Хүндэт Ерөнхийлөгч
танаа
“Иргэн баян бол улс баян байна” гэдэг зүйр
үг улс орны бодлогын үндэс байх ёстой гэж бид үздэг. Өөрөөр хэлбэл иргэдээ эрүүл, ёс
суртахуунтай, мэдлэг боловсролтой, бүр үйлдвэрлэл, бизнесийн талаар өндөр
мэдлэгтэй болгож чадвал тэр хэмжээгээрээ иргэдийн амьдрал сайн, улсын хөгжил өндөр
байна гэсэн үг юм.
Үүний тулд
төрөөс “иргэддээ бэлэн загас өгдөггүй,
загас барих аргыг нь зааж өгдөг байх” ёстой бөгөөд энэ нь Засгийн газрын
гол үүргийн нэг юм.
Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд төрийн систем
эрүүл байх шаардлагатай байдаг. Төрийн албан хаагчид нь хариуцлагатай, иргэддээ
үйлчлэгч гэдгээ бүрэн ухамсарласан, мэргэжлийн чадварлаг бүтэцтэй байх
хэрэгтэй. Энэ бүхэн нь Монголд хямралд орсноос өнөөдөр ард түмний амьдрал хүнд
байгаа.
Үндэсний эрх
чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын
хүндэтгэлийн чуулганд та тавьсан илтгэлдээ “манайх
эрхийн биш үүргийн дутагдалд оржээ, хариуцлага хүлээдэг хүн алга боллоо. Иргэд Монголд мөнгөний биш хариуцлагын хомсдол байна гэж ярьдаг. Иргэд үнэнийг хэлж байна.
Хуулиар хуяглаж, эрхэндээ эвдэгдсэн төрөө энэ байдлаас нь өөрчилье” гэсэн. Мөн Монгол улсын хөгжилд
саад болж бугласан, өнөөгийн болохгүй байгаа зүйлсийг тодорхойлоод, түүнийг засах
арга замыг заан өгч, засахын төлөө гэсэн хүсэл, эрмэлзлэлтэй хэн бүхэнтэй
хамтран ажиллах уриалга гаргасанд бид бүхэн талархан хүлээн авсан.
Манайд хариуцлагагүй
байдал дээрээсээ эхтэй, төрийн өндөр албан тушаалтнууд, шийдвэр гаргагч эрх
мэдэлтнүүдээс голлон энэ хариуцлагагүй үйлдлүүд гардаг тул энэ нь улсын хөгжил,
ард иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлдөг юм.
Хүн
хариуцлага хүлээдэг байхын тулд түүний үүргийг хуульд бүрэн зааж өгөхөөс гадна
үүргээ биелүүлээгүй нөхцөлд ямар арга хэмжээ авагдахыг нь хуульд бас тодорхой
зааж өгсөн байх ёстой байдаг. Хүн хийсэн буруу үйлдлийхээ хойноос ямар нэг
хариуцлага хүлээх систем байхгүй бол хэн ч, яаж ч дураараа аашилж болох нөхцөл
нь бий болдог.
Гэтэл манайд мөрдөгдөж байгаа хуулиудад
түүнийг зөрчсөн нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар маш хангалтгүй зааж өгсөн
байдаг ба төрийн улс төрийн албан тушаалтны хувьд хариуцлагагүй ажилласан
нөхцөлд авах арга хэмжээг холбогдох хуулиудад нь огт зааж өгөөгүй байдаг.
Ерөнхий прокурорыг солих үед энэ асуудал
байгаа талаар та телевизороор ярьж байсан, Авилгалын эсрэг хуульд энэ талаар
заалт байдаггүйгээс гадна бүр ийм нөхцөлд ажлаас халахыг хориглосон заалт
оруулж өгсөн байдаг. Эрүүгийн хуульд байдаг хариуцлагын хоёрхон заалт
гээгдчихсэн байсныг олж, эргүүлж оруулж байсан. Эдгээр нь хууль баталж байгаа гишүүдийн
эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн чанартай, өөрсдийгөө хуулиар
хуягласан үйлдэл гэж хэлэх боломжтой зүйл юм.
Төрийн
үйлчилгээний албан тушаалтны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд зөвхөн дотоод журам
зөрчсөн нөхцөлд хариуцлага тооцохоор заасан байдаг. Дотоод журамдаа юу заах нь
тодорхойгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хариуцлагын талаар төрийн
албаны тухай хуульд зааж өгсөн байдаг боловч тэнд зарим зохицуулалтыг дутуу,
заримыг нь хэт ерөнхий оруулсан байдагаас гадна тэдгээр заалтыг зөрчсөн
этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авах эрх бүхий субъектыг нь тодорхой
заагаагүй, хариуцлага алдсан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ аваагүй нөхцөлд
тэдэнд ямар арга хэмжээ авахыг бас зааж өгөөгүй байдаг. Цаашилбал хариуцлага нь
хуульчлагдаагүй төрийн улс төрийн албан тушаалтны ивээлээр томилогдогсод
өөрсөдөд нь хариуцлага тооцох хүн байхгүйг далимдуулан дураараа дургих болсон.
Иймд төрийн
албаны хариуцлагын тухай хууль боловсруулж, батлуулах хэрэгтэй гэж үзэж байна.
Энэ хууль нь дангаараа хууль болох эсвэл
“Төрийн албаны тухай” хуульд нэмэгдэл бүлэг болон орох боломжтой юм.
Бид Төрийн
албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд үүнийг танд энэ захиатай хамт хүргүүлж байна.
Энэ хуулийн
гол зарчим нь төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулахын тулд Монгол улсын Ерөнхийлөгчөөс
авахуулаад төрийн бүх албан хаагч ажилдаа хариуцлаггүй хандсаны төлөө тэр
хэмжээгээрээ хариуцлага хүлээдэг байхыг хуульчлахаар хийгдсэн. Мөн
хариуцлагагүй хандах гэдэг нь юуг хэлээд байгааг тодорхойлж өгсөн явдал юм.
Энэ хууль
гарах болсон шалтгаан, үндэслэлийн талаар хуулийн үзэл баримтлалд тодорхой
бичсэн ба төслийг 2008 оноос боловсруулж эхэлсэн тул түүнд авсан зарим
жишээнүүд нь цаг хугацааны хувьд хуучирсан байгаа байх. Энэ төсөл нь анхны
хувилбар тул цаашид ажлын хэсгээр хянан сайжруулах, олон нийтээр хэлэлцэгдэх
шаардлагатай байгаа.
Иймд танаас дараах зүйл дээр туслаж, хамтран ажиллахыг
хүсэж байна
1.
Ажлын хэсэг байгуулан хуулийн төслийг мэргэжлийн төвшинд
хянан, сайжруулах ажлыг зохион байгуулах
2.
Иргэний танхимаар хуулийн төслийг хэлэлцүүлэх
3.
Төрийн албаны хариуцлагын тухай хуулийг УИХ-д өргөн барих
асуудлыг зохион байгуулах.
Хуулийн үндэслэл төслийн анхан шатны хувилбар бэлэн байгаа
2012-11-20
Хуулийн үндэслэл төслийн анхан шатны хувилбар бэлэн байгаа
2012-11-20
No comments:
Post a Comment