Monday, October 3, 2011

Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах үндэслэл

Манайд сонгуулийн можаротари эсвэл порпорциональ системийн алийг хэрэглэх нь илүү байх талаар улс төрчид их маргалдаж байгаа. Уг нь манай сонгуулийн үр дүн байнга хэрүүл дагуулдаг нь сонгуулийн системдээ гол нь байгаа юм биш, харин түүнийг яаж хэрэгжүүлж байгаа арга механизмдаа байдаг. Хэрэв дараагийн сонгуульд өнгөрсөн сонгуулийн адил луувир, булхиагаа хэрэглэх юм бол ямар ч системээр сонгууль явуулаад нэмэр болохгүй.
Манайд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн сурталчилгааныхаа ажилд их зардал гаргадаг. Түүнээс гадна нэр дэвших эрх олж авахын тулд түүнээс ч дутахгүй зардал гаргана. Энэ нь намын үндэсний зөвлөлдөх хороо ч юмуу бага хурлын гишүүн байхын тулд жил бүр их хэмжээний мөнгө төлдөг, тэгээд нэр дэвших эрх олж авахын тулд мөн мөнгө төлдөг гэх мэтийг хэлж байгаа юм.
Иймд мөнгөгүй хүн бол хичнээн мэдлэг чадвартай байсан ч, хичнээн эх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй байсан ч их хуралд нэр дэвших, сонгогдох боломж байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл ямар нэг хэмжээгээр их хэмжээний мөнгө олсон хүн л улс төрд орж төрийг удирдана гэсэн үг. Харин тэр их хэмжээний мөнгө шударга замаар олдоно гэвэл бараг үгүй гэж хэлж болно. Шударга хөдөлмөрөөрөө их хэмжээний мөнгө олж чадсан хүн бол сонгуульд оролцохыг нэг их хүсэхгүй, харин бизнесээ өргөтгөн үргэлжлүүлэх сонирхолтой болчихсон байдаг. Тэгвэл өнөөдөр төрд буруу замаар мөнгө олж чаддаг, “луйварчид” гарахаас өөр аргагүй болчихсон байна гэсэн үг юм.
Яагаад ийм болчихвоо гэхээр манай сонгуулийн систем тийм болчихжээ гээд толгой сэгсэрнэ. Тэр систем нь хаанаас тийм болчихсон юм бэ гэвэл хууль гаргаж байгаа хүмүүс өөрөөр хэлбэл энэ сонгуульд ялж гарсан хүмүүс ийм систем бий болгосон ба энэ системийг үгүй болгох сонирхолгүй байгаа явдал юм.
            Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд манайхан эхнэрээ худалдахаас наахнуур арга хэрэглэж, өр зээл тавин байж хэдэн төгрөг олдог, мөн дээр нь хандив цуглуулдаг ба тэр нь хандив өгөгчдийг том албан тушаалд тавих, эсвэл тэдэнд төрийн мөнгийг идэх боломж олгохоо амлаж байж бүтнэ. Эд бүгд өр. Хэрэв тэр нэр дэвшигч маань сонгогдвол эхний ээлжинд тавьсан өрөө төлөх асуудал нь сонгогдсон өдрөөс нь эхлээд зовоож өгнө.
              Уг нь их хурлын гишүүнд цалин хангамжаас өөр орлого байх ёсгүйгээс гадна аль нэг хүнийг албан тушаалд томилох эрх бас байдаггүй. Гэтэл өрөө яаж төлөх билээ. Тиймээс хууль бус ажилд хутгалдаж эхэлдэг. Тэр нь замраад юун улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллах тангараг, мангараг хамаагүй болж өөрийгөө аврахын төлөө ажиллахаас өөр аргагүй болно. Өөрийгөө аврах ажил нь амжилттай болоод өр ширээ төлчихвөл “одоо эх орныхоо төлөө ажиллая” гэж эргэх цаг өнгөрчихсөн байдаг ба амжилтандаа амтшан улам шунаж эхэлдэг нийтлэг дүр зураг харагдаад байдаг.
            Иймд сонгуулийн тухай хуулийн нэг концепц нь сонгуульд нэр дэвшихэд заавал их мөнгө зарахгүйгээр, нэр дэвшигчдээс тэдний төрийг удирдах мэдлэг чадвар, түмний төлөө гэсэн сэтгэлээр нь сонгох нөхцлийг бүрдүүлэх явдал юм.
Үүний тулд: 1.Улсын их хурлын гишүүний эрх үүргийг, мөн нэр дэвшигчийн амлаж болох ба болохгүй зүйлийг, сонгуулийн тухай хуулийг, мөрийн хөтөлбөр гэж юу болох, ямар агуулгатай байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилахыг хуульчилж өгөх шаардлагтай байдаг /Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 9,3 дахь заалтыг өргөтгөх/.
Өнөөдөр  сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их хурлын гишүүний эрх үүргийг зөв сурталчилдаггүй, тэдний тойргыхоо иргэдэд туслах үүрэгтэй, тухайн тойргын элч төлөөлөгч мэтээр нийтэд ойлголт төрүүлдэг тул сонгогчид мөнгө өгөх юмуу тойрогтоо ямар нэг зүйл хийж өгсөн, тойрогтоо хөрөнгө оруулалт хийдэг хүнийг үүргээ сайн биелүүлдэг сайн гишүүн гэж ойлгодог болсон.
2. Бага зардлаар нэр дэвшигч сурталчилгаагаа хийх, тэдний мэдлэг, чадвар, түмний төлөөх сэтгэлийг таньж мэдэх механизмыг сонгуулийн хуульд суулгаж өгөх шаардлагатай байдаг. Үүний сонгодог арга нь халз ярилцлага зохион байгуулах. Үүний тулд тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд төрөл бүрийн хэлбэрээр 3-аас доошгүй удаа телевизийн болон сонины халз ярилцлагыг зохион байгуулах ба зардлыг нь улсаас дааж / Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 10,1 дахь заалтыг өргөтгөх/, бичлэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэллээр болон нэр дэвшигч нар хувиараа сурталчилах боломжийг олгох, харин халз ярилцлагын агуулгыг өөрчлөн сурталчилсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл арга хэмжээ авахаар хуульчилах шаардлагатай юм.
Ингэснээр нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид таньж мэдэх хамгийн хямдхан арга бөгөөд өөр ямар нэг сурталчилгаа хийхгүйгээр уг халз ярилцлагуудыхаа бичлэгийг хүн бүрд хүргэн, сурталчлах ажил хийх нөхцөлд бага зардлаар сонгуульд оролцох боломжтой болох ба сонгогчид нэр дэвшигчдээс сайныг нь сонгох магадлал өндөр байх болно.
3. Намын гишүүн намдаа их мөнгө төлж байж нэр дэвших эрх олж авдаг системийг хуулиар хориглох
4. Нэр дэвшигчийг зөвхөн мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх ба аливаа амлалт өгсөн нөхцөлд нэрийг нь саналын хуудаснаас хасах арга хэмжээ авахаар тусгах.

Түүнээс гадна сонгууль явуулах үйл ажиллагаанд маш их булхиа хийгддэг. Үүнийг МАН, АН хоёр өрсөлдөн хийдэг тул хэн хэнийгээ шүүмжилдэггүй, хуульд ч үүнийг үгүй хийх талаар хатуу заалт оруулдаггүй юм. Жишээ нь: Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулах, сонгогчдыг төөрөгдүүлж санал авах, санал худалдаж авах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг буруу гаргах, хүнд давхар иргэний үнэмлэх бичиж өгөх, хүмүүсээр давхар санал өгүүлэх гэх мэт олон арга байдаг байна.
Дээрх луйврын аргыг сонгуульд хэрэглэсний төлөө ногдуулах хариуцлага гэж байдаггүй тул сонгууль явагдсаны дараа хүн бүр, нам бүр сонгууль хууль бус явагдсан тухай яриад байх боловч тэнд буруутан нь олддоггүй бүх нам хохирогчид болж хувирч байгаа дүр эсгэн, жүжиг тоглодог ба түүний гол шалтгаан нь хуульд энэ асуудлыг зохицуулах механизм тодорхой бус, ямар арга хэмжээ авах нь тусгагддаггүйтэй холбоотой.
Иймд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр дахь том концепц нь сонгуулийн үед гардаг элдэв булхиа, луйврын аргуудыг гаргахгүй байх талаарх зохицуулалтыг хуульд нарийн зааж өгөх явдал юм.
            Хэдийгээр сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчтэй холбоотой зарим заалтыг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар заасан байдаг боловч дээр дурдагдсан булхиатай үйлдлүүдэд бол иргэн албан тушаалтныг 200 мянга хүртэл, нам эвслийг 900 мянга хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар заасан байна. Энэ нь сонгуульд зарцуулагдаж байгаа мөнгөний дэргэд өчүүхэн зүйл бөгөөд санаатайгаар булхиа хийгээд л уг торгуулийн мөнгийг нь төлчихөөд ялалт байгуулах боломжийг бий болгосон байна.
Иймд сонгуулийн хуулинд дараахь асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай:
1. Нэр дэвшигчийн саналын тоонд нөлөөлөх зөрчил бүрд нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах, хэрэв саналын хуудсыг дахин хэвлэх цаг хугацааны хувьд боломжгүй болсон нөхцөлд түүнд өгсөн саналыг хүчингүй болгох юмуу авсан саналын тоогоор 2 дугаарт орсон нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох буюу уг нэр дэвшигчийг хасан дахин санал хураах эсвэл зөрчил гаргагчийг эрүүгийн хариуцлагад татах арга хэмжээ авахаар заах нь зүйтэй байна.
2. Дээрх арга хэмжээг авахад сонгуулийн хугацаанд, сонгуультай холбоотой маргааныг шийдэхэд хуулийн байгууллагыг онцгой дэглэмээр ажиллуулж асуудлыг цаг алдахгүй газар дээр нь шийддэг, эсвэл хуулийн байгууллагаар оруулахгүйгээр олон нийтийн байгууллага асуудлыг шийддэг байдлаар хуулийн зохицуулалт хийх.
3. Сонгуулийн хуулинд гадаадад амьдарч байгаа иргэд санал өгөх эрхтэй талаар тусгасан боловч түүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхой бус байгааг нарийвчлан тодорхой болгож булхиа гарах бас нэг нөхцлийг үгүй болгох.
            4. Сонгуулийн тухай хуульд бие даан нэр дэвших нөхцөлд 801 хүний дэмжлэг авсан байх ба тэр нь тухайн тойргийн сум, баг, хороо бүрээс төлөөлөл орсон байх тухай заасан нь бие даан нэр дэвшигчийг хавчих маягтай заалт болсныг өөрчлөх.

Г.Батсайхан. 2011.10.03

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...