Friday, February 21, 2014

Төрийн тогтолцоог шинэчлэх хөтөлбөр



Төрийн тогтолцоог шинэчлэх хөтөлбөр

Монголчуудын ихэнх нь өнөөдөр ядуу амьдарч байна. Ядуурлын шалтгааныг тодорхойлоод, уг шалтгааныг бий болгосон шалтгааныг бас олоод гэх мэтчилэн шалтгаан бүрийг нөхцөлдүүлж байгаа шалтгаануудыг хөөгөөд байхаар эцэстээ бүх шалтгааны эх нь УИХ-н буруутай үйл ажиллагаатай холбоотой болдог ба тэдний үйл ажиллагаанаас Монгол дахь бүх муухай зүйл үүсэлтэй байдаг. Яагаад УИХ-д буруу хүмүүсийг гаргаад байна гэхээр сонгуулийн хууль муу байдаг, сонгуулийн хууль яагаад муу байна гэхээр УИХ-н гишүүд түүнийг баталдагтай холбоотой болж энд засахад хүндрэлтэй битүү цикл үүсчихээд байгаа.
Энэ бүхнийг засахын тулд Монгол улсын төрийн тогтолцоотой холбоотой хэдэн асуудлыг ардчилсан зарчим дээр тулгуурлан, ард түмний тусын тулд, улс орны хөгжлийн  төлөө гэсэн сэтгэлээр шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Эдгээрийг гүйцэтгэх дарааллаар нь бичвэл:
1. Ерөнхийлөгч, УИХ-н шийдвэр гаргах эрх хэмжээ, хариуцлагыг шинэчлэх  
2. Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг болгох.
3. Төрийн албанд хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх
4. Орон нутгын санхүүгийн болон удирдлагын бие даасан байдлыг бий болгох
5. Төрийн ёс зүйг бий болгох явдал юм.
Бүх болохгүй байгаа зүйлсийн үндэс, эхлэл болсон дээрх асуудлуудыг шийдэхгүйгээр монголд аль ч салбарыг сайжруулах арга хэмжээ аваад нэмэргүй ба Монгол улс хичнээн мөнгөтэй баян болоод ч асуудал шийдэгдэхгүй болоод байна. Нөгөө усны эх булингартай бол адаг нь булингартай гэсэнтэй адил юм

Төрийн шинэчлэл хийхийн тулд авах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажил.

1. Ерөнхийлөгч, УИХ-н шийдвэр гаргах эрх хэмжээ, хариуцлагыг шинэчлэх ажлын хүрээнд. Үүний зорилго нь УИХ-н гишүүдийн өөрөө өөрсөддөө бий болгосон хязгааргүй их эрх мэдлийг хэмжээнд нь хумих, УИХ-н гишүүн гэдэг албан тушаалыг хуулийн цоорхойгоор буюу хууль бусаар баяжих боломжтой ажлын байр байлгахгүй байх нөхцлийг бий болгоход оршиж байна. Үүний тулд дараах арга хэмжээг авна:  
- УИХ-н үндсэн үүрэг нь сонгогч олныхоо хүсэл, сонирхолд үндэслэн, хуулийг цаг алдалгүй боловсруулан, хэлэлцэн, батлах, түүнийг өргөн барьснаас хойш батлах хүртлэх үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж, Монгол улсад аль болох хуулийн зохицуулалтгүй болон өөрчлөх шаардлагатай хуулиар үйл ажиллагаа явуулахгүй байх нөхцлийг бий болгодог байхаар зохицуулах.
- УИХ-н томилгооны талаар Үндсэн хуулийн 25.1.6 дахь заалтад өөрчлөлт оруулж, УИХ зөвхөн ерөнхий сайдыг томилно. Гэхдээ хэд хэдэн нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөрөөр нь шалгаруулж томилоод, тэдэнтэй мөрийн хөтөлбөрийх нь биелэлтэд хяналт тавих зохицуулалттай, хариуцлагын тогтолцооны асуудлыг тусгасан гэрээ байгуулан ажиллахаар хуульчлах. Түүнээс гадна УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргыг томилж байхаар шийдвэрлэх. Мөн Засгийн газрын гишүүн, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, дэд нарыг томилох эрх нь түүнийг шууд удирдан ажилладаг субъектэд байх тогтолцоог бий болгоно
  - Үндсэн хуулийн 25.1.14-д заасан УИХ-н өршөөл үзүүлдэг эрхийг Ерөнхийлөгчид шилжүүлэх;
- Үндсэн хуулийн 25.1.16-д заасан ард нийтийн санал асуулга явуулах, түүний шийдвэр хүчинтэй эсэхийг шийдвэрлэх эрхийг Ерөнхийлөгчид шилжүүлэх ба зөвхөн ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар санал асуулга явуулах нөхцөлд энэ эрхийг УИХ хэрэгжүүлдэг байхаар заах;
- Монгол улсын үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг хүчингүй болгох. Энд гол нь УИХ-н гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болох тухай заалт хамрагдаж байгаа
- Үндсэн хуульд өөрчлөлт хийснийг Үндсэн хуулийн цэц зөвшөөрөөгүй тохиолдолд Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт ордоггүй байх нөхцлийг бий болгох. /өнөөдөр хуулийн ийм зохицуулалт байгаа боловч УИХ үүнийг зөрчөөд байгаа боловч үүнийг хэн ч яаж ч чадахгүй байгаа/
- Ерөнхийлөгч УИХ-г тараадаг, УИХ нь Ерөнхийлөгчийг огцруулдаг эрхтэй байх. Харин тараах болон огцруулах үндэслэл нь хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц тогтоодог байх
- УИХ-н гишүүн төрийн, болон бизнесийн чиглэлийн өөр ажлыг давхар гүйцэтгэхгүй байх
- Монголд хуулийг нийт иргэдийн амьдралд нийцсэн, чанартай болгон сайжруулж, хууль батлах хүртлэх процессыг хөнгөн шуурхай байхаар зохион байгуулалт хийх. Үүний тулд:
            А.  Хуульд өөрчлөлт шинэчлэлт хийлгэх саналууд оочир, хүлээлтэд ордоггүй шуурхай батлагддаг байх ба дээрх асуудлыг шийдэх хугацааг хуульчлан тогтоох
            Б. Эрх ашиг нь хөндөгдөх нийт хүмүүсийн тодорхой зарим хэсгийх нь эрх ашгийг хамгаалсан хууль гаргадаггүй байх
            В. УИХ-н гишүүд өөрсдөө сонирхлын зөрчилтэй байж болох хуулийг баталдаггүй байх ба үүнийг Ерөнхийлөгч олон нийтээр хэлэлцүүлэн баталдаг зохицуулалтыг бий болгох. Үүнд: УИХ-ын сонгуулийн тухай хууль, УИХ-н тухай хууль, УИХ-н гишүүний ёс зүйн байдлын тухай хууль г.м УИХ-н эрх ашигтай холбоотой хууль, дүрэм, журам байна.
            Г. Аливаа хуулийг батлахын өмнө тухайн чиглэлийн ТББ, салбарын мэргэжилтнүүдийн саналыг заавал тусгасан байх механизм бий болгох
            Д. Хууль өөрөө хэрэгжих хэмжээний хариуцлагын заалтыг түүнд тусгасан байх ёстой
            - Эцэст нь УИХ-д зөв хүнээ сонгохын тулд, сонгуулийн үеэр элдэв булхиа гаргуулахгүйн тулд сонгуулийн хуулийг сайн болгох ёстой Сонгуулийн хуулийг шинэчлэх үзэл баримтлалыг
            Дээрх бүх арга хэмжээг авснаар УИХ-н гишүүн болно гэдэг нь мөнгө олох хэрэгсэл  байхаа больж, түүнд мөнгө олох зорилготой хүмүүс өрсөлдөхгүй харин чадвартай, улсыхаа төлөө юм хийе гэсэн сэтгэлтэй хүмүүс нь өрсөлддөг болно. Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд их мөнгө зарахаа ч болино

 2. Засгийн газрын бүтцийг цомхон, чадварлаг болгох ажлын хүрээнд. Энэ ажлын зорилго нь Засгийн газрын бүтцийг нарийн судалгаанд тулгуурлан үндэслэлтэйгээр тодорхойлох, төрийн байгууллагыг мэргэжлийн, чадвартай боловсон хүчнээр бүрдүүлэх явдал юм. Үүний тулд:
- Төр ирэдээс авсан татварын мөнгөөр санхүүждэгийн хувьд иргэдэд ямар үйлчилгээ үзүүлэх ёстой, үүний тулд ямар ажил үүргийг гүйцэтгэх ёстой юм бэ гэдгийг Монголын болон олон улсын практикт судалгаа хийн, өнөөдөр төрөөс гүйцэтгэж байгаа үүрэг функцтэй харьцуулан анализ хийж үзсэний үндсэн дээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тогтооно. Энэ судалгааний үдсэн дээр Яам, Агентлагийн төрөл, тоо тэдгээрийн газар хэлтсийн бүтэц, бүрэлдэхүүн, боловсон хүчний тоо, тэдэнд тавигдах мэргэжлийн шаардлага, төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг боловсруулна. 
- Төсвийн тухай хууль гаргаж төсөв бүрдэх төрөл зүйл нь тухайн салбараа хөгжүүлэх үндэс болох зүй тогтлыг бий болгох, төсөв зарцуулах эрх мэдэлтнүүд төсвийг дураараа зарцуулахыг хориглож, орон нутгийн бие даасан байдлыг хангахаар хийгдсэн байна. 
- Төрийн албан хаагчийн томилгоонд дараах зарчим баримтлана:
А. Төрийн удирдах албан тушаалд түүний салбарыг хөгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөрөөр нь шалгаруулж авдаг зарчмыг мөрдүүлнэ
Б. Төрийн албаны аль ч төвшинд мэргэжлийн бөгөөд тодорхой хэмжээний туршлагатай хүнийг авч ажиллуулах шаардлагыг хуульчилна.
В. Тухайн байгууллага өөрт ажиллах албан тушаалтнаа хуулийн хүрээнд өөрөө сонгон авах боломжийг бүрдүүлж, Төрийн албаны зөвлөлөөс ав гэсэн хүнийг авдаг буруу системийг үгүй болгоно
- Төрийн үйлчилгээний ил тод байдал, тунгалаг засаглалыг хэрэгжүүлнэ Энэ ажлын хүрээнд
 А. Төрийн байгууллагын ил тод байх нэг хэлбэр нь тэдгээрийн Вэб хуудас дахь мэдээлэл юм. Төрийн бүх хэлбэрийн байгууллагын Вэб сайт-д тавигдсан байх мэдээллийн төрөл, түүний бүтэц, хэмжээ, тавигдах хугацааг нь хууль, захирамжаар албажуулж түүнд хяналт тавьж ажилладаг системийг бий болгоно. Эдгээр Веб сайт-д тухайн байгууллагын төлөвлөгөө, төсвийн болон үйл ажиллагааны тайлан, төсвийн мөнгөөр гүйцэтгэсэн судалгааны ажлын тайлангаас эхлээд ажилтнуудын товч намтар хүртэл иргэдэд илт тод байх ёстой бүх мэдээлэл багтах ёстой.
Б. Төрийн аль ч албан хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, тайлбар өгөхөөс татгалзах, зугатах байдлыг гаргуулахгүй байх зохицуулалт хийх, төрийн албаны аль ч шатны хурал хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн сэтгүүлч оролцох эрхээр хангагдсан байх
В. Төрийн шийдвэрт мэргэжлийн холбоодын саналыг авдаг, үйл ажиллагаанд тэдгээрийг татан оролцуулдаг механизмыг бий болгох
- Төрийн хяналтын системийг боловсронгүй болгоно Энэ ажлын хүрээнд:
А. Улсын хэмжээнд санхүүгийн хяналтыг улсын аудитын газар дагнан гүйцэтгэнэ.
Б. Төрийн албаны хариуцлагын асуудлыг /хуучны төрийн хянан шалгах газар/ төрийн аудитын газрыг байгуулж хариуцуулах
В. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд муугаар нөлөөлөхөөс хамгаалах, аливаа зөрчлийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх үүргийг мэргэжлийн хяналтын газар гүйцэтгэнэ.
Г. Хяналтын байгууллагуудын байцаагчид зөрчил гаргагчид тавьсан арга хэмжээгээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх ба арга хэмжээ нь хатуу, шалгалт нь цөөн байх зохицуулалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл хяналтын систем, сүлжээг бий болгоно гэсэн үг
Д. Дээрх байгууллагын хяналтанд байх үйл ажиллагааны хүрээнд нийтийг хамарсан зөрчил гарч нийгэмд хохирол учируулсан нөхцөлд хариуцлагыг эдгээр хяналтын байгууллагууд хүлээх зохицуулалт хийсэн байна

3. Төрийн албанд хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ Энэ ажлын зорилго нь Монголд Ерөнхийлөгчөөс авахуулаад төрийн аль ч түвшний албан хаагч буруу шийдвэр гаргах, хариуцлагагүй үйлдэл хийснийхээ төлөө хариуцлагын арга хэмжээ авахуулдаг байх нөхцлийг бий болгоход оршиж байна. Үүний тулд:
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийг бий болгох. 
- Төрийн төрийн аудитын газрыг энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй болгох
- Сингапурын туршлагаар Монголд шударга тогтолцоог бий болгоно
- Иргэн болон улсад санхүүгийн аливаа хохирол учируулсан этгээд уг хохирлыг шоронд ял эдэлсэн эсэхээс үл хамааран барагдуулдаг байх системийг бий болгох. Хэрэв барагдуулах хөрөнгө үгүй нөхцөлд биеэр хөдөлмөрийн колоньд ажиллаж хохирлыг барагдуулдаг байх тогтолцоог бий болгох
- Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ач холбогдлыг өндөрсгөж, тэднийг шударга, хариуцлагатай болгох Энэ ажлын хүрээнд:
А. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг аль ч байгууллагад чөлөөтэй нэвтрэх эрхийг баталгаажуулж, аливаа хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээс зугтахгүй байх нөхцлийг бий болгоно
Б. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан аливаа зөрчил, дутагдал, хүний эрхийг хаан боогдуулсан, шударга бус үйлдлийг заавал шалгаж, хэн буруутай этгээдэд арга хэмжээ авдаг байх механизмыг бий болгох, ийм үүрэг бүхий албыг байгуулах
В. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс хүний нэр төрийг гутаасан болон худал мэдээлэл цацсан нөхцөлд тэдний үйл ажиллагааг хаах болон бусад санхүүгийн арга хэмжээ авдаг тогтолцоог бий болгоно

4. Орон нутгын санхүүгийн болон удирдлагын бие даасан байдлыг бий болгоно. Энэ ажлын зорилго нь хөдөө орон нутгийн иргэдэд тухайн нутгийн байгалийн баялгийг ашиглах төсвөө зарцуулах эрхийг нь олгосноор орон нутгаа өөрсдөө хөгжүүлж, Монгол орны аль хэсэгт олон хүн амьдрах, хаана хот босох, гэх мэт иргэдийн суурьшил төвлөрийн асуудал байгалийн жамаараа явагдаж хөдөөнөөс хотруу явах нүүдлийг зохицуулах, Улсын хөгжлийн төлөө зөвхөн төрийн удирдлагууд толгойгоо гашилгадаг биш орон нутгийн иргэд бас бодол санаагаа уралдуулдаг нөхцлийг бий болгох явдал вм.
- Аймгийн төсвийн орлогоос улсын төсөвт төлөх зарлагыг хасаад бусдыг нь бие даан өөрсдөө мэдэн зарцуулж, аймаг орноо хөгжүүлэх санхүүгийн эрх чөлөөг олгоно
- Зөвхөн тухайн орон нутагт хэрэгжих хууль, дүрэм гаргах эрхийг бий болгоно
- Аймаг хоорондоо худалдаа арилжаа хийх боломжийг бий болгоно
- Аймаг хөгжлийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй нийцүүлж, Засгийн газартай хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, Засгийн газраас Засаг даргын үйл ажилагааны биелэлтэд хяналт тавьж ажиллана.
- Орон нутгийн бие даасан байдал, хөгжлийн тухай хууль гарна. 

5. Төрийн ёс зүйг бий болгох. Үүний зорилго нь төрийн албан хаагчид шударга, сахилга баттай, асуудалд ул суурьтай, үндэслэлтэй ханддаг, хэлсэндээ хүрдэг, худал ярьдаггүй, соёлтой байхыг дээрээсээ үлгэрлэн, доошоо захиран хэвшүүлдэг болоход оршино. Үүний тулд:
- Бүх нийтээрээ цагийг баримталдаг, аливаа юманд хариуцлагатай ханддаг байдлыг улсын хэмжээнд зохион байгуулж хэвшүүлэх 
- Ард иргэдэд чирэгдэл учируулдаггүй, авилга авч, өгөх нөхцлийг бүрдүүлэхгүй байхаар мөн иргэд, хөдөлмөрчдийн аливаа асуудлыг шийдэхэд гүйцэтгэж байгаа  төрийн албан хаагчийн зан чанараас хамаарахгүйгээр шийдэгддэг байдлаар төрийн үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулсан байна
- Төрийн албанд явагддаг хүмүүсийн хоорондын харилцаа албаны хэллэгээр боловсон соёлтой явагдах. Бусад орны УИХ дээр гишүүд нь хоорондоо зодолддог байх нь сайн жишээ биш бөгөөд бид түүнийг нь дууриах ёсгүй гэсэн сэтгэлгээтэй байх
- Төрийн удирдах албан тушаалтнууд тооцоо судалгаагүй шийдвэр гаргадаггүй, худал амладаггүй байх хуулийн механизмыг хэрэгжүүлэх
- Хуулийг дээдлэн дагадаг, УИХ-н гишүүд хуулийг нийтээрэй зөрчдөггүй байж Засгийн газарт болон бусад нөхцөлд бас хуулийг бүх нийтээр зөрчүүлэхгүй байх хуулийн механизмыг бий болгох
- Төрийн албан хаагч авилга авдаггүй байх нөхцлийг бий болгох, авилга өгсөн хүнийг арга хэмжээ авдаг хуулийн заалтыг үгүй болгох
- Хувийн мөрдөгчийн үйлчилгээ үзүүлэх хуулийг бий болгох. Үүнийг авилгалын эсрэг голлон чиглүүлэх
- Төрийн албан хаагч авилга авсан нөхцөлд түүний урт хугацааны моргажийн зээл, тэтгэвэрийн сан үгүй болдог Шинэ зеландын туршлагыг нэвтрүүлнэ
- Дээр дурдсан бүх асуудлыг заавал хэрэгжих хэмжээнд хуульчлахаас гадна эдгээрийг УИХ, Засгийн газраас үлгэр жишээ байдлаар манлайлан хэрэгжүүлэх ба доошоогоо захирамжлан гүйцэтгүүлнэ


2013-1-8.

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...