Monday, October 3, 2011

Мэргэжлийн хяналтын газарт шинэчлэл хэрэгтэй

Монголд өнөөдөр хяналтын тогтолцоо алдагдчихаад байна. Төр иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалж, тэдний төлсөн татварын мөнгөний хариуд чанартай үйлчилгээ үзүүлж байхын тулд хяналтын системийг бий болгосон байдаг
            Европчууд анх Америк тивд очоод, тэнд суурьшсан эхний үед хүмүүс жинхэнэ эрх чөлөөг эдэлж эхэлжээ. Тэнд ямар ч хууль байсангүй, хүмүүс ямар нэг аж ахуй эрхлэхэд хэнээс ч зөвшөөрөл авахгүй, хэнд ч татвар төлдөггүй байлаа.
           Гэтэл нэг хэсэг нь хөдөлмөрлөн амьдарч байхад нөгөө хэсэг нь хөдөлмөр хийхгүй, зугаа цэнгэл хөөн, шударгаар хөдөлмөрлөгч хэсгийгээ дээрэмдэн, хулгай, дээрмийн олзоор амьдрах болсон.
            Иймд шударга хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хэсэгт өөрсдийг нь хамгаалах цагдаа хэрэгтэй болсон. Цагдааг хөлсөлж ажиллуулахаар мөнгө нийлүүлсэн. Нэгэнт цагдаа бий болсон тул хууль, шүүх, прокурор гээд төрийн аппаратууд ээлж дараалан бий болж, тэдгээрийн  цалин, зардалд зориулж иргэд, хөдөлмөрчид татвар төлдөг болсон. Энэ бол төр үүсэн бий болж байгаа процесс юм.
            Хот суурин газар үүсээд, үйлдвэрүүд хөгжөөд эхэлсэн чинь зарим үйлдвэрүүд зардал бага гаргах сонирхолдоо хөтлөгдөн хүний биед муугаар нөлөөлөх, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэтдээ хүний эрүүл мэндийг муутгах хортой орчинд болон аваарь осол гарч болзошгүй аюултай нөхцөлд хүнийг ажиллуулах болсон. Учирч болох эдгээр аюултай нөхцөл байдлыг жирийн хэрэглэгч болон ажилчид тухайн үедээ мэдэх боломжгүй байдаг бөгөөд үүнийг мэргэжлийн хүний нүдээр эсвэл тусгай багаж, лабораториор шинжилж байж тогтоодог.  
            Иймд мэргэжлийн шинжтэй дээрх зөрчлүүдийг илрүүлэн, арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналт бий болжээ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын үүрэг нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх бүтээгдэхүүн үйлчилгээ, аюул осол гарч болох хөдөлмөрийн болон ахуйн нөхцлөөс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Харин орчин үед байгаль нь хүний аюулгүй амьдрах гол орчин гэдэг утгаараа түүнтэй зүй бусаар харьцах, түүнд хохирол учируулсан бол нөхөн сэргээлгэх, хохирол үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил нь мэргэжлийн хяналтын чиг үүрэгт нэмэгдэн ордог болсон.
            Түүнээс гадна төрийн бүтэц томрохын хирээр төрийн албанд сайн муу олон хүн ажиллах болсон тул иргэдэд төрийн үйлчилгээг чанаргүй хүргэх, төрийн мөнгийг хувьдаа завших, иргэдээс авилга авах зэрэг зүй бус үзэгдлүүд бас гарах болсон. Үүнээс болж төр албадаа хариуцлагатай байлгахын тулд тэдний үйл ажиллагааг хянах төрийн хяналт шалгалтын газар, санхүүгийн хувьд хяналт тавих Аудитын газрыг бий болгосон.
Дээрх хяналтууд нь аль ч улсад байдаг, тогтчихсон хяналтын үндсэн систем юм.
Мэргэжлийн хяналт ба төрийн хяналт шалгалт нь хоорондоо хяналтын чиглэл болон авдаг арга хэмжээгээрээ хоёр өөр тогтолцоо юм. Жишээ нь Мэргэжлийн хяналт нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжүүдэд хяналтаа чиглүүлдэг ба илэрсэн зөрчилд нь торгууль, шийтгэвэр ногдуулдаг байхад төрийн болон санхүүгийн хяналт шалгалт нь төрийн байгууллагын албан тушаалтанд чиглэгдэж, илэрсэн зөрчилд нь албан тушаал бууруулах, ажлаас халах арга хэмжээ авдаг байна.
Гэхдээ аль ч хяналт шалгалтын үр дүнд эрүүгийн хэргийн шинжтэй зөрчил илэрвэл цагдаагийн газарт шилжүүлэх ба төрийн мөнгө завшсан, улсад хохирол учируулсан нөхцөлд хохирлыг барагдуулах  төлбөрийн акт давхар тавигддаг.
Манайд мэргэжлийн хяналтын газар гэдэг том бүтэцтэй байгууллага бий. Гэтэл энэ байгууллагын нэр нь Мэргэжлийн хяналтын газар гэдэг боловч ажил үүргийн хувьд барилга, өргөх механизм, байгаль орчин гэх мэт салбаруудад мэргэжлийн хяналт хийхээс гадна төрийн байгууллагуудын ажлын хариуцлагатай нь холбоотой боловсролын, соёлын, санхүүгийн хяналт гэх мэтчилэн хуучны Төрийн хянан шалгах хорооноос гүйцэтгэдэг байсан хяналтыг бас хэрэгжүүлдэг. Холбогдох хуульд, мэргэжлийн хяналтын газрын дүрэмд  Мэргэжлийн хяналтын үүргийг хууль хэрэгжүүлэх үүрэгтэй гээд ерөнхий томъёолчихсон байдаг. Монголд хууль хэрэгжүүлэх байгууллага нь цагдаагас авахуулаад олон байдаг тул Мэргэжлийн хяналтын чиг үүргийн ялган тодорхойлох шаардлагатай юм.
Хэдийгээр мэргэжлийн хяналтын газар бүх төрлийн хяналтыг хамтруулан хэрэгжүүлдэг ч гарсан зөрчилд зөвхөн мэргэжлийн хяналтаар илэрсэн зөрчилд авдаг арга хэмжээг ноогдуулдаг. Жишээ нь нэг шалгалтаар 10-н жилийн сургуулийн захирал 32 сая төгрөг идчихсэн тохиолдол гарч байсан. Түүнд торгуулийн арга хэмжээ авсан, учируулсан хохиролд нь акт тавьсан. Ажлаас нь бол халах эрх улсын байцаагчид байдаггүй. Захирал ажлаа хуучнаараа үргэлжлүүлэн хийх хугацаандаа актаар тавигдсан төлбөрөө төлсөн. Харин түүнийг төлөхийн тулд захирал төрийн мөнгийг урьд идсэнээсээ илүү боловсронгуй аргаар идэж, актаар тавигдсан төлбөрөө төлсөн байх гэж хардахад хүргэж байна
2007 онд Мэргэжлийн хяналтын газраас Байгаль орчны яамыг шалгана гээд очиж байсан удаа байдаг юм. Тэгээд тэд учираа сайн олохгүй буцсан. Яагаад гэвэл тэд яамны мэргэжилтэнг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж торгох билүү яах билээ. Харин хуучны төрийн хянан шалгах хороо энэ ажлыг хийж болох байсан.  
Иймд манайд Мэргэжлийн хяналтын газар ба Төрийн хянан шалгах хороог тус тусд нь болгох шаардлагатай болж байна.
Мэргэжлийн хяналтын газар бүтцийн хувьд ойлгомжгүй болчихсноос гадна тэнд төрийн болон санхүүгийн хяналтдаа илүү анхаарч, энэ салбартаа олон байцаагч ажиллуулдаг боловч яг мэргэжлийн хяналт талдаа цөөхөн байцаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг тул иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх жинхэнэ мэргэжлийн хяналтад хүн хүчний хүрэлцээ муу байдаг. Жишээ нь лифт, кран, барилгын өргүүрийн нийт тоо Улаанбаатар хотод 5000 орчим байдаг. Гэтэл тэнд 3 байцаагч, 2 магадлалын инженер ажилладаг. Гадаад орнуудын жишгийг харахад 5000 нэгжид хяналт тавихад дор хаяж 15 хүн ажиллах ёстой байдаг юм байна
Иймээс ч лифт, краны аюулгүй ажиллагааны байдал Монголд аюулын ирмэгт тулаад байгаа. Саяхан Оросоос мэргэжлийн хүмүүс ирж зөвхөн Баянгол дүүргийн лифтүүдийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийхэд тэдгээрийн тал хувь нь техникийн хувьд осол гарахад бэлэн байгааг тодорхойлж өгсөн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Бусад 8 дүүргийн лифтэнд шалгалт хийгдээгүй тул бүх лифт нь ажилласаар байгаа ба бид бүгд, улсын байцаагчид ч бас осол битгий гараасай гэж залбираад л сууж байхаас өөр аргагүй байна. Тэхийн зогсоол дээр очоод бараг дурын автокраныг шалгахад тэдний даац хязгаарлагч нь ажилгүй, хэдийд ч аваарь гаргахад бас бэлэн байдалтай байдаг
Түүнээс гадна хяналтаар илэрсэн зөрчилд авах арга хэмжээ нь сул, зөрчлийг арилгуулах талаар албадан гүйцэтгэх боломж нь муу байдагаас улсын байцаагчид зөвшөөрөлгүй газарт байшин барьж байхад тэр бүр болиулж, барьсан хэсгийг нь нурааж чаддаггүй, улсын байцаагчийн лацдаад явчихсан объектых нь лацыг нь хөдөлгөөд, хориглосон үйл ажиллагааг нь явуулсан байхад авах арга хэмжээ нь тодорхойгүй байдаг, улсын байцаагч торгууль шийтгэвэрийн арга хэмжээ ногдуулсан байхад түүнийхээ төлбөрийг барагдуулах ажлыг өөрөө гүйцэтгэх үүрэгтэй байдаг тул тэд торгуулиа төлөх шинжгүй хүнд арга хэмжээ авахаас зайлсхийдэг, орлого эд хөрөнгийг нь хураах нөхцөлд түүнийг гүйцэтгэдэг тусгай хүчний бүтэц байдаггүй байх жишээтэй. Гэтэл Хятадад аль нэг дэлгүүрт иргэдийн гомдлоор болон гэнэтийн шалгалт хийгээд, тэнд гарал үүсэл нь тодорхойгүй хуурамч бүтээгдэхүүн зарсан байхад тэр дэлгүүрийн бүх бараа, эд хогшлийг нь тусгай хүчний баг ирэн хураан авч, улсын орлого болгоод, байрыг нь хоосолж орхин, зөрчил гаргасан этгээдэд дахин дэлгүүр ажиллуулахыг хориглосон арга хэмжээ авч, энэ авсан арга хэмжээнийхээ талаар бусдын ой тойнд ортол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байна. Ийм нөхцөлд дахин тийм зөрчил гаргах зүрхтэй хүн байхгүй болдог юм байна.
Манайд өнөөдөр дэлгүүр, эмийн сан, захаар ороход тэнд гарал үүсэл нь тодорхойгүй, хүчинтэй байх хугацаа нь хэтэрсэн, хүний биед сөрөгөөр нөлөөлөх бүтээгдэхүүн, хуурамч архи худалдаалагдах нь элбэг байдаг. Энэ талаар, гэнэтийн компанит шалгалт бүрээр олноороо илэрч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахыг бишгүй үзсэн. Шалгалтын хүмүүс аргаа бараад телевизороор хуурамч эм, барааг үзүүлээд иргэдийг өөрсдөө сайн шалгаж авч байхыг сануулж байхыг бас харсан. Иргэд өөрсдөө шалгаад аваад байж чаддаг бол мэргэжлийн хяналтын байгууллага байгуулах хэрэг юу билээ
Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь Мэргэжлийн хяналтад бас байдаг. Улсын байцаагч хяналтаа тавиагүй буюу тэдгээрийн хяналтад байгаа объектод аваарь осол гарсан нөхцөлд тэд хариуцлага хүлээдэг тогтолцоо, хуулийн заалт байдаггүй. Тийм учир Монголоор дүүрэн зөрчил байдаг, бүгд түүнийг мэддэг боловч зөрчлийг арилгах талаар байцаагч нар санаа зовдоггүй. Жишээ нь: Улсын комиссын хүлээн авсан барилгын дээврээс ус гоожсон, сантехник эвдэрсэн, цантсан гээд олон гомдол гардаг. Барилгыг нь улсын комисс хүлээж аваагүй байхад иргэд нь ороод суучихсан тохиолдол ч багагүй байдаг. Үүний нэг тод жишээ Алтжингийн шатсан захын барилга. Энд мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж байгаагүйн төлөө хариуцлага хүлээх л ёстой. Өнөөдөр Монголд газар хөдөлвөл шинээр баригдаад байгаа байшингууд нурахгүй гэсэн баталгааг өгөөд, нурвал хариуцлагыг нь би хүлээнэ гэж хэлж чадах улсын байцаагч хэд байх бол.
Цаашилбал уул уурхай эрхлэгчид байгалийг сүйтгэж байгаа, нөхөн сэргээлт муу хийж байгаа, цэвэрлэх байгууламжийн бохир ус туул голыг өнөөдөр хүртэл бохирдуулсаар байгаа, туулын сав газарт байшин барьж байгаа гээд л олон зөрчлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түмний нүдэн дээр яриад байдаг. Мэргэжлийн хяналтын газар энэ бүхэнд ямар рольтой байх болж байна аа. Аргаа бараад иргэд, хөдөлгөөнүүд зарим уул уурхайн үйл ажиллагааг өөрсдөө очиж зогсоож байна. Энэ үед мэргэжлийн хяналтын газраас эдгээр уурхайг шалгаад зөрчилгүй байсан гэж нотлоод, хөдөлгөөнүүд гэмгүй байгууллагыг хэлмэгдүүлж байна гэж л лав мэдэгдэл хийгээгүй. Ийм зөрчлийг өнөөдөр олныг тоочиж болно. Мэргэжлийн хяналтын газар боловсон хүчний чадвар муутай, авилга хүнд суртлын судалгаагаар тааруу дүн үзүүлдэг гэх мэт олон муу зүйл сонсогддог тул өнөөдөр мэргэжлийн хяналтын газрыг шинэчлэх цаг нь болсон юм бишүү гэдгийг л хэлэх байна.

Г.Батсайхан. 2011.10.03

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...