Tuesday, October 9, 2012

Утааны талаар



Хотын утааны талаар УИХ-н эрхэм гишүүдэд

 Улаанбаатар хот утаанд дарагдаад иргэдийн эрүүл мэнд ихээр хохирч байгааг бид бүгд мэдэж байгаа. Энэ утааны асуудал нь зөвхөн уушиг, ханиад төдий асуудал биш юмаа.
Резин, нийлэг материал, яс түлсний үр дүнд хорт хавдар үүсгэдэг, урагт нөлөөлж гажигтай хүүхэд төрүүлдэг, хүний генид нөлөөлдөг маш хортой диоксин, фуран гэдэг бодис ялгардаг. Эдгээр бодис нь устаж үгүй болдоггүй, агаар, ургамал, амьтан, тоосоор дамжин хүнийг хордуулдаг дээшээ хөөрдөггүй газраар, доогуур нүүдэллэдэг бодис юм. Одоо манайхны хамгийн цэвэр агаартай гэж үзэж байгаа Зайсангийн хавьд утаа байхгүй ч хамгийн аюултай дээрх хорт бодис тэнд хуралдах магадлал хамгийн өндөр байдаг. Мөн иргэдийн амьдрал ядуугаас хог түлж өвлийг өнгөрөөж байгаа айлууд олон байдаг. Бүр хаягдал дугуйг түлшинд зориулж жижиглэн хэрчээд, зардаг газрууд байдаг.
Монгол улсын талаас илүү иргэд гамшгийн байдалд байна.  Өдөр бүр Өдрийн сонин дээр агаарын бохирдлын хэмжээг тодорхойлж түүнд буй хорт бодисын агууламжийг “маш муу”, “аюултай” гэсэн ангилалд байгааг бичиж байна
Манайд онц байдлын тухай хууль байдаг. Түүний 4 дүгээр зүйлд: улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэндэд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учируулсан буюу учируулахуйц байгалийн гамшиг гэнэтийн бусад аюул / ... химийн хорт бодисын хордуулалт ... / тохиолдсон нөхцөлд онц байдал зарлаж болно гэж заасан байдаг
Монгол улсын талаас илүү хувь нь химийн хорт бодисын хордуулалтад өртөн амь нас, эрүүл мэндээр шууд хохирч байгаа энэ нөхцөлд 1 жилийн хугацаагаар онц байдал зарлан Улаанбаатарын утааны асуудлыг нэг мөр шийдэхгүй бол утаагүй түлш, утаагүй зуух ярьж, нийтийн зовлонгоор хожоо хийгчдийн золиос болж гүйцэх нь байна бид чинь. Ийм арга хэмжээ авахгүй бол хэдийд утаанаас ангижрах нь тодорхойгүй, жилд төдөн хувиар бууруулчихна гэж худлаа ярьж байгаа хүмүүсийн үгэнд итгээд он жилийг өнгөрөөгөөд баймааргүй байна. Та бид 10-аад жил утаагүй түлш, утаагүй зууханд итгэсээр өнөөг хүргэсэн. Одоо цаашид хэдэн жил явах вэ. Нэг жил байтугай нэг сар, нэг хоног ч тэсэхэд хэцүү байгааг та бүхэн ойлгож байгаа биздээ.
Онц байдал зарласнаар санхүүжилтийг нэн түрүүнд үүнд зарцуулж, бүх байгууллага, албан тушаалтан, иргэд үүнтэй холбоотой үйл ажиллагааг заавал биелүүлэхээс гадна олны хүчийг дайчлах, албадлага хэрэглэх боломжтой байдагаараа онцлогтой юм байна. Одоо бидэнд тарааж өгөөд байгаа 800 тэрбум төгрөг бол нэг жилийн хугацаанд утааны асуудлыг бүрэн шийдвэрлэх хэмжээний мөнгө шүү.
Онц байдал зарлаж иргэдээ химийн хортой бодисын хордуулалтаас аврах нь та бүхний нэг үүрэг гэж ойлгож байна.
         
                                                         2012-12-12

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...