Wednesday, February 10, 2021

IV. МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ЮУ ХИЙХ ВЭ?

1. Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулах тухай. 

Манайд Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого, үйлдвэржүүлэх хөтөлбөр гэх мэт багагүй тооны ойрын, дунд хугацааны болон хэтийн бодлогын баримт бичиг, төлөвлөгөө байдаг. Гэхдээ эдгээр баримт бичгээс хэрэгжих нь бага, гол төлөв цаасан дээр үлддэг гэж хэлж болно. 

Энэ нь хэд хэдэн шалтгаантай боловч тэдгээрийн нэг гол шалтгаан нь үндэслэл судалгаа муутай, хүрэхээр зорьж тавьсан тоонууд нь тооцоонд үндэслээгүй, мөрөөдлийн шинжтэй байдаг тул төрийн дараагийн залгамж үе нь тухайн баримт бичигт итгэдэггүй, ойшоодоггүй байна. 

Хаана үйлдвэрлэл сайн хөгжинө тэр улс мөнгөтэй болж, тэр хэмжээгээр иргэд нь хангалуун амьдардаг, боловсролтой болдог, иргэдээ эрүүл аюулгүй байлгаж чаддаг байна.

Аливаа улсад үйлдвэрлэл нь зах зээлийн зүй тогтлоор, өөрийн зөнгөөр хөгжинө гэвэл урт удаан хугацаа хэрэгтэй. Иймд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тодорхой бодлого гарган, хөгжлийг нь чиглүүлж, процессыг хялбаршуулан, түргэсгэх замаар тухайн оронд бага хугацаанд үйлдвэрлэлийг хөгжүүлж болдог. Энэ бодлого нь тухайн улсад үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөн дээр үндэслэн хийгдэнэ.

Үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэдэг нь тухайн улс юугаар баян юм, өөрөөр хэлбэл ямар түүхий эд тэнд элбэг, хямд байна, түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад улс орнуудад борлуулж, валют олох явдал юм. Энд бас гаднаас худалдан авдаг зарим зүйлсийг өөрсдөө үйлдвэрлэн, нутагшуулах маягаар улсаа мөнгөтэй болгох асуудал орно. Ийм замаар Монголд ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэдгээр үйлдвэрүүд нь аль хавьд, ямар хүчин чадалтайгаар байгуулагдахыг тооцоо, судалгаан дээр үндэслэн төлөвлөхийг хэлнэ. 

Монголд өнөөдөр жинхэнэ утгаар нь хийчихсэн, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө байдаггүй. Иймд бид монгол улсаа хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд маш сайн мастер төлөвлөгөө хийх шаардлагатай байна.

Аливаа бодлого, стратеги төлөвлөгөөг хийхийн өмнө улс орны газрын доорх, дээрх баялаг, ХАА-н түүхий эдийн нөөц, тархац, хүн амын суурьшлын бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажиллах хүчний нөөц, бараа материал эд хэрэглээний эрэлт хэрэгцээг эхлэн судална. Үүнд тулгуурлан Монгол орны жижиг дунд болон хүнд үйлдвэрлэл, уул уурхайг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хийдэг. 

Өөрөөр хэлбэл эндээс бид Монголд хүн амын ажлын байрны 80%-г шингээдэг жижиг дунд үйлдвэрүүдийг ямар хүчин чадалтайгаар хаана бий болгох, уурхайг ямар хэмжээнд хаана байгуулж, ашиглах, олон улсын түвшинд өрсөлдөх боломжтой ямар үйлдвэрийг байгуулах тухай төлөвлөгөө бий болно гэсэн үг юм. 

Үйлдвэрүүдийн түүхий эдийн нөөц, тархалт, байршил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийг судалсны үндсэн дээр манайд хаана үйлдвэрийг баривал хамгийн оновчтой, эдийн засгийн хувьд хамгийн ашигтай байх талаар тооцон гаргадаг математик аргачлал байдаг. 

Тэгэхээс биш хэн нэгэн даргын шийдвэрээр үйлдвэрийн паркийг Дарханд эсвэл Сайншандад байгуулж болдоггүй. Лав л бэлчээрийн мал аж ахуйтай нөхцөл малын түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэр нь түүхий эдээ дагаад орон нутагт байх нь ашигтай байх нь ойлгомжтой.

Нэгэнт Монголд хаана, ямар хүчин чадалтай, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдах боломжтой болох нь тодорхой болсны дараа үйлдвэрлэл бүрийн технологийн судалгаа хийж, үйлдвэрүүдийн ерөнхий төслийг гүйцэтгэн, тэдгээр үйлдвэрийг ашиглахад шаардагдах дараах үзүүлэлтүүдийг тодорхойлно:

- Үйлдвэрлэлд хэрэглэх үндсэн түүхий эдээс гадна шаардагдах бусад түүхий эд, химийн нэмэлт бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарын шалгуур.

- Үйлдвэрт хэрэглэх эрчим хүч, уур ус, дулаан.

- Ажиллах хүч, мэргэжилтэн болон мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн чиглэл, тоо хэмжээ.

- Үйлдвэрийг байгуулж болох хүчин чадал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал, борлуулах үнэ, гарах ашиг. 

- Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийд тэргүүлэх техник, технологи хаана байдаг, олох боломж

- Ажлын байрны нөхцөл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдал

- Үйлдвэрээс гарах хог, хаягдал тэдгээрийн хоруу чанар, байгаль орчинд нөлөөлөх байдал

Монгол улсын түүхий эдийн нөөц боломж дээр түшиглэн байгуулж болох бүх үйлдвэрийн байрлал, хүчин чадлаас гадна бусад техник эдийн засгийн үзүүлэлт тодорхой болсноор  Монгол улсын хэмжээгээр эрчим хүч, зам тээвэр, ус хангамж, хот суурины төлөвлөлт хийгдэнэ. 

Тэгэхээр үйлдвэр байгуулах газруудад цахилгаан, дулааны эрчим хүч байгаа эсэх, ус хангамж ямар хэмжээнд байгаа цаашид нэмэгдүүлэх боломж, зам тээврийн нөхцөл болох засмал зам эсвэл төмөр зам тавих эсэхийг тооцож, тэдгээрийг хэрхэн хангах талаар төлөвлөх бөгөөд энэ нь эрчим хүч, ус, зам тээвэр хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад бодлого болон орж ирнэ.

Нэгэнт үйлдвэрээ дагаад хүн ирэх тул тэнд байгуулагдах үйлдвэрүүдэд нийт хэчнээн хүн ажиллах, амьдрах, тэдний амьдрах нөхцөл, эмнэлэг сургууль, захиргаа цаашилбал орон сууц, үйлчилгээний байгууллага төлөвлөгдөнө. Зам харилцаа холбоо төлөвлөгдөнө. 

Тухайн үйлдвэрүүд дээр ямар мэргэжлийн хүн ажиллахаас хамаараад боловсролын яам ямар мэргэжлээр хэчнээн инженер техникийн болон мэргэжлийн ажилчид бэлтгэх бодлогоо гаргана. Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгийн хийх судалгааны ажлын сэдэв, хүрээ нь бас эдгээрт чиглэгдэнэ

Тухайн үйлдвэрлэлээс үүсч болох мэргэжлийн өвчлөлөөс хамаарч эрүүл мэндийн яам эмчилгээ оношлогооны аппарат хэрэгсэл, мэргэжлийн эмч бэлтгэх бодлогоо гаргана. 

Мөн санхүүжилтийн байдлаас нь хамаарч үйлдвэрийг бий болгох цаг хугацааг төлөвлөнө. 

Эндээс харахад аливаа улсын мастер төлөвлөгөөг боловсруулах үндэс нь тухайн орны түүхий эдийн нөөц боломж дээр суурилсан үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөө юм гэдэг нь харагдаж байна. 

Мастер төлөвлөгөө боловсрогдон, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацаа нь тодорхой болсны дараа Монгол орны эдийн засгийн өсөлт, нийт болон нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ,  улсын төсөв бүрдэлт, зарцуулалт болон ажлын байр хэдээр нэмэгдэх, ажилгүйдэл, ядуурал хэр хэмжээгээр багасах, импорт хэр хэмжээгээр буурч экспорт яаж өсөх, мөнгөний ханш яаж өөрчлөгдөх, валютын нөөц хэр хэмжээтэй болох,  Засгийн газрын өр, Хүний хөгжлийн индекс, манай орны өрсөлдөх чадварын үзүүлэлт ямар болох гэх мэт тоон үзүүлэлтүүд бодитойгоор тооцогдон гарах боломжтой болно.

Түүнээс гадна дээрх үзүүлэлтүүдийн ихсэх, буурах боломжийг, өөрөөр хэлбэл өөрчлөгдөх зүй тогтлыг нь түүнийг тооцон гаргасан томъёоны хамаарах үзүүлэлтэд өөрчлөлт оруулах маягаар мэдэх боломжтой. 

Бас зарим үзүүлэлтийг хүссэн хэмжээндээ хүргэхийн тулд тухайн үзүүлэлтийг бодон гаргах томъёонд нь дүн шинжилгээ хийж, аль үзүүлэлтийг нь яаж өөрчилж болохыг тогтоогоод, энэ дагуу ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох боломжтой. Жишээлбэл тооцооны эцэст манай улсын хүний хөгжлийн индекс хүссэн хэмжээнээс бага гараад байвал түүнийг тооцдог томъёонд дүн шинжилгээ хийснээр ямар үзүүлэлтийг ихэсгэх эсвэл бууруулах шаардлагатайг тодорхойлоод энэ дагуу авч хэрэгжүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулна гэсэн үг юм.  

Ийм маягаар мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжилд ямар үр дүн гарахыг урьдчилан, бодитойгоор тооцох боломжтой болох ба үйлдвэрүүд байгуулж эхлэх үеэс зэрэгцээд түүний дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн гэх мэт бүх асуудал төлөвлөсний дагуу, аль нам УИХ-д олонх болсноос үл хамааран хийгдэж байх ёстой. 

Үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө гаргахын өмнө Монголд ямар үйлдвэрлэл хөгжих боломжтой, манай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг нь юу болох талаар бичье.

2. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай.

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл мөн” гээд “Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно” гэж заасан байдаг.

Мөн монгол улсын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд ашигт малтмалын салбарын дэмжлэгээр жижиг, дунд, том үйлдвэрлэл ба үйлчилгээг дэмжих, ур чадвар бүхий ажиллах хүчнийг бэлтгэх, ашигт малтмалын бус хувийн салбарыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлсэн байна.

Үүгээр үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх үндсэн зорилгыг бол тодорхойлчихсон байна. Гэхдээ үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тооцоо, судалгаатай мастер төлөвлөгөө хийгдээгүй байдаг. 

Манай улсын аж үйлдвэрийн салбар нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан бүтэцтэй байдаг, нийт экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн эзэлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ тооноос харахад манай улс ерөнхийдөө түүхий эдээ гадагш экспортолдог, үндэсний үйлдвэрлэл бараг хөгжөөгүй гэж хэлэхэд хилсдэхгүй байна.

Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь тухайн улсад элбэг бөгөөд хямд байх түүхий эд дээр түшиглэсэн, ашигтай байх бүхий л үйлдвэр хөгжүүлэхийг хэлнэ. Үүнийг хөгжүүлэхэд төрийн бодлого бас дэмжлэг маш хэрэгтэй байдаг. Үйлдвэрүүдийг цар хүрээ, зорилгынх нь хувьд дараах төрөлд хуваан үзэж болно.

1. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд тулгуур нь болох суурь үйлдвэрлэл. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд хамгийн нийтлэг хэрэглэгддэг, үндсэн түүхий эдийг Монголдоо үйлдвэрлэдэг байхаас гадна үнийн хувьд гаднын орнуудын дотооддоо борлуулдаг үнээс ихгүй байж л манай жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирсэн бүтээгдэхүүнээс хямд, гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой болдог.

Бидний хэсэг нөхөд Монголд кран үйлдвэрлэх төсөл хийж үзсэн. Гэтэл түүний зөвхөн төмөр материалынх нь үнэ нь хятадын бүтэн краны үнэтэй тэнцсэн. Учир нь манайд зарагдаж байгаа булан төмрийн үнэ хятадын дотоодын зах зээлийн үнэнээс бараг 3 дахин өндөр байдаг. 

Манайх төмрийн хүдрээ урагш нь гаргаад байдаг мөртлөө төмрөө гаднаас худалдан авдаг. Манайд хэдийгээр металл боловсруулах цехүүд байх боловч төмрөөр хийсэн төрөл бүрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэ нь гадаадаас худалдаж авахаас үнэтэй тусдаг тул ийм үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжгүй гэсэн үг. 

Тиймээс төмөр материалын үйлдвэрлэл нь Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжих нэгдүгээр суурь үйлдвэрлэл нь болж байна. Монголдоо хямд өөрөөр хэлбэл Орос, Хятад улсын төмрийн дотоодын зах, зээлийн үнээс өндөргүй үнэтэй төмөр материалыг борлуулдаг болсон нөхцөлд төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэл манайд хөгжих боломж бий болно.

Тэгэхээр төмрийн хүдэр, коксжих нүүрсээ гадагш гаргахаа зогсоож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн, бүх төрлийн төмөр сувимал, лист төмрийг үйлдвэрлэн экспортлоод, дотоодын зах зээлийг хямд төмрөөр хангах шаардлагатай байдаг. 

Хоёрдугаар суурь үйлдвэр нь хуванцарын түүхий эд юм. Төмөр, модны багагүй хэсгийг хуванцар материал орлоод олон жил болж байна. Тиймд хуванцар бүтээгдэхүүний түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэж, өндөр биш үнээр дотоод зах зээлээ хангах нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхэц өгөх нэг суурь үйлдвэрлэл юм.

Зөвхөн нэг төрлийн автомашины буфер хийгээд, түүгээрээ амьдардаг айл Хятадад байдаг гэнэ. Тэд нь нэг том хэв хийчихсэн, түүндээ хуванцар нунтаг хийгээд халааж шахаад л буфер бэлэн болно. 

Монголд энэ нунтаг байдаггүй тул түүгээр хийж болох маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрлэл манайд хөгжих боломжгүй байна. Энэ үйлдвэр нь химийн үйлдвэрлэл хөгжиж байж бий болдог. 

Тэгэхээр Монголын стратегийн нэг том зорилго Монголд химийн үйлдвэрлэл хөгжүүлэх, лабораторийн чадамжийг сайжруулж, дэлхийд дээгүүр түвшинд хүргэх асуудал чухал байр суурийг эзэлнэ. Энэ нь зөвхөн үйлдвэрлэл хөгжүүлээд зогсохгүй үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой, холыг харсан бодлого болох юм.

Гурав дахь суурь үйлдвэрлэл нь электрон техникийн үйлдвэрлэл байна. Орчин үеийн машин тоног төхөөрөмжийг электрон удирдлагагүйгээр төсөөлөх аргагүй юм. Энэ үйлдвэрлэл нь түүхий эд бага шаарддаг, оюуны багтаамж их шаардана. Монгол хүний оюуны чадамж дэлхийд дээгүүрт ордог тул энэ үйлдвэрлэл хөгжих боломжтой. Мөн электрон техникийн гол түүхий эд болох ховор металлын орд дэлхийд ховорт тооцогддог ба энэ нь бас Монголд байдаг. 

Энэ гурван үйлдвэрийг төрөөс хүч, хөрөнгө зарцуулан хөгжүүлэх шаардлагатай бөгөөд төрийн өмчит хэлбэртэй ч байж болно. Орчин үед төмөр, хуванцар ороогүй бүтээгдэхүүн гэж бараг байхгүй болсон. Монголд хийж байгаа олон бүтээгдэхүүнд тэдгээрийг модоор орлуулж байна. Гэхдээ манайд модны нөөц бас тийм ч элбэг биш юм. 

Эдгээр үндсэн материалыг гаргаж авдаг ашигт малтмалын ордыг стратегийн ордод тооцож, түүхий эд хэлбэрээр гадагш гаргахыг хориглодог байх шаардлагатай. Энэ ордууд Монголыг үеийн үед тэжээх түүхий эд юм. Өнөөдөр манайд төмрийн хүдрээ вагон вагоноор урагш зөөж байгаа. Үүнд ний нуугүй хэлэхэд голоо харалтал харамсаж суудагдаа. 

Дээрх суурь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн монголын зах зээл дээр хямдаар /Хятадын болон Оросын дотоод зах зээл дээрх үнийн хэмжээнд/ нийлүүлэгдээд эхэлбэл манайд жижиг дунд үйлдвэрлэгчид төрийн ямар нэг зохицуулалт шаардахгүйгээр, борооны дараах мөөг шиг аяндаа олшроод, үржээд эхлэх ба энэ нь том үйлдвэр бий болох, экспортын бүтээгдэхүүний тоо өсөх, импортоор орж ирдэг олон бүтээгдэхүүнийг багасгах үндэс суурь нь болж чадахаас гадна үйлдвэрлэл хөгжих туршлага, мэдлэг, бааз суурь нь болж бэхжиж байдаг. 

Өнөөдөр манайд төмөр, хуванцар материалын үндэсний түүхий эд байдаггүй тул гаднаас оруулж ирсэн өндөр үнэтэй материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр гаднаас оруулж ирсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй гардаг. 

Үүнийг манай зарим эрх мэдэлтэн “Монголд үйлдвэрлэснээс гаднаас худалдаж авах нь хамаагүй хямд байдаг тул Монголд үйлдвэрлэл хөгжих шаардлагагүй” гэж ярьж байхыг сонссон.

Бидний үр хүүхэд ач гучын үед уул уурхайн баялаг дуусаад ирэх үед бид яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ үед баялаггүй шахуу улс болох Япон, Солонгос шиг өндөр хөгжүүлж чадсан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ гадагш борлуулж амьдарна шүүдээ. Тэр үйлдвэрлэл өндөр хөгжихийн тулд өнөөдрөөс жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж тэд нь аажмаар томрох маягаар үйлдвэрлэл хөгжих бааз суурь нь бий болж байх шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэл хөгжихөд тодорхой үе шатыг дамждаг жамтай юм.

Үйлдвэрлэл хөгжихөд хэрэглэгдэх дээрх нийтлэг бүтээгдэхүүн /төмөр, хуванцар материалийн түүхий эд/ монголын зах зээлд нийлүүлэгдсэнээр манайд үйлдвэрлэж болох бүтээгдэхүүний төрөл маш ихсэх бөгөөд эдгээр боломжийг бүрэн ашиглахад монголын хүн ам угаасаа хүрэлцэхгүй, өөрөөр хэлбэл манайд ажилгүй мөн орлогогүй хүн гэж байх боломжгүй болно

2. Өргөн хэрэглээний хүнс барааны үйлдвэрлэл. Энэ нь дундаж, түүнээс доош орлоготой иргэдийн нийтлэг хэрэглэдэг хүнс, өвөрмөц чамин бус хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл юм. Хүнсний бүтээгдэхүүний хувьд мах, сүү, ногоо, гурилан бүтээгдэхүүн, барааны хувьд олон жилээр үе уламжлан хэрэглэж ирсэн хувцас, ахуйн хэрэглэл, хүүхдийн болон дотуур хувцас, сургууль, албаны формын хувцас г.м орно. 

Эдгээр нь түүхий эдийн байршлаа түшиглэн, хөдөө орон нутаг, аймаг, сумдад  голлон байгуулагдаж, зах зээлийн жамаар өрсөлдөөд, үнэ нь бодит байдалдаа очин тогтоно. Эдний дундаас брэндүүд тодорно. Энэ нөхцөлд хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж чадах ба энэ үед гаднаас дээрх төрлийн бүтээгдэхүүн оруулдаггүй зохицуулалтыг төрөөс хийж өгөхөд голлон анхаарах ёстой.

Энэ нь аймаг бүр, сум бүр өөртөө тараг, сүүгээ ариутгаад савлачихдаг, хүнсний ногоо, махаа лаазалдаг, хиамаа хийчихдэг, гурилан бүтээгдэхүүнээр орон нутгаа хангадаг, арьс шир, ноос ноолуураа анхан шатны хэмжээнд боловсруулдаг, түүгээрээ зарим бараа, материалаа үйлдвэрлэчихдэг болох хэрэгтэйг хэлж байна. 

Урьд Хархорины гурил сайн гэж ярьдаг байсан, өнөөдөр Увсын чацаргана сайн гэж ярьж байгаачлан ирээдүйд Ховдын хиам, Өмнөговийн сүү, Завханы эсгийг олж авахаар хүмүүс зүтгэдэг, цаашилбал аймаг дотроо Булган сумын савласан сүү Буянтын урласан гутал, Зэрэгийн дарсан ногоог хүмүүс булаацалддаг болох нөхцөлийг хэлж байгаа юм. 

Ер нь аль ч улс үе улиран амьдарч ирсэн уламжлалаараа өөрийн хэрэгцээгээ өөрсдөө ханган, юу байна түүндээ зохицон амьдарч ирсэн түүхтэй байдаг тул энэ зорилго шийдэгдэхэд хүнд биш асуудал юм.

Харин энд төрийн зохицуулалт хэрэгтэй. Ямарч байсан эдгээр бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирэхийг хориглодог байх хэрэгтэй. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай  холбоотой асуудал юм. 

Магадгүй зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэгцээг хангаж чадахгүй байвал зарим бараанд тооны хязгаартайгаар оруулж ирэх зөвшөөрөл өгөөд, цаашид дотоодын үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлснээр бүр хориглож болно

Дээрх үйлдвэрүүдийг манайд төрөөс зохицуулалт хийгээд хөгжүүлэхэд дараах боломж харагдаж байна:

Эдгээр үйлдвэрүүдийн техник, технологи нь дэлхий нийтээр нууц биш болчихсон тул гаднын хийц, технологийг шууд хуулаад ашиглах боломжтой, техник технологийг нь худалдан авахад төвөгшилгүй, үнэгүй болчихсон байгаа.

Эдгээр үйлдвэрлэлийн ихэнхийг гар аргаар хийж ирсэн Монголын арвин их түүхэн уламжлалт, технологи байдаг ба эдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цаашилбал гадаадад сурталчлан дэлгэрүүлэх боломж байна

Зарим үйлдвэрийн техник, технологийг Монголын нөхцөлд тохируулан жижигсгэн өөрчлөх чадвартай эрдэмтэд, инженерүүд манайд хангалттай байдаг. Тэдний судалгаа шинжилгээний ажлыг зөвхөн бодит ажилд, шууд хэрэгжүүлэх сэдэвт чиглүүлж өгөх шаардлагатай юм.

Дээрх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгслийг үйлдвэрлэчих хэмжээний металл боловсруулах үйлдвэрүүд Монголд багагүй байдаг боловч хоорондын уялдаа холбоо муугаас, төмөр материал үнэтэйгээс болж тэд хайс, хашаа хийхээс хэтрэхгүй байна.

Дээрх үйлдвэрүүдийн техник, технологийн болон үнийн гадаад зах зээлийн судалгаа хийх нь манай мэргэжилтнүүдэд мэдээллийн технологийн ачаар төвөггүй болчихсон байдаг. Энэ ажлыг төрөөс санхүүжин гүйцэтгэдэг байгууллага /МХАҮТанхим/ ч байдаг. Харамсалтай нь тэднээр хийлгэх захиалга байдаггүй, мөн тэднээс мэдээлэл авахад төлбөртэй бөгөөд хөдөө орон нутагт мэдээлэл нь хүрдэггүй.  

Дээрх үйлдвэрлэл хөгжих үндсэн түүхий эд нь Монголд бүгд маш хямдаар байдаг. Нэг нэхий дээл 500 мянгаас 1 сая төгрөгний үнэтэй байхад түүнийг үйлдвэрлэдэг нэхийний үнэ манайд 1500 төгрөг байна.

Дээрх үйлдвэрлэлийн түүхий эд нь “эко” гаралтай тул өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглээд, гаднын бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь бидний эрүүл мэндэд сайн нөлөөтэйгээс гадна, гадаадад сайн сурталчилсан нөхцөлд өрсөлдөх чадвараар сайн байж чадна

Түүхий эдийнхээ байрлалаас хамаарч тэдгээрийн анхан шатныхаа боловсруулалтыг хөдөө орон нутагт нь хийх шаардлагатай ба энд ажилгүйдлийн ихэнх хэсэг нь байдаг тул боловсон хүчний хүртээмж сайтай бас хямд байдаг. Тэгэхээр нийслэлийн бизнес эрхлэгчид хөдөө сумдад хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.

3. Экспортын чиглэлийн үйлдвэрүүд. Эдгээр үйлдвэрүүд нь монгол улсад хамгийн  элбэг, хямд байдаг түүхий эд дээр түшиглэн, дэлхийн хамгийн тэргүүний техник, технологийг үнэ хайрлахгүйгээр олж аван хэрэглэн, төрийн дэмжлэг, бизнес эрхлэгчийн хариуцлага дээр тулгуурлан хийгдэнэ. 

Манайд хамгийн элбэг хямд түүхий эд гэвэл малын ноос, ноолуур, хялгас, арьс шир, мах, сүү, яс, тос байна. Мөн газар элбэг тул тэнд ургаж болох юу ч байж болохоос гадна уул уурхайн төрөл бүрийн ашигт малтмал байна. Аливаа бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хямд байж чадвал олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломж хамгийн их байдаг.

Тэргүүний техник, технологийг олоход гадаад оронд суугаа элчин сайдын яамдын үйл ажиллагаа, төрийн өндөр хэмжээний айлчлалд мэргэжлийн хүний оролцоо, технологийн тагнуулын ажиллагаа ч хэрэг болно. Ер нь үйлдвэрлэлийн өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг худалдан авахад технологи нь дагалдан ирдэг.

Солонгосыг үсрэнгүй хөгжилд хүргэсэн хүн нь ерөнхийлөгч Пак Чен Хо юм. Энэ хүний гол бодлого нь тэр үед Солонгос улс 400 сая долларын экспорт хийдэг байсныг 10 тэрбум доллар болгон өсгөж чадсан. 

Үүний тулд Солонгосын том бизнес эрхлэгчдийг цуглуулан гаднаас хамгийн чанартай тоног төхөөрөмжийг үнэ хайрлахгүй худалдан авч үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах үүрэг өгсөн. Үүний зээлийн баталгааг Засгийн газар гаргаж өгөхийг амласан. Бас бусад шаардлагатай дэмжлэг байвал дэмжихээ илэрхийлсэн. Харин хариуцлага алдвал хатуу арга хэмжээ /бараг цаазаар авах хэмжээнд/ авахаар гэрээ хийсэн. Ерөнхийлөгч өөрөө сар бүр тэдгээр үйлдвэрүүдээр явж шалгадаг байсан 

Ингээд 10 жилийн дараа Солонгосын экспортын хэмжээ 10 тэрбумыг давсан. Солонгос баян орон болсон. Үүнийг дагаад хөгжил цэцэглэсэн. Нэгэнт дэлхийн тэргүүний техник, технологийг хэрэглэж байгаа тул бүтээгдэхүүнүүд нь чанартай гардаг байсан. Бусад үйлдвэрүүд ч үүнийг дагаад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Эцэст нь Солонгосын бүтээгдэхүүн чанартай гэсэн нэр хүндийг дэлхийн хэмжээнд олж авч чадсан. Монгол ч гэсэн цөөхөн зүйл үйлдвэрлэдэг, гэхдээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанартай байдаг гэсэн нэр хүндийг олж авах боломж бидний өмнө байна.

4. Импортоор авдаг бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах үйлдвэрлэл. Ер нь монгол улс импортын бараа, бүтээгдэхүүн дээр тогтож байдаг улс гэж хэлж болно. Тиймээс бид шүдний сойз, хүүхдийн тоглоомоос эхлээд юуг ч үйлдвэрлэсэн импортыг орлох бүтээгдэхүүн болж чадна. Хамгийн их валют зарцуулж гаднаас худалдан авдаг бараанаасаа эхлэн бид дотоодод үйлдвэрлэх бодлогоо баримтлах ёстой. Өнөөдөр бид нефть боловсруулах үйлдвэр байгуулж байна. Энэ бол манай хамгийн их хэмжээний валютыг гадагш урсгадаг бүтээгдэхүүн байсан тул нефть боловсруулах үйлдвэрийг нэн түрүүнд барих шаардлагатай байсан.

Монголд хөгжүүлж болох, олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой үйлдвэрлэл.

Монгол улс юугаар баян байна, манайд ямар түүхий эд хямд байна түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой бөгөөд өөрсдийн өргөн хэрэглээний хэрэгцээгээ хангаж чадна. Учир нь тэдгээр түүхий эдийг боловсруулах үе уламжилж ирсэн туршлага байхаас гадна, иргэд тэдгээрийн хэрэглээнд дасан зохицсон байдаг бас хямд болдог. Ингэхэд бид юугаар баян юм бэ.

А. Бид малаар баян. Малаас мах, сүү, арьс, үсийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг.  Эдгээр үйлдвэрүүд дотоодын өргөн хэрэглээний хэрэгцээг хангахаас гадна бүтээгдэхүүнээ гадагш экспортлох бүрэн боломжтой. 

Сүү, сүүн бүтээгдэхүүн. Монгол улсын хэмжээнд жилд 300 орчим сая литр сүү бэлтгэх боломжтой боловч түүнийг бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх боломж бэрхшээлээс болж бэлтгэсэн нийт сүүний дөнгөж 10 хүрэхгүй хувийг үйлдвэрт хүлээн авч, боловсруулж байгаа тул хэрэгцээгээ хангаж чадахгүй, заримыг нь гаднаас импортоор авч хэрэглэж байна. 

Манай улс байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлдгээс шалтгаалан мал аж ахуйгаас сүү бэлтгэх саалийн хугацаа 4 сар орчим байдаг. Энэ хугацаанд сүүний нөөцийн илүүдэлтэй байдаг боловч хүйтний улиралд сүүний хангамж хомсдолтой байдаг.

Дулааны улиралд бий болсон сүүний нөөцийн илүүдлийг нөөцлөн хуурай сүүний  үйлдвэрлэл хөгжөөгүйгээс нийт бэлтгэж байгаа сүүний ихэнхийг цуглуулж чадахгүй алдаж байна. Зарим газар сүү борлогдохгүй тул малаа саахыг больж байна. Үүнээс шалтгаалан хүйтний улиралд дутагдалтай байгаа сүүний хэрэгцээг импортын сүүгээр хангаж байна (жилдээ 18.0 орчим сая литр сүүг импортлон хэрэглэж байгаа). 

Монголын томоохон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүд нь бүгд Улаанбаатар хотод байдаг. Эдгээр нь жилд 30-70 сая тонн сүү боловсруулах хүчин чадалтай боловч боломжийнхоо 30 хүрэхгүй хувийг нь ашигладаг юм байна. Мөн түүхий эдийнхээ ихэнхийг гаднаас хуурай сүү импортоор авч хангадаг. 

Тиймд ариутган, савласан болон хуурай сүүний үйлдвэрүүдийг түүхий эдэд нь ойртуулж, хөдөө аймаг, сумын төвд бий болгох шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн зохицуулалт, дэмжлэг чухал шаардлагатай юм. 

Ноос боловсруулах үйлдвэрлэл. Ноосоор манайд ээрсэн утас, сүлжмэл эдлэл, хивс, хөнжил, нэхээсгүй эдлэл, эсгий, эсгий гутал үйлдвэрлэхээс гадна ноосыг угааж экспортод гаргадаг нь нийт түүхий эдийн 30 орчим хувийг боловсруулж, 50 орчим хувийг угааж экспортолж байна. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд нь технологийн болон санхүүгийн чадамжаасаа хамаараад гол төлөв хоцрогдсон техник, технологи ашиглан эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байна. Манайд ноос, ноосон бүтээгдэхүүний салбарт дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадагш экспортод гаргах боломжтой юм байна. Үүнд: 

  • Ноос, ноолууран утас үйлдвэрлэх ээрмэлийн үйлдвэр  
  • Ноос, ноолууран хувцасны үйлдвэр 
  • Дотоодын онцлогийг шингээсэн хивс, хивсэнцэрийн үйлдвэрүүд 
  • Техникийн эсгий болон барилгын дулаалгын ноосон материалын үйлдвэр 
  • Суудлын бүрээс, олбог, ширмэл эдлэл гэх мэт төрөл бүрийн ноосон бүтээгдэхүүн 
  • Ноосыг арьс ширтэй хослуулж гутал болон бусад бүтээгдэхүүн хийх 
  • Олом жирэм, хошлон, ногт гэх мэт ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн 
  • Гар урлал, тоглоом гэх мэт бэлэг дурсгалын зүйлс 
  • Эсгий гудас, ширмэл ширдэг, гэрийн бүрээс гэх мэт бүтээгдэхүүн 
  • Хөдөө орон нутагт ноос угаах, самнах, сүлжих гэх мэт үйлдвэрлэл 
  • Нэхээсгүй эдлэл, эсгий оёдлын үйлдвэр г.м 

Улаанбаатарт энэ чиглэлийн 10 орчим үйлдвэр байдаг. Уг нь эдгээр нь бүгд хөдөө орон нутагт байвал илүү үр ашигтай бөгөөд үүнийг төрөөс зохицуулж өгөх шаардлагатай байдаг. 

Арьс ширний үйлдвэрлэл: Манай арьс ширний үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг хэдий ч арьс ширний зөвхөн 0,9% нь бэлтгэгдэж байгаа ба хөдөө орон нутагт түүхий эдийн төвлөрсөн зах /бирж/ байхгүйгээс малчдын дийлэнх нь түүхий эдээ хөдөө орон нутаг дахь ченжүүдэд зардаг бол цөөн тооны малчид Улаанбаатар хотод борлуулдаг хэдий ч тээврийн зардал хүндрэлтэй байдаг байна.

Манай үйлдвэрүүдийн нэхий, арьс ширэн бүтээгдэхүүнүүд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвар муу байгаа нь техник, технологийн хоцрогдолтой холбоотой юм. Энэ үйлдвэрүүд нь мөн түүхий эдээ дагаад хөдөө орон нутагт байх шаардлагатай байдаг.

Иймд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд  дараах бодлогыг баримтлах шаардлагатай:

1. Малаас гарах сүү, ноос ноолуур, арьс ширны анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг хөдөө орон нутагт нь, бүр сумдад байгуулах чиглэлээр төрийн дэмжлэг үзүүлэх. Улаанбаатарт анхан шатны боловсруулалтын үйлдвэр байхыг хориглох. Энэ нь угаасаа үйлдвэрлэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тооцоо судалгаагаар нотлогдоод ирэх асуудал. Гагцхүү төрийн дэмжлэгээр хөдөө орон нутагт байгуулагдах үйлдвэрүүдийн ТЭЗҮ-г нь хийж өгөөд, орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, Улаанбаатарын бизнес эрхлэгчдэд сурталчлах, орон нутагт хөрөнгө оруулалт хийх санал тавих, ятгах, шахах явдал юм. 

2. Дээрх үйлдвэрүүдэд, тэр тусмаа арьс шир, нэхий боловсруулах үйлдвэрүүдэд дэлхийн тэргүүний техник, технологи хэрэглэсэн үйлдвэр байгуулах болон хуучин үйлдвэрээ шинэчлэн, дэлхийн тэргүүний технологийг нэвтрүүлэх нөхцөлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Одоогоор манайд байгаа ноос, арьс ширний үйлдвэрүүд нь дэлхийн бараг хамгийн хоцрогдсон техник, технологиор үйлдвэрлэл явуулж байгааг нуух юун. Ийм үйлдвэрийн бүтээгдэхүүнийг экспортонд гаргах, дэлхийн зах зээлд өрсөлдөх тухай ярих боломжгүй юм.

3. Тухайн үйлдвэрийн техник технологийг сонгох, мэргэжилтэн сургах, ТЭЗҮ боловсруулах, туршлага судлахад нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран ажиллахаас гадна дээрх үйлдвэрүүдийг технологийг үе шатаар нь үзүүлсэн, үр ашгийн тооцоог нь харуулсан сургалтын кино бэлтгэн, хөдөө орон нутгаар явж сургалт хийх арга хэмжээг төрөөс зохицуулах. Сонирхогч бизнес эрхлэгчдийг олон жил ажиллаад туршлагатай болсон үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулах.

4. Малаас гарах ашиг шим, түүхий эдийн чанарыг сайжруулах зорилгоор малыг эрүүлжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тавигдах шаардлагын хэмжээнд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд заасны дагуу малыг төрийн хамгаалалтад авах шаардлагатай. 

5. Сүү, сүүн бүтээгдэхүүний импортод хэмжээ тогтоож, цаашид хориглох эсвэл гаалийн татвараар хязгаарлана.

Б. Бид газраар баян. Газар тариалан, түүний бүтээгдэхүүнийг түүхий эд болгон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг хөгжүүлэх шаардлагатай. Эдгээр үйлдвэрүүд дотоодын өргөн хэрэглээний хэрэгцээг бүрэн хангадаг байхаас гадна бүтээгдэхүүнээ экспортолдог байх боломжтой.

1950-1960-д оны судалгаагаар манайд 1.6-1.7 сая га газрыг тариаланд ашиглах боломжтой болохыг тогтоосон байдаг байна. Өнөөдөр бид 500 хүрэхгүй га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ ерөнхийдөө хангах боломжтой нь харагдаж байна. Өнөөгийн хэрэгжүүлж буй бодлогын залгамжаар явахад газар тариалангийн үйлдвэрлэл хөгжих боломжтой боловч заавал авч хэрэгжүүлэх дараах зүйлс байна:

1. Үр тариа хүнсний ногооны агуулахыг хөдөө орон нутагт байгуулах нөхцөлд төрийн дэмжлэг үзүүлэх

2. Тухайн агуулах нь дэлхийн тэргүүний техник, технологи хэрэглэсэн, бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд хадгалах, хүчин чадлын хувьд хамаарах хүрээндээ хүрэлцэхүйц хэмжээтэй, механикжсан агуулах байгуулах нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

3. Олон төрлийн жимсийг ургуулж, дэлхийн олон оронд гаргадаг дундад Азийн улс орнуудтай цаг уур, байгалийн нөхцөлтэй ижил төстэй нөхцөл бүхий Алтайн өмнөх говьд жимсний аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс бүх талын дэмжлэг үзүүлэх 

4. Газар нутаг багатай хүн ам олонтой Япон, Солонгос гэх мэт орны хүнсэндээ хэрэглэдэг зарим хүнсний ургамлын судалгаа хийж, Монголд тариалж экспортод гаргах ажлыг хэрэгжүүлэх. Жишээ нь: Солонгосчууд шар буурцгийг /soybean/ америкт тариалж Солонгос руу нийлүүлж байна.

5. Төмс хүнсний ногооны импортыг татварын бодлогоор хязгаарлах.

В. Монгол хүн оюун ухааны чадамж өндөртэй хүмүүс. Монгол хүн оюун ухааны чадамж өндөртэй хүмүүс гэж бид өөрсдийгөө үздэг, амьдрал дээр нотлогдоод байгаа зүйлс ч багагүй байдаг. Нэг жишээ дурдахад дэлхийн ой тогтоолтын тэмцээний 25 рекордын 14-ийг нь монгол хүн эзэмшиж байна. 

Тэгвэл оюуны чадамж шаарддаг бөгөөд үйлдвэрлэлийн бүх салбарт хэрэгцээтэй байдаг электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой юм. Өнөөдөр бараг бүх машин төхөөрөмжийн удирдлагад электрон палат хэрэглэгддэг бөгөөд манайд энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжөөгүйгээс болж тэдгээрийг эвдэрсэн нөхцөлд өөрийн өртгөөс ойролцоогоор 10 дахин их зардал гаргаж байж засуулдаг. 

Энэ салбар дотоодод жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нэг хөшүүрэг болохоос гадна цаашид экспортын чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Манайд электроникийн үйлдвэрлэлийн түүхий эд болох газрын ховор элемент болон зэсийн нөөц багагүй бий. 

Дэлбэлэх тэслэх бодис, радиоэлектроник /silicon, germanium, gallium/, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Таны хөлөглөж буй унаа, барьж буй гар утас, үзэж буй зурагт зэрэгт дээрх 17 элементээс байж л байгаа гэсэн үг. Түүнчлэн манайх газрын тосоо дотооддоо боловсруулж эхлэх үед цери, лантан гэх хоёр элемент гарцаагүй шаардлагатай болох гэнэ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэргэжилтнүүдийн тооцоолсноор манайд 31 сая тонн газрын ховор элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь байх магадлалтай ажээ. Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд, 246 орчим илэрц байх магадлалтайг шинжээчид тэмдэглэсэн. 

Тэгэхээр газрын ховор элементийн орд нь манай стратегийн орд болох бөгөөд эдгээрийг ашиглаж, үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжтой байх юм.

Электроникийн  үйлдвэрлэлийн салбарт бид дараах бодлогыг баримтална:

1. Монголд цахим харилцаа, электроникийн үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах төрийн албыг бий болгох. 

2. Электроникийн чиглэлийн бизнес эрхлэгчдэд төрийн дэмжлэг үзүүлэх

3. Электрон палат болон микро элемент үйлдвэрлэх, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж оруулж ирж, үйлдвэр байгуулах нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

4. Газрын ховор элементийн ордын судалгаа хийн, олборлох ба тэдгээрийг улсын стратегийн ордод хамааруулан, хязгаарлагдмал хэмжээгээр ашиглах.

Г. Бид газрын баялгаар баян. Монгол Улс дэлхийд эрдэс баялгийн нөөцөөрөө 7-рт ордог. Одоогийн байдлаар 80 гаруй төрлийн 6000 гаруй ашигт малтмалын орд газартай. Ялангуяа нүүрс, зэс, хайлуур жонш, молибден, газрын ховор металлын нөөцийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог орд газруудтай.

Гэвч уул уурхайн ашигт малтмал гэдэг нь ХАА-н түүхий эд шиг жил бүр шинээр нөхөн төлжөөд байдаггүй, ашиглах тусам багасаад үгүй болж байдаг тул тэдгээрийг бид зөвхөн доорх зорилгоор ашиглана:

 -  Монголд хөгжүүлэх үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах

- Үйлдвэрлэл хөгжүүлэх нийтлэг түүхий эд, материалыг бий болгох зорилгоор ашигт малтмалыг олборлоод эцсийн бүтээгдэхүүн болгон ашиглах.

        -  Уул уурхайн үйлдвэрийг улсын компани гүйцэтгэдэг байх, гадаад дотоодын хувийн хөрөнгө оруулагчтай хамтрах зайлшгүй тохиолдолд ашигт малтмал нь бүх нийтийн өмч гэсэн утгаараа үйлдвэрийн нийт хувьцааны 50%-ийг улс, ямар нэг хөрөнгө гаргахгүйгээр эзэмшдэг байхаар гүйцэтгэнэ. 

- Үйлдвэрлэл, тэдгээрийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор стратегийн бус ордоос ашигт малтмал олборлон, хүдрийн байдлаар нь болон тодорхой түвшинд баяжуулан экспортод гаргах.

Гэхдээ ашигт малтмалыг олборлохдоо техникийн хүчээр, мөнгө олж болох болгоныг, байж болох их хэмжээгээр олборлохгүй, мастер төлөвлөгөөн дээр үндэслэн, тодорхой хэсгийг тогтоосон хэмжээгээр олборлох зарчмыг баримтлана. 

Дээрх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нь дэлхийн жишигт хүрч өрсөлдөх хэмжээний чанартай, үнэтэй байх шаардлагатай бөгөөд ийм боломж өнөөгийн нөхцөлд манайд байна гэж үзнэ. Энэ нь дараах үндэслэлтэй:

1. Дээрх үйлдвэрүүдийн түүхий эд манайд бусад оронтой харьцуулахад хямд байна. Дамаангүй өөртөө баялаггүй, эдгээр түүхий эдийг импортоор авч үйлдвэрлэл явуулдаг орнуудтай харьцуулбал бүр хямд байна.

2. Ажиллах хүчний зардал манайд харьцангуй хямд байдаг

3. Дэлхийн хамгийн сайн чанарын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг технологитой нь хамт худалдаж аваад, үйлдвэрлэл явуулбал чанарын хувьд гологдохгүй, өрсөлдөх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. 

Зайлшгүй шаардлагаар төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаас бусад үйлдвэрлэлийг улсын хөрөнгөөр хөгжүүлдэггүй. Үүнийг үндсэндээ хувийн хэвшлийнхэн хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл үйлдвэрийг барих, ажиллуулах зардал улсаас бараг гарахгүй. Гэхдээ энд төрийн дэмжлэг маш чухал байдаг. 

Өнөөдөр үндэсний үйлдвэр хөгжүүлэхэд үзүүлэх төрийн дэмжлэг гэхээр татварын хөнгөлөлт ярьдаг. Сүүлийн үед хязгаарлагдмал хэмжээнд зээл олгох тухай ярьж байна. 

Тэгвэл үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дараах чиглэлээр төр, засгийн дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байдаг:

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Энэ нь хөнгөлөлттэй, урт хугацааны болон зээл хүү төлөлтийг нь эхний жилүүдэд нь хөнгөлсөн зээл олгох, Гадаадын банкнаас бага хүүтэй их хэмжээний зээл авахад нь Засгийн газраас зээлийн баталгаа гаргаж өгөх, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, шинээр бий болж буй үйлдвэрийг эхний жилүүдэд зарим татвараас чөлөөлөх г.м байна.

Мэдээлэл, судалгаагаар хангах. Төрөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллагуудаар жижиг дунд үйлдвэрлэлийн техник технологи, ТЭЗҮ хийх аргачлалыг боловсруулуулж, технологийн шат дарааллыг нь үзүүлсэн кино хийлгэн, орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт хийлгэх. 

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаар үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгаа хийлгэж, тэдгээрийг хаанаас ямар үнээр авч болох талаарх мэдээллийг бэлтгүүлж түгээх, төсвийн мөнгөөр хийсэн судалгаа, дотоодын эрэлт хэрэгцээний болон төрөөс цуглуулж нэгтгэдэг статистик мэдээллээр бизнес эрхлэгчдийг үнэгүй, нээлттэй, хангаж өгөх. Зарим нарийн технологи судлах нөхцөлд төрийн том айлчлалд чадварлаг технологи инженерийг авч явж, үйлдвэр үзүүлэн судалгаа хийлгэх г.м.

Үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжих. Бизнес эрхлэгчдийн ажлыг нь гацаадаггүй, төрийн байгууллагатай үүссэн үл ойлголцлыг нь хөнгөн шуурхай зохицуулдаг, авилга хүнд суртлыг үгүй болгох, үндэсний том бизнес эрхлэгчдийг намын харьяаллаар нь ялгаварладаггүй, намын санхүүжилт нэхэж дарамталдаггүй, үндэсний эрх ашгийн төлөө тэднийг нэгтгэж чадсан байх, тэднийг хариуцлагатай байлгах, монголд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй ижил төстэй бүтээгдэхүүний импортыг татвараар зохицуулах г.м

Үйлдвэрлэл явуулахад нийтлэг шинжтэй хэрэглэгддэг зарим түүхий эд материалыг бий болгоход төрөөс зохицуулж өгөх. Энд өөрийн орны хэрэгцээг хямд төмрөөр хангах,  хуванцар эдлэлүүдийн түүхий эд болох хуванцарын нунтаг бий болгодог, химийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийн сүлжмэл, нэхмэл эдлэл болон нэхий, ширэн бүтээгдэхүүний түүхий эд болох сайн чанарын ноос ноолууран утас, шир, нэхийг боловсруулаад гадаадад гаргахаас гадна дотоодын зах зээлийг хангадаг байх.

Гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь туслах. Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын үзэсгэлэнд оролцоход нь мэдээллээр хангах, туслах, Засгийн газар хоорондын харилцаанд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх төрөл бүрийн бодлогын солилцооны санал тавих, Гадаад оронд суугаа элчин сайдын яамыг энэ ажилд татан оролцуулах.

Хариуцлагын механизмыг хэрэгжүүлэх. Энэ ажил гацаагүй хариуцлагатай хийгдэхийн тулд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нөхцөлд, хатуу гэрээ хийгдэх ба гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд хатуу хариуцлага ногдуулдаг эрх зүйн орчныг бий болгосон байна.

Бүтээгдэхүүн чанартай байх асуудал нь үйлдвэрлэлийн техник, технологи сайн байхаас гадна, түүхий эд нь чанартай байх шаардлагатай байдаг. Манай орны мал аж ахуй гаралтай түүхий эд нь мал эрүүл байхаас их хамаардаг. Мал өвчтэй, тарга, тэвээргүй байснаар махны чанар, арьсны бэхжилт, үсний уян чанарт муугаар нөлөөлнө, мал шимэгч шавьжинд баригдсанаар арьс цооролттой болж түүний ашигтай талбай нь багасдаг байна. Тиймд малыг хэрхэн эрүүл байлгах талаар V дугаар хэсэгт бичье.

Г.Батсайхан. 2021-2-10.

1 comment:

  1. Good Day Our Esteem Donor
    This is to notify every interested kidney donor Male and Female,
    that Venkata specialist hospital India has started buying kidneys
    again @ $800,000USD as a result of the high demand of kidney for some
    of their patients in the hospital located at No: 29B Saint Stev
    Medical Road, Bangalore INDIA, Please interested donor that is above
    21yrs should contact Doctor Lucien via his email:
    DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM or you can call +447031967810 or
    917050494622, Please we urge you that this is not a child play, is
    about saving life and your reward is the money the patient has already
    deposited, so please we need healthy and serious donor Thank you
    We await your prompt response!
    Regards Dr. Lucien

    ReplyDelete

V. МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ТУХАЙ.

Монгол улсын үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ нь мал эрүүл, зүй бу...