Tuesday, October 9, 2012

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэлийн хэсгээс



Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг
шинэчлэн найруулах үндэслэлийн хэсгээс

Монголд өнөөдөр хяналтын тогтолцоо алдагдчихаад байгаа. Төр нь иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж, тэдний төлсөн татварын мөнгөөр чанартай үйлчилгээ үзүүлж байхын тулд хэд хэдэн төрлийн хяналтыг бий болгосон байдаг.
            Хот суурин үүсээд, үйлдвэрүүд хөгжихийн хирээр зарим үйлдвэрийн эзэд зардал бага гаргах сонирхолдоо хөтлөгдөн хүний биед муугаар нөлөөлөх, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх мөн хэтдээ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хортой орчинд болон аваарь осол гарч болзошгүй аюултай нөхцөлд хүнийг ажиллуулах үзэгдэл гарах болсон. Учирч болох эдгээр аюултай нөхцөл байдлыг жирийн хэрэглэгч болон ажилчид тухайн үедээ мэддэггүй,  хүн бэртсэн, өвдсөн хойно нь л мэддэг байсан тул үүнийг мэргэжлийн хүний нүдээр эсвэл тусгай багажаар шинжилж байж тогтоох шаардлагатай болсон.
            Иймд үүнийг илрүүлэн тогтоож, иргэдэд учрах мэргэжлийн шинжтэй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газар бий болжээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын газрын үүрэг нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээ, аюул осол гарч болох хөдөлмөрийн болон ахуйн нөхцлөөс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Харин орчин үед байгаль нь хүний аюулгүй амьдрах гол орчин гэдэг утгаараа түүнтэй зүй бусаар харьцах, түүнд хохирол учируулсан бол нөхөн сэргээлгэх,  хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил нь мэргэжлийн хяналтын чиг үүрэгт нэмэгдэн ордог болсон.
            Төрийн бүтэц томрохын хирээр төрийн албанд сайн муу олон хүн ажиллах болсон тул иргэдэд төрийн үйлчилгээг чанаргүй хүргэх, хүнд суртал гаргах, төрийн мөнгийг хувьдаа завших, иргэдээс авилга авах зэрэг зүй бус үзэгдлүүд бас гарах болсон.
            Үүнээс болж төр албадаа хариуцлагатай байлгахын тулд хянах төрийн хяналт шалгалтын хөндлөнгийн байгууллагыг бий болгосон. Эдгээр нь аль ч улсад байдаг, тогтчихсон хяналтын систем юм.
Мэргэжлийн хяналт ба төрийн хяналт шалгалт нь хоорондоо хянуулж байгаа субъект болон авдаг арга хэмжээгээрээ хоёр өөр хяналтын систем юм. Жишээ нь Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд чиглэгддэг ба илэрсэн зөрчилд нь эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол торгууль, шийтгэвэр ногдуулдаг. Харин төрийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтанд чиглэгдэж илэрсэн зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол албан тушаал бууруулах, ажлаас халах арга хэмжээ авдаг байна.
Гэтэл манайд Мэргэжлийн хяналтын газар нь мэргэжлийн хяналт, төрийн хяналтыг бүгдийг нь хамт хийдэг. Хуульд ч Мэргэжлийн хяналтын үүргийг “хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” үүрэгтэй гээд ерөнхий томъёолчихсон байдаг.
Хэдийгээр манайд мэргэжлийн хяналтын газар бүх төрлийн хяналтыг хамтруулан хэрэгжүүлдэг ч гарсан зөрчилд зөвхөн мэргэжлийн хяналтын зүгээс авдаг торгууль шийтгэвэрийн арга хэмжээг ноогдуулдаг. Жишээ нь нэг шалгалтаар 10-н жилийн сургуулийн захирал 32 сая төгрөг идчихсэн тохиолдол гарч байсан. Түүнд торгуулийн арга хэмжээ авсан, учируулсан хохиролд нь акт тавьсан. Ажлаас нь бол халаагүй. Учир нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд ажлаас халах тухай заалт байдаггүй. Захирал ажлаа хуучнаараа үргэлжлүүлэн хийх хугацаандаа актаар тавигдсан төлбөрөө төлсөн. Харин түүнийг төлөхийн тулд захирал төрийн мөнгийг илүү боловсронгуй аргаар идэж, урьд идсэн мөнгөө төлсөн байх боломжтой.
Энэ бүхнийг тайлбарлахын учир нь манайд хариуцлагын тогтолцооны нэг гол зохицуулалт болох хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авдаг механизм нь байхгүй байгаа юм.
Энэ бүхнээс үүдэн “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-г дараахь байдлаар шинэчлэн найруулах шаардлагатай байна.
1.                             Төрийн хяналт шалгалтыг төрийн албаны хяналт, мэргэжлийн хяналт гэж хоёр хуваагаад, төрийн албаны хяналтыг төрийн албан хаагчийн хариуцлагын ба санхүүгий хяналт гэж мөн хуваагаад эдгээр хяналтыг зохион байгуулах тухай бүх зохицуулалтыг тусгай бүлгүүд болгон хуульд тусгах, төрийн албаны хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын статусыг тодорхой болгох.
2.                             Хуулийн зорилт нь төрийн байгууллагуудад төрөөс хөндлөнгийн хяналтыг хийх асуудлыг зохицуулж байгаа тул уг хуулиас байгууллагын, салбарын дотоод хяналтын талаар бичсэн зохицуулалтуудыг хасах
3.                             Улсын байцаагч хяналтаа тавиагүй буюу тэдгээрийн хяналтад байгаа объектод аваарь осол гарсан нөхцөлд тэд тодорхой хэмжээний хариуцлага хүлээдэг тогтолцоог хуульчилж оруулах. Өнөөдөр улсын байцаагч нар хяналтаа бүрэн хэрэгжүүлдэггүй, өөрөө өөрсдийгөө хянах тухай ухуулж явдаг болсон ба аливаа осол зөрчилд тэд ямарч хариуцлага хүлээдэггүй. Уг нь мэргэжлийн шинжтэй аливаа зөрчлийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтыг бий болгосон юм.
4.                             Улсын байцаагчийн тавьсан шаардлага, авсан арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байгаа зөрчил гаргагчид авах арга хэмжээг тодорхой болгох. Өнөөдөр улсын байцаагчийн лацдаад явсан үйлдвэрийг шууд нээгээд ажиллаж байна, улсын байцаагч нар хууль зөрчөөд барьчихсан байшинг нураалгаж чадахгүй байгаа зэрэг нь эдгээрийг гүйцэтгэх хуулийн зохицуулалт байхгүйтэй холбоотой юм

Дээрх өөрчлөлтийг хуульд оруулахад хуучнаар нь үлдээх өгүүлбэр бараг үлдэхгүй тул энэ хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй болж байгаа ба энэ хууль нь “Төрийн албаны хариуцлагын тухай” хуулийг хэрэгжүүлэх гол хууль юм.


                                                    2013-11-20

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...