Төр нь хямралтай, төрийн эрх барьж байгаа хүмүүс нь хувийн эрх ашгийг мөн намын эрх ашгийг түмний эрх ашгаас дээгүүр тавьсан үед улс орон хөгжин дээшлэх боломж байдаггүй. Зарим хүн манай эдийн засаг олон дахин тэлсэн, үндэсний нийт бүтээгдэхүүн байнга өсөж байгаа, олон автомашинтай болсон, өндөр барилгууд баригдсан энэ манай орны хөгжин дээшлэлт биш үү гэж асуух байх.
Улс орон хөгжин, дээшлэнэ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдийн цалин дээшилж /ядаж хөрш орнуудынхаа хэмжээнд хүрч/, амжиргаа нь сайжирч, тэлж буй эдийн засгаа даган, улсын валютын нөөц нэмэгдэхийг хэлнэ.
Улс орны хөгжлийн үндэс нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Тэр дундаа экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал байдаг.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эхлээд төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөөг нарийн, судалгаан дээр үндэслэн, зөв төлөвлөх шаардлагатай. Хөгжлийн хэтийн стратеги төлөвлөгөө нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр суурилан хийгдэнэ.
Өнөөдөр манайд хэрэгжүүлж байгаа хөгжлийн хэтийн бодлого төлөвлөгөөнүүд нь хэт ерөнхий, тунхгийн чанартай, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх арга технологи нь бүрхэг, тавигдсан тоо хэмжүүр нь баримжаалсан шинжтэй байна.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх үед хүрсэн үр дүн нь бас тодорхой биш, төлөвлөсөн ажил хийгдсэн ч гэж ойлгож болохоор, хийгдээгүй ч гэж ойлгож болохоор байдаг. Тийм учраас төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн үед голдуу чанарын үзүүлэлтээр бус тоон үзүүлэлтээр, “100 ажил хийхээс 85 нь биелсэн байна” гэх байдлаар тайлагнадаг.
Өөрөөр хэлбэл бид хэтийн бодлого төлөвлөлтөө хийж чадахгүй байна гэсэн үг. Энэ нь дараах шалтгаантай байна: