Tuesday, October 9, 2012

Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт



Төсвийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт

 Монгол улсад төсвийн асуудлыг Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудаар зохицуулдаг боловч эдгээрийг нэгтгээд “Төсвийн тухай” хуулийн төсөл хэлэлцэгдэж яваа нь илүү дэвшилттэй үйл явдал болж байна гэж үзлээ.
Гэвч дээрх хуулиудад дараах асуудлыг зохицуулж өгөөгүй байгааг хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж өгөх шаардлагатай байна.
Манайд 2000 оноос хойш төсвийг төвлөрүүлэн хуваарилдаг болсон. Энэ нь эдийн засаг маань зах зээлийн системд шилжих биш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем рүү ухарсан алхам юм. Үүний гол үр дүн нь хэсэг бүлэг хүмүүс төрийн мөнгийг том тогоонд оруулаад, том шанагаар хутгаж авч, өөрт ашиглах боломжийг л бий болгосон.
Энэ буруу шийдвэрээс болж хөдөө орон нутагт нутгийн хүмүүс өөрсдийгөө мэдэн хөгжүүлэх санхүүжилтгүй болж, идэвх нь суларч, тэнд ард түмний амьдрал доройтож, олноороо хотруу шилжин суурьших болж үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд бий болж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга “бид төсвийн мөнгөөр бараа, үйлчилгээ авахдаа аль болохоор өндөр үнэтэйгээр хийхийг эрмэлздэг, учир нь хэмнээд хийчихвэл илүү гарсныг нь Сангийн яам авчихаас гадна ирэх жилийн төсвийг багасгаад хуваарилах тул бид үрэлгэн хандахаас өөр аргагүй болж байна” гэж ярьсан нь орон нутгийн төсөв захирагчдын нийтлэг бодол юм.   
УИХ дээр ч гэсэн Ховд аймгийн Мөст сумын сургуулийг засах уу, Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлгийн байрыг барих уу гэдэг шийдлийг олох гэж, тэдний хэзээ ч зөв шийдлийг олж чадахгүй хүнд бодлогыг бодох болсон.  Хэрэв орон нутагт нь татварын орлогыхоо тодорхой хувийг өөрсдөө мэдэн зарцуулах эрхийг нь өгөөд хяналтын механизмыг нь бий болгоод, дотоод дүрэм журмаа өөрсдөө гаргадаг, удирдлагын бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийддэг болгоод өгчихсөн бол тэд орон нутгаа яаж хөгжүүлэхээ өөрөө мэддэг, болж татвар хураалт нь сайжирч, төсвөө хэмнэлттэйгээр зарцуулж, чадалтай газар илүү хурдан хөгжиж, иргэдийн нүүдэл хөдөөнөөс хот руу биш хотоос хөдөө рүү, хөгжил муутай аймгаас хөгжил сайтай аймаг рүү шилжиж, аймгууд бие биетэйгээ өрсөлддөг, аймаг хоорондын худалдаа хийгддэг гэх мэт олон дэвшилттэй шинэ зүйлс бий болох юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх зарим төрлийн металлын үнийн өсөлтийн улмаас төсвийн орлого ихээхэн нэмэгдсэн. Төсвийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр богино хугацаанд хүрэлцээтэй байсан боловч нийгмийн шинжтэй зарлага хэт хурдацтай нэмэгдэж, энэ нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, инфляцын хүлээлт, импортын өсөлтийг бий болгох, дотоодын үйлдвэрлэл буурахад нөлөөлж, улмаар эдийн засгийн хэт халалт бий болох зэрэг сөрөг үр дагавар үүсэх боллоо. Энэ нь төсвийг төлөвлөхдөө орлогын нэмэгдэх хэмжээгээр дураараа зарцуулдагтай холбоотой. Энэ нь төсвийн зарцуулалтыг түүний бүрдүүлэлтийн төрөл, хэмжээнээс нь хамааруулан зарцуулах, төлөвлөхийг хуулиар тодорхой тогтоон, УИХ хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд шийддэг, төсвийхөө хэмжээ хязгаарт захируулж төрийн албаныхаа бүтцийг бий болгодог төсвийн энэ дэвшилттэй механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Иймд төсвийн тухай хуульд дараахь агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.
1. Төсвийг Засгийн газраас зохиодоггүй, өөрөө зохиогддог зүй тогтолтой байдаг. Энэ нь төсөв бүрдэж байгаа эх үүсвэрийн нэр төрөл, хэмжээнээс нь хамааруулж түүнийг юунд, ямар хэмжээгээр зарцуулахыг хуульчилах тухай асуудал юм. Жишээ нь ус ашигласны төлбөрийн орлогын хэдэн %-ийг усыг хамгаалах нөхөн сэргээхэд зарцуулах, үлдсэнийг нь юунд зарцуулахыг нь хуульчилаад өгдөг. Гэхдээ энэ хувийг тогтоохдоо тодорхой хязгаартайгаар тогтоож болдог. УИХ тэр зарцуулах хязгаарын дотор хэд байхыг нь шийдэж өгдөг. Засгийн газрын бүтцийг ажиллуулах төсөв нь зөвхөн татвар, төлбөрийн орлогоор санхүүжинэ гэж хуульчилаад Засгийн газар энэ санхүүжилтийн хэмжээнд тохирсон бүтэцтэй байхыг шаардана. Энэ нөхцөлд дураараа яам агентлагийг нэмэгдүүлэх, дэд сайдын орон тоог олшруулах асуудлууд цэгцэрдэг. Уул уурхай болон төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогыг зөвхөн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт, цаашилбал тэдгээрийн ямар хэсэгт нь оруулж байгаа орлогын хэдэн хувиар нь зарцуулахыг хуульчлаад өгөх юм. Харин тэгээрийн тухайн салбаруудад зарцуулах хөрөнгийн хэмжээг орлого оруулж байгаа үйлдвэрүүдийн тухайн салбартай уялдах хэмжээнээс нь хамааруулж дээд доод хязгаартайгаар тогтоож өгнө.

2. Дээрх зүй тогтлын дагуу орон нутаг төсвөө өөрсдөө бүрдүүлэх ба бүрдүүлсэн төсвийхөө хэдэн хувийг /мөнгөн дүнгээр биш бүрдүүлсэн дүнгийн %-иар/ нь орон нутагтаа авч үлдэхийг, мөн тэдгээрийн цалин хөлс, хөрөнгө оруулалт гэх мэтдээ зарцуулах хувийн хязгаарыг бас хуульчилаад, энэ хязгаарын хүрээнд асуудлаа шийдэх эрхийг орон нутгийн иргэдийн хуралд нь олгох зохицуулалтыг хуульчлах шаардлагатай юм. Үүний хажуугаар орон нутагт тухайн нутагт үйлчлэх дүрэм журмаа гаргах, төрийн захиргааныхаа бүтцээ бүрдүүлэх эрхийг нь бас хуульчилах шаардлагатай болно   

3. Төсвийн сахилгыг сайжруулах, хяналтыг чангатгах, хариуцлагыг өндөржүүлэх талаарх хуулийн зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой, бүрэн тусгах шаардлагатай юм. Үүгээр орон нутгийн удирдлага төсвийн хөрөнгийг идэх, хуувилдаан, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх болно.

            Энэ гурван асуудлыг агуулсан зохицуулалтыг төсвийн тухай хуульд тусгах шаардлагатай ба энэ талаар том ажлын хэсэг ажиллаж энэ ажлыг гүйцэтгэх болно.


                                                                  2011-11-11

No comments:

Post a Comment

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...