Thursday, October 6, 2011

Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал

Хулгай хийх боломж л
Хулгайчийг төрүүлдэг
                       Фрэнсис Бекон


1.      Үндэслэл.

            Ардчилсан нийгэм нь хүнийг эрх чөлөөтэй амьдрах нөхцлийг бий болгож өгдөг. Гэхдээ хүн эрх чөлөөтэй амьдарна гэдэг нь хаана ч, хэзээ ч, юу хүссэнээ хийж болно гэсэн үг биш юм. Хүний эрх чөлөө нь бусдын ажиллаж, амьдрах эрхээр хязгаарлагддаг. Иймд хүмүүс нийгэмд яаж эрх чөлөөтэй амьдрахыг нь хуулиар зохицуулж өгдөг байна.

             Бид өнөөдөр хариуцлагын тогтолцооны тухай, Монголд хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа талаар их ярьдаг. Тэгэхээр хариуцлагын тогтолцоо гэж юуг хэлээд байна вэ. Товчхоноор хэлбэл төрийн үйлчилгээ иргэдийн тусын тулд явагдаж, хүмүүс төр, нийгэмдээ, бие биедээ хохирол үзүүлэхгүйгээр хариуцлагатай ажиллаж, амьдрахыг хэлэх ба энэ бүх нөхцөл, механизмыг хуулиудад бүрэн суулгаж өгөөд, түүнийгээ мөрддөг байхыг л хэлж байна.
“Хуульд хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг” гэдэг хэллэг байдаг. Энэ нь хүний хийж болох болон болохгүй үйлдлүүдийг хуульд заавал зааж өгдөг ба хуульд тусгагдаагүй аливаа үйлдлийг бол хэн нэгэн үйлдэж болно гэсэн логик юм. Эдгээр заалтыг хуульд хир зэрэг ойлгомжтой, бүрэн тусгаж өгснөөр тухайн хуулийн чанар нь тодорхойлогдоно.
            Гэхдээ иргэдийн хийж болох, болохгүй үйлдлийг зөвхөн хуульд зааж өгснөөр бүх зүйл сайн сайхан болчихдоггүй байна. Учир нь уг хуульд түүний хэрэгжих механизмыг бий болгох шаардлагатай байдаг ба энэ нь хуулийг заавал биелүүлүүлэхийн тулд түүнийг зөрчсөн этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг тусгаж өгснөөр хэрэгждэг.
Угаасаа хууль хэрэгжихгүй байгаа талаар дээр дооргүй их ярьдаг ба үүний шалтгаан нь муу сурталчилснаас болж байгаа мэтээр хууль гаргагчид маань ярьдаг. Үнэн чанартаа хууль маань хэрэгжих нөхцөлгүй, чанар муутай, амьдралаас тасархай гардагаас гадна түүнийг зөрчвөл уг этгээд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй буюу уг хуулийг зөрчөөд хариуцлагыг нь хүлээгээд явахад хууль зөрчигч этгээд хохирохгүй харин ч ашигтай байхаар хийгдсэнээс болдог байна.
Хууль зөрчигчидөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ нь хуулийг зөрчсөн нөхцөлд авагддаг ерөнхий арга хэмжээ байхаас гадна тухайн заалтыг зөрчсөнөөр улс, нийгэмд үзүүлэх хор, нөлөө, түүнийг зөрчих хувь хүний сонирхол, зөрчин үйлдсэнээр тухайн этгээд хувьдаа шударга бусаар олж болох ашгийн хэмжээ зэргээс хамаарч янз бүр байдаг.
Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуулиудад түүнийг зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар хангалтгүй зааж өгсөн ба төрийн албан тушаалтан хариуцлагагүй ажилласан нөхцөлд авах арга хэмжээг хуульд огт зааж өгөөгүй байна. Үүнээс үүдэн эмх замбараагүй байдал үүсэх, төрийн албан хаагчид ажилдаа хариуцлагагүй хандах, иргэдийг хохироох, хээл хахууль өргөжин хөгжихөөс гадна аливаа маргаантай асуудалд зохицуулалт дутагдан, дэмий маргалдан цаг заваа үрэх асуудал дамаангүй УИХ-д гарах болжээ. Жишээлбэл 2007 онд Засгийн газар төсөв хэтрүүлсэн тул түүнийг огцруулах талаар УИХ-н гишүүд хоёр, гурван сар маргалдсан. Уг нь Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар төсвөө хэтрүүлэн зарцуулсан нөхцөлд огцорно” гээд заачихсан бол УИХ-н гишүүд маргалдан хэдэн сарыг барах шаардлагагүйгээр барахгүй Засгийн газар ч төсвөө хэтрүүлэхгүй ажиллах байсан. Ер нь Засгийн газрын тухай хуульд ямар нөхцөлд Засгийн газар огцрох тухай зааж өгсөн байдаг боловч тэднийг төсвөө хэтрүүлсэн нөхцөлд огцорно гэж заагаагүй мөртлөө УИХ-н гишүүд Засгийн газрыг төсвөө хэтрүүлсэн үндэслэлээр огцрох шаардлага тавих нь эрх зүйн хувьд хуулийн хүрээнээс давсан, буруу үйлдэл болж байгаа юм. Энэ бүхэн нь хуульд түүнийг зөрчсөн нөхцөлд ногдуулах хариуцлагыг тусгаж өгөөгүйгээс болсон.
Ийм маягаар олон замбараагүй байдал үүсч байна. Жишээлэхэд УИХ-н гишүүд хуралдаа хоцорч ирэх буюу түүнийг тасалсан нөхцөлд арга хэмжээ авах тухай хуулийн заалт байдаггүй тул тэд хуралд чөлөөтэй хэлбэрээр оролцож, УИХ-н болон Байнгын хорооны дарга нарт ирц бүрдүүлэх гэж бөөн хүндрэл байдаг.
УИХ-н гишүүд амласан амлалтаа биелүүлээгүй нөхцөлд тэдгээрийг буцаан татах талаар ямар нэг хариуцлагын арга хэмжээ байдаггүй тул тэд сонгуулийн хугацаанд юу ч хамаагүй амлаж чаддаг гэх мэт олон жишээ дурдаж болно.
Энэ нь зөвхөн дээд шатандаа ч байгаа юм биш төрийн албаны бүх шатанд байна. Гэхдээ голдуу дарга нарт, эрх мэдэлтэй хүмүүст голлон хамаарагддаг.
Аймаг, сумдын Иргэдийн хурлын дарга хууль зөрчин гар аргаар алт олборлогчидод газар олгох юм уу мөнгөн усны тээрэм ашиглах зөвшөөрөл олгочихсон байхад  тэдэнд ямар ч арга хэмжээ авдаггүй. Учир нь тэр талаар хуулийн тодорхой заалт байдаггүй. Аль нэг төрийн байгууллагад санхүүгйн шалгалт ороход бараг шалгалт бүрээр төсвийн мөнгө идсэн зөрчил гардаг ба түүнд нь төлүүлэх акт тавиад л орхино. Дарга ажлаа хуучнаараа хийсээр гарсан төлбөрийг дарахын тулд мөнгийг улам нарийн аргаар,хуучин баригдсан алдаагаа давтахгүйгээр идэж актаар тавигдсан төлбөрөө барагдуулна. Уг нь тэр дарга хамгийн түрүүнд ажлаасаа халагдах ёстой баймаар, гэтэл тийм хуулийн заалт байдаггүй.
Сонин хэвлэл дээр улсын өмч идсэн, уусан тухай бишгүй л их бичигдэж байна. Идсэн уусан хүнд нь төрөөс ямар ч арга хэмжээ авдаггүй, хэрэв бичсэн зүйл нь худал бол хүнийг гүтгэсэн хүнд нь арга хэмжээ авах ёстой байх.
Хадгаламж зээлийн хоршоод хууль зөрчөөд сурталчилгаа явуулаад хүмүүсийг мунхруулаад мөнгийг нь аваад байхад төрөөс чив чимээгүй л байсан. Өөрөөр хэлбэл Монголын нэг хэсэг иргэн нь нөгөө хэсгийгээ залилан мөнгийг нь дээрэмдэж байхад төр боломжоор нь хангаад л дуугүй байж байсан. Яг эзэнгүй, төргүй улс шиг. Үүнд төрийн зүгээс хэн нэг нь хариуцлага хүлээсэн эсэх нь бүү мэд. Шүүгч нар авилга аваад асуудлыг нэг талд нь шийдээд байна гэх, авилга авч өгөж байгааг нь хэн ч харж чадахгүй. Харин гарсан шийдвэр нь ил тод байдаг. Гэтэл тэд энэ үйлдлийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байж болох уу.
Хүн хийсэн буруу үйлдлийхээ хойноос ямар нэг хариуцлаг хүлээх систем байхгүй бол хэн ч, яаж ч дураараа аашилж болох ба ямар нэг боловсролгүй хүн ч сайд болно гээд зоригтой гүйж болохоор байна. Учир нь тэр ямар нэг салбарын дарга болоод юу ч хийхгүй зөвхөн дээрээс ирсэн бичгийг доош нь цохоод, доороос ирсэн тайланг тээш нь илтгээд байхад түүнд хэн нэг нь ямар нэг арга хэмжээ авахгүй бас ажлаас нь халахгүй.
            Алтжингийн худалдааны төв шатаж олон иргэд хохироход улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглуулаад байсан хяналтын байгууллага хариуцлага хүлээсэн билүү, шинэ баригдсан орон сууцны чанар муу байна гэх түүнийг хүлээн авсан улсын комисс хариуцлага хүлээдэг билүү, олон арван сая төгрөгөөр сургууль цэцэрлэгийн засвар хийлээ гэх жил хүрэлгүйгээр дээврээс нь ус гоожоод, будаг шавар нь халцраад унахад хэн нэг хүн хариуцлага хүлээдэг билүү, жил бүрийн хавраас мод тарьж, зам засдаг боловч жилийн дараа урьд хийсэн ажил нь ул мөргүй болж, бүгдийг дахин хийгээд үргүй зардал гаргаад байхад хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй хийлгэсэн хүмүүс нь дахин тэр ажлаа үргэлжлүүлсээр, урьд нь чанаргүй хийсэн хүмүүсээрээ дахин хийлгээд явж байгааг юу гэж үзэх, 2007 онд онгоцны ослоор олон хүн амиа алдчихаад, хоёр ч онгоц сүйрч төрд олон тэрбум төгрөгний хохирол бий болчихоод байхад хариуцлага хүлээх, төлбөрийг барагдуулах  хүн гарсан уу үгүй юу гэх мэт олон асуудлыг ярьж болох байна
            Энэ бүхэн нь Монголд хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатайг харуулаад байгаа ба үүнийг хуулийн зохицуулалтаар бий болгодог бөгөөд хууль санаачлагч эрхмүүдийн үндсэн үүрэг нь юм. Гэтэл энэ тогтолцоо өнөөг хүртэл бий болоогүй байгаа ба хариуцлагын тогтолцоо бий болохгүй байгаа шалтгаан нь энэ талаар төрийн түшээд маань мэдэхгүй байгаадаа ч байгаа юм биш зөвхөн ийм тогтолцоо бий болгохыг зарим хүмүүс хүсдэггүйд оршиж байна.  
Иймд хариуцлагын тогтолцооны тухай хууль боловсруулж, батлуулах шаардлага зүй ёсоор гарч байна.

2.      Хуулийн бүтэц, агуулга

            Энэ хууль нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахуун, ажлын хариуцлагыг сайжруулах зорилготой ба дангаараа хууль болох эсвэл  “Төрийн албаны тухай” хуульд нэмэгдэл бүлэг болон орох боломжтой юм.
Одоо “Захиргааны хариуцлагын тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуулиар нийтээр дагаж мөрдөх аливаа хууль, дүрэм, журам зөрчсөн этгээдэд ажил албыг нь ялгаварлахгүйгээр захиргааны хариуцлага болох торгох, тусгайлан олгосон эрхийг нь хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах, баривчлах арга хэмжээг шүүгч, улсын байцаагч болон захиргааны эрх бүхий ажилтан авахаар заасан байдаг.
Харин “Төрийн албаны хариуцлагын тухай” хуульд хариуцлага алдсан албан тушаалтанд түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эрх бүхий субъектээс нь ажлаас халах, огцруулах, нэрийг нь эргүүлэн татах /УИХ-аас, Үндсэн хуулийн цэцээс гэх мэт/, албан тушаал бууруулах, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин төрийн албанд ажиллах эрхийг нь хасах, шаардлагатай бол эрүүгийн хэрэг үүсгэх арга хэмжээг авна.
Өнөөдөр манайд зохицуулагдахгүй байгаа, төрийн албаны үйл ажиллагаанд оршоод байгаа дараахь дутагдлуудыг арилгахад голлон чиглэгдсэн:
- төсвийг буруу зориулалтаар зарцуулах, хувьдаа ашиглах, төсвийн мөнгөөр хэтэрхий үнэтэй бараа үйлчилгээ худалдаж авах, төрийн өмчийг хувийн зорилгоор ашиглах, хэт үрэлгэн зарцуулах;
- нийгэмд, байгаль орчинд, иргэдэд илэрхий хор хохирол учируулах тушаал, шийдвэр гаргах, зөвхөн хувийн, бүлгийн ашиг сонирхолын төлөө бусдын эрх ашгийг хөндсөн хууль, шийдвэр гаргах;
- аюул, осол, гамшигийн үед мэргэжлийн хувьд зайлшгүй авах арга хэмжээг авахгүй байх буюу хугацаа хожимдуулж авах;
- төлөвлөсөн, амласан, гэрээгээр хүлээсэн үүрэг болон дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, гэрээнд заасан ажлын төлөвлөгөөний явц нь хангалтгүй байх;
- тангараг өргөдөг албан тушаалтнууд өргөсөн тангарагаа зөрчих;
- төрийн албанд, цаашилбал удирдах албан тушаалд мэргэжлийн бус, тухайн салбарт ажиллассан туршлагагүй хүнийг танил талаараа эсвэл авилга аван томилох;
- иргэд, нийгэм, байгаль орчинд хохиролтой үйлдэл, эс үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өргөдөл, албан бичгээр асуудал тавиад байхад арга хэмжээ авахгүй байх;
- иргэд, хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулаагүй мэдээллийг өгөхгүй байх, нуун дарагдуулах, Вэб хуудас, мэдээллийн самбар болон мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ёстой мэдээллийг мэдээлэхгүй байх;
- төрийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шалтгаангүйгээр шийдэхгүй удаах, төрийн үйлчилгээнд урт дараалал, хүлээгдэл бий болгох, аливаа төрийн үйлчилгээний шийдэгдэх үр дүн, хугацаа нь үйлчилж буй төрийн албан хаагчын зан авир, үзэмжээс хамаарах байдлаар ажлыг зохион байгуулсан байх;
- тавих ёстой хяналтаа бүрэн тавиагүй, дутуу шалгасан, авах арга хэмжээг аваагүй болон зөөлрүүлж авсанаас иргэд, нийгэмд, байгаль орчинд хохирол үүсгэх;
-  ажлын үр дүнг хүлээж авах улсын комиссын хүлээн авсан ажлын гүйцэтгэл, Аудитын байгууллагын хянасан санхүүгийн тайлан, хөндлөнгийн хяналтийн шалгалт орсон аливаа объектоос ямар нэг зөрчил, дутагдал илрэх буюу аваарь осол гаргах;
- боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын ажилтан, албан тушаалтнаас албан үүргээ чанаргүй, ёс зүйгүй, техногийн дагуу бус гүйцэтгэснээс иргэд, аж ахуйн нэгжид хохирол учируулах; Тухайлбал хүнийг буруу эмчилээд эсвэл амийг нь аврахын тулд авах ёстой арга хэмжээг дутуу авсан эмч нарт, хүнийг хилсээр хорьсон буюу хүчээр мэдүүлэг авахын тулд хорьдог цагдаа нарт, оюутныг дарамталдаг багш г.м.
- төрийн албан хаагчийг үндэслэлгүй халсан, хавчин гадуурхах;
- өөрийн үйл ажиллагаандаа болон удирдаж байгаа байгууллагадаа авилга авах, өгөх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, авилга үүсэж болох байдлаар иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байх;
- хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авахгүй байх;
- улс төрийн зорилгоор хүнийг гүжирдэн гүтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацах, иргэд байгаль нийгэмд хохирол учируулсан болон учируулж болох аливаа  үйлдэл, эс үйлдлийг мэдсээр байж түүнийг холбогдох газарт нь мэдээлэхгүй байх, уг мэдээллийг хүнийг шантаажлах зорилгоор ашиглах г.м.
Хуульд дээрх хариуцлагыг хүлээлгэх ёстой этгээдэд хариуцлагыг хэн хүлээлгэхийг тодорхой заах ба энэ үүргээ биелүүлээгүй субъектыг ажлаас халах, огцруулах, нэрийг нь татах арга хэмжээ авахаар хуульд бас оруулж өглөө.
Мөн хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд зохион байгуулалтын дараахь зарим заалтыг оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь:
-          Аливаа гэрээ байгуулахад 2 талын хариуцлагыг нарийн зааж өгдөг болох
-          Яамны газрын даргаас дээших удирдах албан тушаалтныг томилохдоо тэдний ажиллах хөтөлбөр, төлөвлөгөөг уралдуулан шалгаруулаад, шалгарсан хүнтэй тусгай гэрээ байгуулан ажиллах
-          Төрийн албаны үйл ажиллагаанд цагийг хатуу баримтлах, түүнийг зөрчигчидөд хариуцлага хүлээлгэх
-          Төрийн албан хаагчийн ажиллах технологийн талаар стандарт боловсруулж, хэрэгжүүлэх
-          Авилгыг бий болгодог түүний шалтгаан, хөрс суурийг арилгах эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах
-          Зөвшөөрөл олгох, дүгнэлт гаргах зэрэг иргэд, аж ахуйн нэгжид шууд үзүүлдэг төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага, түүнийг хэрэгжүүлэх журам гаргах гэх мэт.
Энэ хууль гарснаар бусад хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг боловсруулах шаардлага гарна.
Төрийн албаны хариуцлагын тухай хууль гарах нь дараахь ач холбогдолтой болно:
- Төрийн албан тушаалтан хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэл хийснээр ажлаасаа халагдах хуультай болсон тул ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын хариуцлага алдсан этгээдэд хариуцлага тооцохгүй өнгөрдөг явдал үгүй болно
- төсвийн мөнгийг буруу зориулалтаар зарцуулах, хувьдаа ашиглах, төсвийн мөнгөөр хэтэрхий үнэтэй бараа үйлчилгээ худалдаж авах, төрийн өмчийг хувийн зорилгоор ашиглах, хэт үрэлгэн зарцуулах явдал үгүй болохоос гадна Засгийн газрыг төсвөө хэтрүүлсний төлөө огцруулах асуудлыг удаан хэлэлцээд байх шаардлагагүй болно;
- төлөвлөсөн, амласан, гэрээгээр хүлээсэн үүрэг болон дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар биелэх байдал сайжирна;
- хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл авах боломж сайжирч, хэвлэлээр бичигдсэн аливаа шүүмжлэлтэй асуудлын үнэ цэнэ ихсэж, иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагын вэб сайтнаас төсвийн мөнгөөр гүйцэтгэсэн судалгааны тайлангаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ чөлөөтэй авах боломжоор хангагдана;
- төрийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шалтгаангүйгээр шийдэхгүй удахгүй, төрийн үйлчилгээнд урт дараалал, хүлээгдэл бий болохгүй, төрийн үйлчилгээ авахад хялбар болно;
- хяналтын байгууллагуудын хариуцлага дээшилнэ;
-  тендерийн хороо, аудитын байгууллага, аливаа ажлын үр дүнг хүлээж авах улсын комиссын ажлын хариуцлага сайжирч төсвийн хөрөнгөөр гүйцэтгэгддэг зам, барилга, байгууламжийн чанар сайжирна;
- боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, цагдаагийн байгууллага зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын ажилтны хариуцлага дээшилнэ
- албан тушаалтныг томилохдоо тэднийг аль намых, хэний талын хүн бэ гэдэг үзүүлэлтээр бус тухайн ажлыг гүйцэтгэж чадах мэргэжил, боловсрол, туршлагыг харгалздаг болно. Удирдах албан тушаалтан өөрөө муу ажиллаж хариуцлага алдахгүйн тулд ядаж доороо мэргэжил, туршлагатай хүн авахыг эрмэлзэх болно.  Төрийн албаны үйл ажиллагаанд цагийг хатуу баримтлах, түүнийг зөрчигчидөд хариуцлага хүлээлгэх
- төрийн албан хаагчийн ажиллах технологийн талаар стандарт бий болно.
- авилгыг бий болгодог хөрс суурь нь тодорхой хэмжээгээр багасна.
- ажилд орохдоо тангараг өргөдөг албан тушаалтнуудын тоо сүүлийн үед нилээд нэмэгдэж байгаа бөгөөд энэ тангараг өргөх үйлдэл нь хэлбэрийн төдийн үйлдэл биш жинхэнэ хариуцлагын шалгуур болж хувирах



ТӨРИЙН АЛБАНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

          Нэгдүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн албан тушаалтны болон төрийн өмчит байгууллагын удирдах ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас улсад болон төрийн, төрийн бус байгууллага, иргэдэд үзүүлсэн хохиролд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ хуулийг төрийн бүх албан тушаалтан дагаж мөрдөнө.

          Хоёрлугаар зүйл. Төрийн албаны хариуцлагын тухай хууль тогтоомж

2.1. Төрийн албаны харицлагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.  

         3 дугаар зүйл. Төрийн албаны хариуцлага

3.1. Төрийн албаны хариуцлага гэдэгт төрийн албан хаагчийн дараахь үйлдлийг хамруулна:
3.1.1. хуулийг сахин биелүүлэхгүй байж, ажлын хариуцлага алдах;
3.1.2. төрийн өмчид хайр гамгүй хандах, идэж шамшигдуулах;
3.1.3. төрийн ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхгүй байх;
3.1.4. буруутай үйлдлээсээ болж байгууллага, иргэдэд аливаа хохирол, чирэгдэл учируулах;
3.1.5. төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйг зөрчих.

    4 дүгээр зүйл. Төрийн албан хаагчид хориглох хариуцлагагүй нийтлэг үйлдэл, эс үйлдэл.

            4.1. Хуулийг сахин биелүүлэхгүй байж, ажлын хариуцлага алдах талаар
                        4.1.1. Өргөсөн тангарагаа зөрчих;
4.1.2. Нийгэмд, байгаль орчинд, иргэдэд илэрхий хор хохирол учируулах тушаал, шийдвэр гаргах, зөвхөн хувийн болон бүлгийн ашиг сонирхлын төлөө бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хууль зөрчсөн шийдвэр гаргах;  
4.1.3. Төлөвлөсөн, амласан, гэрээгээр хүлээсэн үүрэг болон дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байх, гэрээнд заасан ажлын төлөвлөгөөний явц нь хангалтгүй байх
4.1.4. Төр, Засгийн одон, медаль болон аливаа шагналыг батлагдсан журам, шалгуургүйгээр болон холбогдох журмын шалгуурыг зөрчин, хувийн сонирхлоор олгох;
4.1.5. Хүнийг ажилд авах, томилох эрх бүхий этгээд нь шинээр ажилтан авах болон албан тушаалд томилохдоо төсөл хөтөлбөрийг нь эсвэл мэргэжил чадварыг нь уралдуулан шалгахгүйгээр, тухайн орон тоон дээр уг ажлыг гүйцэтгэх мэргэжлийн бус, тухайн салбарт ажиллаж байсан туршлагагүй хүнийг авах,
Яамны газрын даргаас дээш түвшний албан тушаалтныг хөтөлбөрөөр нь уралдуулан шалгаруулж томилох ба үүнийг зохицуулах дүрмийг Засгийн газар батална.
4.1.6. Өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнаас энэ хуулийг зөрчсөн байхад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байх;
4.1.7. Албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг санаатайгаар буруу тодорхойлох;
4.1.8. Иргэд жагсаал, цуглаан болон бусад төстэй хэлбэрээр санал хүсэлтээ гудамжнаас болон мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байгаа нөхцөлд түүнд холбоотой албан тушаалтан хариу өгөхгүй байх;
4.1.9. Тендэрийг хуулийн дагуу зохион байгуулж чадаагүйгээс маргаан үүсэж, тэр нь шүүхээр тендерийн хороо болон холбогдох албан тушаалтныг буруутайд тооцсон болон ажил үйлчилгээ үзүүлэх гэрээнд хариуцлагын асуудлыг дутуу тусгаснаар чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлэгдэж улсад хохирол учирсан
4.1.10. Тендэрийн ялагчаар болон бусад хэлбэрээр шилж авсан байгууллагых нь төрийн мөнгөөр гүйцэтгэсэн ажил нь чанаргүй болсон байхад тэдгээрээр улсад учирсан хохирлыг төлүүлээгүй байх
4.1.11. Албан тушаалынхаа эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэх;
4.1.12. Төрийн албан тушаалтныг хууль бусаар халсан нь захиргааны хэргийн шүүхээр нотлогдсон байх
4.1.13. Эрх бүхий албан тушаалтан нь улс орон, ард иргэдэд гамшигийн шинжтэй байдал үүсээд байхад онц байдал зарлахгүй байх
4.1.14. Эрх бүхий албан тушаалтан хууль батлагдах үйл ажиллагаанд процессын алдаа гаргасан;
4.1.15. Эрх бүхий этгээд явцуу хүрээний эрх ашгийг хамгаалсан хууль санаачилсан;
4.1.16. Аливаа сонгуульд нэр дэвшигчид сонгогдохдоо мөрийн хөтөлбөрөө сурталчилах биш элдэв амлалт сурталчилсан бол
4.1.17. Төрийн албан тушаалтан болон комисс аливаа барилга байгууламж, ажлын гүйцэтгэлийг хүлээн авсны дараа уг обьект болон ажлын гүйцэтгэл нь чанаргүй гүйцэтгэгдсэн нь илэрсэн бол
4.1.18. Иргэд байгууллагад эрх бүхий этгээд нь газрын зөвшөөрөл өгөхдөө түүнийг олгох технологийг нь зөрчин олгосон бол
4.1.19. Газрын захирамжийг цуцлах хуулийн нөхцөл нь бүрдээд байхад эрх бүхий этгээд түүнийг цуцлахгүй байх
4.1.20. Боловсролын системын эрх бүхий албан тушаалтан нь оюутан сурагчдын шалгалт авах, дүгнэх процесс нь багшын үзэмж, ааш зангаас хамаарахгүйгээр үнэлэгдэх системыг бий болгосон байх
4.1.21.              Эрүүл мэндийн салбарын удирдах албан хаагчид, эмч, сувилагч, асрагч
4.1.21.1.                    Хүнийг буруу эмчилснээс болон эмнэлгийн үзүүлэх ёстой тусламжийг үзүүлээгүйгээс болж хохироосон
4.1.21.2.                    Эмнэлэг үйлчилгээ үзүүлснээсээ мөнгө, бэлэг авах, дайлуулж цайлуулах зэргээр мх бага авилга авах
4.1.21.3.                    Эмнэлгийн салбарын удирдах ажилтан нь эмч нарыг зөв эмчилсэн болон эмнэлгийн үзүүлэх ёстой тусламжийг үзүүлж чадаж байгаа эсэхийг байнга хянах. дүгнэх боломжийг бий болгоогүй байх
4.1.21.4.                    Шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруу гаргасан

4.1.22.              Мэргэжлийн хяналт болон бусад хяналтын байгууллагын удирдах албан тушаалтан, улсын байцаагч нар
4.1.22.1.                    Байгууллага иргэдээс аливаа зөрчлийн талаар мэдээлэл ирсэн нөхцөлд тэдгээрийг заавал шийдвэрлэж хүсэлт тавьсан этгээдэд эргээд бичгээр хариу өгсөн байна.
4.1.22.2.                    Аль нэг барилга, обьектыг улсын комисс хүлээн авахаас өмнө ашиглуулахгүй байх
4.1.22.3.                    Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөрчил байгаа нь ил тод байхад тэдгээрийг шалгахгүй орхисон байх
4.1.22.4.                    Явцын хяналт тавих ёстой зам, барилга болон бусад обьект ашиглалтанд хүлээн авсны дараа чанаргүй баригдсан болох нь тогтоогдох
4.1.22.5.                    Тавих ёстой хяналтаа бүрэн тавиагүй, дутуу шалгасан, авах арга хэмжээг аваагүй болон зөөлрүүлж авснаас иргэд, нийгэмд, байгаль орчинд хохирол үүссэн бол
4.1.22.6.                    Ажлын үр дүнг хүлээж авах улсын комиссын хүлээн авсан ажлын гүйцэтгэл, Аудитын байгууллагын хянасан санхүүгийн тайлан, хөндлөнгийн хяналтийн шалгалт орсон аливаа объектод хийгдсэн шалгалтын чанар муугаас болж ямар нэг зөрчил, дутагдал илрэх буюу аваарь осол гарвал
4.1.22.7.                    Ямар нэг зөрчил хавтгайрсан шинжтэй болсон байх, түүнийг арилгаж чадахгүй байх
4.1.22.8.                    Хүний амь нас эрүүл мэндийг хохироосон зөрчил гарсны дараа тэр зөрчлийг цаашид дахин гаргуулахгүй байх арга хэмжээ аваагүй байх
4.1.23. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллаад байхад түүний дээд шатны эрх бүхий албан тушаалтан хуулийн дагуу арга хэмжээ аваагүй байх
4.1.23.              Банк санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь
4.1.23.1.                    Монголд банк дампуурч иргэдэд хохирол учируулсан бол
4.1.23.2.                     Мөнгөний бодлого алдагдаж төгрөгний ханш огцом буурсан бол
4.1.23.3.                    Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага дампуурч иргэдэд хохирол учирсан бол
4.1.23.4.                    Хувьцаат компани хуулиа зөрчин хувьтцаа эзэмшигчидээ хохироосон байхад холбогдох арга хэмжээг аваагүй бол
4.1.24.              Сонгуулийн Сонгуулийн ерөнхий хорооны эрх бүхий албан тушаалтан;
4.1.24.1.                    Сонгуулийн маргаан хуульд заасан хугацаандаа шийдэгдээгүй бол
4.1.24.2.                    Сонгуульд нэр дэвшигчидээс хууль зөрчсөн байхад хуулийн дагуу арга хэмжээ аваагүй бол
4.1.24.3.                    Сонгуулийн ажлыг хуулийн дагуу зохион байгуулаагүй бол

            4.2. Төрийн өмчид хайр гамгүй хандах, идэж шамшигдуулах талаар
                        4.2.1. Төрийн өмчид хайр гамгүй хандах, эвдэн, сүйтгэх;
            4.2.2. Төрийн өмч, хөрөнгийг хувьдаа ашиглах идэн, шамшигдуулах, төсвийн мөнгөөр худалдан авсан бараа үйлчилгээ нь зах зээлийн үнээс давсан байх;
4.2.3. Төсвийн хөрөнгийг хуваарилсан хэмжээгээр нь зөв зарцуулаагүй байх;
4.2.4. Өөрийн удирдлагад байгаа албан тушаалтныг төрийн өмч хөрөнгөд хайр гамгүй хандаж, идэж шамшигдуулж байгаа эсэхэд хяналт тавиагүй, тэдэнд арга хэмжээ аваагүй байх;

            4.3. Төрийн ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхгүй байх талаар
4.3.1. Албан ёсоор төрийн болон байгууллагын нууцад хамааруулаагүй мэдээллийг иргэд, хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй байх, нуун дарагдуулах, Вэб хуудас, мэдээллийн самбар болон мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх ёстой мэдээллийг мэдээлэхгүй байх;  
Төрийн байгууллагуудын Вэб сайтдаа зайлшгүй байлгах мэдээллийн жагсаалт, тэдгээрийн бүтэц,  хэмжээ, тавигдах болон шинэчлэгдэх хугацаа зэргийг зохицуулах журмыг Засгийн газар батална
4.3.2. Төрийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны материал, оюуны бүтээлийг аль нэг байгууллага болон албан тушаалтан хувьдаа ашиг олох зорилгоор нуун дарагдуулах, худалдан борлуулах;
4.3.3. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхөөс хүндэтгэх бус шалтгаанаар цааргалах, тэднийг байгууллагадаа нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийсэн байх;
4.3.4. Эмчтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргах гэх мэт хүний хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд гомдол гаргагч талын төлөөллийн оролцоог нээлттэй байлгах
4.3.5. Худал мэдэгдэл хийх;
4.3.6. Эрх бүхий албан тушаалтан нь иргэд, Төрийн бус байгууллагын дуу хоолойг сонсох, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах боломжийг бий болгосон зохион байгуулалтыг байгууллагадаа хийгээгүй байх;

            4.4. Буруутай үйлдлээсээ болж байгууллага, иргэдэд аливаа хохирол учируулах талаар
4.4.1. Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдэхгүй байх, шийдэх хуулийн хугацааг хоцруулах;
4.4.2. Албан тушаалтныг үзэл бодол, шашин шүтлэг, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж, ажлаа өөрчлөхийг шаардах;
4.4.3. Хариуцсан ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн технологийг зөрчин хандсанаас болж бусдад сэтгэл санааны болон эд мөнгөний хохирол учируулах;
Салбарын төрийн албан хаагчийн ажиллах технологийн стандартыг тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага боловсруулж Сайд батална
4.4.4. Төрийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шалтгаангүйгээр шийдэхгүй удаах, төрийн үйлчилгээнд урт дараалал, хүлээгдэл бий болгох, аливаа төрийн үйлчилгээний шийдэгдэх үр дүн, хугацаа нь үйлчилж буй төрийн албан хаагчын зан авир, үзэмжээс хамаарах байдлаар ажлыг зохион байгуулсан байх;
4.4.5. Уулзалт, ярилцлага хийхээр товлосон цагаасаа хоцорч хүмүүсийг хүлээлгэн чирэгдүүлэх;  
4.4.6. Аюул, осол, гамшигийн үед мэргэжлийн хувьд зайлшгүй авах арга хэмжээг авахгүй байх буюу хугацаа хожимдуулж авах
4.4.7. Иргэд, нийгэм, байгаль орчинд хохиролтой үйлдэл, эс үйлдлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон өргөдөл, албан бичгээр асуудал тавиад байхад арга хэмжээ авахгүй байх
4.4.8. Улс төрийн зорилгоор хүнийг гүжирдэн гүтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл цацах, иргэд байгаль нийгэмд хохирол учируулсан болон учируулж болох аливаа  үйлдэл, эс үйлдлийг мэдсээр байж түүнийг холбогдох газарт нь мэдээлэхгүй байх, уг мэдээллийг хүнийг дарамтлах зорилгоор ашиглах

            4.5. Төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйг зөрчих
                        4.5.1. Хээл хахууль авах;
            4.5.2. Төр, нийгмийн эрх ашгийг умартан, хууль бусаар ах дүү, хань хамсаатнаа ажилд оруулах, тусгай зөвшөөрөл өгөх, ажил үйлчилгээг хуваарилах зэргээр тэдэнд илүү боломжийг олгох;
                        4.5.3. Хөдөлмөрийн дотоод журмаа зөрчих, цагийг баримтлаагүй байх;
            4.5.4. Нийтэд худал мэдээлэл хийх, худал амлах, дээд шатны байгууллагадаа бүрэн судлагдаагүй буруу мэдээлэл хүргүүлэх;
4.5.5. Удирдах албан тушаалтан нь өөрийн үйл ажиллагаандаа болон удирдаж байгаа байгууллагадаа авилга авах, өгөх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, авилга үүсэж болох байдлаар иргэдэд үйлчлэх үйл ажиллагааг зохион байгуулсан байх
4.5.6. Хэвлэлээр өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан бичсэн нөхцөлд түүнийг шалгуулж худал мэдээлэл байсан бол гүтгэн доромжилсон этгээдэд арга хэмжээ авахуулахгүй, үнэн мэдээлэл байсан бол шударгаар буруугаа хүлээхгүй байх;

5 дугаар зүйлТөрийн албаны хариуцлагыг ногдуулах

5.1. Энэ хуулийн 4.2.1 дэх заалтыг зөрчсөн нөхцөлд гарсан хохирлыг бүрэн төлөх 4.2.2, 4.2.3, дахь заалтыг зөрчсөн нөхцөлд гарсан хохирлыг бүрэн төлөөд, ажлаас халах, огцруулах, эргүүлэн татна
5.2. Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.5, 4.1.6, 4.1.8-4.1.16, 4.1.17-4.1.19, 4.1.21.3, 4.1.21.4, 4.1.22-4.1.24, 4.2.4, 4.3.4, 4.3.5, 4.4.6, 4.4.8, 4.5.1, 4.5.2, 4.5.6  дахь заалтыг зөрчсөн буюу 4.1.3, 4.1.4, 4.1.7, 4.1.20, 4.1.21.1, 4.1.21.2, 4.2.4, 4.3.1-4.3.3, 4.3.6, 4.4.1-4.4.5, 4.5.3-4.5.5 дахь заалтуудаас удаа дараа зөрчсөн нөхцөлд ажлаас халах, огцруулах буюу эргүүлэн татна.
Удаа дараа гэдэгт энэ заалтын “удаа дараа зөрчсөн нөхцөлд ажлаас халах”-аар бичсэн заалтуудаас 2-ыг буюу түүнээс олныг эсвэл нэг заалтыг 2 буюу түүнээс олон удаа зөрчихыг хэлнэ
5.3. Хариуцлага алдсан этгээд мэргэжлийн хувьд тухайн байгууллагад онц шаардлагатай бөгөөд түүний гаргасан алдаа нь уг хүн тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллахад гаргасан алдаа нь харшлахгүй нөхцөлд албан тушаал бууруулах арга хэмжээ авч болно. Албан тушаалыг зөвхөн нэг шат бууруулах албагүй.
5.4. Энэ хуулийн 5.1, 5.2-д заасан арга хэмжээ авахуулсан этгээдийг цаашид одоогийн хашиж байсан албан тушаалтай адил буюу дээш зэргийн албан тушаалд томилохыг хориглоно
5.6. Энэ хуулийн 5.1, 5.2-д заасан арга хэмжээ авахуулсан этгээд нь 4.1.2, 4.1.5, 4.1.6, 4.1.8, 4.1.10, 4.1.11, 4.1.18, 4.1.19, 4.1.24, 4.2.3 4.2.4, 4.3, 4.5.5 дахь заалтаар арга хэмжээ авахуулсан бол тэднийг цаашид төрийн албанд удирдах ажил хийхийг хориглоно
 5.7. Энэ хуулийн 4.2.1 дэх заалтыг санамсаргүй үйлдлээр зөрчсөн нөхцөлд гарсан хохирлыг хөнгөрүүлэн төлүүлж болно гэхдээ энэ нь нийт төлбөрийн 50%-иас бага байж болохгүй.
5.8. Тангараг өргөдөг албан тушаалтан энэ хуульд заасан зөрчил гаргасан нөхцөлд авах арга хэмжээг нэг шатаар хүндрүүлэн авна.
5.9. Хариуцлагын шийтгэлтэй хүнийг төрийн албанд авахыг хориглоно.
5.10. Хариуцагч хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулж чадахгүй нөхцөлд албадан хөдөлмөрлүүлэх колонид хоригдон, ажиллаж тэнд олсон мөнгөөрөө хохирлыг барагдуулна
5.11. Албадан хөдөлмөрлүүлэх колонийг байгуулах, үйл ажиллагааг зохион байгуулах тухай журмыг Засгийн газар батална. Энэ хөдөлмөрийн колони нь өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг зарчмаар ажилладаг байна.

          6 дугаар зүйл. Төрийн албаны хариуцлагад татах хугацаа.

      6.1. Хариуцлага алдсан этгээдийг уг хариуцлага алдсан өдрөөс,хариуцлагагүй байдал нь үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн хариуцлага алдсан өдрөөс хойш 3 сарын дотор хариуцлагын арга хэмжээ авч болно.
     6.2. Хариуцлага алдсан этгээд хариуцлага алдсан өдрөөс хойш 3 сар болоход түүнд хариуцлагын арга хэмжээ аваагүй эрх бүхий этгээдэд энэ хуулийн 5.2-т заасан арга хэмжээг авна
     6.3. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд хариуцлагын арга хэмжээ авахаар байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор хариуцлагын арга хэмжээг авч болно.
    6.4. Хариуцлага арга хэмжээ авахуулсан этгээд арга хэмжээ авахуулснаас хойш нэг жилийн дотор хариуцлагын алдаа дахин гаргаагүй бөгөөд хууль тогтоомжид өөр хугацаа заагаагүй бол хариуцлагын шийтгэлгүйд тооцогдоно.

    7 дугаар зүйл.  Төрийн албаны хариуцлага алдсан этгээд эрхээ хамгаалах.

     7.1. Хариуцлагын алдаа гаргасан этгээд дараахь эрх эдэлнэ:  
          7.1. Хариуцлагын алдааг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох;
          7.2. Нотлох баримттай танилцах;
          7.3. Хариуцлагын алдааныхаа талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах;
          7.4. Хариуцлагын арга хэмжээ авахуулсан шийдвэрийг дээд шатны удирдлагад давж заалдах;
          7.5. Хууль зүйн туслалцаа авах;
          7.6. Эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах.
                                        
     8 дугаар зүйл. Төрийн албаны хариуцлага ногдуулсан шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах

     8.1. Хариуцлагын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хариуцлага алдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй.
     8.2. Хариуцлага алдсан этгээд хариуцлагын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дараахь журмаар давж заалдаж болно:
          8.2.1. шүүгчийн гаргасан шийтгэврийг дээд шатны шүүхэд;
          8.2.2. албан тушаалтны хариуцлагын арга хэмжээ ногдуулсан шийдвэрийг тухайн салбарын дээд шатны албан тушаалтанд.
     8.3. Давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хариуцлагын арга хэмжээ авсан шийдвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлнэ.
     8.4. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол давж заалдсан гомдлыг эрх бүхий албан тушаалтан хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хянан хэлэлцэж, шийдвэрлэнэ.
     8.5. Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын талаар зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй
     9 дүгээр зүйл. Төрийн албаны хариуцлага ногдуулах ажиллагаа.

9.1. Төрийн албан хаагчийн хариуцлагыг түүний ажиллаж байгаа байгууллагын дарга,байгууллагын даргын хариуцлагыг түүний дээд шатны байгууллагын даргын тушаалаар ногдуулна.
9.2. Хариуцлага ногдуулах тушаал нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны зөвлөлийн шийдвэрт үндэслэсэн байна.
     9.3. Байгууллага иргэдийн мэдэгдэл, хүсэлт өргөдөлд аль нэг албан тушаалтны хариуцлагын талаар мэдээлэл ирсэн нөхцөлд түүнд арга хэмжээ авах эрх бүхий удирдах албан тушаалтан уг асуудлыг нягтлаад, хариуцлагын алдаа гарсныг тогтоосон нөхцөлд, хариуцлага алдсан этгээдэд энэ хуулийн дагуу зайлшгүй арга хэмжээ авах үүрэгтэй ба харин хариуцлага алдсан нь тогтоогдоогүй нөхцөлд мэдээлэл өгөгчид хариуг бичгээр өгнө.
            9.4. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль нэг албан тушаалтны хариуцлагын талаар мэдээлэл гарсан нөхцөлд түүнд арга хэмжээ авах эрх бүхий удирдах албан тушаалтан уг асуудлыг нягтлаад, хариуцлагын алдаа гарсныг тогтоосон нөхцөлд хариуцлага алдсан этгээдэд энэ хуулийн дагуу зайлшгүй арга хэмжээ авах үүрэгтэй ба харин хариуцлага алдсан нь тогтоогдоогүй нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуг өгөх ба хэрэв энэ гүтгэлгийн чанартай байсан бол мэдээллийн эх сурвалжийг шүүхэд өгнө.
9.5. Хариуцлагын арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг өөрөө хариуцна.
     9.6. Хариуцлага алдсан этгээд түүнд ноогдуулсан хариуцлагын арга хэмжээг нэн дариу биелүүлэх ба хүндэтгэх бус шалтгаанаар биелүүлэхээс татгалзан, хугацаа алдаж, байгууллагад аливаа хохирол учирсан нөхцөлд уг хохирлыг бүрэн хариуцна.
                                       
10 дугаар бүлэг Хууль хүчин төгөлдөр болох

     1. Энэ хууль 201... оны ... дугаар сарын ... –ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

           





МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
            ДАРГА
            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
            ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ
            НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...