Монгол улс ардчилал, зах зээлийн системд шилжсэнээс хойш олсон ололт амжилт багагүй байгаа ч яг өнөөдөр засаж залруулахгүйгээр улс орон цаашид хөгжих боломжгүй болчхоод байгаа, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байдлыг бий болгоод байгаа гол асуудлуудыг дурдвал:
- Төрийн удирдлагын бүтцэд хямрал бий болсон.
- Төрийн удирдлага нь тогтворгүй, нам нь “төрийн дээр” гарчихсан.
- Төрийн албан тушаалтнууд нь хувийн болон бүлгийн эрх ашгийг улс, нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг болсон бөгөөд энэ нь нийгмийн дунд хэвийн асуудал мэт харагдах болсон.
- Төр, нийгмийн харилцаанд авилга, хуйвалдаан гүнзгийрсэн.
- Төрийн алба нь мэргэжлийн чадамжаа алдаж, хүнд суртал ноёлсон, хариуцлагын тогтолцоо үгүй болсон.
- Бизнес эрхлэхэд төрийн дарамт ихтэй болсон.
- Хууль, шүүхийн өмнө иргэдийн тэгш байх эрх алдагдаж, ядарсанд хатуу, мөнгөтэйд бол үйлчилдэггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болсон.
- Олон улсын түвшинд Монгол нь өрөнд баригдчихсан, найдваргүй, тогтворгүй, итгэж болохгүй, гэрээний болон санхүүгийн сахилга бат сул улс гэж дүгнэгддэг болчихсон
- Үйлдвэрлэлийн хөгжил сул, үйлдвэрлэлээс орж ирэх орлого нь ерөнхийдөө уул уурхайн олборлолт дээр тогтдог
- Ядуу амьдрал, чанаргүй бараа, бохир аюултай орчноос /агаар нь утаатай, хөрс нь бохир/ болж иргэд амьдрал, эрүүл мэндээрээ хохирч байгаа
- Иргэд ажлын чадвар муу, халамжид найддаг, цалин, орлого бага г.м
Энд хэн буруутай юм бэ? Юунаас болоод байна вэ? гэдэг асуултууд гарна. Улс орны хөгжлийг хойш татсан дээрх сөрөг зүйлс бий болсон эх үндэс, зүй тогтлыг судлаад үзэхэд энэ нь төрийн буруу тогтолцооноос эхлэлтэй байна.
Эдгээрийг дараалал, зүй тогтлоор нь дараах байдлаар тодорхойлж болно.
Ирээдүйг мэдье гэвэл өнгөрснийг судал. /Күнз/
1. Төрийн эрх барих дээд байгууллагын хямрал.
Аливаа үйлийн шууд нөхцөлдүүлж буй шалтгааныг олоход хүндрэлтэй биш байдаг. Гэтэл энэ шалтгааныг нь залруулчихаар асуудал шийдэгдэхгүй, учир нь энэ шалтгааныг нөхцөлдүүлж байгаа шалтгааныг нь бас арилгах хэрэгтэй байдаг. Хэрэв буруу зүйлийг засаж залруулъя гэвэл түүнийг үүсгэсэн бүр эх үндсийг нь засаж өөрчилж байж уг асуудал бүрэн шийдэгддэг. Өөрөөр хэлбэл болохгүй байгаа тэр зүйлсийг бий болгоод байгаа эх үүсвэрийг нь олж засахгүйгээр тухайн асуудлыг шийдэх гэж оролдох нь өвчний шалтгааныг нь олж эмчлэхгүйгээр өвчин намдаагч уулгаад байгаатай адил юм.
Жишээ нь өнөөдөр Монголчуудын амьдрал ядуу байна. Ядуу байгаагийн шууд шалтгаан нь цалин бага, үйлдвэрлэл хөгжөөгүйгээс боломжит ажлын байр бага, импортын бараагаар амьдардаг тул юмны үнэ өндөр г.м байж болно.
Эндээс зөвхөн цалин бага байгаагийн шууд нөхцөлдүүлэх шалтгаан нь бизнес хийж, үйлдвэрлэл хөгжүүлэхэд төрийн дарамт, хүнд суртал их, банкны хүү өндөр, үйлдвэрлэл хөгжүүлэх нийтлэг түүхий эдийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлээгүй г.м байж болно.
Мөн эндээс зөвхөн төрийн дарамт их байгаа шалтгааныг нь авч үзвэл төрийн албаны хариуцлагын тогтолцоо байхгүй, хариуцлагын тогтолцоо байхгүй нь хуульд холбогдох заалт тусгагдаагүй, баталсан хууль нь амьдралд нийцдэггүй г.м. Хууль муу гараад байгаагийн шалтгаан нь УИХ-ын гишүүд Монголоо гэсэн сэтгэлгүйгээр, ажлаа муу хийдэг гэх зэргээр үргэлжилнэ.
Ийм маягаар аливаа үйлийн үүссэн шууд шалтгаануудыг тодорхойлоод, тэдгээр шалтгаануудыг бий болгосон шалтгаануудыг бас олоод гэх мэтчилэн шалтгаан бүрийг нөхцөлдүүлж байгаа шалтгаануудыг хөөгөөд байхаар шалтгаанууд салбарлан олширч байснаа эргээд цөөхөн хэдэн шалтгаан руу хумигдан төвлөрч ирэх ба эцэстээ бүх шалтгааны эх нь УИХ-ын буруутай үйл ажиллагаа, буруу шийдвэрүүдтэй холбоотой болж ирдэг.
Яагаад УИХ муу байна гэхээр тэнд буруу хүмүүсийг сонгож, гаргаад байна, яагаад тэнд буруу хүмүүс сонгогдож, гараад байна гэхээр сонгуулийн болон түүний хамаарал бүхий хууль муу байдаг. Сонгуулийн хууль яагаад муу байна гэхээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө сонгуулах хуулийг өөрсдөө баталдаг. Ийм маягаар энд засахад хүндрэлтэй, нэг тийм битүү цикл /чөтгөрийн тойрог/ үүсчхээд байгаа.
Энэ өөрөө манайд төрийн буруу, гажуу тогтолцоо бий болчхоод байгаагийн хамгийн том илэрхийлэл юм. Энэ нь цаашид улам даамжраад манайд “Төрийн тогтолцооны хямрал” бий болчихсон гэж хэлж болно.
Яагаад төр хямрав, юунаас болов, процесс хаанаас эхэлж, ямар үе шатаар үргэлжилсэн талаар авч үзье.
Бүх юмны эхлэл нь үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасантай холбоотой. Энэ заалтыг цааш нь “Монгол улс парламентын засаглалтай орон” гэж тайлбарладаг. Ерөнхийлөгч болон Парламентын эрх хэмжээг хуваарилахдаа энэ ойлголт дээр тулгуурлан хийсэн байдаг бөгөөд өдөр ирэх тусам Ерөнхийлөгчийн эрх хэмжээг танаж, парламентыг хэмжээгүй эрхтэй байгууллага болгох чиглэл рүүгээ явж байна.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай, Монгол улсын их хурлын тухай г.м УИХ өөрсдийнхөө асуудлыг зохицуулсан хуулиудыг мөн дээрх заалтаас болж УИХ өөрсдөө эрх ашгийн зөрчил үүсгэн баталж байна.
Манайд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль байдаг. Тэнд “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гээд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар заахдаа “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх” гэж заасан байдаг.
Гэтэл УИХ өөрсдийн ажиллах хэм хэмжээг зохицуулах, өөрсдийгөө сонгох тухай хуулиудыг өөрсдөө баталж байгаа нь дээрх хуульд зааснаар түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүссэн байна.
Тийм учир үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасанчлан УИХ бүх хуулийг баталдаг байж болохгүй, эрх ашгийн зөрчил үүсч болзошгүй хуулиудыг нь өөр арга замаар баталдаг байх шаардлагатай. Энэ талаар олон улсын төвшинд багагүй туршлага байдаг юм байна.
Парламентын засаглал гэх өнөөдрийн манай УИХ төрийн эрх барих дээд байгууллага байх нь манайд хэр тохирох засаглал вэ гэдэг асуудал байна. Парламентын засаглал гэдэг нь парламент нь засгийн газраа байгуулаад, тэрхүү засгийн газар нь парламентын өмнө хариуцлага хүлээж байдагт л оршдог.
Тэгэхээс биш засгийн газрыг заавал ялсан намын гишүүдээс бүрдүүлнэ, ялсан намын дарга Ерөнхий сайд байна, Засгийн газар болон УИХ-ын уялдаа холбоог сайжруулахын тулд, УИХ-ын гишүүдээс сайдын ажлыг хийх ёстой гэх мэт засгийн газрыг ямар шалгуур, үндэслэлээр байгуулахыг нарийвчлан заасан зүйл Парламентын засаглалын тухай тодорхойлолтод ч, манай Үндсэн хуульд ч байдаггүй юм байна. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлснээр тухайн оронд парламентын засаглал үр ашгаа өгөх эсэх нь шийдэгдэнэ.
Ер нь парламентын, ерөнхийлөгчийн, холимог эсвэл өөр ямар нэг засаглалын алиныг нь тухайн улс сонгохоос илүү түүнийг цааш нь яаж хөгжүүлж авч явахаас их хамаарч байна. Түүнийг цааш нь яаж хөгжүүлж авч явах ёстой талаар нийтлэг жор байдаггүй, харин улс улсын туршлага гэж байна.
Гэтэл нэг улсын туршлага улс үндэстний онцлогоос хамаарч нөгөө улсдаа тохирно гэхэд бас хэцүү. БНХАУ нь засаглалын бараг хамгийн мууд тооцогдох, социалист дэглэмтэй, коммунист засаглалтай орон гэх, гэтэл улс нь хөгжөөд иргэдийн амьжиргаа нь өдөр ирэх тусам сайжирч байна. Бид ардчилсан орон гэх боловч хөгжиж байгаа нь хаана байна, өрөнд баригдсан орон болчхоод байна.
Нэгэнт Парламентын засаглал сонгосон бол тэнд асуудлыг бүгд хэлэлцээд, шийдвэрийг олонхийн саналаар гаргадаг. Олноор хэлэлцээд олонхийн саналаар гаргасан шийдвэр тэр болгон сайн шийдвэр байж чаддаггүй.
Ялангуяа “Шийдвэр” нь түүнийг хэлэлцэн гаргаж байгаа хамт олны мэдлэг, боловсрол, чадварын түвшин, ашиг сонирхол нь хааш чиглэсэн байх, тухайн асуудалд хир сэтгэл гарган хандаж байгаагаас их хамаардаг. Жишээ нь: Эрүүл мэндийн салбарын маш чухал асуудлыг нэг байгууллагын эмч, сувилагч нар хэлэлцээд шийдэх, дандаа анагаахын эрдэмтэд хэлэлцээд шийдэх, амьдрал практик дээр олон жил, насаараа ажилласан эмч нар эсвэл нэг хорооны иргэд хэлэлцээд олонхийн саналаар гарсан шийдвэр нь харилцан адилгүй байна.
Улс орны, салбарын зохицуулалт хийх зориулалт бүхий, нийтээр дагаж мөрдөх зориулалттай тул хуулийг олноор хэлэлцэн олонхийн саналаар шийддэг байх нь боломжтой бөгөөд энэ нь Парламентын үндсэн үүрэг болдог.
Харин бодлогын чанартай баримт бичиг, хөрөнгө, санхүү, томилгоотой холбоотой шийдвэрийг парламент шийдэхэд тохиромжгүй. Учир нь эдгээр нь хувийн, бүлгийн ашиг сонирхолд автах боломжтой, эмзэг асуудал юм. Үүний хамгийн том жишээ нь төсөв батлах, мөн янз бүрийн хөтөлбөрүүд батлах г.м.
Тухайн хамт олонд “лидер” гэж байна. Лидер голдуу бусдаас илүү зөв шийдвэр гаргах боловч, түүний шийдвэр цөөнх болох тохиолдол их байдаг. Уг нь шийдвэр лидерийн шийдвэрийн хэмжээнд гарах нь тухай нөхцөлдөө голдуу хамгийн зөв шийдвэр байдаг.
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн монгол ардын зүйр үг байдаг. Монголын их хаадын үед ийм зарчмыг баримталдаг байсан бөгөөд дэлхийн хэмжээний их гүрэн болоход ч үүний нөлөө байсан байж таарна.
Тэр үед асуудлыг олуул хэлэлцэн, тал талаас нь ярилцдаг байсан, харин шийдвэрийг “Хаан”, өөрөөр хэлбэл “Лидер” гаргадаг байжээ. Асуудлыг хэлэлцэх хамт олныг бол дандаа мэдлэг чадвартай, шилдэг туршлагатай хүмүүсээр бүрдүүлдэг байж. Тэнд гадаадын шилдэг эрдэм мэдлэгтэй хүмүүсийг хүртэл урин оролцуулдаг байсан. Энэ бол хамгийн зөв шийдвэр гаргаж болох технологи юм.
Манай УИХ-д бол одоо ухаан уралдуулахаас илүү хувь хүний ашиг сонирхол, намын, бүлгийн ашиг сонирхол, хуйвалдагч бүлгийн ашиг сонирхол уралдаж байна. Хэн нэг нь намын бүлгийн шийдвэрээс зөрсөн бол ямар ч ухаантай, мэргэжил мэдлэгтэй хүн байсан түүний санал дэмжигдэхгүй. Бас УИХ-д улс орныг хамарсан түвшний асуудал хэлэлцэхэд тэр хүрээний мэдлэг боловсрол дутмаг хүмүүс ч олон байдаг.
“Азийн бар” гэж нэрлэгдэх, сүүлийн үед хурдацтай хөгжиж буй улсууд тухай үедээ бүгд л тухайн орноос төрсөн “Лидер”-н шийдвэрээр, тэдний бодлогоор хөгжсөн түүхтэй.
Тэгэхээр парламентын засаглал гэдэг чинь буруу засаглал болж таарч байна уу гэдэг асуудал гарна. Яагаад олон орон Парламентын засаглалтай болоод байдаг юм бэ? гэдэг асуудал ч бас гарна. Парламентын засаглалыг амжилттай хэрэгжүүлсэн улс орнууд ч бий, мөн манай улстай адил амжилтгүй хэрэгжүүлж, хямралд орсон улс орнууд ч байна.
Парламентын засаглал нь сайн парламенттай байж үр дүнгээ өгнө. Энэ нь Парламентын гишүүдийнх нь улс төрийн соёл, нийт ард түмний улс төрийн боловсролын түвшин өндөр хөгжсөн улс оронд мөн парламентад нэр дэвшиж буй, сонгогдож буй гишүүд нь жинхэнэ утгаараа биеэ засаад, гэрээ засчихсан, төрөө засахад бэлэн болсон хүмүүсээс бүрдэх, парламентад нэр дэвшигчийг мөнгөөр биш мэдлэг, чадвар, эх орноо гэсэн зүрх сэтгэлээр нь сонгох боломж бүхий хууль эрх зүйн зохицуулалттай улс оронд тохирдог эд.
Энэ түвшинд хүрээгүй, хөгжил дорой буюу хөгжиж буй улс орнуудад парламентын засаглал тохирдоггүй бөгөөд үүнийг өнөөдөр олон улс орны улс төрийн нөхцөл байдал харуулаад, нотлоод байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай байхад Ерөнхийлөгч нь ядаж л илэрхий буруу шийдвэр гаргахаас айна. Учир нь ард түмэн шуугиад шүүмжлээд унана, хариуцлага оногдоно, аягүй бол огцрох асуудал яригдана.
Харин одоогийн УИХ хариуцлагагүй буруу шийдвэр гаргахаас айдаггүй, учир нь хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн буруутай нь тодорхойгүй, УИХ-ын мууг гайхах болохоос хэн нэг гишүүнд энэ бол хамаагүй байдаг, УИХ-ын гишүүн хүртэл УИХ-аа шүүмжлээд явж байдаг.
Өнөөдөр манайд Чингис хаан дахин төрөхийг мөрөөддөг хүмүүс байдаг. Тийм хүн төрсөн ч асуудал олонхиороо шийддэг өнөөгийн нөхцөлд нэг хүний “роль” манайд байх боломжгүй нөхцөл үүсчихээд байгаа.
Ер нь засаглал нь Парламентын, Ерөнхийлөгчийн гэсэн нэрэндээ ч байгаа юм биш, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх хэмжээг зөв хуваарилах, харилцан хяналттай байхад л гол асуудал оршино.
Манайд ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал бий болно гэдэг. Ерөнхийлөгчийн засаглалтай боловч нэг хүний дарангуйлал тогтоогүй өчнөөн олон улс байна. Тэгээд ч бид хүний эрх, эрх чөлөөний талаар бүх нийтээрээ, боломжийн ойлголттой болчихсон улс.
Ер нь ийм тийм засаглал манайд тохирно гэж ярьж байхаар манайх Парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болвол төрийн удирдлагын бүтэц, үүрэг функц нь ямар байх, тэдний хоорондын харилцан уялдаа ямар байх талаар ярилцан шийдсэний дараа засаглалыг сонгох нь зөв байх.
Манай улс ардчилал хөгжиж буй, эдийн засгаа зах зээлийн баримжаатайгаар хөгжүүлж байгаа орон. Төрийн ардчилсан хэлбэр нь ард түмэн төрийн хэрэгт шууд болон төлөөллөөр дамжуулан санал эрмэлзлэлээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгодогт оршино. Ардчиллын гол шинж нь чөлөөт сонгууль явагддаг, иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал г.м байдаг.
Гэтэл манайд чөлөөт сонгууль байна уу. Хэдийгээр саналаа өгөх эрх нь, нэр дэвших эрх нь чөлөөтэй боловч иргэдийн саналыг луйвардаад, худалдаад эсвэл толгойг нь эргүүлж, мадлаад авчихаар энэ ардчилал болж чадах уу, сонгогдсон этгээдийг ард түмний төлөөлөл гэж үзэх үү.
Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэх, тэнд хэдийгээр элдэв цензур байхгүй ч иргэдийн санал хүрэх, нийтлэгдэх орон зай байдаггүй, мөнгөтэй хүний карманд орчихсон, тэдний таашаасан мэдээллийг нийтэлж байгаа нь ардчилал гэх үү.
Ингэхээр манайд ардчилал ялаагүй, ардчилал хөгжих боломжийн эхлэлийг нь л тавьсан гэж хэлж болно.
2. УИХ-ыг мөнгө олоход таатай газар болгон хувиргаснаар төрийн хямрал улам гүнзгийрсэн.
УИХ-ын гишүүн байх нь манайд их мөнгө олох хамгийн таатай ажил болж хувирсан. Тиймээс ч УИХ-ын сонгуульд өрсөлдөх зардал жил ирэх тусам ихсэх болсон, үүнийгээ дагаад УИХ-ын гишүүний мөнгө олох боломжийг улам нэмэгдүүлэх хэрэгцээ нэмэгдсэн, энэ нь УИХ-д нэр дэвших, сонгуульд өрсөлдөх зардлыг маш хурдацтайгаар улам нэмэгдүүлэх болсон, тэгэх тусам УИХ-ын гишүүний мөнгө олох боломжийг бас нэмэгдүүлэх шаардлага ихсээд байгаа, үүнийгээ УИХ-ын гишүүд хэрэгжүүлсээр л байгаа.
УИХ-ын гишүүд өөрсдөө сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх, сонгуулийн үед хүнээс мөнгө авахдаа амласан албан тушаал, төсвийн санхүүжилттэй ажил, тендер олж өгөх амлалтаа биелүүлэхийн тулд УИХ-ын гишүүд өөрсдөдөө дараах эрх хэмжээг буй болгосон:
А. Хэдийгээр 1 жилийн өмнөөс УИХ нь Засгийн газрын гишүүдээс зөвхөн Ерөнхий сайдыг томилж байхаар шийдвэрлэсэн ч урьд нь Ерөнхий сайдаас гадна бусад сайд нарыг томилдог байсан. Тэгэхээр Сайд нар гишүүний саналыг авахын тулд тэдэнд тухайн салбараас тендер өгч, төрийн мөнгөнөөс идэх боломжийг олгох, өөрийнх нь хүнийг ажилд оруулах, албан тушаалын наймаа хийх боломжийг бүрдүүлэх зэргээр УИХ-ын гишүүнд орлого олох олон суваг бий болсон.
Б. УИХ-ын гишүүн өөрсдөө Сайдын ажлыг хавсран хийх болсон. Энэ нь мөн дээрхийн адил тендер, албан тушаалын боломж бүрдэхээс гадна өөрсдөө гардан хийснээр олох ашиг нь улам өндөр, үр ашигтай болж хувирсан. Сайд болоогүй сул гишүүдэд ч асуудлыг дотроо байгаа хүмүүстэй тохиролцоход амар, ашиг олох боломж нь хялбаршсан байна.
В. Төсвийг төвлөрүүлэн хуваарилдаг болсон. Манай улс ардчилалд шилжихийн зэрэгцээ эдийн засгаа зах зээлийн системд шилжүүлсэн. Гэтэл зөвхөн төсөв л зах зээлийн системд ороогүй, яг социализмын үе шиг төвлөрүүлэн хуваарилдаг зарчмаар явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын нийт хот, аймаг, сумдын төсвийн орлогыг улсын хэмжээнд нэг дор төвлөрүүлээд, эргүүлээд УИХ-аас бүх хот, аймаг, сумдад нь хэлэлцэн хуваарилахыг хэлж байна.
Энэ нь УИХ-ын гишүүдэд төсвийн мөнгийг том тогооноос том шанагаар хутгаж авах боломжийг бий болгосон. УИХ-ын гишүүд өөрсдийгөө дахин сонгуулахын тулд төсвийн мөнгийг нийгмийн халамжид ихээр зарцуулах, бэлнээр тарааж өгөх, орон нутгийн иргэдэд таалагдахын тулд улс орны хөгжилд нэмэргүй боловч, өөрсдийгөө нутгийн хүмүүст сайнаар харагдуулах, жижиг төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болсон.
Үүгээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө дахин сонгуулах, сайн нэр олж авахаас гадна төсвийн зарцуулалт бүрээс өөрсдөд нь бас ашиг унадаг байна.
Төсвийг төвлөрүүлээд, хуваарилахдаа зориулалтыг нь заагаад өгчихдөг. Тэгэхээр орон нутгийн удирдлага тэр хуваарилалтынх нь дагуу төсвийг зарцуулна. Орон нутгаа хөгжүүлье гэхээр өөрсдөө мэдэн зарцуулах мөнгө бараг байдаггүй. Хуваарилсан төсвийг бол хэтрүүлчихгүйгээр бас хэмнэчихгүйгээр зарцуулна. Хэтрүүлбэл арга хэмжээ авахуулна, хэмнэчихвэл ирэх жилийн төсөв багасна.
Өмнөговь аймгийн нэг сумын засаг даргатай уулзан, ярилцаж байхад “бид төсвөөс хуваарилж өгсөн мөнгийг хэмнэх боломж байдаг, хэмнэхээр ирэх жилийн төсөв багасаад ирэхээс болгоомжлоод яг социализмын үе шиг үрэлгэн ханддаг” гэж ярьж байсан нь дээрхийг нотолсон жишээ юм.
Төсвийн бүрдүүлэлтийг сайжруулахад орон нутагт санаа зовох шаардлагагүй. Орон нутгийн төсвийн орлого их байсан ч бага байсан ч төсвийн хуваарилалтаар ирдэг мөнгө ирдгээрээ л ирнэ.
Төсвийг төвлөрүүлэн хуваарилдаг болсон энэ шийдвэр нь орон нутгийн хөгжлийг чөдөрлөн, орон нутаг өөрсдөө төсвөө зарцуулж нутгаа хөгжүүлэх боломжийг нь үгүй болгож, иргэд орон нутгаас нийслэл рүү, том хот руу шилжих урсгалыг бий болгосон муу үр дагаврыг дагуулсан.
Г. УИХ-д намын бүлэг гэдэг зүйлийг байгуулах тухай хуульчилснаар гишүүд УИХ-д тойргийнхоо иргэдийн төлөөлөгч байхаа больж намын төлөөлөгч болж хувирсан. Ингэснээр төрийн хэргийг намын үзэл бодлоор шийдэх болж, намын эрх ашгийг улсын эрх ашгаас өндөрт тавьж, улс төрийн хуйвалдааны хэлбэрийг бий болгосон. Энэ нь даамжраад УИХ-ын гишүүдийн бүлэглэн хуйвалдах хэлбэрээр эрх мэдлээ урвуулан ашиглах боломжтой, тэдэнд бол илүү аюулгүй боловсронгуй боловч улс оронд бол илүү аюултай арга технологи бий болсон. Өөрөөр хэлбэл олигархуудын цэцэглэн хөгжих боломж нээгдсэн.
Д. Хуулийг дээрээсээ УИХ-аас эхлээд хавтгайдаа зөрчдөг, гэм буруутанг мэдсээр байж арга хэмжээ авдаггүй, өөрсдөдөө зориулж, өөрсдийн буруу үйлдлээ хамгаалсан, хэрэгжих нөхцөлгүй хууль баталдаг.
Өнгөрсөн хугацаанд УИХ-аас хууль зөрчсөн 200-гаад шийдвэр, үйлдэл гарсан гэж яригддаг. Сонгууль булхайтай явагддаг, түүнийг бүгд мэддэг, гэхдээ хэнд ч ямар нэг арга хэмжээ авдаггүй, жаал хэрүүл болж байгаад л өнгөрдөг, харин ард түмний сонголт уланд нь гишгэгддэг. Дараа нь аливаа асуудал болоход “та нар л ийм сонголт хийсэн шүүдээ” гэж амыг нь асуудаг. Энэ нь УИХ эрх мэдлээ ашиглан төрөөр тоглож байгаатай адил асуудал юм. Энэ бүхнийг яг тас шийдчих зохицуулалт байдаггүй, үүнийг тэд бий болгодоггүй.
Е. УИХ-ын гишүүд нийт ард түмний тусын тулд биш зөвхөн өөрсдөд нь ашиг өгч болох, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдийг олонхийн саналыг далимдуулан олноор гаргах болсон. Эдгээрээс дурдвал:
- Гишүүд дараа жилдээ дахин сонгогдох, нэр олж авахын тулд УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах зориулалттай тойргийн мөнгө авч байхаар шийдвэр гаргасан. Энэ эхлээд саяар яригддаг байсан бол одоо тэрбумаар яригдах болсон. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр юм. Гэтэл тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж мэддэг боловч, арга хэмжээ авч чаддаггүй.
- Татварын өртэй компаниудын өршөөлийн хууль гарсан. Монголд жирийн иргэд татвараа төлөөгүй нөхцөлд торгуульд ороод, үйл ажиллагаагаа хаалгаад, цаашилбал шоронд суудаг. Энэ бол айхавтар ширүүн үйлчилдэг. Гэтэл УИХ-ын гишүүд, эрх мэдэлтүүдийн танил тал, хамсаатан, хамаатан садангийн компаниуд татвараа төлөхгүй яваад байж болдог байжээ Тэгээд тэр нь хэтэрхий их тоо болоод ирэхээр УИХ-ын гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж, эдгээр компаниудын татварын өрийг тэглэх шийдвэр гаргасан. Энэ нь УИХ цөөнхийн эрх ашгийн төлөө улс орны эрх ашгийн эсрэг гаргасан шийдвэр юм.
- Төрийн мөнгөөр гадаадад суралцаж төгссөн хүүхдүүдийн өрийг нэг удаа тэглэсэн өршөөлийн хууль гарсан. Төрийн мөнгөөр хүүхдээ гадаадад сургана гэдэг энгийн иргэдийн мөрөөдөх зүйл биш юм. Энд хүүхдээ арын хаалгатай нь явуулж сургадаг ба голдуу УИХ-ын гишүүдийн, хамаатан садны, ивээн тэтгэгчдийн хүүхдүүд явна. Нэгэнт гадаадад төрөөс даалгаж суралцсан хүмүүс төгсөж ирээд Монгол улсдаа хөдөлмөрлөж өрөө төлөх дүрэм журамтай. Гэтэл эрх мэдэлтүүдийн хүүхдүүд төгсөөд Монголд ажиллаж амьдрах боломжгүй гэж үзжээ. Тиймд тэдгээрийн өрийг УИХ-ын гишүүд эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг удаа тэглэх шийдвэр гаргасан.
- Хуулийн байгууллагаас гэмт хэрэг хийсэн байж болзошгүй УИХ-ын зарим гишүүнийг мэргэжлийн түвшинд мөрдөн, шалгах ажиллагаа явуулаад, гэмт хэрэг хийсэн нь тодорхой болоод ирэхээр, цаашид гүнзгийрүүлэн шалгах шаардлагын үүднээс, гишүүнээс түдгэлзүүлж өгөх хүсэлт тавихад УИХ “үгүй” гэсэн хариу өгдөг сонин шийдвэр.
Энэ шийдвэр нь хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаандаа юуг нь буруу хийсэн, ямар буруу дүгнэлт гаргасан талаар ярьдаггүй зүгээр л уг хүнийг гишүүнээс түдгэлзүүлэхгүй гэсэн шийд гаргадаг. Энэ нь намын бүлгээс өөрсдийн эрх ашгийн дагуу улс, нийгмийн эрх ашгийг харгалзахгүйгээр, гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хүнийг эцэслэн шалгуулахгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан, гаргаж байгаа шийдвэр юм.
- Нэг хэсэг компанийг “эдгээр нь итгэлтэй компани” гэж үзээд “ногоон” юу ч билээ нэр өгөөд гаалиар тэдгээрийн оруулж ирж байгаа барааг ямар ч хяналт шалгалтгүй нэвтрүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Нөгөө тэгш эрх, шударга зарчим, төрөөс бизнес эрхлэгчдэд ялгавартай хандахгүй байх гэх мэт олон зарчмууд хаачсан бэ. Энэ нь гаднаас онцгой албан татвар төлөхгүйгээр архи, пиво, тамхи оруулж ирэх боломжийг бий болгож байгаа юм. Гаальд шалгуулахгүйгээр бараагаа оруулна гэдэг нэг бол эрх мэдэлтүүдийн ойрын хүрээний компани байна эсвэл их хэмжээний хахууль өгч байж энэ асуудлыг шийдүүлнэ гэсэн үг юм.
- Төрийн албанд авилга хөгжих бас нэг зүйл нь тусгай зөвшөөрөл олгох асуудал байдаг. Тусгай зөвшөөрлийг тодорхой нэг ажил, үйлчилгээ эрхлэхэд гол төлөв зориулж олгоно. Харин олгох шалгуур нь тэр ажлыг гүйцэтгэх боловсон хүчний нөөц, боломж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр олгоно. Зарим салбарт шаардагдах машин тоног төхөөрөмж байгаа эсэхээс бас хамаарна. Боловсон хүчний нөөц байгаа эсэхийг тухайн мэргэжлийн хүний диплом, гэрчилгээг материалд хавсарган ирүүлснээр байгаад тооцно. Тухайн диплом, гэрчилгээний эзэн чухам хир зэрэг чадвартай болох, тухайн компанид ажиллаж байгаа, цаашид ажиллах эсэхийг нь мэдэх боломж тэр бүр байхгүй.
Шалгуур суурь нөхцөлд дурдсан ажилтан тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагад тэр бүр байхгүй нөхцөлд тийм хүний дипломны эрэлд гарна. Хэрэв тийм диплом олдвол тэр компани тусгай зөвшөөрөл авах чадамжтай болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгож буй хүмүүс нь уг компанийг тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай гэж тооцож байна гэсэн үг. Тэгэхээр тусгай зөвшөөрөл гэдэг нь бие биенээ хуурсан сонин үйл ажиллагаа болж таараад байна.
Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд төрөөс ядаж нэг хүний орон тоо хэрэгтэй, бас их бичиг цаасны ажил гарна. Харин хувийн байгууллагуудад их хэмжээний бичиг цаас бэлтгэх, хувилах, нотариатаар батлуулах шаардлага гарна, тэмдэгтийн хураамж төлнө, түүний дээр үйлчилгээний хураамж бас төлнө тэгээд шаардлага гарвал тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг аргадах, гар цайлгах, улмаар авилга өгөх ажил гардаг.
Түүнээс гадна тусгай зөвшөөрлийн шалгуур нөхцөлд заагдсан диплом, гэрчилгээний наймаа бий болчихсон. Зүгээр хавтас сугавчилсан ганц залуу бараг бүх тусгай зөвшөөрлийг авчхаад дамлаж зараад байгаа жишээ байна. Учир нь түүнд диплом гэрчилгээ олох боломж байна, бас тусгай зөвшөөрөл олгож байгаа хүмүүстэй танил талын холбоо байна.
Тусгай зөвшөөрөл авсан байгууллагын тусгай зөвшөөрөл авах үед нь байсан мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлөө авсны маргааш нь халагдаж болдог, техник хэрэгсэл нь мөн худалдагдах юм уу эвдэрч болдог. Энэ нөхцөлд тусгай зөвшөөрөл авсан утга нь алдагдана. Гэвч нэгэнт авчихсан тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр л байна. Ийм байдлаар өөрийгөө, өрөөлийг хуурсан ажил хийхийг манайхаас өөр орнуудад болиод удаж байна.
Эцсийн эцэст тусгай зөвшөөрөл олгох энэ ажил нь төрийн албан хаагчийн үнийг өсгөсөн, тэдэнд авилгаар мөнгө олох нэг боломжийг бий болгосон үйлдэл болж байна. Гаднын хөгжсөн орнуудад тусгай зөвшөөрөл олгох асуудал бараг байдаггүй, харин түүний оронд тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажлын чанарт тавих хяналтыг нь сайжруулах замаар асуудлыг шийдсэн байдаг байна. Жишээ нь: Манайд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл өгдөг байхад Солонгост тийм зөвшөөрөл олгогддоггүй.
Түүний оронд үйлдвэрлэл эрхлэх байгууллагын хийлгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд дүгнэлт өгдөг, өндөр мэргэжилтнүүдээс бүрдсэн албыг бий болгосон байна.
Ингэснээр тухайн компани хэнээр үнэлгээгээ хийлгэх нь хамаагүй харин үнэлгээ нь чанартай хийгдсэн байх шаардлагыг тавьж байна гэсэн үг юм. Харин дүгнэлт гаргадаг алба нь төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг ба өөрсдийгөө төрөөс хамааралгүйгээр санхүүжүүлдэг, бас хариуцлагаа хүлээдэг байгууллага байдаг.
Бас зам барилгын байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгогддоггүй, тэд замаа, барилгаа хэнээр хийлгэх нь хамаагүй, харин ажлын явцад нь зураг төслөөс нь эхлээд ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл нь “Зөвлөх компани” ажлын чанарт нь байнга хяналт тавина. Хэрэв барилга, зам чанаргүй болсон нөхцөлд хариуцлагыг зөвлөх компани бүрэн хүлээж байхаар зохицуулсан байдаг байна. Харин зөвлөх компанийн хяналт хийх зардал нь угаасаа барилгын, замын төсөвт нь суучихсан байдаг тул төрөөс ямар нэг зардал гардаггүй байна.
Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гэхдээ тэр хулгана барьж чаддаг байх хэрэгтэй гэдэг шиг тэр компанид мэргэжилтэн байна уу, үгүй юу хамаагүй гэхдээ тэд барилгыг чанартай барьдаг байх шаардлагыг тавьж байна гэсэн үг юм.
Манайд архи худалдаалах эрхийн тусгай зөвшөөрөл олгосноор архидалт буурч, худалдаанд байгаа архины чанар сайжирна гэж бодогдохгүй байна. Тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш багасаад байгаа нь ч харагдаагүй.
Багануурт хортой архи худалдаалснаас болж олон хүний эрүүл мэнд муудсан, амь үрэгдсэн эмгэнэлт явдал гарсан. Тэр үед архины тусгай зөвшөөрөл өгөх ажлыг зогсоож байсан. Уг нь хүн архинд хордсон шалтгаан нь архи худалдаалдаг дэлгүүр хэтэрхий олон байгаагаас болсон зүйл биш, худалдаалж буй архины чанарт хяналт тавьдаг мэргэжлийн хяналтын байгууллага муу ажилласнаас болсон хэрэг.
Харин архины тусгай зөвшөөрөл өгдөг болсноор төрийн байгууллагад орон тоо нэмэгдсэн, иргэдэд чирэгдэл үүссэн, хээл хахууль авах, өгөх нөхцөл бий болсон гэдэг нь л тодорхой байна.
Энд тусгай зөвшөөрлөөс гадна “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулинд тусгагдаагүй, бүртгэх нэрээр олгогддог зөвшөөрлүүд бас байдаг.
- Төрийн эрх мэдэлтүүд баяжин хөлжөөд, ашиг орлого нь ихсээд ирэхээр төрд төлдөг татвараа багасгах шаардлага гарсан. Тиймд манайд олон жил мөрдөж ирсэн, татварын шатлалтай систем буюу их ашиг олсон нь бага ашиг олж байгаагаасаа өндөр хувиар татвар төлдөг байсан хуулийн заалтыг өөрчилж, татварын шатлалгүй системийг бий болгосон. Энэ нь зөвхөн их өндөр ашиг олдог компанид л ашигтай заалт.
- 2011 онд 800 тэрбум төгрөгийг иргэдэд 20 хорин мянгаар, бэлнээр тараан өгөхөөр УИХ шийдэж байсан. Тэр үед Сентерра гоулд компани манайд 1-р төрөх эмнэлгийн, 5 давхар, бүх тоног төхөөрөмжтэй барилгыг 8 тэрбум төгрөгөөр бариад, бэлэглэж байсан. Өөрөөр хэлбэл тэр үеийн ханшаар энэ мөнгөөр 5 давхар байшинтай, бүх тоног төхөөрөмжтэй 100 ширхэг эмнэлэг барина гэсэн үг юм. Эсвэл 500 цэцэрлэг, эсвэл 180 сургуулийн барилга барьж болох хөрөнгийн эх үүсвэр байжээ. Тэр үед цэцэрлэг хүрэлцэхгүй хүүхэд гэртээ цоожлогдсоноос болж шатаж нас барж, эмнэлэг хүрэлцэхгүй эмнэлгийн коридорт хүмүүс хэвтэж байна гэх мэт олон асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригддаг байв.
Өөрөөр хэлбэл энэ 800 тэрбум төгрөгөөр Монголын эрүүл мэнд, боловсролын байгууллагын өмнө тавигдаад байгаа бүх хөрөнгө оруулалтын бэрхшээлийг шийдвэрлэчих байсныг УИХ-ын гишүүд зөвхөн дахин сонгогдох, нэр олж авахын төлөө, ард түмэнд авилга хэлбэрээр тараасан байдаг.
- Үүний нэг адил гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгөх шийдвэр гарч, хэрэгжүүлж байсан. Үүнээс болж олон хүн ядуугийн зовлонгоор худал гэрлэж, гэрлэх гэдэг ариун нандин үйл ажиллагааны ач холбогдлыг багасгалаа, салах гээч хүсэшгүй үйлдлийг энгийн асуудал болгож өглөө. Энэ нь мөн УИХ-ын гишүүд зөвхөн дахин сонгогдох, нэр олж авахын төлөө, амласнаа биелүүлдэг болж харагдахын тулд ард түмэнд авилга өгсөн асуудал байсан.
Үүнийг зарим хүн “иргэдээ халамжиллаа, тэдэндээ мөнгө өглөө, тэдний амьдралд жаахан ч гэсэн хэрэг болж л байна. Үүнд юу нь буруу байна аа” гэж тайлбарлаж байхыг сонссон. Нэгдүгээрт энэ мөнгийг хэдийд ямар зорилгоор өгч байгаа вэ гэдгийг анхаарч үзэх, сонгууль дөхөөд ирэхээр л халамж үзүүлээд байвал үүний зорилго нь тодорхой л гэсэн үг, хоёрдугаарт иргэдийнхээ амьдралд үнэхээр тустай юм хийе гэвэл тэдэнд “Загас өгснөөс загас барих аргыг нь зааж өг” гэсэн ардын үгний дагуу хандах хэрэгтэй юм.
Ийм маягаар жил жилээр УИХ-ын эрх мэдэл өргөжөөд, гишүүдийн мөнгө олох боломж нь ихсээд, УИХ-ын сонгуульд зарцуулдаг мөнгө саяар ярьдаг байсан бол тэрбумаар яригдах болж, санал худалдаж авахаар бэлнээр тараадаг мөнгө цүнхээр ярьдаг байсан бол машины “багаж”-ны хэмжээгээр яригддаг болоод байна.
Энэ бүхнээс болоод УИХ-ын хууль батлах үндсэн үүрэг нь бүдгэрч, УИХ-аар хууль батлуулах нь төвөгтэй болж, хуулиа батлуулахын тулд, эсвэл хууль батлагдах хугацааг яаравчлуулахын тулд “лобби” хэрэглэх шаардлага гарах болсон.
УИХ-ын гишүүд ч хуралдаа маш хойрго оролцож, хурлын ирц хүрэхгүй байх тохиолдол ихсэх болсон. Ирц хүрэхгүй болохоор шийдвэр гарах саналын тоо бүр хүрэхээ больсон. Тиймд УИХ-ын шийдвэр нь нийт УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар гардаг байсныг өөрчилж тухайн хуралд оролцсон гишүүдийн олонхоор гарч байхаар тэд шийдвэрлэсэн.
Энэ нь УИХ-ын шийдвэр нийт гишүүдийн 25%-иар гарах боломжийг бий болгосноор цөөн хэдэн хүний саналаар шийдвэр гарах боломж бий болсноос гадна аливаа хуйвалдааны шинжтэй шийдвэр гарах боломжийг нэмэгдүүлэх муу үр дагавар үүссэн.
Уг нь УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуулиар УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгаад ирцийг сайжруулах маягаар энэ асуудлыг шийдэх ёстой байтал тэд энэ хуулиа өөрсдөө баталдаг тул, тэд энэ хуулиар хатуу шаардлага тавьдаггүй.
Харин томилгоо хийх, төсөв батлах болон хэсэг бүлэг хүмүүст ашигтай хууль батлах үед гишүүд маш идэвхтэй оролцог, бараг бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж байгаа нь ард түмний нүдэнд ил байх болсон.
УИХ-ын гишүүдийг их шүүмжиллээ. Гэхдээ УИХ-ын бүх гишүүд ийм гэсэн үг биш гэдгийг уншигч та ойлгоно биз дээ.
3. Албан тушаалтны томилгооны гажуудал.
Төр хямралд ороод ирэхээр доошоогоо дагалдаад хямрал үргэлжилдэг. Үүний нэг нь албан тушаалын томилгооны буруу хэлбэрүүд гарч ирсэн. Энэ нь төрийн албыг дампууруулах нэг хүчин зүйл болсон.
Аливаа ажлыг гүйцэтгүүлэхэд түүнийг гүйцэтгэх арга технологийг мэддэг эсэх, ийм ажлыг гүйцэтгэж байсан туршлага зэрэг дээр нь үндэслэн аль нэг субьектыг сонгон авч, хийх ажлын бүрэлдэхүүн, хэмжээ, цаг хугацаа, үнэ хөлсийг нь тохироод, гэрээ хийн, гүйцэтгэлд нь захиалагч хяналт тавин ажилладаг.
Харин гэрээ хийсэн субьект тэр ажил хугацаандаа, чанарын түвшинд гүйцэтгэгдсэн байхын тулд хэнтэй хамтарч ажиллах, хэнээр юуг нь хийлгэх, хэдэн хүнийг ажиллуулахаа өөрөө мэдэж, сонгон авдаг.
Хэрэв тэднээс хэн нэгийг нь захиалагч томилж өгөх юм бол түүний гаргасан алдааг гүйцэтгэгч хариуцах боломжгүй. Энэ нь үйлдвэрлэл дээр туршигдаад шалгарчихсан, аливаа ажлыг гүйцэтгэх энгийн процедур юм.
Гэтэл манайд Ерөнхий сайдын салбараа удирдуулж, мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллах сайдуудыг нь УИХ томилдог байв. Тэгээд дараа нь танай сайд муу ажиллаж байна гэж Засгийн газарт асуудал тавина.
Мөн салбарын Сайдын мэдэлд ажиллах агентлагийн дарга, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газраас томилдог, Агентлагийн даргын мэдэлд ажиллах агентлагийн орлогч даргыг Сайд томилох гэх мэт томилгооны олон буруу системийг хуульчилсан байдаг.
Үүний ач холбогдлыг яаж ч бодоод олддоггүй, харин албан тушаалын наймаа хийхэд намд болон эрх мэдэлтэнд авилга авч, өгөхөд хэрэгтэй нөөц боломжийг бий болгож байна.
Аливаа удирдах ажилд томилгоо хийхдээ тэдний мэдлэг, туршлага, зорилго, хөтөлбөрөөр нь уралдуулан шалгаруулж томилох ёстой байтал энэ систем алдагдан, томилгоо намд хир мөнгө хандивласан, хэний танил тал, хамаатан садан, хир их авилга өгсөн гэдгээр хэмжигдэх болсон.
Энэ нь төрийн албаны бүх шатанд явагдана. Төрийн өмчит үйлдвэр, байгууллагын дарга нарыг томилохдоо мөн л мэдлэг чадвараар нь биш одоогийн улс төрийн сонголтоор томилж байна. Тиймд тэдгээр нь ихэнхдээ алдагдалтай ажилладаг, эдгээр байгууллагын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүн нь зах зээлийн үнээс хамаагүй өндөр байдаг, өөрсдөө чанаргүй бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт үйлдвэрлэлд тохиолддог аль муу муухай нь шүглэсэн мэт байна. Үүнийг улс төрчид “төр хамгийн муу менежменттэй байдаг шүү дээ” гэдэг үгээр цагаатгадаг.
Мөн төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөл гэж бас нэг шагналын орон тоо байна. Тэнд тухайн үйлдвэрлэлийн талаар мэдлэг туршлагагүй, мэргэжлийн биш хүмүүс, гол төлөв төрийн албан хаагчид, дарга нар томилогддог тул уг үйлдвэр ашиггүй ажиллахаас өөр аргагүй байдаг.
4. Төрийн албанд мэргэжлийн бус хүмүүс олноор ажиллах болсон нь төрийн алба дампуурах бас нэг шалтгаан болсон.
Хүссэн хүнээ сайд дарга болгоход түүний мэргэжил, туршлага нь шаардлагад нийцэхгүй байх зовлон улс төрчдөд учрах болсон. Иймд энэ асуудлыг шийдэхийн тулд “Сайд бол улс төрийн албан тушаал юм. Улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн ажиллаж болно” гэсэн хуурай хууль санаачлаад, түүнийг ам дамжуулан ярих болсон бөгөөд тэр нь маш идэвхтэй хэрэгжих болсон.
Уг нь социализмын үед улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн ажиллаж болдог байсан. Энэ улс төрийн албан тушаал нь бүх байгууллагын дэргэд байдаг “Намын хорооны дарга”-н ажил байсан юм.
Гэхдээ эд нар салбарын бодлого зохицуулалтын асуудалд оролцдоггүй, зөвхөн ажилтан, ажилчдын үзэл суртал, сахилга бат, ёс зүйг нь хариуцдаг байсан. Энэ нөхцөлд ийм улс төрийн албан тушаалд мэргэжлийн бус хүн ажиллаж болдог байсан. Гэхдээ л тэр үед мэргэжлийн хүн байвал илүү гэж үздэг байсан шүү.
Гэтэл өнөөдөр дарга сайд нарыг “Улс төрийн албан тушаалтан” гэж хуулиар тодорхойлчхоод, тэднийг мэргэжлийн бус хүн байж болно гэж яриад, хэрэгжүүлээд байх боловч тэд нь салбарын бодлого зохицуулалтын асуудлыг шийдээд явж байгаа нь төрийг хямруулж байгаа бас нэг үзэгдэл юм.
Эхлээд мэргэжлийн бус сайд нар нь мэргэжлийн бөгөөд яаманд олон жил ажилласан туршлагатай газрын дарга нар дээр түшиглэн ажиллаж эхэлсэн. Сүүлдээ юм удахаар улам замраад, өөрсдөд нь мэргэжлийн элдэв юм яриад, зовоогоод байдаггүй дуулгавартай байх боломж бүхий мөн мэргэжлийн бус газар, хэлтсийн даргыг, улмаар мэргэжилтнийг олноор томилох болсон.
Ингэснээр Төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага мэргэжлийн чадамжаа алдаж эхэлсэн бөгөөд энэ нь бизнес эрхлэгчид болон иргэдэд төвөгтэй байдал үүсгэх болсон. Энэ төвөгтэй байдал нь дараах хэлбэрээр илэрч байна:
А. Мэргэжлийн бус бөгөөд тухайн салбарт сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаагүй хүмүүст салбарын ирээдүй хэтийг харах боломж, чадвар байдаггүй, тухайн салбарт байдаг “проблемууд”-ийг бүрэн дүүрэн мэдэрдэггүй тул салбарыг ул сууриар нь хөгжүүлэх, бодлого баримтлах, алс хэтийг нь харж авч явж чаддаггүй тул тухайн үеийн нөхцөл байдалд зохицож, өдөр хоногийг аргацааж байгаа мэт ажиллах болсон.
Салбарыг хөгжүүлэх, болохгүй байгаа зүйлсийг засаж сайжруулах талаар, голдуу гадаад, дотоодын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслийн шугамаар, салбарын мэргэжилтнүүд төрийн бус байгууллагуудын оролцоотой хэлэлцүүлгүүд явагддаг. Энд тухайн салбарын төрийн байгууллагаас дарга нарыг урьж оролцуулна. Тэдэнд бол тэр хэлэлцүүлэгт бүтэн оролцох сонирхол байдаггүй. Зөвхөн нээлт дээр нь хэдэн үг хэлчхээд яваад өгөх нь олон. Эдэнд тухайн салбарт тулгамдаад байгаа асуудал нэг их хамаагүй байгаагийн илрэл гэж үзэж болно.
Б. Салбарыг хөгжүүлэх гол шийдвэр гаргагч нь мэргэжлийн бус хүн байх нөхцөлд салбарыг хөгжүүлэх, сайжруулах талаар санал гаргаж шийдүүлэх гэж байгаа хүмүүс зорилгоо ойлгуулахад хүндрэлтэй байдаг жишээ амьдрал дээр олон гардаг. Бас гарч байгаа ийм саналыг замаас нь няц дарагчид ч цөөнгүй байдаг. Яагаад гэвэл энэ санал нь тэдний ашиг орлогыг хаах тохиолдол их байдаг. Харин шийдвэр гаргагчийн толгойг эргүүлж байгаад хувьдаа болон хэсэг бүлэг хүмүүс ашиг олох зорилготой шийдвэр гаргуулахад илүү хялбар байдаг гэж ярьдаг. Энэ нь даргад бас ашиг унахаар төлөвлөгдсөн байдаг тул амархан шийдэгддэг.
В. Төрийн байгууллагад мэргэжлийн бус, мэдлэг чадвар дутмаг хүмүүс ажиллаад эхлэхээр тэд ажлаа мэдэхгүйгээс иргэдийн асуудлыг шийдэхгүй удаах, шийдвэр гаргахаас зугтан өөр хүмүүс рүү явуулах, “арьс”-аа хамгаалахын тулд элдэв хэрэгцээгүй баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаардах зэргээр хүмүүст хүндрэл чирэгдэл үзүүлэх болсон.
Д. Төрийн албанд авилга өгч ордог, албан тушаалын ханш бий болсон гэх мэт яриа байдаг. Энэ нь амьдрал дээр харагдаад байгаа нь бүхэнд тодорхой. Авилга өгч ажилд орсон хүн өрөө төлөх хэрэгтэй болно. Үүнээс үүдэн голдуу төрийн өмчөөс хумслах, бүлэглэн идэж, ашиглах явдал гарах болсон.
Энэ бүхнээс болоод манайд дээр бичсэнчлэн болохгүй бүтэхгүй зүйлс гарах зам нь нээгдсэн бөгөөд өдөр хоногоор улам төгөлдөржин хөгжиж байна. Эдгээрийг засаж залруулахгүйгээр бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг сайжруулах, хууль хяналтын байгууллагыг шударга болгох, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг дээшлүүлэх гэх мэт олон асуудлыг ярих боломжгүй юм.
Тиймд “Төрийн албанд зөвхөн мэргэжлийн, туршлагатай хүн ажиллана” гэсэн заалтыг үндсэн хуульдаа оруулж, баталгаажуулж өгөх шаардлагатай юм.
Төрийн албанд мэргэжлийн бус, чадвар туршлага муутай хүмүүс ажиллахаар ажлаа бүрэн эзэмшээгүйгээс алдаа гаргана, хийсэн зүйлс нь гологдоно, арын хаалгаар ажилд орсон хүмүүс хэн нэгний ачийг хариулахын тулд мөнгөнд шунана, эрх мэдлээ урвуулан ашиглана гэх мэтээр хариуцлага алдана. Гэтэл ажиллаж байгаа хүмүүс нь нэг намын, танил талын, хамаатан садны хүмүүс байгаа тул тэдэндээ арга хэмжээ авахад хэцүү. Иймд Монгол улсад хариуцлагын тогтолцоог үгүй болгох шаардлага гарсан бөгөөд энэ нь дараах байдлаар хэрэгжсэн:
А. Төрийн хянан шалгах хороог татан буулгасан. Төр иргэдээ дотоодын “дайсан”-аас хамгаалахын тулд цагдаа, шүүх, прокурортой байхаас гадна хоёр төрлийн хяналтын байгууллагатай байх шаардлагатай байдаг.
Хоёр дахь нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа байгууллага, хүмүүст чиглэсэн, тэднийг иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй, хортой, хоруу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх эсвэл амь нас эрүүл мэндээрээ хохирч болзошгүй осолтой, аюултай нөхцөлд ажиллуулахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Мэргэжлийн хяналтын газар” гэж байна. Энд гарсан зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэхээргүй байвал торгуулийн арга хэмжээ авдаг.
Аль ч төрт улсад хоёр өөр төрлийн субьектийг шалгадаг, шалгалтын хэлбэр, зорилго нь өөр, гарсан зөрчилд авах арга хэмжээгээрээ ялгагдах хяналтын дээрх хоёр байгууллага байх ёстой бөгөөд байсаар ч ирсэн байдаг.
Магадгүй энэ алхмыг хийхэд гадаадын нөлөө ч оролцсон байх. Гэхдээ Монголын талаас мөнгөний шуналтай, улс орноо боддоггүй, төрийн мөнгийг идэх зорилготой хүмүүс нь цөөнх байсан бол энэ нөлөөнд автахгүй байж болох л байсан. Энэ үед алиа мэдэхгүй төөрөлдөгчид олон байсан байхдаа.
Мэргэжлийн хяналтын газрын, улсын байцаагчдын үйл ажиллагааг зохицуулсан хуулиндаа энэ байгууллага нь төрийн хяналтыг бас хийхээр заасан байдаг. Тиймээс ч төрийн хяналтын нэг хэсэг болох санхүүгийн хяналтыг энд хийж байхаар байгуулсан. Гэхдээ санхүүгийн хяналт, шалгалт хийгээд төрийн мөнгө идсэн хүнд ажлаас халах арга хэмжээ авдаггүй, акт торгууль тавиад л өнгөрдөг. Хэдий төрийн хяналт хийж байгаа боловч гарсан зөрчилд мэргэжлийн хяналтаар авдаг арга хэмжээг авч байна. Өөрөөр хэлбэл төрийн хяналт гэдэг зүйлийг эхлээд алга болгоод, дараа дампууруулаад хаясан гэсэн үг юм.
Уг нь Засгийн газрын тухай хуульд “Засгийн газар төсвөө хэтрүүлэн зарцуулсан нөхцөлд огцорно” гээд заачихсан бол УИХ-ын гишүүд маргалдан хэдэн сарыг барах шаардлага гарахгүй тэд шууд огцрох байлаа. Энэ заалтаас болж Засгийн газар өөрөө төсвөө хэтрүүлэхгүйгээр ажиллах байсан.
Ийм нөхцөлд сөрөг намын гишүүд Засгийн газрыг төсвөө хэтрүүлсэн үндэслэлээр огцрох шаардлага тавих нь эрх зүйн үндэсгүй. Үүнийгээ ч сөрөг хүчний гишүүд мэдэж байж таарна, үүгээрээ тэд зүгээр л ард түмэнд таалагдах “шоу” хийж байгаа болов уу. Харин төсвөө хэтрүүлснийг үнэхээр буруу гэж үзэж байгаа бол тэд Засгийн газрын тухай хуульд “Төсвөө хэтрүүлсэн үед огцорно” гэсэн заалт оруулахаар тэмцэх ёстой байлаа.
Нэгэнт танил талаараа ажилд авсан хүмүүстээ дарга нь барагтай бол арга хэмжээ авдаггүй харин бүр өмгөөлөөд өнгөрдөг явдал өнөөдөр олон ажиглагдах болсон.
В. Гарсан зөрчлийг арилгах, түүнийг таслан зогсоох боломжгүй байдлаар хяналт шалгалтын тухай хуулийг гаргасан. Төрийн хянан шалгах газар бий болсон боловч түүнийг зохицуулах хууль нь муу байвал хариуцлагын тогтолцоо мөн ажиллах боломжгүй байдаг.
- Зөрчил гаргасан аж ахуйн нэгжид улсын байцаагчаас авах арга хэмжээ нь маш тодорхой бус, оновчгүй байдаг. Уг нь дэлгүүрээр хугацаа нь дууссан, хүний эрүүл мэндэд хор, хөнөөл учруулах бараа заруулахгүй л гэж байгаа бол авах арга хэмжээ нь хатуу, чанга, таслан зогсоох хэмжээнд байх хэрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр улсын байцаагчид телевизороор хортой, хугацаа нь дууссан ийм ийм бараа дэлгүүрээр зарагдаж байгаа, сайн шалгаж аваарай гэж ярих болсон.
- Улсын байцаагч зөрчил гаргасан байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод, обьектыг лацдаад явах эрхтэй. Гэтэл явсан хойгуур нь лацыг нь хөндөөд үйл ажиллагаагаа явуулахад тэр хүнд ямар арга хэмжээ авах талаар хуульд тодорхой заасан зүйл байдаггүй. Энгийн иргэд лацдаад явсан обьектыг дур мэдэн нээхээс айдаг. Ардаа хамгаалалттай нөхдүүд л лацыг авч дураараа загнаж чаддаг байна.
- Зөрчил гаргасан этгээдийн ажлыг зогсоох, эд хөрөнгийг хураах болон бусад хүн хүч шаардагдах ажлыг ганц хоёр улсын байцаагч хийхэд хүндрэлтэй байдаг. Сүүлдээ тэр байцаагч уг байгууллагын мууг үзэх гээд байгаа ч юм шиг, бараг хувь хүний харилцаа болж хувирна, сүүлдээ зөрчил гаргасан этгээд нь гар цайлгах асуудал руу орно, улсын байцаагч ч түүнийг нь аваад салахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Уг нь энэ ажлыг тусгай хүчний баг гүйцэтгэдэг бол ийм зүйл гарахгүй байсан.
- Улсын байцаагчийн хариуцсан салбарт осол гарсан бол улсын байцаагчид хариуцлагын ямар нэг арга хэмжээ авагддаггүй тул тэд зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийдэггүй.
Ийм маягаар монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Тэгэхээр Засгийн газрыг мөн аль нэг сайдыг “огцор” гэсэн шаардлага нь хоосон зүйл болохоос гадна, “хуулиа л дагая” гэдэг үг нь үнэсгүй зүйл биш болж таарч байна.
Энэ бүхнээс харахад “Монголын төр хариуцлагатай байна“ гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулж өгөх шаардлагатай гэж бодогдож байна.
Аль ч улс өөрт нь ашигтай л бус бол өөр бусад орныг хөгжөөсэй, баяжаасай гэж бодоод байдаггүй. Дамаан хөрш орнуудын хувьд энэ нь бүр илэрхий байхаас гадна хоорондоо өрсөлдөх маягтай байдаг.
Арван долоодугаар зуунаас далайн аялал хөгжсөнөөр европын аялагчид тив алгасан аялах чадвартай болж, хөгжил дорой, бараг хүй нэгдлийн үедээ амьдарч байсан олон шинэ улс орон, газрыг нээн илрүүлж, улмаар цэрэг зэвсгийн хүчээр эзлэн түрэмгийлснээр колоничлол бий болж, африк, америк, зүүн өмнөд Азийн орнууд бараг тэр чигээрээ колоничлолын дарлалд нэрвэгдсэн.
Энэ үед колоничлогч орнууд ядуу буурай орнуудыг цэрэг зэвсгийн хүчээр эзлэн захирах боломжгүйг ойлгосон. Зэвсгийн хүчээр дайн хийж булаан эзэлж авах нь ард түмний зүй ёсны байнгын эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд ингэж эзлэн түрэмгийлэх нь колончлогчоос цаг ямагт өндөр сонор сэрэмж, соргог хараа хяналт, маш их хөрөнгө мөнгө, хүн хүчний хүчин чармайлтыг шаарддаг.
Энэ нь улс орон, ард түмнийг залилан мэхлэх, үүний тулд "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархийг нь угаах, эрх баригчдыг нь нутагтаа аваачин, сурган хүмүүжүүлэх, өөртөө элсүүлэн авах, тэднийг элдэв шахаа шантаажинд оруулах, далдуур сэм худалдан авах замаар өөрсдийн нууц тавиул болох, далд урвагчдыг тухайн улсын засгийн эрхэнд гаргаж тавих нь хамгийн хямдхан, хамгийн үр дүнтэй эзлэн түрэмгийлэх арга бөгөөд ингэснээр байгалийн баялаг болон хүн ардынх нь мэдлэг, чадвар, ажиллах хүчийг ил далд нарийн аргуудаараа шулан мөлжих боломжтой болохыг нээж олсон.
Энэхүү залилангийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь “ардчилал бол цорын ганц үнэн шударга тогтолцоо мөн”, “үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлээр барууны орнууд өнөөгийн хөгжлөө бүтээсэн”, “хүний эрх гэдэг нь та нарын ч бас эрх гэсэн үг”, “экономикс нэртэй эдийн засгийн онол бол хөгжлийн цорын ганц зөв зам” гэх мэт хэллэгүүд байдаг тухай бичсэнийг олж уншиж байсан.
Энэ арга технологийг олон улсын хэмжээнд, өндөр түвшинд судлан боловсруулдаг, олон эрдэмтэн мэргэдүүдийг дайчлан ажиллуулдаг, төрийн бус байгууллагууд бий болсон бөгөөд эдгээрийг голдуу үндэстэн дамнасан корпорацууд санхүүжүүлдэг байна.
Монгол улс ардчилал зах зээлийн системд шилжиж эхлэх үед манай улс төрчид болон ард түмний энэ талаарх мэдлэг, туршлага дутмаг байсныг далимдуулан гадаад орны эдийн засгийн алуурчид монголд төрийн буруу тогтолцоог бий болгоход хүчин зүтгэж байсан нь тодорхой юм.
- Тэд тухайн оронд зээл, хандиваар бодитой тусламж үзүүлж сайн найз нь болж итгэлийг нь олж авдаг. Гэхдээ гаднын бүх тусламж ийм зорилготой байдаг гэсэн үг биш гэдгийг ойлгоорой.
- Буцалтгүй тусламжийн мөнгөөр, төсөл хэрэгжүүлэх нэрээр, судалгаа хийлгэж өөрт хэрэгтэй мэдээллээ олж авдаг тохиолдол бас бий. Гадаадын төсөл дээр ажиллахад цалин өндөр тул тухайн орны аль чадварлаг хүмүүс тэдэнд ажиллаж, чанартай сайн мэдээлэл гаргаж өгч чаддаг байв.
- Төрийн буруу тогтолцоог өөрөөр хэлбэл өөрсдөдөө ашигтай тогтолцоог бий болгоход зөвлөх хэлбэрээр нөлөөлдөг
- Авилга цэцэглэн хөгжихөд тэд үлгэрлэн, хэрэгжүүлж, авилгын мөнгийг яаж угаадаг, аюулгүй болгодог, офшор банк тэдэнд ямар хэрэгтэй байх талаар хүртэл далд хэлбэрээр зааж, тусалдаг байна.
- Төрийг хяналтгүй болгож, тухайн оронд хариуцлагын тогтолцоог үгүй болгодог
- Төрийн удирдлагуудыг авилга, албан тушаал, эрх мэдэл, өмч хөрөнгийн хэрэгт хутгалдуулаад, дараа нь түүгээр нь барьцаалж, ашиглана.
Улс орон ядуу буурай байх тусмаа гадаадын зөвлөхийн үгийг бурхны айлдвар мэт хүлээн авна, дотроо аливаа маргаантай зүйл гарсан байхад гаднын зөвлөхийн үгээр маргаан таслагдана эсвэл гадаад оронд тэгдэг, өндөр хөгжсөн орнууд ийм байдаг гэж нотолсноор маргаан шийдвэрлэгдэнэ, гадаадад байдаггүй шинэ хувилбарыг монгол хүн гаргаад ирвэл түүнд бүгд үл итгэнэ, угаасаа өөрсдөө зөв бурууг нь шийдэж мэдэхгүй тул гадаад оронд ийм туршлага байхгүй л бол буруу гэж үзнэ.
Ер нь аль нэг улсыг колончилно гэдэг нь ямар нэг аргаар тэр улсын баялгийг нь цөлмөн авах зорилготой байдаг. Шинэ үеийн колончлолд мэдээж баялаг ихтэй, ядуу буурай, хөгжиж буй орнууд өртөнө. Энэ аргад өртөн хямарсан, сүйрсэн улс орнуудыг “Баялгийн хараал” хүрсэн улс гэж нэрлэх болсон.
- Монголд эд мөнгөний сонирхолтой, шуналтай, алсын бодолгүй, сэтгэн бодох чадвар муутай, хүүхэмсэг, хувиа хичээсэн хүмүүсийг төрийн удирдах албан тушаалд аль болох томилох нь зүйтэй.
- Тэдэнд эрх мэдэл өг, дураараа байх боломжийг олго.
- Дараа нь хийсэн үйлдлээр нь тэднийг барьцаал, энэ үед бидний үгнээс тэд гарахгүй гэсэн агуулгатай байсан.
- Монгол яг энэ замаар явж байгаа нь харагдаж байна.
- Төрийн тогтолцоо буруу болж засах боломж бараг үгүй “Чөтгөрийн тойрог”-т орчхоод, өрөнд баригдсан улс болчихсон байна.
- Төрийн удирдлага бүхэлдээ өр шир, хээл хахуулийн сүлжээнд гүн хутгалдаж, цэвэр хүн тэнд байхгүй, орших ч бараг боломжгүй болжээ. Тэд бараг бүгд ямар нэг гох дэгээнд орчихсон, бие биеээ шантаажлах маягаар оршин тогтнож байна
- Төрд хяналт тавих систем үгүй болж, төрийн албан хаагч мэдлэггүй байж болох, буруу шийдвэр гаргаж болох, юу ч хийхгүй байж болох нөхцөлийг бүрдүүлсэн тул хэн ч төрийн ямар ч албан тушаалд очиж болох бөгөөд тэд дураараа аашлах боломжтой болсон
- Төрийн албанд чадваргүй, сул дорой, шуналтай, түмний эрх ашгийн дээр өөрийн эрх ашгийг тавьдаг хүмүүс их орох болсон.
ДҮГНЭЛТ. Төрийн системийн хямралын тухай дүгнэн хэлэхэд:
Хямрал УИХ-аас эхлэлтэй бөгөөд УИХ нь төсөв хуваарилдаг, олон томилгоо хийдэг, гишүүд нь сайд болдог эрхийг өөртөө авснаар УИХ-ын гишүүн гэдэг нь их мөнгө олж болдог сонгуульт ажил болж хувирсан. УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх олж авах, сонгуулийн сурталчилгаа хийх зардал жил ирэх тусам хурдтайгаар ихсэж, мөн эргээд УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан, өөрсдөдөө мөнгө олох боломжоо улам ихэсгээд энэ нь тасралтгүй үргэлжлэх цикл буюу “чөтгөрийн тойрог” болсон. Үүнээс улбаалаад төрийн дээр нам гарсан, хувийн эрх ашиг, бүлгийн эрх ашиг түмний эрх ашгийн дээгүүр тавигдсан, тэдний ашиг тусын төлөө шийдвэрүүд гарах болсон.
Энэ явдлыг дагаад хариуцлагын тогтолцоог үгүй болгосон, төрийн хяналтыг замруулсан, нэгэнт хяналт, хариуцлага үгүй болсноор албан тушаалын томилгоо зөвхөн мөнгө, танил талаар хийгдэж төрийн алба мэргэжлийн чадамжаа алдсан.
No comments:
Post a Comment