Нэг. Ерөнхий зүйл
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг нь товчхондоо Монголд үйлдвэрийг бодлоготойгоор, тодорхой үе шаттайгаар барьж байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйлдвэр л байвал бариад байна гэсэн үг бол биш юм.
Үйлдвэрлэл хэд хэдэн үе шатаар хөгждөг ба өнөөдөр бидэнд үйлдвэрлэлийн хөгжлийн анхны шат болох иргэдээ тансаг биш хэрэглээний хүнс, хувцсаар бүрэн хангах хэмжээний үйлдвэрүүдийг бий болгох, гэхдээ үүнийг түүхий эдийг нь түшиглэж хөдөө орон нутагт нь, аймаг, сумдад олноор байгуулагдаад зах зээлийн жамаар өрсөлдөөд, үнэ нь бодит байдалдаа очиж, дундаас нь брэндүүд тодроод, гаднаас энэ төрлийн бүтээгдэхүүн оруулдаггүй байхад голлон анхаарах явдал юм.
Энэ нь аймаг бүр, сум бүр өөртөө тараг, сүүгээ ариутгаад савлачихдаг, ноос ноолуураа боловсруулдаг, хүнсний ногоо, махаа лаазалдаг, хиамаа хийчихдэг, гурилан бүтээгдэхүүнээр орон нутгаа хангадаг, арьс шир, ноос ноолуураа анхан шатны хэмжээнд боловсруулдаг түүгээрээ зарим бараа, материалаа үйлдвэрлэчихдэг болох хэрэгтэйг хэлж байна. Урьд Хархорины гурил сайн гэж ярьдаг байсан, өнөөдөр Увсын чацаргана сайн гэж ярьж байгаачлан ирээдүйд Ховдын хиам, Өмнөговийн сүү, Завханы эсгийг олж авахаар хүмүүс зүтгэдэг, цаашилбал аймаг дотроо Булган сумын савласан сүү Буянтын урласан гутал, Зэрэгийн дарсан ногоог хүмүүс булаацалддаг болох нөхцлийг хэлж байгаа юм.
Гэхдээ үүнд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байдаг ба энэ нь түүний хөгжлийг түргэтгэж өгдөг.
Жижиг дунд үйлдвэрлэл нь үндэсний үйлдвэрлэлийн нэг хэсэг юм. Энд дараах төрлийн үйлдвэрүүд багтана.
1. Өдөр тутмын хэрэглээний хүнсний хэрэгцээгээ өөрсдөө бүрэн үйлдвэрлэж хүнсний хувьд гадаадаас хамааралгүй болох. Үүнд дараахь бүтээгдэхүүн хамаарна:
- Сүү бүтээгдэхүүнүүд
- Гурил, гурилан бүтээгдэхүүнүүд
- Мах, махан бүтээгдэхүүнүүд
- Хүнсний ногоо, жимс
2. Өргөн хэрэглээний хувцсаар иргэдээ бүрэн хангах Үүнд дараахь бүтээгдэхүүн хамаарна
- Ноосон утас, даавуу, хувцас, гутал
- Ноолууран утас даавуу, хувцас
- Нэхий, нэхий эдлэл, дээл
- Шир, шевро материал, савхин эдлэл, гутал
3. Гэр ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Үүнд дараахь бүтээгдэхүүн хамаарна
- Гэр, гэрийн хэрэгсэл
- Гэр ахуйн тавилга
- Гал тогооний хэрэглэгдэхүүн
- Ахуйн бусад хэрэглэл
4. Үйлдвэрлэлийн багаж, жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
5. Хот тохижилт, аж ахуйн нэгжийн хэрэглээний материал
Хоёр. Дээрх үйлдвэрүүдийг Монголд хөгжүүлэх боломж
1. Дээрх үйлдвэрүүдийн техник технологи нь дэлхий нийтээр нууц биш болчихсон тул гадны хийц, технологийг шууд хуулаад ашиглах боломжтой байгаа
2. Манай нийт хүн амын нийтлэг хэрэгцээг хангах эхний гурван төрлийн үйлдвэрлэлийн техник технологи нь Монголд танигдчихсан, түүнийг дэлгэрүүлэн хэрэгжүүлэхэд төвөггүй болчихсон байгаа
3. Эхний гурван төрлийн үйлдвэрлэлийг гар аргаар хийж ирсэн Монголын арвин их түүхэн уламжлалт, технологи байдаг ба эдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх цаашилбал гадаадад сурталчлан дэлгэрүүлэх боломжтой байдаг
4. Дээрх үйлдвэрүүдийн судалгааг хийж Монголын нөхцөлд тохируулан жижигсгэн өөрчлөх чадвартай эрдэмтэд, инженерүүд манайд хангалттай байдаг. Харамсалтай нь тэдгээр нь хамгаалахад хялбар, аар саархан сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн болоод явж байдаг.
5. Дээрх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үйлдвэрлэчих металл боловсруулах үйлдвэрүүд Монголд бас олон байдаг. Харамсалтай тэдэнд хийх ажил нь ховор тул хайс, хашаа хийж амиа зогоож байна
6. Дээрх үйлдвэрүүдийн техник технологийн болон үнийн гадаад зах зээлийн судалгаа хийх нь манай мэргэжилтнүүдэд мэдээллийн технологийн ачаар төвөггүй болчихсон байдаг ба энэ ажлыг төрөөс санхүүжин гүйцэтгэдэг байгууллага / МХАҮТанхим/ ч байдаг. Харамсалтай нь тэднээр хийлгэх захиалга байдаггүй мөн тэднээс мэдээлэл авахад төлбөртэй бөгөөд хөдөө орон нутагт мэдээлэл нь хүрдэггүй
7. Дээрх үйлдвэрлэл хөгжих түүхий эд нь Монголд бүгд байдаг ба химийн болон төмөрлөгийн үйлдвэрлэлийн түүхий эдээс бусад түүхий эд нь өнөөдөр үйлдвэрлэлд хэрэглэхэд бэлэн байгаа
8. Дээрх үйлдвэрлэлийн түүхий эд нь эко түүхий эд тул гарсан бүтээгдэхүүнээ хэрэглээд гадны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь бидний эрүүл мэндэд сайн нөлөөтэйгээс гадна, гадаадад сайн сурталчилсан нөхцөлд өрсөлдөх чадвараар сайн байна
9. Түүхий эдийхээ байрлалаас хамаарч тэдгээрийн анхан шатныхаа боловсруулалтыг хөдөө орон нутагт нь хийх шаардлагатай ба энд ажилгүйдлын ихэнх хэсэг нь байдаг тул боловсон хүчний хүртээмж сайтай
Гурав. Монголд жижиг дунд үйлдвэр хөгжихгүй байгаа шалтгаан
1. Иргэд гол нь дээрх үйлдвэрүүдийн гол түүхий эдийн эзэд болох хөдөө орон нутгийн иргэд эдгээр үйлдвэрийн техник, технологийн талаар ойлголт, мэдэгдэхүүн байхгүй байна
2. Хөдөө орон нутгийн иргэд жижиг дунд үйлдвэр байгуулан ажиллах ТЭЗҮ боловсруулах, түүнийг ашиглах мэдлэг чадвар байхгүй байна
3. Дээрх жижиг дунд үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмжийн зах зээлийн байдал, үнэ ханшийн талаар мэдээлэл иргэдэд хүртэхгүй байна, тэд өөрсдөө бие даан олж авч чадахгүй байна
4. Үйлдвэр байгуулах санхүүгийн эх үүсвэр байдаггүй, банкнаас зээл авах гэхээр барьцааны хөрөнгө байхгүйгээс үйлдвэр байгуулах хэмжээний зээл олддоггүй байна.
5. Монголын эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд дээрх жижиг үйлдвэрийн техник, технологийг Монголын орон нутгийн хэмжээнд тохирох байдлаар жижигсгэн үйлдвэрлэх эрдэм шинжилгээ судалгааний ажлыг хийхгүй байна. Энэ ажлыг хийхийг төрөөс чиглүүлж дэмжихгүй байна
6. Зарим нэг эрдэмтэн, инженерийн өөрсдийн хийсэн жижиг үйлдвэрлэлийн техник, технологийг туршин зүгшрүүлэх газар байдаггүй, тэдэнд үүнд зарцуулах хөрөнгө байдаггүй тул хийсэн ажил, гаргасан санаа нь үйлдвэрлэлд нэвтэрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл Монголд эрдэмтэд, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг холбосон туршилт үйлдвэрлэлийн төв байдаггүй. Үүнийг аль нэг хувийн байгууллага хийдэггүй, зөвхөн төрөөс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор, санхүүжүүлэн хийх шаардлагатай байдаг.
7. Монголд хот байгуулалт, дэд бүтэц гэх мэт бусад чиглэлээр төрийн мөнгөөр худалдан авдаг бараануудыг нэгтгэн, бүртгэж, өөрийн хүч бололцоогоор хийж болох хэсгийг нь ялган, тэдгээрийг үйлдвэрлэх шинэ үйлдвэрүүдийг байгуулах юм уу үйлдвэрлэгч нарт тараан үйлдвэрлүүлэх зохицуулалт хийгддэггүй. Жишээ нь гудамжны гэрлүүдийг Монголдоо хийж болох байтал гадаадаас авдаг, Монголдоо хотын эко тээврийн хэрэгсэл болох троллейбус үйлдвэрлээд байхад Солонгосоос дизель хөдөлгүүртэй автобуснуудыг гурав, дөрвөн зуугаар нь худалдаж аваад байдаг г. м бид өөрсөддөө байгаа маш их нөөц бололцоогоо ашиглахгүй байна
8. Төрөөс үндэсний үйлдвэрийг дэмжихдээ тоног төхөөрөмжийх нь импортын татварыг хөнгөлөх төдий ажил хийдэг, сүүлийн үед хязгаарлагдмал зээл олгож байна. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрийг бий болгох, хөгжүүлэхэд эрдэмтэд, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн дээр дурдсан энэ салангид харилцааг зохицуулж, нэгтгэх төрийн марктенгийн бодлого дутагдаад байгаа ба тэнд ажилладаг төрийн албан хаагчид нь үйлдвэрлэлийн талаар мэдлэг чадвар дутмаг байна
9. Зарим үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах гэхээр Хятадын хямд боловч чанар муутай бараанууд орж ирээд борлуулалтыг нь хаачихаад байна Өөрөөр хэлбэл Монголд үйлдвэрлэл хөгжиж эхлэх явцад нь гадны чанаргүй хямд барааг Монголд оруулахгүй байж, тэдний хөгжлийн анхан шатанд нь хамгаалах инкубаци хэрэгтэй байдаг
10. Эдгээр үйлдвэрлэл, гол нь үйлдвэрлэлийн дээрх таван төрлөөс сүүлийн хоёр төрлийн үйлдвэрлэл хөгжихөд гол нөлөө үзүүлдэг төмөрлөгийн үйлдвэрлэл, нефт химийн үйлдвэрлэлийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай байтал одоо болтол эхлээгүй байна
11. Хөдөө орон нутгаа бүрэн цахилгаанжуулж чадаагүй байгаа
Дөрөв. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хийгдэх ажлууд
А. Жижиг дунд үйлвэрлэлийг хөгжлийг түргэсгэх, Монгол орны нөхцөлд тохирсон техник, технололгийг бий болгох төрийн зохицуулалтын талаар
1. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд жижиг дунд үйлдвэрийн технологи боловсруулах, тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэх зураг, төслийг захиалан гүйцэтгүүлэх. Гэхдээ энэ нь шинээр зохион бүтээх асуудал биш өнөөдөр гадны орнуудад болон Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа үйлдвэрийг хуулбарлах, зарим нэгийг нь жижигсгэн өөрчлөн боловсруулах талаар ажиллахыг хэлж байна. Энэ ажлын бүтээмжээс нь хамааруулж эрдэм шинжилгээний ажилтнуудад эрдмийн зэрэг олгодог системийг бий болгох
2. Томоохон ажилд олон салбарын эрдэмтэдийн хамтарч ажиллах боломжийг бий болгох, хийсэн бүтээгдэхүүнд нь туршилт хийдэг, туршилтын төхөөрөмжийг нь үйлдвэрлэгчид шилжүүлдэг зориулалт бүхий шинэ техник, технологийн туршилт, үйлдвэрлэлийн төвийг төрийн хөрөнгөөр бий болгож, улмаар төрөөс санхүүжүүлэн хөл дээр нь босгож, цаашид өөрөө өөрийгөө санхүүжүүлэн ажиллах боломжийг бий болгох.
3. Хувьдаа металл боловсруулах үйлдвэртэй бизнес эрхлэгчдийн чадамжийн судалгаа явуулж, туршигдаад гарсан загварыг ажлын зургийн дагуу захиалгаар үйлдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах
4. Арилжааны банкуудад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин бага хүүтэй зээл олгуулах ажлыг зохион байгуулах. Гэхдээ банкны зээлийн эрсдлийг хамгаалахын тулд зээлийг зээл авагчид бэлэн мөнгөөр өгөхгүй үйлдвэрийн төхөөрөмж нийлүүлж байгаа газарт нь зардлыг нь шилжүүлж тоног төхөөрөмжийг нь зээлдэгчид нийлүүлж, түүнийг нь барьцаалах ба харин үйлдвэрлэл эхлэх үеийн эргэлтийн хөрөнгө болон тээврийн зардалд тохирох хэмжээний мөнгийг үйлдвэрлэгчийн өөрийх нь хөрөнгийг барьцаалан олгох хэлбэрээр зохицуулах юм.
5. Ийм зээл авч үйлдвэрлэл эхэлж байгаа компанийг эхний 1-3 жилд нь зээлийн төлөлт, татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээг авах.
6. Жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг жижиг бизнес эрхлэгчдэд банкны лизингээр өгөх боломжийг бий болгох
7. Хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг гадны чанаргүй хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхгүй байх үүднээс эхний ээлжинд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирэхийг хориглох, дараагийн шатанд орон нутагт үйлдвэрлэж байгаа бараатай ижил төстэй барааг гадаадаас оруулахдаа гаалийн татвараар хязгаарлах бодлого явуулах.
8. Монгол брэндийг бий болгох, дэлхий нийтэд сурталчилах ажилд төрийн дэмжлэг үзүүлэх.
9. Шударга бус өрсөлдөөний тухай хуулийг бий болгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах, үүний тулд өрсөлдөөний агентлагийг бий болгох
11. Нинжа нарыг гар аргаар ашигт малтмал олборлогч болгох талаар төрөөс зохион байгуулалтын арга хэмжээ авах
Б. Иргэдэд, хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрийн техник, технологийн талаар, ТЭЗҮ хийх аргачилалд сургах сургалтыг өргөнөөр зохион байгуулах ажилд төрийн бус байгууллага, гадаадын санхүүжүүлэгч нарыг чиглүүлэх, тэдгээрийн ажлын үр дүнд хяналт тавьдаг байх талаар
1. Хөдөө орон нутгаас үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой, бизнесийн сэтгэлгээтэй хүмүүсийн бүртгэлийг гаргаж, үйлдвэрлэлийх нь төрөл, чиглэлээр бүлэглэн ангилаад, тэдэнд тухайн үйлдвэрийн төсөл хийх аргачилал, үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийг ажиллуулахад нь сургах бодитой сургалтыг гадаадын төсөл, хөтөлбөр болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэн сургах ажлыг орон нутгуудад өргөнөөр зохион байгуулах.
2. Жижиг үйлдвэрийн төрөл бүр дээр ТЭЗҮ-г боловсруулаад орон нутгийн иргэдэд тэдгээрийг ашиглуулах, тэднийг өөрсдөө ТЭЗҮ хийхэд суралцах сургалт явуулах
3. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жижиг дунд үйлдвэрийн техник, технологийн зах зээлийн судалгаа хийж, тэдгээрийн зураг, ашиглах заавар, үнэ, харилцах хаягийг тусгасан альбом гаргаж, орон нутгуудад байнга шинэчлэн, олшруулан түгээх ажлыг зохион байгуулах
4. Гадаад орноос манай орны өвөрмөц онцлогт тохирох бага оворын тоног төхөөрөмжийг нийлүүлэх судалгаа хийж нийтэд түгээх
5. Жижиг үйлдвэрийн техник, техногийг үйлдвэрлэдэг, гаднаас оруулан ирж борлуулдаг сүлжээ бий болгох
В. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд нөлөөлөх бусад салбарыг хөгжүүлэх талаар
1. Эдгээр үйлдвэрлэлийг явуулах төмөр материалын хэрэгцээг дотоодод бага үнэтэйгээр нийлүүлэх төмрийн үйлдвэрийг бий болгох ажлыг зохион байгуулах. Түүнийг бий болох хүртэл улсаас экспортолж буй зарим бүтээгдэхүүнийхээ оронд өндөр биш үнээр төмөр материал солилцон авах ажлыг зохион байгуулж, дотоодын зах зээлийг өндөр биш үнэтэй төмөр матеиалаар хангах
- Нефт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж түүний үр дүнд бий болдог полимер эдлэлийн үйлдвэрлэлийн түүхий эдийг гаргаж авах.
- Гадны хөгжилтэй улсын тэр дундаас Япончуудын хэрэглэдэг эрүүл хүнсний бүтээгдэхүүнээ Монголын ХАА-гаас бэлтгэн авах нөхцлийг бий болгох
- Хятадын зах зээлийн өсөж байгаа хэрэглээнд судалгаа хийж түүнийг хангах чиглэлийн үйлдвэрийн бодлогыг явуулах
- Өмнөговь болон говийн бүсийн аймгуудад Израйл улсын туршлагаар жимсний аж ахуйнуудийг хөгжүүлж өөрийн орныг жимс, жимсгэнээр бүрэн хангадаг болгох.
Ийм байдлаар хөдөө орон нутгын иргэд, бизнес эрхлэгчдийг үйлдвэр байгуулах эдийн засгийн тооцоог хийх, ажиллуулах технолгид нь суралцуулж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нь хямдаар олж өгөх буюу үйлдвэрлээд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийг мөнгөөр нь биш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр нь буюу лизингээр олгох, зах зээлийн судалгааг нь хийж өгөх маягаар орон нутагт үйлдвэрлэл хөгжих боломжийг бий болгох.
Дээрх арга хэмжээг авснаар орон нутагт үйлдвэрлэл хөгжиж, малчид тариаланчдын бүтээгдэхүүн орон нутагтаа борлогдож, Улаанбаатараас хөдөө орон нутаг руу зөөдөг барааны төрөл, хэмжээ багасаж, олон хүнийг ажлын байраар ханган, орон нутгын төсвийн орлого сайжирч улмаар иргэдийн аж амьдралын түвшин дээшилж, эрүүл ахуйд хоргүй хүнс хэрэглэдэг болох юм
Ийм маягаар төр нь иргэддээ бэлэн загас барьж өгөх биш загас барих аргад нь сургах чиглэлээр ажиллах ёстой.
Г.Батсайхан. 2011.10.03
No comments:
Post a Comment