Tuesday, April 1, 2014

МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ

      Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бус хорогдолгүй байхыг төр хариуцна гэсэн үг. Үүний тулд малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд өвс тэжээлээр дутаахгүй байх арга хэмжээг төр зохион байгуулахыг хэлнэ. Гэхдээ энэ бүхнийг төрийн мөнгөөр хийгээд байна гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл малчин хүн мал маллаж, ашиг шимийг нь хүртэх гэж байгаа бол малыг эрүүл, зүй бус хорогдолгүй байлгахын тулд тэдний заавал хэрэгжүүлэх үүргийг төрөөс шаардах эрхтэй гэсэн үг.
    Өнөөдөр өвс тэжээлийг нь бэлдээгүйгээс мал зуданд хорогдож байна, халдварт өвчин тусаад малыг устгалд оруулдаг. Энэ бүхэнд малыг ямар ч хамгаалалтгүй гарзанд нь гаргаад, харин малчинд нь нөхөн олговор олгодог. Энэ чинь төр мал сүргээ хамгаалаад байна уу, малчныг нь хамгаалаад байна уу гэдэг асуудал үүсч байна. Уул нь төрийн хамгаалалтад байгаа малыг үхүүлсэн, өвчлүүлсний төлөө малчинтай хариуцлага ярих ёстой биш үү.
    Малыг эрүүл байлгах, хорогдолгүй байлгах ажлыг төрөөс зохион байгуулахын тулд сум бүрд мал хамгаалах байгууллагыг /одоогийн мал эмнэлэгтэй төстэй/ бий болгоно. Тэд нь малыг оношлох, шинжлэх, тэдэнд урьдчилан сэргийлэх тарилга, вакцин хийх, мал угаах, малчдад өвс, тэжээлийг нь малын тоо, төрөлд нь тохируулан, намар цагт нийлүүлэх, шаардлагатай бол гэрийнх нь гадаа буулгаж өгөх ажлыг гүйцэтгэх юм. Энэ байгууллага зарим суманд малын тоо толгойн хэмжээнээс хамаараад хэд хэд байж болохоос гадна хэд хэдэн сумын дунд нэг байж болно. Үүнийг тухайн орон нутгийн газар зүйн байрлал, малын тооноос хамаараад зах зээлийн систем нь зохицуулна. 
    Харин энэ бүх үйлчилгээний төлбөрийг малчид өөрсдөө төлөх ёстой. Энэ нь малчдын үйлдвэрлэлийн зардал нь болно. Малчин хүн “өөрийн хувийн өмч болох малаа үхүүлнэ үү, өвчлүүлнэ үү та нарт ямар хамаа байна” гэж бодож болно. Энэ нь нэгдүгээрт үндсэн хуульд “мал сүрэг төрийн хамгаалалтанд байна” гэж заасан байдаг, хоёрдугаар малын түүхий эд чанартай байх нь улсын эрх ашигт нөлөөлөх тул малчин энэ төлбөрийг зайлшгүй төлөх шаардлагатай юм. 
    Энэ төлбөрийн хэмжээг судалгааны байгууллага тооцоод, малчинд дарамт багатай байхаар, мал хамгаалах байгууллага нь өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой хэмжээгээр тогтоож өгнө.
    Мал хамгаалах байгууллага нь өөрийгөө санхүүжүүлдэг байгууллага байна. Олон малтай газрын мал хамгаалах байгууллага чадалтай, том байна гэсэн үг. Тэд чадал чансаатай болж, хөгжсөнөөр дэргэдээ мал эмнэлэгтэй, малын эмийн сантай, цаашилбал үржил селекцийн албатай, өвс хадлангийн бригадтай гэх мэт маш өргөн хүрээтэй болж болно. 
    Малчид төлбөрийг малаар төлж болно. Эдгээр малыг тусгай малчнаар хариулуулан, таргалуулаад, улсын махны нөөцөд худалдан авдаг байна. Тэгвэл ядаж бид нөөцийн мах гэж туранхай мах идэж байхаа болино гэсэн үг. Ингэснээр энэ байгууллага маань малаа зарах гэж зүдрэхгүй, малчид төлбөрөө төлөх мөнгөгүй гэх асуудалгүй байна. 
    Ийм маягаар зах зээлийн системд малыг эрүүл, хорогдолгүй байх ажлыг зохион байгуулдаг. Харин төрөөс эдгээр ажлыг зохицуулах хууль, дүрэм, журмыг гаргаж өгнө, мал хамгаалах байгууллагуудад, байгуулагдах гарааны зээлийг, нөөцийн махны урьдчилгаа төлбөр болгон олгоно. 
    Малын эмчилгээ, үйлчилгээний болон малыг улсын махны нөөцөд худалдан авах үнэ тарифийг гаргаж, мал маллах үйлдвэрлэлийн ашиг алдагдлын тооцоог хийж өгнө. Өөрөөр хэлбэл 100 хоньтой айл хэдийг нь малын эмчилгээ, өвс тэжээлд зарцуулах хэдийг нь өөрсдөө хүнсэндээ хэрэглэх, хэдэн төл хүлээн авах мөн хэдэн малын ашиг үлдэх, түүнээс гадна сүү ноос гээд хэдий хэмжээний ашиг олох тооцоог хийгээд, мал маллахад ашигтай байх хамгийн бага тоо хэмжээг гаргаж өгнө гэсэн үг юм.
    Зуд болоод машин явах боломжгүй болсон үед малчдад өвс хүргэж өгөх ажлыг гүйцэтгэх биш, малчин бүрд малын тоо хэмжээ, орон нутгийн онцлог, цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас хамааруулж намар цагт тэдний өвөл хэрэглэх өвс тэжээлийн хамгийн доод хэмжээний хангамжийг малчдад албадан өгч, төлбөрийг малаар авдаг байх.
    Эдгээр ажлыг одоогийн мэдлийн мал эмнэлгийн байгууллага шинэ зохион байгуулалтанд орсноор хариуцан гүйцэтгэх боломжтой бөгөөд малчдад дээрх зардлыг төлөөд малаа өсгөх боломжтой байх сүргийн бүтцийн тооцоог хийж өгсөн байх ёстой. 
    Малд халдварт өвчин гарах, мал өвс тэжээлийн дутагдлаас болж үхвэл мал хамгаалах байгууллагатай хариуцлага тооцно. Үүнийг л төрөөс мал сүргийг хамгаалж байна гэж үзнэ. 

ДҮГНЭЛТ. Улс орны хөгжлийг удирдах талаар хоёрдугаар бүлгийн хоёр дахь хэсгийн талаар дүгнэн хэлэхэд: 
    a. Улс орны хөгжлийн хэтийн бодлого, урт, дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах өөрийн гэсэн технологи байдаг. Энэ технологи нь эхлээд улс орон юугаар баян байна түүн дээр түшиглэсэн, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргасан байх шаардлагатай. Нэгэнт хаана ямар хүчин чадалтай, ямар чиглэлийн үйлдвэрүүд бий болохыг тогтоосон бол цаашид тэнд ажиллах хүн хүч, ус, цахилгаан, дэд бүтэц хэрэгтэй болохыг тооцож болдог. Цаашлаад үйлдвэрт ажиллах хүний тооноос хамаараад хот тосгон, сургууль цэцэрлэг ямар байх, үйлдвэрүүдэд ажиллах мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдын байдлаас хамаарч боловсролын байгууллага, үйлдвэрүүдийн хүнд учруулах хор нөлөөнөөс хамаараад эмнэлгийн салбарын төлөвлөлт г.м бүх төлөвлөлт хийгдэнэ. Үүний үр дүнд улсын нийгэм, эдийн засгийн хүрэх үзүүлэлтийг бодитойгоор тооцох боломжтой болдог тухай энд өгүүлэв.
    b. Үндэсний үйлдвэрлэл гэж юу болох, мастер төлөвлөгөөг хэрхэн хийх, монгол орон юугаар баян болох, манайд ямар чиглэлийн үйлдвэрлэл хөгжиж болох, үүнд төр хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар өгүүллээ. 
    Энд гол нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд нийтлэг хэрэглэдэг түүхий эд болох төмөр болон хуванцар материалын түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэг болж, тэр нь гаднын орны дотооддоо борлуулдаг зах зээлийн үнээс өндөр биш байхаар зохицуулалт хийсэн байхыг дурдлаа. 
Манай орон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайгаас гарах түүхий эдээр баян байхаас гадна монгол хүн оюуны чадамж өндөр гэдэг утгаараа, түүхий эд нь Монголд байдагт түшиглэн электроникийн чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой тухай бичлээ.
    c. Мал төрийн хамгаалалтанд байх гэж юу болох, төр малыг хамгаалалтандаа авснаар үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг болох малаас гарах ашиг шимийн чанар сайжрах тухай өгүүлэв. Манай мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал болох малын өвс тэжээл, эмчилгээ оношлогооны зардлыг малчин өөрөө төлж байх тухай бас бичлээ.

Г.Батсайхан. 2021-04-01

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...