1. Засгийн газрын бүтцийг бий болгох болон төрийн бодлого боловсруулахад туслах судалгааны институтыг бий болгоогүй
Өнөөдөр төр, Засгийн газраас тэдний хийх шаардлагагүй олон ажлыг гүйцэтгэдэг мөн олон ажлыг давхардуулан гүйцэтгэдэг ба хийх ёстой бас багагүй ажлыг орхигдуулдаг. Өөрөөр хэлбэл төр, засаг яг ямар ажлыг нь, төрийн бус байгууллага яг ямар ажлыг нь, хувийн хэвшлийн байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага, орон нутгийн байгууллагууд г.м олон байгууллагууд юу юуг нь хийх ёстойг судлаад хийх ёстой ажлын жагсаалт гаргаад, түүнийг үндэслэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг гаргаж байх ёстой байдаг.
Нэгэнт төрийн гүйцэтгэх үүрэг тодорхой болсон нөхцөлд Монголд ямар Яам Агентлаг байх, ямар газар хэлтэстэй байх, тэдгээр нь ямар ямар мэргэжлийн хэдэн хүнтэй байхыг тодорхойлдог
Гэтэл манайд хүнд зориулж Яам байгуулдаг, хэн лобби сайтай нь Агентлаг байгуулж байна. Ийм нэхцөлд төрийн бүтэц данхайхаас өөр аргагүй юм
Өөрөөр хэлбэл төрийн удирдлагын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байх шаардлагатай ба судалгааны үндсэн дээр бодлого шийдвэрүүд гарч байх ажлыг хийхгүй байна.
2. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд авах ёстой арга хэмжээг нь авахгүй байна
Өнөөдөр үндэсний үйлдвэр хөгжүүлнэ гэхээр татварын хөнгөлөлт ярьдаг сүүлийн үед хязгаарлагдмал хэмжээнд зээл олгох тухай ярьж байна. Уг нь орон нутагт сүү цагаан идээ, ноос ноолуураа боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг яаж хийх, хаанаас худалдаж авах, ямар технологиор ажиллахыг мэддэггүй. Ихэнхдээ сумын хэмжээнд ашиглачих бага хэмжээний тоног төхөөрөмж байдаггүй. Гэтэл Улаанбаатарт хийх ажлаа олж ядсан эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүд мөн хийх ажил нь олддоггүй механик цехүүд олон байна. Иймд эрдэмтэд, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон зохион бүтээх туршилтын төвийг төрөөс санхүүжүүлэн ажиллуулах шаардлагатай байдаг. Үүнийг хийхгүй байгаа. Энэ ажлыг хийгээд эхлэхээр үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрөөс яг үйлдвэрлэлтэй холбоотой ямар зохицуулалт хийх нь аяндаа тодроод ирдэг. Жишээ нь манай төмрийн үйлдвэрээс төмрөөр эд анги хийх төмөр материал/барилгын арматураас бусад/ дотооддоо захаар зарагдахгүй байгаа тул төмрийн зах дээр Орос Хятадад үйлдвэрлэгдсэн төмрийг тэндэхийн үнээс 2-3 дахин үнэтэйгээр зарагддаг ба үүгээр хийсэн бүтээгдэхүүн нь гадаадаас орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээс үнэтэй болдог тул зах зээлд өрсөлдөх боломжгүй болдог гэх мэт олон хүндрэл ил гарч эхлэх юм
3.Төрийн өмчит байгууллагын удирдлагыг хөтөлбөрөөр нь шалгаруулж томилоод ажлых нь явцад цаг алдалгүй хяналт тавьж, хэрэв тэд үйлдвэрийг удирдаж чадахгүй нь тогтоогдвол дариу ажлаас халж хариуцлага тооцдог системийг бий болгоогүй
Ингэснээр төрийн өмчит үйлдвэр, байгууллага нь байнга алдагтай ажилладаг, байгууллагын худалдаж авсан бараа нь зах зээлийн үнээс хамаагүй өндөр байдаг, чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт үйлдвэрт тохиолддог аль муу муухай нь шүглэсэн байдаг гэж хэлж болно. Үүнийг төрийн удирдлагууд “төр хамгийн муу менежменттэй байдаг шүү дээ” гэдэг үгээр цагаатгадаг. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлд тухайн үйлдвэрлэлийн талаар мэргэжлийн биш төрийн албан хаагчид, дарга нар томилогддог
Энэ нь тэнд томилогдсон хүн буруу ажилласан нөхцөлд ажлаас халагддаг мөн хийсэн алдаанаас нь хамаараад бусад арга хэмжээ авахуулдаг, мөн тэнд уг үйлдвэрлэлийг явуулдаг чадвартай баг томилогддог тийм системийг бий болгоход л хангалттай юм
4. Малыг төрийн хамгаалалтанд байлгах арга хэмжээ аваагүй
Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж заасан байдаг. Өнөөдөр мал сүргийг төр хамгаалдаггүй. Малаа зуданд үхэхээр нь нийт татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн авч өгдөг. Энэ нь малыг хамгаалж байгаа биш хариуцлагагүй малчныг хамгаалж байгаа асуудал юм.
Уг нь төрөөс дараах 2 асуудлыг зохион байгуулах ёстой
1. Малын эмчилгээ, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ төр хариуцан гүйцэтгээд зардлыг нь малчнаас малаар авч мал эмнэлгүүдийг өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллуулах
2. Зуд болоод машин явах боломжгүй болсон үед малчдад өвс хүргэж өгөх ажлыг гүйцэтгэх биш малчин бүрд малын тоо хэмжээ, орон нутгын онцлог, цаг агаарын урьдчилсан прогнозоос хамааруулж намар цагт тэдний өвөл хэрэглэх өвсийг албадан өгч төлбөрийг малаар авах.
Эдгээр ажлыг улсын мэдлийн мал эмнэлгийн байгууллага өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх хэлбэрээр, хариуцан гүйцэтгэх боломжтой бөгөөд малчидад дээрх зардлыг төлөөд малаа өсгөх боломжтой байх сүргийн бүтцийн тооцоог хийж өгдөг байх ёстой. Энэ ажил хийгдэхгүй байна
5. Гадаадын хандив, тусламжийн мөнгийг зохистой ашиглах систем бий болгоогүй байгаа
Манайд гадаадын хандив тусламжаар маш их хэмжээний мөнгөөр төслүүд хэрэгждэг Тэдгээрийг нэгтгэн зангидаж чаддаггүйгээс маш их мөнгө үргүй зарцуулагддаг, олон давхардсан ажил хийгддэг. Нэг Яам дээр нэг ижил сэдвээр 3 төсөл хэрэгжиж байгаа жишээ хүртэл байна. Тэдгээрийн ихэнх мөнгө нь ашиггүй сургалт хэрэгцээгүй ном, гадны чадваргүй мэргэжилтны цалинд, төслийн багийн гадаадад аялах зардалд годуу зарцуулагддаг Хэрэв эдгээрийг нэгдсэн бодлогоор ашиглавал Монголд маш олон асуудлыг шийдвэрлэх нөөц байгааг ашиглаж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна
6. Өнөөг хүртэл эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж чалахгүй байна
Уг нь манай урд хил дээр Эрээн гэдэг хот хөгжөөд байгаа бэлээхэн жишээ байхад Ядаж Алтанбулагийг энэ жишгээр хөгжүүлчихэж чадахгүй байна. Алтанбулаг нь маш богино хугацаанд Эрээнээс том хот болох боломжтой юм Учир нь тэнд Монгол, Хятад, Оросын хөрөнгө оруулагч нар ажиллах боломжтой байх юм. Байгуулагдахгүй байгаа гол шалтгаан нь тэнд чадварлаг, шударга хүнээр удирдуулах, УИХ асуудлыг ойлгож шийдвэрүүд гаргахгүй байна.
7.Төсвийг төлөвлөдөг ШУ-ны үндэслэлтэй дэвшилтэд аргыг хэрэглэж, төсвийн зарцуулалтын сахилга батыг мөрдөхгүй байна.
Төсвийн бүрдүүлэлтийн эх үүсвэр, тоо хэмжээнээс нь хамаарч, төсвийн зарцуулалтыг төлөвлөдөг. Үүнийг хуулчилж өгдөг. Манайд зарим хуулинд энэ талын тусгал байдаг. Жишээ нь байгаль орчны чиглэлийн хуулинд усны төлбөрийн орлогын 35%-ийг усыг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулна гэж заасан байдаг. Үлдсэн нь төсвийн ерөнхий орлогод орно гэсэн үг. Энд хэрэв ус ашиглалт ихсээд ирвэл түүнийг хамгаалахад гарах зардал даган ихсэнэ гэсэн үг. Ийм маягаар уул уурхайгаас орсон орлогын хэдэн хувь нь дэд бүтцийн хөгжилд, хэдэн хувийг нь боловсролд, эрүүл мэндэд гэх мэт зааж хуульчлах хэрэгтэй байдаг. УИХ тийм эмнэлэг, сургууль барина гэж ярихгүй, тэдэн хувийг боловсролд, тэдэн хувийг эрүүл мэндэд зарцуулна гэдгийг шийдэж өгнө. Харин түүгээр юу хийхээ салбарын яам мэдэх ёстой. /гэхдээ Яамны сайд нь мэргэжлийн хүн байсан нөхцөлд шүү/ Эндээс төрийн албан хаагчийн цалингийн фонд ямар орлогоос бүрдэх нь тодорхой болдог ба энэ хэмжээнд засгийн газар бүтцээ бий болгон ажилладаг. Манайд ийм хууль байдаггүй, тооцооны ийм систем ашигладаггүй мөнгө орж ирээд байвал төсвөө тодотгоод л нэмээд байдаг, төрийн аппарат томороод л төрийн албан хаагчид бөөн бөөнөөр Хайнань руу туршлага судлана гэж зугаалаад л ямар ч тооцоо, сахилга батгүйгээр төсөв санхүү явагдаж байна
8. Хариуцлагын тогтолцоог бий болгохгүй байгаа.
Хариуцлагын тогтолцоог бий болгох гол асуудал нь Төрийн албаны хариулагын тухай хууль бий болгох явдал юм. “Хуульд хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэдэг хэллэг байдаг. Энэ нь хүний хийж болох болон болохгүй үйлдлүүдийг хуульд заавал зааж өгдөг ба хуульд тусгагдаагүй аливаа үйлдлийг бол хэн нэгэн үйлдэж болно гэсэн логик юм. Эдгээр заалтыг хуульд хир зэрэг ойлгомжтой, бүрэн тусгаж өгснөөр тухайн хуулийн чанар нь тодорхойлогдоно.
Гэхдээ иргэдийн хийж болох, болохгүй үйлдлийг зөвхөн хуульд зааж өгснөөр бүх зүйл сайн сайхан болчихдоггүй байна. Учир нь уг хуульд түүний хэрэгжих механизмыг бий болгох шаардлагатай байдаг ба энэ нь хуулийг заавал биелүүлүүлэхийн тулд түүнийг зөрчсөн этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг тусгаж өгснөөр хэрэгждэг.
Угаасаа хууль хэрэгжихгүй байгаа талаар дээр дооргүй их ярьдаг ба үүний шалтгаан нь муу сурталчилснаас болж байгаа мэтээр хууль гаргагчид маань ярьдаг. Үнэн чанартаа хууль маань хэрэгжих нөхцөлгүй, чанар муутай, амьдралаас тасархай гардагаас гадна түүнийг зөрчвөл уг этгээд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй буюу уг хуулийг зөрчөөд хариуцлагыг нь хүлээгээд явахад хууль зөрчигч этгээд хохирохгүй харин ч ашигтай байхаар хийгдсэнээс болдог байна.
Хууль зөрчигчидөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ нь хуулийг зөрчсөн нөхцөлд авагддаг ерөнхий арга хэмжээ байхаас гадна тухайн заалтыг зөрчсөнөөр улс, нийгэмд үзүүлэх хор, нөлөө, түүнийг зөрчих хувь хүний сонирхол, зөрчин үйлдсэнээр тухайн этгээд хувьдаа шударга бусаар олж болох ашгийн хэмжээ зэргээс хамаарч янз бүр байдаг.
Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуулиудад түүнийг зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар хангалтгүй зааж өгсөн ба төрийн албан тушаалтан хариуцлагагүй ажилласан нөхцөлд авах арга хэмжээг хуульд огт зааж өгөөгүй байна. Үүнээс үүдэн эмх замбараагүй байдал үүсэх, төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй хандах, иргэдийг хохироох, хээл хахууль өргөжин хөгжихөөс гадна аливаа маргаантай асуудалд зохицуулалт дутагдан, дэмий маргалдан цаг заваа үрэх асуудал дамаангүй УИХ-д гарах болжээ. Жишээлбэл 2007 онд Засгийн газар төсөв хэтрүүлсэн тул түүнийг огцруулах талаар УИХ-н гишүүд хоёр, гурван сар маргалдсан. Уг нь Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар төсвөө хэтрүүлэн зарцуулсан нөхцөлд огцорно” гээд заачихсан бол УИХ-н гишүүд маргалдан хэдэн сарыг барах шаардлагагүйгээр барахгүй Засгийн газар ч төсвөө хэтрүүлэхгүй ажиллах байсан. Ер нь Засгийн газрын тухай хуульд ямар нөхцөлд Засгийн газар огцрох тухай зааж өгсөн байдаг боловч тэднийг төсвөө хэтрүүлсэн нөхцөлд огцорно гэж заагаагүй мөртлөө УИХ-н гишүүд Засгийн газрыг төсвөө хэтрүүлсэн үндэслэлээр огцрох шаардлага тавих нь эрх зүйн хувьд хуулийн хүрээнээс давсан, буруу үйлдэл болж байгаа юм. Энэ бүхэн нь хуульд түүнийг зөрчсөн нөхцөлд ногдуулах хариуцлагыг тусгаж өгөөгүйгээс болсон. Гэх мэт ийм жишээг төрийн албаны бүх төвшинд ярьж болно
Энэ бүхэн нь Монголд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулаад байгаа ба үүнийг хуулийн зохицуулалтаар бий болгодог бөгөөд хууль санаачлагч эрхмүүдийн үндсэн үүрэг нь юм. Гэтэл энэ тогтолцоо өнөөг хүртэл бий болоогүй байгаа ба хариуцлагын тогтолцоо бий болохгүй байгаа шалтгаан нь энэ талаар төрийн түшээд маань мэдэхгүй байгаадаа ч байгаа юм биш зөвхөн ийм тогтолцоо бий болгохыг зарим хүмүүс хүсдэггүйд оршиж байна.
9. Хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарсан аливаа шүүмжлэлийг барагдуулдаг, түүний дагуу арга хэмжээ авдаг байгууллага байхгүй байгаа
Хэвлэл мэдээллийг 4 дэх ч билүү 5 дахь ч билүү засаглал гэж үздэг. Энэ бол хэрэгжүүлдэг газраа үнэн тодорхойлолт юм. Социализмын үед хэн нэг нь хэвлэлээр шүүмжлүүлсэн бол тэр том асуудалд ордог байсан. Энэ бол жинхэнэ засаглал мөн. Өнөөдөр ч гэсэн бидний даган дууриаж байгаа хөгжсөн орнуудад энэ засаглал хэрэгждэг. Харин манайд бол хэрэгждэггүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шүүмжлэлийн дагуу арга хэмжээ авдаг байгууллага, тогтолцоо байдаггүй. Харин бүр хэвлэлээр дандаа худлаа юм бичдэг юм гэсэн ойлголтыг эрх баригчид маань нийтэд түгээж суудаг болсон.
Үүнийг нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийхэн итгээд жинхнээсээ гүтгэлгийн чанартай зүйл бичдэг. Түүнийг нь харин шүүхэд өгөөд арга хэмжээ авчихдаг байна. Үнэн мэдээллийг нь бол би ийм жаахан зүйлээр хөөцөлдөх зав алга, надад ийм зүйл хийх суурь хүмүүжил байхгүй гэж ярьдаг.
Иймд өнөөдөр Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан аливаа шүүмжлэлийн дагуу ажил зохион байгуулж, хэн буруутай этгээдэд нь арга хэмжээ авч дахин ийм асуудал гаргахгүй байх арга хэмжээг авдаг байгууллагыг бий болгох шаардлагтай байгаа ба үүнийг өнөөг хүртэл бий болгоогүй ба одоогийн удирдлагууд үүнийг бий болгохыг хүсэхгүй байгаа явдал юм. Учир нь тэд өөрсдийхөө бульхайтай үйлдлийг түмэнд мэдүүлэхээс айж байгаа.
10. Төсвийн мөнгөөр худалдан авдаг бараа үйлчилгээг аль болох Монголдоо хийж болох нэгдсэн зохицуулалт хийдэг менежмент, маркетенгийн алба ажилладаггүй
Манайд жил бүр багагүй хэмжээний бараа үйлчилгээг гадаадаас авдаг. Эдгээр дотор Монголдоо хийж болох зүйлс олон байдаг. Ганцхан эдгээрийг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, альныг нь дотооддоо хийж болохыг тогтоогоод, түүнийг хийлгэх ажлыг зохион байгуулдаг байгууллага манайд байдаггүй.
Бид гудамжны гэрэл, замын гэрлэн дохио, бетонон шон, газар тариалангийн тоноглолууд гээд дотооддоо хийх боломжтой олон зүйлсийг гаднаас худалдаж авч байна. Эдгээрийг дотооддоо хийлгэх нь эхний ээлжинд гаднаас авснаас бага зэрэг үнэтэй байхыг үгүйсгэхгүй гэхдээ эдгээрийг дотооддоо хийснээр үндэсний үйлдвэрлэл хөгжихөд маш их түлхэц өгөх ба мөн их туршлагыг бий болгоно. Мөн манайд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд татвар, зээлийн бодлогоос гадна техник, технологи, материал, түүхий эдийн талаас ямар бэрхшээл байдгийг мэдэх боломжийг бий болгоно.
Манай төрийн эрх баригчидад инженерийн сэтгэлгээтэй хүмүүс цөөн байдаг нь үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй байгаагын нэг шалтгаан болдог. Тэдэнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар сэтгэлгээ байхгүйгээс гадна сэтгэл бас дутагдаж байна. Жишээ нь манай нийслэлийн зорчигч тээврийн хэрэгцээнд саявтар 300 ширхэг дизель түлшээр ажилладаг автобусыг Солонгосоос авсан. Одоо мөн төдий хэмжээний автобусыг нэмж авахаар ярьж байна. Энэ мөнгөөр троллейбус компаниараа троллейбус хийлгэсэн бол өдийд энэ үйлдвэр автомат шугамтай болчихсон хөл дээрээ зогсчихоод Улаанбаатар хорт утаа гаргадаггүй унаагаар бүх шугамаа хангачих боломжтой байсан.
Гэтэл нийслэлийн удирдлагууд троллейбусны үйлдвэрээ дэмжихийн оронд хорт утаатай дизель автобусуудыг гаднаас худалдаж аваад, дахиад тэдгээрийн засвар үйлчилгээний бааз байгуулах, тэдгээрийг газ-аар ажилладаг системд шилжүүлэх гээд өч төчнөөн зардал төлөвлөөд сууж байна.
Уг нь троллейбусны үйлдвэрээ дэмжсэн бол өөрт үйлдвэрлэсэн троллейбусныхаа засвар, үйлчилгээг хийхэд ямар нэг хүндрэлгүй байх сайн талтай юм. Түрүүчийн акталсан автобусуудаа хүртэл троллейбус комбинатдаа өгчихгүй, тэдгээрийг нь хувь хүмүүс худалдаж аваад задлан төмрийн хаягдал болгож байгаа нь дэндүү харамсалтай байдаг.
Иймд энэ ажлыг зохицуулах байгууллага манайд бий болгох шаардлагтай байгаа юм.
Г.Батсайхан. 2012-3-01.
No comments:
Post a Comment