Ерөнхий сайд танаа.
Засгийн газрын бүтцийг өнөөгийн нөхцөлд
нийцсэн, цомхоноор зохион байгуулах судалгааны ажлын талаар танд энэхүү
захидлыг хүргүүлж байна.
Засгийн газрын бүтэц том байна, төр данхайсан байна
гэсэн яриа их гардаг. Яг юу нь том байгаа юм, алийг нь жижгэрүүлэх вэ гэхээр
үндэслэлтэй хариу гардаггүй. Учир нь энэ талаар тодорхой судалгаа байдаггүй.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг төсөвтэй
харьцуулж үзэхэд мөн төсөв дотор цалингийн сангийн эзлэх хувийг бодоход төр засгийн
бүтэц том байгаа нь харагддаг. Түүнээс гадна зарим төрийн албан хаагчид
ажлынхаа цагийн ихэнхийг интернетээр зугаалах, компьютер тоглож өнгөрөөх явдал
бас байдаг нь төрийн албаны үүрэг функцийн хуваарилалт жигд биш байгааг харуулж
байна. Мөн төрийн дарамтын тухай, “Засгийн газар тус болдоггүй юмаа гэхэд саад
болохгүй баймаар байна” гэсэн яриа ч байдаг. Энэ бүхэн нэг юм өгүүлээд байна.
Өөрөөр хэлбэл төр, засгаас яг юу хийх ёстой юм бэ. Түүнийгээ тодорхой болгоод
түүндээ таарсан бүтэц байгуулж ажиллахыг шаардаад байна гэсэн үг юм.
Төр засгийн гүйцэтгэх ёстой ажлыг тогтооход
тодорхой судалгаа, хэлэлцүүлэг шаардлагатай болдог. Энэ ажлын хүрээнд эхлээд одоо
ажиллаж байгаа Засгийн газрын бүх байгууллагын үүргийг яам, агентлагаар ялган
жагсаан, тэдгээрт шаардагдах хөдөлмөр зарцуулалтын хамт бичих шаардлагатай
байдаг. Гэхдээ эдгээр үүргүүдийг гүйцэтгэгдэх ажилбараар нь задалж дэлгэрэнгүй
жагсаалт гаргах хэрэгтэй. Жишээ нь бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг
хангах гэдэг ажлууд яам, агентлагын үүрэгт их бичигддэг. Энэ чухамдаа яг юу
хийхийг хэлээд байгаа, үүнийг хэдэн хүн, хэдий хугацаанд гүйцэтгэх ёстойг
тодорхойлж бичнэ гэсэн үг. Энэ нь салбар бүрээр нилээд их ажил жагсаагдана. Бид
усны салбарт энэ талаар судалгаа хийж байх үедээ, ус ашиглалт, хамгаалалттай
холбоотой төрөөс гүйцэтгэдэг үүргийг жагсааж бичихэд 200 гаруй ажил бичигдэж
байсан.
Энэ жагсаалтад бичигдсэн ажил нь төрөөс тухайн
салбарт гүйцэтгэх ёстой үүргийг бүрэн эсвэл дутуу тусгасан эсэхийг салбар
бүрээр эрдэмтэд, мэргэжилтнүүдээр нь хэлэлцүүлэн, нягтална. Мөн хуульд
тусгагдсан үүрэг функцүүдтэй дээрх жагсаалтад бичсэн ажлууд тохирч байгаа
эсэхэд дүн шинжилгээ хийнэ.
Ингэснээр бид төр засгаас гүйцэтгээд байгаа ажлуудын
алийг нь Засгийн газар гүйцэтгэх, алийг нь төрийн бус байгууллага, хувийн
хэвшлийн байгууллага гүйцэтгэхийг нарийвчлан тодорхойлох боломжтой болохоос
гадна эдгээр ажлуудын хэмжээ, гүйцэтгэх хугацаанаас хамаарч засгийн газрын
бүтэц, бүрэлдэхүүн, яам, агентлагийн газар хэлтсүүдийн төрөл, чиглэл, мэргэжилтнүүдийн
тоо гарна. Үүн дээр үндэслэн төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт
хүртэл шууд бичих боломжтой болно.
Энэ жагсаалт нэг удаа гараад хэлэлцэгдэн, УИХ-аар батлагдсан
байхад цаашид аль ч Засгийн газар гарсан суурь судалгаа, бүтэц нь өөрчлөгдөхгүй
гэсэн үг. Харин улс орны үйлдвэрлэлийн хөгжил, хүн амын тооны өөрчлөлтөөс
хамаарч, төр засгаас иргэдийн төлөө гүйцэтгэх үүрэг, функцийн төрөл, хэмжээнд зарим
өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нөхцөлд аль нэг яам, агентлагт
мэргэжилтэн, эсвэл хэлтэс, газар нэмэгдэх буюу хасагдах, хэрэв энэ нь бүр том
өөрчлөлт бол яам, агентлаг ч нэмэгдэж, хасагдаж болох жишээтэй юм. Гэхдээ
үүнийг шийдэхэд үндсэн судалгаа нь байгаа тул төвөггүй байх болно.
Бид Монгол улсад Засгийн газрыг оновчтой
цомхон, чадварлаг бүтэцтэй болгох гол суурь судалгаа болох энэ ажлыг гүйцэтгэх
зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Иймд энэ ажлыг гүйцэтгэхэд таныг туслан,
хамтран ажиллахыг хүсэж байна. Энэ ажлыг гүйцэтгэх төслийн үндэслэл нь гарсан байгаа.
Г.Батсайхан. 2013-02-01.
No comments:
Post a Comment