Нэг. Үндэслэл
Өнөөдөр хөдөөнөөс хот руу их нүүдэл үргэлжилсээр байгаа. Энэ нь товчхондоо хөдөө орон нутагт амьдрал муу, хотод илүү байна гэсэн үг юм.
Хүмүүс хөдөөнөөс хот руу шилжин суурьшиж байгаа нь дараах шалтгаантай байна:
1. Хүүхэд нь 10-н жилийн сургуулиа төгсөөд дээд сургуульд орох болохоор түүнийгээ даган хотод ирж суурьшиж байна. Учир нь орон нутагт болон ойр орчимд нь дээд сургууль байдаггүй
2. Хөдөөд ажлын байр байхгүй тул хот руу ажил хайж ирж байна. Учир нь хөдөөд үйлдвэрлэл хөгжөөгүй тул ажлын байр байдаггүй
3. Архаг ужиг өвчтэй хүмүүсээ удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарахаар эмнэлгийн бараа харах гэж ирж байна. Учир нь хөдөөд олигтой эмнэлэг, эмч боловсон хүчний хүрэлцээ муу
4. Хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж сайн сургууль бараадуулах гэж ирж байна. Учир нь хөдөөд чадвартай багш нарын хангамж муу
Эндээс хөдөө орон нутаг хөгжихгүй байна гэсэн дүгнэлт хийж болно. Тэгвэл хөдөө орон нутаг хөгжихгүй байгаа нь дараах шалтгаантай байна:
1. Улсын нийт төсвийн орлогыг төвлөрүүлэн, хуваарилдаг системд орсноор хөдөө орон нутгийн хөгжлийг төсвөөр чөдөрлөчихсөн. УИХ дээр Ховд аймгийн мөст суманд сургууль барих нь зөв үү эсвэл Дорнот аймгийн Дашбалбар сумын эмнэлгийн байрыг зассан дээр үү гэдэг бодлого боддог. Уг нь үүнийг орон нутаг нь өөрөө шийдвэл лүү оновчтой баймаар байдаг
2. Монголд төсвийн зохицуулалтын тухай нэгдсэн хууль байдаггүй тул Сангийн яам дураараа авирладаг, хууль зөрчдөг, эндээс их хэмжээгээр мөнгө завшдаг ба тэд өөрсдийн тоглох санхүүгийн талбарыг том байлгахын тулд аль болохоор хөдөө орон нутагт илүү мөнгө хуваарилахгүйг хичээдэг.
3. Орон нутагт уул уурхайн болон үйлдвэрлэл хөгжин төсөвт их татвар төлсөн байхад тэр төсөвт оруулсан мөнгө нь орон нутагт нэмэр болдоггүй тул орон нутгийн удирдлагуудад тэнд үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхол байдаггүй, төсвөөс гадуурх өчүүхэн орлогоороо хөшөө, суврага босгож өөрийн нэр хүндээ өсгөж явдаг болсон
4. Орон нутгийн удирдлагуудад төсөв нь ирэхдээ тэдгээрийг юунд зарцуулах нь тодорхой болчихсон ирдэг тул тэд орон нутгаа хөгжүүлэхэд толгой гашилгах шаардлагагүй болж харин ирэх жилийн төсвөө ахиухан батлуулахын тулд энэ жилийн төсвийн зардлаа заагдсан нэр төрөлд нь яаж ихээр гаргах талаар бодож суудаг болсон
5. Төсвийг тэгшитгэн хуваарилдаг нь орон нутгийн байгалийн баялаг, газарзүйн онцлог, иргэдийн идэвхи, удирдлагын чадвараас хамаарч хөгжил нь өөр өөр болох, тэндээс аль нь бүсийн хөгжлийн төв болон шалгарах хөгжлийн зүй тогтол алдагдан бүх аймаг нэгэн жигд хөгжил муутай суурин болж хувирч байна
6. Төсвийн талаарх энэ буруу бодлогыг орон нутгийн удирдлагууд мэддэг боловч дорвитой шүүмжилдэггүй, засах арга хэмжээ авдаггүй. Учир тэд Засгийн газраас томилогддог. Мөн олон нийт энэ талаар ойлголт муутай тул бас олон нийтийн шүүмжлэлд өртөлгүй чимээгүйхэн тоотой хэсэг олигархийн завшаан болж хувирч байна
7. Орон нутгийн засаг захиргааны бүтцийг УИХ зөвхөн хүний тооноос хамаарч баталдаг тул тэр нь орон нутгийн онцлогт тэр бүр тохирдоггүй, орон нутаг бие даан хууль, дүрэм гаргах эрхгүй зэрэг эрх зүйн талаар хязгаарлдагдмал байдаг
8. Төрөөс хөдөө орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого явуулахгүй байгаа тул тэнд үйлдвэрлэл хөгжихгүй, ган зудаас болж малгүй болсон иргэд ажилгүйчүүдийн эгнээг хурдацтайгаар нэмэгдүүлсээр байна
9. Хөдөөд дэд бүтэц муу байгаа тул тэнд бизнес хийхэд хүндрэлтэй, юмны үнэ өндөр, амьдралын тохь тух муу байдаг
10. Хөдөөгийн хөгжил муудах тусам тэнд чадварлаг боловсон хүчин очих нь багасаж, илүү овсгоотой хэсэг нь хот руу шилжиж, хүн, хүч, зах зээл нь өдөр өдрөөр багассанаар бизнесүүд унтарч байна
Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд “орон нутгийн бие даасан байдал, хөгжлийн тухай” хууль гаргах шаардлагатай болж байна. Зарим аймгийг санхүүгийн хувьд биеэ даан хөгжих чадваргүй гэж зарим хүн үздэг. Яг биеэ даан хөгжихдөө хүрвэл бүгд чадна гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь тэдний төсөвт оруулсан орлого нь орон нутгийг нь хөгжихөд нэмэр болдоггүй тул түүнийг бүрдүүлэхийн төлөө, төсвийг ихэсгэхийн төлөө орон нутгийн удирдлагуудаас хичээл зүтгэл гардаггүйд байгаа юм. Үүнтэй холбоотой нэг жишээ дурдахад 2005 оны байдлаар Монголд ус ашиигласны төлбөрт жилд 250 сая төгрөг хураадаг байжээ. Энэ үед Усны үндэсний төв гэдэг байгууллага байгуулагдаж, тэдний гол зорилго нь ус ашигласны төлбөрийн төлөлтөнд хяналт тавьж, төлбөрийг хураан төсөвт төвлөрүүлэх, үүнийхээ төлөө тэр байгууллагыг ус ашигласны төлбөрийн тодорхой хувиар санхүүжүүлэн ажиллуулахаар шийдсэн. Гэтэл энэ байгууллага өөрсдийн санхүүжилтээ сайжруулахын тулд тэр жилдээ ус ашиглагчдийг төлбөрөө бүрэн төлдөг болгож дараа жилд нь ус ашиглуулсны төлбөрт нийт 2,4 тэрбум төгрөгийг ус ашиглагчдаас хурааж чадсан байдаг. Ийм маягаар Монголд төсөв бүрдүүлэхэд ашиглагдаагүй байгаа нөөц маш их байдаг
Хоёр. Орон нутгийн бие даасан байдал, хөгжлийн тухай хуулиар зохицуулах асуудал
Хуулийн зорилго нь: Аймгуудыг төсвийн орлогоороо бие даан хөгжих эрх зүйн болон санхүүгийн орчныг бүрдүүлсний үндсэн дээр орон нутаг өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө мэдэн шийдвэрлэж хөгжих боломжийг нь олгох. Энэ зорилгын хүрээнд дараах асуудлыг хуульд зохицуулсан байна:
1. Төсвийн санхүүжилтийг тооцож үзсэний үндсэн дээр улсын төсөвт төлөх хэмжээг тогтоогоод үлдсэнийг нь аймгууд өөрсдөө төсвөө бүрдүүлж, зарцуулалтаа өөрсдөө шийддэг системийг бий болгох. Өөрөөр хэлбэл тухайн аймгийн төсөв сайн байвал тэр аймаг илүү хурдан хөгжинө гэсэн үг. Орон нутгийн удирдлагууд ч төсвийн бүрдэлтийг сайжруулахын төлөө, үүний үндсэн хэсэг болох аж ахуй нэгжийг олшруулах, тэдний чадамжийг сайжруулах тал дээр идэвхийлэн ажиллах болно.
2. Монгол улсын хуулийн хүрээнд аймгийн хэмжээнд мөрдөх хууль, дүрэм журам гаргах эрхтэй болгох. Ингэснээр зөвхөн тухайн орон нутагтай хамаатай хуулиуд илүү бодитой болох, удирдлагын бүтцээ орон нутгийн онцлог, байгалын баялагтайгаа уялдуулан зөвөөр тогтоох, иргэдийн төлөөлөгчдийн хурал нь зөвхөн иргэдээ төлөөлөн ажиллах бүтэц болж чадна
3. Орон нутгын засаг захиргаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол улсыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж ажиллах талаар зохицуулсан байна
4. Аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга Засгийн газартай хатуу гэрээтэй ажиллах ба гэрээний дагуу Засгийн газраас орон нутгийн удирдлагын зүгээс орон нутгаа удирдах чадвар, шударга байдал, ёс зүйд анхаарч ажлын явц төлөвлөгөөний биелэлтэд байнга хяналт тавьж гарсан зөрчилд цаг алдалгүй арга хэмжээ авч байх хариуцлагын системийг тусгасан зохицуулалтыг хийсэн байна
5. Орон нутаг бие даан ажиллахтай холбогдуулан бусад хуульд өөрчлөлт хийж, орон нутгийн иргэдийн хурал, засаг даргын эрх хэмжээг нарийн тодорхойлно
6. Орон нутгийн Засаг даргыг дээд шатны удирдлага томилдогийг болиулах
Гурав. Гарах үр дүн
1. Төрийн байгууллагуудын гүйцэтгэдэг олон функц орон нутагт таран шилжсэнээр төр цомхон бүтэцтэй болж төр хэмжээгээрээ төсөв хэмнэгдэнэ
2. Аймгуудын хөгжил газарзүйн онцлогоос хамаарч янз бүр болж иргэдийн төвлөрөл зүй тогтлыхоо дагуу бодитой болно
3. Монгол орны хөгжлийн төлөө хүн амын амьдралын талаар зөвхөн УИХ-н 76-н бодохоор биш нийт орон даяар боддог байхаар хуульчлагдаж байна гэсэн үг юм
4. Орон нутгийн удирдлагууд төсвийн орлогоо нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллаж нийт улсын хэмжээгээр төсөв бүрдэх дүн огцом ихсэнэ.
Г.Батсайхан. 2011.10.03
No comments:
Post a Comment