Wednesday, October 5, 2011

1. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш Монгол улсад гарсан хамгийн буруу 10 шийдвэр

1. Үндсэн хуульд УИХ-н гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай заалт оруулсан.
Ингэснээр Монгол төрийн механизмын үндсэн рам гажилтанд орж, засаглалын механизм хямрах эх үндэс нь тавигдсан. Хэн нэгэн УИХ-н гишүүн болсноор тэдэнд төсөв зарцуулах, хүнийг албан тушаалд томилох эрх бий болж, тэд төрийн мөнгөөр баяжигч болж, УИХ-н гишүүн болохын тулд маш их мөнгө зарцуулж, юу хамаагүй амладаг болсон, Мөн УИХ-н гишүүн болсныхоо дараа тэр өрөө дарахын тулд улсыг хөгжүүлэх бус намдаа, өөрсдийгөө дэмжсэн хүмүүстээ өрөө төлөх ажилд шамдан орж улмаар өөрсдийгөө баяжуулах ажлыг хийж, энэ ажлаа тус тусдаа гүйцэтгэдэг байснаа сүүлдээ бүлэглэн хийж УИХ-н гишүүд нь эрх мэдлээ урвуулан ашиглагч, олигархууд болж хувираад байна .

УИХ зөвхөн хууль, салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдийг баталдаг, Ерөнхий сайд, УИХ-н шууд харъяаны агентлагын дарга нарыг томилдог байх бөгөөд эдгээр албан тушаалд УИХ-н гишүүн томилогддоггүй байх юм бол УИХ нь УИХ шигээ Засгийн газар нь Засгийн газар шигээ ажиллах юм.  

2. “Улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн ажиллаж болно” гэсэн хуурай хууль гаргаад түүнийг маш идэвхтэй хэрэгжүүлдэг шийдвэрүүд
Социализмын үед улс төрийн албан тушаалтан байсан. Тэнд мэргэжлийн бус хүн ч томилдог байсан. Эдгээр нь бүх байгууллагад байдаг намын хорооны дарга нар юм. Гэхдээ эд нар салбарын талаарх мэргэжлийн шийдвэр гаргахад оролцдоггүй зөвхөн боловсон хүчний бодлого, үзэл суртлын асуудлыг хариуцан ажилладаг байсан юм. Хэрэв улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн томилж болох юм бол тэр албан тушаал нь салбарын хөгжлийн талаар аливаа шийдвэр гаргах эрхгүй байх ёстой
Гэтэл өнөөдөр сайд мэргэжлийн бус. Мэргэжлийн бус улс төрийн албан тушаалтан нь доошоогоо өөрсөдөд нь мэргэжлийн элдэв юм яриад байдаггүй дуулгавартай байх мөн мэргэжлийн бус хүмүүсийг олноор томилох болсон. Ингэснээр Төрийн албанд мэргэжлийн бус, туршлагагүй хүмүүс зонхилон ажиллах болж тэдгээр нь салбарыг хөгжүүлэх биш түүний бүрэлдэн тогтсон суурь бүтцийг нь эвдэлж,  улмаар ажлаа мэдэхгүйгээс хүнд суртал газар авч, салбарыг хөгжүүлэх бус нэр хүнд олох, олон нийтэд ажил хийсэн дүр эсгэх үйлдлүүдийг ихээр хийх болсон. Мөн тэл ажилд томилогдохдоо мэргэжлийн дагуу бус танил тал, хээл хахуулиар ордог тул өрөө төлөхийн тулд төрийн өмчийг идэх, ашиглах ажлыг ихээр хийж хэсэг бүлэг хүмүүс төрөөр тоглох болсон.

3. Монголд албан тушаалын томилгооны буруу систем үйлчлэхээр хуулиудад тусгасан явдал
Аливаа ажлыг гүйцэтгүүлэхэд түүнийг гүйцэтгэх арга технолги, ийм ажлыг гүйцэтгэж байсан туршлага дээр нь үндэслэн аль нэг субъектыг сонгон авч, хийх ажлын бүрэлдэхүүн, хэмжээ, цаг хугацаа, үнэ хөлсийг нь түүнтэй тохироод, гэрээ хийн, түүний гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг. Харин гэрээ хийсэн субъект тэр ажил хугацаандаа, чанарын түвшинд гүйцэтгэгдсэн байхын тулд хэнтэй хамтарч ажиллах, хэнээр юуг нь хийлгэх, хэдэн хүнийг ажиллуулахаа өөрөө мэдэж, сонгон авдаг. Хэрэв тэднээс хэн нэгийг нь захиалагч томилж өгөх юм бол түүний гаргасан алдааг гүйцэтгэгч хариуцах боломжгүй болдог. Энэ нь зах зээлийн системд туршигдаад шалгарчихсан, аливаа ажлыг гүйцэтгэх энгийн процедур юм. Гэтэл манайд Ерөнхий сайдын салбараа удирдуулж, өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллах сайдуудыг нь УИХ томилдог, дараа нь танай сайд муу ажиллаж байна гэж Засгийн газарт асуудал тавьдаг, Сайдын мэдэлд ажиллах агентлагын даргыг Ерөнхий сайд томилдог, Агентлагын даргын мэдэлд ажиллах агентлагын орлогч даргыг Сайд томилох гэх мэт томилгооны олон буруу системийг  хуульчилсан байдаг.
Иймд Монголд аливаа салбарыг удирдах хүнийг мөрийн хөтөлбөрөөр нь уралдуулан сонгоод, уг хүнтэй хатуу гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг байнга хянан, ажиллах бөгөөд харин тэр хүн дороо авч ажиллуулах хүнээ өөрөө сонгох боломжийг нь олгосон хуулийн зохицуулалтийг бий болгох шаардлагатай юм

4. Төсвийг төвлөрүүлэн хуваарилдаг болсон
 Энэ нь эдийн засгийн зах зээлийн системд шилжих биш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем рүү ухарсан алхам болсон. Ингэснээр хөдөө орон нутагт өөрсдийгөө өөрсдөө мэдэн хөгжүүлэх санхүүжилтгүй болж, идэвх нь суларч, тэнд ард түмний амьдрал доройтож бүгд хотруу шилжин суурьших болж үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд бий болж байна
УИХ дээр ч гэсэн байгаа жаахан мөнгөөрөө Ховд аймгийн Мөст сумын сургуулийг засах уу, Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлгийн байрыг засах уу гэдэг шийдлийг олох гэж, тэдний хэзээ ч зөв шийдлийг олж чадахгүй хүнд бодлогыг бодох болсон
Орон нутагт нь татварын орлогоо өөрсдөө мэдэн зарцуулах эрхийг нь өгөөд хяналтын механизмыг нь бий болгоод өгчихвөл тэд орон нутгаа яаж хөгжүүлэхээ өөрөө мэддэг, дотоод дүрэм журмаа өөрсдөө гаргадаг, удирдлагын бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийддэг болж татвар хураалт нь сайжирч чадалтай газар илүү хурдан хөгжиж, иргэдийн нүүдэл хөдөөнөөс хот руу биш хотоос хөдөө рүү, хөгжил муутай аймгаас хөгжил сайтай аймаг рүү шилжиж, аймгууд бие биетэйгээ өрсөлддөг, аймаг хоорондын худалдаа хийгддэг гэх мэт олон дэвшилттэй шинэ зүйлс бий болох юм
Ердөө урд хил дээр Эрээн хотыг гаалын татварын орлогоо тодорхой хугацаанд өөрсдөө мэдэн захиран зарцуулах эрх олгосноор ингэж хурдан хөгжиж байгаа жишээ бэлээхэн байгааг судлах хэрэгтэй юм

5. Намын үзэл бодлоор асуудлыг шийдэх болж намын эрх ашгийг улсын эрх ашгаас өндөрт тавьж, улс төрийн хуувилдааны хэлбэрийг бий болгосон
УИХ-д намын бүлэг гэдэг зүйлийг байгуулах тухай хуульчилж, түүний үүрэг функцийг буруу тодорхойлсноор гишүүд УИХ-д тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөөлөгч байхаа больж намын төлөөлөгч болж хувирсан. Энэ нь даамжраад УИХ-н гишүүдийн бүлэглэн хуувилдах, эрх мэдлээ урвуулан ашиглах  нөхцлийг бий болгосон. Мөн олигархуудын цэцэглэн хөгжих боломж нээгдсэн. УИХ-д гишүүд байнгын хороодоор бүлэглэгдэх болохоос намаар бүлэглэгдэхийг хориглох ёстой

6. Хүүхдийн мөнгийг хасссан шийдвэр
Ядууралд нөлөөлөх нэг гол хүчин зүйлс нь олон хүүхэд өсгөх зовлон. Хүүхдийн тоогоор тэтгэвэр өгнө гэдэг нь ядуурлыг бууруулах тэтгэмж нь очих газраа зөв очиж байна гэсэн үг. Үүний үр дүнд төрөлт ч нэмэгдэж Монголын үрс олон болж байтал үүнийг үгүй болгосон нь улсын эрх ашгийн өмнө хийсэн буруу шийдвэр юм

7. Казиног хориглосон тухай хууль батлагдсан
Аливаа улс орон орчин үед тавигдаж байгаа шаардлагад нийцэж түүнийг дагаж бусад салбараа хөгжүүлж байдаг. Гэтэл манайд казино байгуулчихвал түүнтэй хамт бий болох гэмт хэргийг манай цагдаа нар шийдэж чадахгүй тул чадваргүй цагдаадаа тааруулж казиног Монгол байлгахгүй байх нв зөв гэсэн үгээр халхавчлан түүнийг хориглосон. Мөн үүнийг хориглоход коммунист үзэл суртлын нөлөө ч байжээ. Харин түүнээс Монголын эдийн засагт татвараар болон аялал жуулчиллаар орж ирэх орлого, дагаж орж ирэх соёл, олон улсын түвшинд улсаа сурталчилах боломжийн талаар огт бодолгүйгээр гаргасан шийдвэр юм

8. Мэргэжлийн хяналтыг буруу бүтцээр байгуулсан.
Мэргэжлийн хяналт ба төрийн хяналт шалгалт нь хоорондоо хяналтын чиглэл болон авдаг арга хэмжээгээрээ хоёр өөр тогтолцоо юм. Жишээ нь Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд хяналтаа чиглүүлдэг ба илэрсэн зөрчилд нь торгууль, шийтгэвэр ногдуулдаг байхад төрийн болон санхүүгийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтанд чиглэгдэж, илэрсэн зөрчилд нь албан тушаал бууруулах, ажлаас халах арга хэмжээ авдаг байна.
Манайд мэргэжлийн хяналтын газар гэдэг том бүтэцтэй байгууллага бий. Гэтэл энэ байгууллагын нэр нь Мэргэжлийн хяналтын газар гэдэг боловч ажил үүргийн хувьд барилга, өргөх механизм, байгаль орчин гэх мэт салбаруудад мэргэжлийн хяналт хийхээс гадна төрийн байгууллагуудын ажлын хариуцлагатай нь холбоотой боловсролын, соёлын, санхүүгийн хяналт гэх мэтчилэн хуучны Төрийн хянан шалгах хорооноос гүйцэтгэдэг байсан хяналтыг бас хэрэгжүүлдэг.
Хэдийгээр мэргэжлийн хяналтын газар бүх төрлийн хяналтыг хамтруулан хэрэгжүүлдэг ч гарсан зөрчилд зөвхөн мэргэжлийн хяналтаар илэрсэн зөрчилд авдаг арга хэмжээг ноогдуулдаг. Жишээ нь нэг шалгалтаар 10-н жилийн сургуулийн захирал 32 сая төгрөг идчихсэн тохиолдол гарч байсан. Түүнд торгуулийн арга хэмжээ авсан, учируулсан хохиролд нь акт тавьсан. Ажлаас нь бол халах эрх улсын байцаагчид байдаггүй.

9. Тусгай зөвшөөрөл олгох нэрээр төрийн албаныхны эрх дархыг нэмэгдүүлж байна
Олон улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг олгохоо больж харин хяналтын системээ боловсронгуй болгох чиглэл рүү ажиллаж байна. Гэтэл манай оронд тусгай зөвшөөрлийн нэр төрлийг улам олшруулж, тусгай зөвшөөрөл олгох нэрээр төрийн албаныхны эрх дархыг нэмэгдүүлж, аж ахуй эрхлэгчидэд нэмэгдэл ажил, дарамтыг бий болгож авилга, хүнд суртал үүсэх нөхцлийг бүрдүүлж байна

10. Сонгуульд их мөнгөтэй нь ордог, амлалтаар өрсөлдөх болсон
Хэдийгээр сонгуулийн хуульд амлалтаар бус мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөхийг заасан байдаг боловч нэр дэвшигчид нийтээрээ хуулиа зөрчин амлалтаар өрсөлдөх болсон Сонгогдсоныхоо дараа дараагийн удаа дахин сонгогдохын тулд бодлогогүй амласан амлалтаа биелүүлж байгаа дүр эсгэх гэж улс орны эдийн засгийг сүйрүүлэх болсон.

Г.Батсайхан. 2012-9-10.

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...