.

Хүн ер нь хийж буй ажлаа бүрэн эзэмшсэн, мэддэг, алс хэтийг нь харж чаддаг байж л худал амлахгүй, тооцоо судалгаагүй шийдвэр гаргахгүй байна. Үүний тулд дараах арга хэмжээг авсан байх шаардлагатай:

1. Сайдын зөвлөх, даргын зөвлөх гээд бүгдийг мэддэг хэдэн хүн байнга байдгийг өөрчилж, салбар бүрээр зарласан үед хуралдах орон тооны бус олон зөвлөх багтай байх шаардлагатай. Жишээ нь Байгаль орчны яамны Сайд гэхэд л усны асуудал, ойн асуудал, байгалийн ургамлын асуудал, ан амьтны тухай, химийн хорт бодисын тухай, нөхөн сэргээлтийн тухай гэх мэт чиглэл бүрээр тус тусад нь ярьдаг орон тооны бус олон зөвлөх баг байх бөгөөд хуралдсан үед нь тохирсон хэмжээний урамшуулал олгочихдог байхаар зохион байгуулж болно. Эдгээр зөвлөл нь орон тооны бус тул төрөөс хоол нэхэхгүй, нэг зөвлөл жилд нэгээс хоёр л  хуралдах шаардлага гарах тул зөвлөлийн гишүүдийн цаг завыг нэг их үрэхгүй, тэдэнд дарамт байхгүй, харин ч төрийн хэрэгт оролцож байгаа, улсдаа тус нэмрээ өгч байгаа гэдгээрээ салбартаа олон жил ажиллаж, салбарынхаа төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн хувьд сэтгэл нь өег байдаг.

2. Бас төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл гэж мөн салбар бүрээр байх шаардлага байдаг. Жишээ нь: Барилга хот байгуулалтын дэргэдэх ШУТЗөвлөлд нэг ч механик инженер байдаггүй бөгөөд тэнд “Лифтийг аюулгүй ашиглах тухай дүрэм”-ийг хэлэлцдэг. Зөвлөлийн гишүүд нь лифтийн талаар ямар ч мэдлэггүй хүмүүс мөртлөө үүнийг хэлэлцээд сууж байсан. 

Үүнийг гаднын хүн сонсвол тоглож байгаа байлгүйдээ л гэх байх. Зөвлөлийн гишүүдээс ядаж “үүний талаар бид мэдэхгүй тул шийдвэр гаргаж чадахгүй нь ээ” гээд хэлчих хүн байгаагүй. Тэгвэл энэ зөвлөлд нэг хоёр механик инженер хүн байвал болох юм байна гэж бодож магад. Энэ бас үгүй юм, зөвлөл бүгд л хэлэлцэж байгаа асуудалтай мэргэжил туршлагын хувьд холбоотой байх шаардлагатай. Лифт хэлэлцэж байхад тэнд ямар нэг сантехникийн инженер байлцах огт шаардлагагүй юм.

3. Төрийн захиргааны байгууллага бүрийн дэргэд эрдэм шинжилгээний институт байна. Түүгээр аливаа бүтээлд дүн шинжилгээ хийлгэх, шийдвэр гаргахын өмнөх судалгаа хийлгэх, техникийн даалгаврууд боловсруулах, тендерийн материалд үнэлэлт дүгнэлт хийлгэх г.м ажлуудыг хийлгэнэ. Тэдний судалгаа, зөвлөмжид үндэслэн шийдвэр гаргадаг, мэдэгдэл хийдэг, мэдээлэл гаргадаг байх шаардлагатай. 

4. Худал амладаг, мэдэгдэл хийдэг, тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаг үзэгдлийг зогсоохын тулд хуульд худал мэдэгдэл хийх, мэдээлэл өгөх, судалгаагүйгээр прогноз хийсэн нөхцөлд арга хэмжээ авдаг заалтуудыг маш тодорхой оруулж өгөх шаардлагатай.

f. Төрийн алба ил тод нээлттэй болгох.

Манайд ардчилал ялснаас хойш Монгол улсад “Тунгалаг төр”-ийг бий болгох, иргэд, байгууллагыг “Мэдээллийн эрх чөлөө”-тэй байлгах талаар улс төрчид дээр доргүй ярьцгааж байгаа. 

Мөн өнөөгийн төрийн удирдлагын түвшинг илэрхийлэх нэг хүчин зүйл нь “Цахим засаглал” гэдгийг бид бүгд ойлгодог. Энэ нь төрийн удирдлагад интернетийн боломжийг түлхүү ашиглахыг хэлэх бөгөөд төрийн байгууллагын Вэб сайт дахь мэдээллийн агуулга, түүний ашиглагдах боломж, чанараас ихээхэн хамаардаг.

Монголчууд “Айлын өнгө үүднээсээ харагддаг” гэж ярьдаг. Харин өнөө цагт байгууллагын өнгө Вэб хуудаснаас нь харагддаг болжээ. Төрийн байгууллагын Вэб хуудас нь зөвхөн тухайн байгууллагын өнгийг тодорхойлохоос гадна Монголыг сонирхогч гадаадын хүмүүсийн өмнө улсын нүүр царайг харуулах болсон.

Гэтэл манайд аль нэг төрийн байгууллагын Вэб сайтад ороход тэнд нь хүнд хэрэгтэй мэдээлэл бараг байдаггүй, эсвэл эмх замбараа муутай тул хэрэгтэй мэдээллээ олоход бэрхтэй, мэдээлэл нь цаг хугацаанаасаа хоцрогдсон байдаг байна.

Уг нь төрийн байгууллагын нээлттэй байх гол хэрэгсэл нь жилд нэг удаа нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байснаас Вэб хуудсандаа бүх мэдээллээ байнга шинэчлэн тавьж байх нь илүү их ач холбогдолтой юм. 

Өнөөдөр Вэб сайтдаа ямар мэдээллийг зайлшгүй тавих талаар хуульчилж, журамласан зүйл байдаггүй бөгөөд тавих шаардлагатай мэдээллийг тавиагүйн төлөө бас хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. 

Иймд төрийн байгууллагын вэб хуудаст байх мэдээлэл нь тухайн байгууллагын дарга нарын үзэмжийн асуудал болж, тэд өөрсдийн шударга бус үйлдлээ илчилж болзошгүй мэдээллийг вэб хуудсандаа тавихгүй байх боломжоор хангагдсан байдаг. 

Манайд төрийн байгууллагын Вэб сайт мэдээллээр ядуу, эмх цэгц муутай байдаг нь дараах шалтгаантай байдаг байна. Үүнд:

Тухайн байгууллагын дарга нь интернет, Вэб хуудасны талаар мэдэгдэхүүн муутай, түүний ач холбогдлыг нь сайн мэддэггүй

Байгууллагын удирдлагууд ажилдаа хариуцлагагүй, төр тунгалаг байх, түмний төлөө үйлчлэх ёстой гэдгийг бүрэн ухамсарладаггүй

Байгууллагын дарга тухайн салбарын мэргэжлийн хүн биш, тухайн салбарын төлөө хөлсөө урсган ажиллаж байгаагүй, тухайн салбартаа сэтгэлгүй, улс төрийн томилгооны хүн олноор байх болсон тул Вэб хуудаст их мэдээлэл тавихыг хүсдэггүй

Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгөөр хийсэн эрдэм шинжилгээ судалгааны тайлан, үр дүнг төрийн албаны мэргэжилтнүүд олон нийтээс нуун өмчлөөд хэрэгцээтэй хүн, байгууллагад худалддаг, мөн зарим байгууллага ийм маягаар төсвийн гадуур орлого олдог тул дээрх мэдээллийг Вэб хуудаст тавихыг хүсдэггүй.

Төрийн байгууллагын зарим удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааны мууг бусдад мэдүүлэхгүй байхын тулд төлөвлөгөө, хөтөлбөр, тайлангаа нийтэд нээлттэй байлгахаас айдаг

Иргэд, аж ахуй эрхлэгчдээр өөрсдийгөө гуйлгах улмаар авилга өгүүлэхийн тулд мэдээллийг аль болох бага өгөх, битүү үл ойлгогдох байдалд байх сонирхол зарим хүмүүст байдаг

Зарим хүмүүс өөрсдийн булхайтай үйлдлээ нуун дарагдуулахын тулд түүнтэй холбоотой мэдээллийг гадагш гаргахгүй байхыг хүсдэг. Жишээ нь: Саяхан нэг Яамны мэргэжилтнээс тэднийхээс тусгай зөвшөөрөл авсан байгууллагын нэрсийн жагсаалтыг Вэб хуудсандаа тавихыг хүсэхэд, түүний дарга нь зарим арын хаалгаар зөвшөөрөл авсан байгууллагаа бусдад мэдүүлэхгүйн тулд зөвшөөрөхгүй байгаа тухай өгүүлсэн

Вэв хуудас дээр ажиллах мэргэжилтний чадвар муу, удирдлагууд нь ажлыг нь ойлгодоггүй тул, байгууллагын зүгээс дэмждэггүйгээс болж бүтээгдэхүүн нь чанар муу байх тохиолдол байдаг

Тухайн байгууллага Вэб сайтдаа тавих мэдээллийн нэр, төрөл, агуулга, тэдгээрийг шинэчилж байх хугацааг зааж өгсөн тушаал шийдвэр байдаггүй, гүйцэтгээгүйн төлөө авах арга хэмжээ заагдаагүй тул үүнд санаа зовох удирдлага байдаггүй.

Вэб сайтыг хийх, ажиллуулахад мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай байдаг бөгөөд тэр хүн нь вэб сайтаа хийж өгөөд алга болчихдог. Дараа нь Вэб хуудсандаа ямар нэг хөгжүүлэлт хийх үед анх хийсэн хүн нь олдохоо болиод хүндрэл үүсдэг. 

Иймд Засгийн газраас дараах шийдвэрийг гаргах шаардлагатай гэж үзэж байна:

1. Вэб хуудастай байх шаардлагатай төрийн байгууллагын жагсаалтыг гаргах

2. Байгууллага бүрийн вэб хуудаст тавих мэдээллийн агуулга, бүтцийг жагсаалтаар батлан, тэдгээр мэдээллүүдийг ямар хугацаанд шинэчилж байхыг зааж өгөх 

3. Монгол улсын бүх төрийн байгууллагуудын Вэб сайтыг төвлөрсөн нэг төрийн албаар гүйцэтгүүлэх, нэгдсэн зохион байгуулалт хийх.

4. Салбар дундын ямар харилцааг интернетээр, электрон шуудангаар гүйцэтгэж байхыг захирамжлаад, эрх зүйн зохицуулалтыг бий болгох

5. Вэб хуудасны чанар болон түүнийг ажиллуулж байгаа байдалд хяналт тавих субьектыг тодорхойлж, дээрх үүргийг биелүүлээгүй болон чанаргүй гүйцэтгэсний төлөө хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох.

Ер нь төрийн байгууллагын Вэб хуудсанд дараах мэдээлэл байгууллага харгалзахгүйгээр заавал байх шаардлагатай байдаг.

1. Тухайн салбарын үүссэн түүхээс эхлээд дэлгэрэнгүй танилцуулга 

2. Салбарын үйл ажиллагаатай холбоотой семинар, ажлын уулзалт, хэлэлцүүлэг дээр тавьсан илтгэлүүд

3. Төсвийн болон зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан

3. Тухайн салбарт хэрэглэгддэг хууль, дүрэм, журам, заавар, аргачлал, норм, стандартыг бүрэн эхээр нь тавих

4. Монгол улсын статистик тоо баримт бусад холбогдох мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь мэдээллийн эх үүсвэр болон хэдэн оны мэдээлэл болохыг зааж оруулах. Үүнийг байгууллага бүр дээр нэр зааж өгөх шаардлагатай. Энэ нь иргэд, аж ахуй нэгж байгууллагын төсөл боловсруулах, үйл ажиллагаа эрхлэхэд нь, эрдэм шинжилгээний ажилтан, оюутнуудын сургалт, судалгааны ажилд нь тухайн салбарын талаарх мэдээллийн сан болж өгөх ач холбогдолтой юм. 

5. Тухайн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, гаргадаг дүгнэлт, шийдвэрт шаардагдах болон зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт, бөглөх маягтын загвар, зөвшөөрөл авах процессын зааварчилга, бүрдүүлсэн материалын чанарт тавигдах шаардлагыг  олгогдох зөвшөөрөл, дүгнэлт бүр дээр гаргаж өгнө. Мөн дээрх зөвшөөрлийг авсан байгууллагын жагсаалт, хугацаа нь дууссан болон зөвшөөрлийг нь цуцалсан байгуулагын нэрс байх.

Эдгээр нь төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, энэ нь улмаар авилгыг бууруулахад чухал нөлөөтэйгээс гадна иргэдийн хяналтыг төрийн ажилд ашиглах боломжийг бий болгон өгдөг.

6. Салбарын болон байгууллагын ойрын ба дунд, урт хугацааны ажлын төлөвлөгөөнүүд

7. Төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн болон төсвийн зарцуулалтын тайлангууд

8. Тухайн байгууллагатай иргэд аж ахуйн нэгжээс харилцах, санал хүсэлтээ өгөх булан ажиллуулах. Үүгээр өгөгдсөн санал, хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, шийдвэрээ мөн талбараар нийтэд ил мэдээлж байх.

Энэ нь төрийн албаны үйл ажиллагаа өнөөгийн нөхцөлд нийцэж байгаа бөгөөд иргэдийн татварын мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа талаар иргэд мэдэх боломжтой болж “Тунгалаг төр”-ийн эх үндэс нь бий болж байна гэсэн үг юм.

Төрийн байгууллага хоорондоо цаг алдалгүй дамжуулах ёстой мэдээллийг тусгай буланд байрлуулна. Шаардлагатай тохиолдолд нууцын зэрэглэлд хамаарагдах зарим материалыг түүнийг хэрэглэх төрийн байгууллага нууц кодоор нээж хэрэглэдэг байж болохоор зохицуулах. 

Гэхдээ энэ нууц код хэрэглэж авах мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас баталж өгөх шаардлагатай. Жишээ нь Хилийн цэргийн вэб сайтад хилээр орж, гарч байгаа гадаадын иргэдийн бүртгэл, импортоор орж байгаа химийн бодисын бүртгэлийг өдөрт нь Вэб сайтдаа оруулаад байна. Үүнийг нь Гадаадын иргэн харъяатын алба нь ямар хүмүүс визны хугацаагаа хэтрүүлж байгааг, БОЯ нь олгосон зөвшөөрлийнхөө дагуу химийн бодис оруулж байгаа байдлыг хянана. Мөн Монголд байгаа химийн бодисын бүртгэлээ цаг тухайд нь баяжуулж явах боломжтой болно. Ийм маягаар Монгол улсын статистик тоо баримтын ихэнх өөрчлөлтийг хэрэгцээт газар нь цаг тухайд нь мэдээд явах боломжтой болно.

Мөн Засгийн газраас шуудангаар явуулдаг ямар бичиг, захиаг электрон шуудангаар явуулж байхыг журамлах шаардлагатай юм. Энэ нь бичиг цаас бие биедээ дамжуулах ажлыг хөнгөвчилж, шуудангийн зардал, цаг хугацааны алдагдал, бичиг хэргийн зардлыг их хэмжээгээр хэмнэж чадна. Жишээ нь дүрэм, журам боловсруулах болон Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулах асуудалд тухайн Яам нь бусад Яамд, холбогдох газраас санал авдаг. Үүнийг байгууллага хоорондын цахим шуудангаар гүйцэтгэх бүрэн боломжтой. Мөн хөдөө орон нутаг руу элдэв материал, албан тоот явуулахад мөн цахим шуудангаар явуулж болно. Харин цахим шууданд явуулсан газрын хаяг байснаар, мөн тусгай тэмдэглэл хэрэглэснээр тухайн бичгийг түүний эх хувьтай адилтган үзэх боломжийг зохицуулж өгөх хэрэгтэй гэх мэтчилэн олон жишээг дурдаж болно.   

Үүнээс гадна Вэб хуудас бүхий төрийн байгууллага байрныхаа гадна буюу хаягныхаа доод талд Вэб сайтын болон Мэйл хаягаа заавал бичсэн байхыг үүрэг болгох, төрийн байгууллагын вэб, мэйл хаягийн лавлах гаргах асуудлыг шийдсэн байх шаардлагатай болно.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

1. Иргэд аж ахуйн нэгж аливаа төсөл боловсруулахад болон оюутан судлаачид судалгааны ажилдаа хэрэглэх мэдээллээр дутагдах нь багасч, тэдгээрийн бүтээлийнх нь чанар сайжирна.

2. Монголд хийгдэж байгаа судалгааны материалууд тухайн салбарынх нь Вэб хуудаст тавигдсанаар судалгааны ажил давхардахгүй, ингэснээр түүнд төсөвлөгдөх, зарцуулах зардал хэмнэгдэнэ

3. Төр тунгалагшина. Түүнийгээ дагаад төрийн албанд өнөөдөр оршиж байгаа авилгал, хүнд суртал, хууль бус үйлдлүүд багасч, төрийн байгуулллагын хийх гэж байгаа болон хийж байгаа, хийсэн ажил нь олон түмэнд ил тод болно

4. Төрийн байгууллагууд бие биеэсээ байнга авч байдаг мэдээллүүдээ Вэб хуудсандаа байрлуулснаар бие биенээсээ мэдээлэл гаргаж өгөх хүсэлт явуулахад зарцуулах цаас, хөдөлмөр, шуудангийн зардал хэмнэхээс гадна цаг хугацаа алдахгүй сайн талтай. 

5. Энэ нь төрийн албаны хяналт мониторингийн үндсэн бааз нь болж өгнө. Аливаа байгууллагыг байгууллага дээр нь очихгүйгээр Вэб хуудаснаас нь тухайн байгууллагын талаарх ихэнх дүгнэлтийг гаргаж болно. Мөн аливаа мэдээлэл явцдаа элдэв хууль бус үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөх боломж үгүй болж, хууль бус үйлдлүүд хумигдах сайн талтай  

Вэб сайтаар мэдээллийг ил тод болгохоос гадна төрийн аль ч албан хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, тайлбар өгөхөөс татгалзах, зугтаах байдлыг гаргуулахгүй байх, байгууллагын удирдлага албан хаагчдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхийг хориглодоггүй зохицуулалт хийх, төрийн албаны аль ч шатны хурал хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн сэтгүүлч оролцох эрхээр хангагдсан байх хэрэгтэй.

g. Хуулийг дээдлэн дагадаг байлгах. 

УИХ-ын гишүүдээс “Манайд хуулиуд хангалттай байгаа харин иргэд түүнийг мөрдөхгүй байна” гэж ярьж байхыг сонссон. Ер нь хууль чанартай байна гэдэг нь тухайн хуулиар зохицуулах бүх асуудлыг жижиг том гэж харгалзахгүйгээр шийдэж өгсөн байхаас гадна уг хууль нь амьдралд нийцсэн, хүссэн хүсээгүй өөрөө амьдралд хэрэгжээд явахаар хийгдсэн байдаг. Өөрөө хэрэгжинэ гэдэг нь тухайн хуулийг зөрчсөн нөхцөлд авах арга хэмжээг заан өгч, түүний хэрэгжилтэнд хэн яаж хяналт тавихыг, тэр нь бас хэрэгжих боломжтой байхаар тусгаж өгөхийг хэлж байна.

Тэгээд хуулийн хэрэгжилтэд хяналт тавиад гарсан зөрчил бүрд нь арга хэмжээ аваад явах юм бол бүх хүн хуулийг дээдлэн дагадаг болно. Хуулиа зөрчдөггүй байхыг дээрээсээ үлгэрлэн хэрэгжүүлдэг байх нь маш чухал юм.


ДҮГНЭЛТ. Төрийг хямралаас гаргах талаарх хоёрдугаар бүлгийн эхний дэд хэсгийг дүгнэн хэлэхэд: Төрийг хямралаас гаргахын тулд дараах шат дараатай арга хэмжээ авна:

- Төрийн тогтолцоог зөв болгох талаар. Үүний тулд УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлт нь УИХ-н эрх хэмжээг багасгаж, УИХ-ын гишүүн гэдэг нь маш их мөнгө олж болох албан тушаал байхыг болиулах, ингэснээр УИХ-ын сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулахаа болих, УИХ-д нэр дэвшигчдийн шалгуур нь мөнгө байхаа больж тэнд мэдлэг, чадвартай, шударга, түмний төлөө сэтгэлтэй хүмүүс нэр дэвших боломжийг бий болгох талаар бичлээ.

- Улс төрийн намын тухай. Энд нам төрийн дээр байгаа нь, нийтээрээ намчирхдаг нь, нэг намын дарамт бий болоод байгаа нь ямар учир, шалтгаантай болох үүнийг үгүй болгохын тулд юу хийх ёстойг бичлээ. Энд гол нь УИХ-д намын бүлэг байгуулдаггүй байх, ялсан намын дарга ерөнхий сайд болох албагүй, засгийн газрыг ялсан намын хүмүүс байгуулах албагүй, энд намуудын дэргэдэх, улс төрийн институцын гаргасан, улс орныг хөгжүүлэх, удирдан зохион байгуулах хөтөлбөрөөр нь уралдуулж, ялсан багийг нам харгалзахгүйгээр  шалгаруулж байх тухай бичлээ.

- Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар. Сонгуульд нэр дэвших шалгуур нь мөнгө биш байх, сурталчилгаанд их мөнгө зардаггүй байх, худал амладаггүй байх, иргэд нэр дэвшигчдийг хэн нь хэн бэ гэдгийг таних боломжийг бий болгож, төрөөс дэмжих тухай болон сонгуулийн хууль зөрчсөн этгээдэд авах арга хэмжээ нь зөвхөн нэрийг нь саналын хуудаснаас хасдаг байхаар, тэр нь сонгуулийн хугацаандаа хэрэгждэг байхаар хуульчлах тухай бичсэн.

- Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг болгох талаар. Татвараар авсан мөнгөөр нь санхүүжиж байгаагийн хувьд төрөөс иргэдэд үзүүлэх ёстой нийт үйлчилгээ буюу төрийн нийт үүргийг хийх ажилбараар нь нарийвчлан тодорхойлоод түүнд үндэслэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хамгийн оновчтой байдлаар тооцон тогтооно. Энэ нь УИХ-аар батлагдах бөгөөд цаашид сонгууль болоод засгийн газар өөрчлөгдсөн ч энэ бүтэц бүрэлдэхүүн нь үндэслэлгүйгээр өөрчлөгдөөд байдаггүй байх талаар өгүүлэв.

- Төсвийг төвлөрүүлэн хуваарилдаг байсан, социализмын үеийн хэлбэрийг өөрчилж, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмын дагуу, төсвийг бүрдүүлсэн хэмжээтэй нь уялдуулан хуваарилах хуулийг бий болгоно. Хууль гарснаар жил бүр УИХ-аар төсөв хэлэлцэгдэхгүй, энэхүү хуулийн дагуу өөрөө хуваарилагдаж байх болно. Ингэснээр төсвийн хуваарилалт шударга болж, орон нутгийн бие даасан байдал сайжирч, хөгжил нь түргэсч, засгийн газрын ачаа хөнгөрч, төрийн алба цомхон болох боломжтой. Түүнээс гадна УИХ-ын төсөв хэлэлцэх гэдэг цаг барсан, УИХ-ын гишүүдийн хууль бусаар мөнгө олох боломжийг нэмэгдүүлсэн, төрийн мөнгөөр сонгогчдыг авилгалдахгүй байх боломжийн талаар бичсэн.

- Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгоно. Энэ нь төрийн албаны хариуцлагын тухай хууль бий болсноор хэрэгжинэ. Гэхдээ энэ хуульд түүнийг хэрэгжих механизмыг нь бүрэн тусгасан байна. Хуульд монгол улсад алдаа гаргасан л бол түүндээ тохирсон хариуцлага хүлээдэггүй нэг ч удирдлага, албан тушаалтан байхгүй байх, хариуцлага алдсан хүнд хариуцлага тоцох үүрэг бүхий этгээд хариуцлага тооцоогүй бол мөн тангараг өргөдөг албан тушаалтан хариуцлага алдсан бол илүү хүндрүүлсэн нөхцөлөөр хариуцлага хүлээдэг байх, улсад санхүүгийн хохирол учруулсан бол түүнийг заавал төлдөг байх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг жинхэнээс нь 4 дэх засаглал болгох тухай зааж өгөх талаар өгүүлсэн.

- Төрийн хяналтыг жинхэнэ утгаар нь бий болгох. Үүний тулд төрийн хянан шалгах газрыг Мэргэжлийн хяналтаас тусгаарлан бий болгож, жинхэнэ хяналтаа тавих, зөрчил үүсгэсэн этгээдэд арга хэмжээ авч чаддаг, шаардлагатай бол албадах чадвартай байгууллагатай болгохоос гадна үүний хэрэгжих эрх зүйн үндсийг нь бий болгох тухай бичсэн.

- Төрийн албаны ёс зүйг бий болгох. Үүний тулд төрийн албан тушаалтан нь мэргэжлийн, туршлагатай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ард иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй үйлчилдэг, цагийг ягштал баримталдаг, иргэдтэй боловсон соёлтой харьцдаг, удирдах албан тушаалтан нь тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаггүй, худал ярьдаггүй, амладаггүй байхаас гадна төрийн алба нь ил тод нээлттэй, хуулийг дээдэлдэг байхын тулд юу хийх ёстой бичлээ. Үүний тулд төрийн албаны ёс зүйн стандартыг бий болгон хэрэгжүүлэх хэрэгтэйг бас дурдав.

Г.Батсайхан. 2021-01-21.

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...