1. Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах тухай.
Манайд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого, үйлдвэржүүлэх хөтөлбөр гэх мэт багагүй тооны ойрын, дунд хугацааны болон хэтийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө байдаг. Гэхдээ эдгээр баримт бичгээс хэрэгжих нь бага, гол төлөв цаасан дээр үлддэг гэж хэлж болно.
Энэ нь хэд хэдэн шалтгаантай боловч тэдгээрийн нэг гол шалтгаан нь үндэслэл судалгаа муутай, хүрэхээр зорьж тавьсан тоонууд нь тооцоонд үндэслээгүй, мөрөөдлийн шинжтэй байдаг тул төрийн дараагийн залгамж үе нь тухайн баримт бичигт итгэдэггүй, ойшоодоггүй байна.
Хаана үйлдвэрлэл сайн хөгжинө тэр улс мөнгөтэй болж, тэр хэмжээгээр иргэд нь хангалуун амьдардаг, боловсролтой болдог, иргэдээ эрүүл аюулгүй байлгаж чаддаг байна.
Аливаа улсад үйлдвэрлэл нь зах зээлийн зүй тогтлоор, өөрийн зөнгөөр хөгжинө гэвэл урт удаан хугацаа хэрэгтэй. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой бодлого гарган, хөгжлийг нь чиглүүлж, процессыг хялбаршуулан, түргэсгэх замаар тухайн оронд бага хугацаанд үйлдвэрлэлийг хөгжүүлж болдог. Энэ бодлого нь тухайн улсад үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр үндэслэн хийгдэнэ.
Үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэдэг нь тухайн улс юугаар баян юм, өөрөөр хэлбэл ямар түүхий эд тэнд элбэг, хямд байна, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад улс орнуудад борлуулж, валют олох явдал юм. Энд бас гаднаас худалдан авдаг зарим зүйлсийг өөрсдөө үйлдвэрлэн, нутагшуулах маягаар улсаа мөнгөтэй болгох асуудал орно. Ийм замаар Монголд ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээр үйлдвэрүүд нь аль хавьд, ямар хүчин чадалтайгаар байгуулагдахыг тооцоо, судалгаан дээр үндэслэн төлөвлөхийг хэлнэ.
Монголд өнөөдөр жинхэнэ утгаар нь хийчихсэн, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө байдаггүй. Иймд бид монгол улсаа хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд маш сайн мастер төлөвлөгөө хийх шаардлагатай байна.