Бид зах зээлийн харилцаанд бүрэн
шилжиж чадсан уу
Зах зээлийн харилцаанд шилжинэ гэдэг нь товчоор хэлбэл
хэнд илүү мэдлэг, чадвар байна, хэн их хөдөлмөрлөж байна тэр ихийг олох
боломжийг бий болгох шударга харилцаанд шилжихийг хэлнэ.
Үүний тулд улс орон эхлээд иргэддээ эрх чөлөөг, тэр
дотроо хувийн өмчтэй байх эрх чөлөөг бий болгож, тэднийг өмчөө арвижуулахын
тулд чөлөөтэй, шударгаар үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Энэ
үед хувийн компаниуд оршин тогтнохын тулд, илүү ихийг олохын тулд тэд их
хөдөлмөрлөх мөн тэдэнд мэдлэг, чадвартай сайн ажилладаг хүн хэрэгтэй болдог.
Тэднийг хөдөлмөрийн зах дээрээс өрсөлдөн олж авахын тулд сайн цалинг амладаг. Ийм
маягаар хувийн секторт хүссэн хүсээгүй зэх зээлийн зарчим үйлчлээд эхэлдэг.
Үүний дагуу явахгүй л бол компани нь дампуурах аюултай. Манай улс үүнийг бол хийж
чадсан.
Үүнтэй адилаар улсын
үйлдвэрийн газар, улсын төсөв бүрдүүлэлт, хуваарилалт бас зах зээлийн системын
зарчмаар явагдах шаардлагатай байдаг. Ингээгүйгээс улс орны хөгжилд элдэв
гажуудал, зүй бус бэрхшээлүүд тасардаггүй.
Өнөөдөр улсын төсөв бүрдүүлэлт, хуваарилалт, улсын
үйлдвэрийн газрын үйл ажиллагаа нь социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засгийн системээс бараг өөрчлөгдсөнгүй гэж хэлж болно. Манайд бүх төсвийг
улс төвлөрүүлээд эргүүлээд эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйгээр
хуваарилдаг. Өмнөговь аймгийн нэг сумын Засаг даргатай ярьж байхад “бид юмыг
хэмнэж хийх ёстой байтал аль болох их зарлагатайгаар хийх шаардлагатай байдаг.
Учир нь ирэх жилийн төсвөөс танагдчихаас болгоомжилдог” гэж байсан. Энэ жишгээр
татварын орлогын бүрдүүлэлтэд ч тэд бас ирэх жилийн төлөвлөгөө өндөр гарахаас
болгоомжлоод шамддаггүй байна.
Тиймээс аймаг, сумд бүгд нэгэн жигд ядуурч, өөрөөр хэлбэл
хөгжихгүй, зөвхөн нийслэл нь хөгжөөд, бүгд нийслэл рүүгээ нүүдэллэдэг болсон.
Улс иргэдээ хувийн өмчтэй байх, түүнийгээ арвижуулахын
тулд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгсөн мөртлөө орон нутгийн засаг
захигааны нэгж, улсын үйлдвэрийн газарт энэ эрхийг нь олгосонгүй. Өөрөөр хэлбэл
тэдэнд төсвийг бүрдүүлсэн эсвэл олсон ашгийн хэмжээгээр нь орон нутаг,
үйлдвэрээ өөрсдөө мэдэн хөгжүүлэх эрхийг нь өгөхийг хэлж байна. Тэд ихийг олбол өөрсдөө
илүү хөгжинө гэдгийг мэдрэх хэрэгтэй байдаг. Түүнээс гадна удирдлагыг нь томилохдоо
хөдөлмөрийн зах дээрээс чадалтай сайн боловсон хүчинг сонгох боломжийг олгоогүй,
мөн тэдний үйлдвэр нь дампуурахад хувийн хэвшлийх шиг тэд амьдралгүй болдоггүй.
Уг нь орон нутаг аль нь мэдлэг чадвартай даргаа сонгож
чадсан, аль нь илүү баялагтай, аль нутгийн ард иргэд илүү хөдөлмөрч байна гэдгээс
хамаараад тэнд хөгжил нь илүү явагдаж, аймаг сумд хоорондоо хөгжлөөрөө өрсөлдөж,
иргэд хөгжил муутай аймгаас илүү хөгжилтэй, цалин сайтай аймаг руу нүүдэллэж,
хөгжих боломжгүй сум суурин нь аяндаа зах зээлийн жамаар татан буугдаж,
магадгүй хөгжиж болох газар зүйн нөхцөлтэй газар шинээр хот, тосгон бий болох
зэрэг үзэгдэл гарч байвал энэ нь зах зээлийн систем үйлчилж байгаагийн илрэл
юм.
Үүний тулд улс төсвийг бүгдийг төвлөрүүлдэггүй аймгийн
төсвийн бүрдэлтээс тодорхой хувийг улсад төвлөрүүлдэг, үлдсэнийг нь аймаг
өөрсдөө мэдэн зарцуулдаг эрхийг нь олгодог байх шаардлагатай юм. Үүний адил
аймаг нь мөн сумдуудтайгаа энэ жишгээр харьцана. Ингэснээр орон нутгийн
иргэдийн төлөөлөгчид төсвөө мэдэж зарцуулна. Тэд орон нутагт нэн тэргүүнд юуг
хийхээ, яаж хэмнэлттэйгээр зарцуулахаа, төсвийг яаж сайн бүрдүүлэхээ илүү
мэднэ. Жинхэнэ зах зээлийн систем үйлчилж эхлэнэ гэсэн үг.
Нэгэнт орон нутаг төсвөө өөрсдөө мэдэн зарцуулаад ирэхээр
үүнийг дагаад орон нутгийн удирдлагын бүтэц ямар байхыг тэд бас өөрсдөө мэдэж
шийддэг байх ёстой. Бага төсөвтэй газар цомхон удирдлагтай байж таарна. Төсөв
ихсэх хирээр тэд засаг захиргааныхаа ажилтныг нэмэгдүүлэх боломжтой болно.
Өнөөдөр орон нутагт бараг хийх ажилгүй албан хаагчид олон байдаг ба тэдний орон
тоог цомхотговол ирэх жилийн төсвөөс хасагдах тул цалинжуулаад байлгаж байх
ёстой болдог.
Ерөнхийдөө хэлбэл улсын төсвийн бүрдэлтэд орж байгаа
орлого нь хаанаас ихсээд байна түүнд зарцуулах хөрөнгө нь бас дагаад ихсэж
байхыг зах зээлийн системд орж байна гэж хэлнэ. Ус ашигласны орлого ихсээд
байвал түүнийг хамгаалах, шинэ эх үүсвэр бий болгоход нь зарцуулах хөрөнгө
ихсэж байх ёстой. Гаалийн татвар торгуулийн орлого ихсээд байвал гаалийн
байгууллага, лаборатори тоног төхөөрөмжид зарцуулах санхүүжилт нь дагаад ихсэх
ёстой гэсэн үг.
Эрээн хотыг хөгжүүлэхэд хотын удирдлагуудад нь гаалиас
орсон орлогын тодорхой хувийг мэдэж зарцуулах эрхийг нь өгснөөс уг хот тэгж
хурдан хөгжсөн гэдэг. Тиймээс ч Эрээн хотын удирдлагууд гол орлого оруулагч
монголчуудыг аль болох татах, тэдэнд чирэгдэлгүй үйлчилж байх бүх арга хэмжээг
авч байсан.
УИХ дээр төсвийн тухай хууль батлана гэдэг том ажил
явагддаг. Тэнд УИХ-н гишүүд Ховд аймгийн булган суманд сургууль барих уу Дорнод
аймгийн Дашбалбар суманд эмнэлэг барихуу гэдэг дээр толгой гашилгах тохиолдол
байсан. Тэд үүний аль нь илүү хэрэгтэйг мэдэхэд хэцүүлдээ. Одоо бол хэн илүү
лобби сайтай гишүүн нь аймагтаа илүү мөнгө хуваарилуулж чадаж байна, арга чарга
муутай нь өөрийнхөө аймагт бага мөнгө тавьсан талаар хэвлэлээр гомдоллож байх
нь харагддаг.
Уг нь УИХ дээр төсөв бүрдүүлэх, хуваарилах талаар
аймгуудын төсвөөс хэдэн хувийг мөн бусад төсөвт орлого оруулдаг салбаруудаас хэд
хэдэн хувийг нь улсад төвлөрүүлэхийг, үлдсэнийг нь тухайн орон нутаг, салбарт
зарцуулахыг л баталдаг, өөрөөр хэлбэл хэнд юу хэрэгтэйг нь биш хэнд оруулсан
төсвийх нь хэдэн хувийг нь үлдээх талаар ярьдаг байна гэсэн үг.
Мөн татварын орлогын хэдэн хувийг засгийн газрын зардалд,
хэд хэдэн хувийг боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахад
зарцуулахыг, бас уул уурхайн болон төрийн өмчийн үйлдвэрлэлээс олсон орлогын
хэдэн хувийг дэд бүтцийг хөгжүүлэхэд, улсын чанартай үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад,
мөн тэднээс боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахад яаж нэмэрлэхийг
тус тус баталдаг байна гэсэн үг юм.
Гэхдээ эдгээр хувь хэмжээний дээд доод хязгаарыг тусгай
хуулиар урьдчилан тогтоон баталсан байх ба УИХ дээр төсөв батлах үедээ тухайн
жилд хуульд заасан хэмжээний дээд, доод хязгаарын хаагуур нь тогтоохыг л шийддэг
байх юм.
Энэ жишгээр аймаг сумын төсвийн хуваарилалтын хэм хэмжээг
мөн хуульчилсан байх ба орон нутгийн иргэдийн төлөөлөгчид тэр хязгаарын дотор
төсвөө баталдаг байна.
Ерөнхийдөө бүх аймгийн төсвөөс улсад төвлөрүүлэх хувь ижил
байх чиглэл рүү явах ба эхний ээлжинд тэнд байгаа улсын чанартай уул уурхай,
одоогийн чадамжаас хамаарч ялгаатай байж болох талтай. Хувь нь ижил байна гэдэг
нь хэмжээ нь ижил гэсэн үг биш шүү.
Төсөв төвлөрүүлэлт, хуваарилалтыг зах зээлийн системд
оруулахын тулд төсвийн бүрдүүлэлт, хуваарилалтыг зохицуулдаг хуулиудыг үндсээр
нь өөрчлөх шаардлага гарах ба орон нутгийн бие даасан байдлыг баталгаажуулсан
өөрчлөлтүүд холбогдох хуулиудад орно. Түүнээс гадна орон нутаг биеэ даан хөгжих
нөхцөлд Сангийн яам болон бусад олон яамны ачаалал хөнгөрч, улмаар засгийн
газрын бүтэц цомхон болох боломжтой болно. Засгийн газар ч мөн адил бүрдүүлж
байгаа татварын орлогооос хамаарч Ерөнхий сайд өөрөө бүтцээ шийдвэрлэдэг байх
шаардлагатай.
Орон нутгийн бие даасан байдал хангагдсанаар тэд орон
нутагтаа төсвөө зарцуулах, засаг захиргааныхаа орон тоо, бүтэц, албан хаагчдын
цалин хангамжийг шийдвэрлэх, төсвийн бүрдүүлэлтээ нэмэгдүүлэх, орон нутгийнхаа
хүрээнд хэрэгжүүлэх дүрмээ батлах яваандаа Америкийн штатууд шиг орон нутгийн
хууль баталдаг болох тийшээ явна гэсэн үг юм.
2006 онд Усны газрын дэргэд усны төлбөрийг хурааж түүний
орлогын тодорхой хувиар санхүүжих аж ахуйн тооцоотой Усны үндэсний төвийг
байгуулж байсан. Уг төв нэг жил ажилласны дараа ус ашигласны төлбөрөөр
төвлөрүүлдэг байсан орлогыг 10 дахин өсгөж чадсан байдаг. Үүний адилаар орон
нутгийг биеийг нь даалгасан нөхцөлд тэдний төсвийн орлогын бүрдүүлэлт олон
дахин нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Үүний хажуугаар зах зээлд шилжих 2 дах том шалгуур болох
мэдлэг чадвартай боловсон хүчнээ сонгох эрх чөлөөг тэдэнд бас олгох
шаардлагатай болно. Ерөнхий сайд, орон нутгийн удирдлагуудад төсвийн хувь
хэмжээг нь баталж өгөөд ямар бүтэцтэй байх, тэндээ хэнээр удирдуулах эрхийг нь
тэдэнд өөрсөдөд нь өгөх хэрэгтэй.
УИХ зөвхөн Ерөнхий сайдыг хөтөлбөрөөр нь уралдуулж
томилно. Бусад сайд нарыг Ерөнхий сайд өөрөө томилж ажиллана гэсэн үг. Орон
нутгийн удирдлага хэн байх нь ерөнхий сайдад хамаагүй, тэд засагт өгөх ёстой мөнгөө
өгөхөд л болно. Гэхдээ тэд улсын чанартай зохицуулах асуудлын талаар гэрээтэй
ажиллана, түүнд ч зориулж улсын төсөвт мөнгө өгч байгаа гэсэн үг юм.
Харин засгийн газар, орон нутгийн удирдлага нь гэрээнд
заасан үүргээ биелүүлж байгаа байдал, цаашид биелүүлэх боломж хир байгаа, үндсэн
хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаар
Засгийн газарт УИХ, орон нутагт Засгийн газраас дамаангүй эхний үед хатуу
хяналт тавьж ажиллах шаардлагатай болно.
Г.Батсайхан. 2013.11.26.
No comments:
Post a Comment